Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 07

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж  овогт А ийн А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1837000400003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:ПК89040516, Ж  овогт А ийн А  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч А.А  нь Интернэйшнл рөүд” ХХК-ний 99-55 ХОҮ улсын дугаартай хүнд даацын автомашины жолоочоор 2018 оны 06, 07 дугаар саруудад нүүрс тээвэрлэхдээ №0031487 дугаартай хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэх ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

- шүүгдэгч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би найз Маусамханы Болотбектэй ярилцаж байгаад том машин баримаар байна мэргэшсэн жолооны үнэмлэх байхгүй гээд ярьж байсан юм. Би гаргуулж өгье гээд 2018 оны 02 дугаар сард 150.000 төгрөгтэй цээж зураг 2 ширхэг, иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Тэгээд 2018 оны 03 дугаар сард үнэмлэх гарчихлаа гээд авч ирж өгсөн. Би уг үнэмлэхээр 2018 оны 06 сараас 07 сар хүртэл 1 сарын хугацаатайгаар Интернэйшнл рөүд” ХХК-нд хово Ти-7 маркийн 99-55 ХОҮ улсын дугаартай машиныг Хөшөөтөөс Үенч сумын хооронд нүүрс зөөсөн. 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 07 дугаар сарын 30 хүртэл 1 сар Говь-Алтай аймгийн Цээл суманд хүдэр тээвэрлэх ажилд явсан.Түүнээс хойш машин унаагүй..." гэсэн мэдүүлэг,

                  - гэрч Ц.Адъяасүрэнгийн "...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн байранд дуудлага мэдээллээр хүргэгдэн ирсэн иргэн А.А ы бичиг баримтад үзлэг хийхэд жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн №0031487 дугаартай үнэмлэхийг нь бэлэн бус торгуулийн РМЗ төхөөрөмжөөр шалгахад мэргэшсэн жолооны үнэмлэхний мэдээлэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

                  - гэрч Б.Анхцэцэгийн “...Манай сургууль 2017 оноос хойш мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа. Манай сургууль хүмүүсээ бүртгээд 21 хоногийн сургалтанд суугаад дараа нь автотээврийн үндэсний төвийн салбарт онлайнаар шалгалт өгч тэнцсэн тохиолдолд мэргэшсэн жолооны үнэмлэх авах эрх нээгддэг. Улс хоорондын эрх авах бол дахин аймагт шалгалт өгч авдаг. Сургалтанд хамрагдахгүйгээр мэргэшсэн жолооны үнэмлэх авах боломжгүй...” гэх мэдүүлэг,

                  -гэрч Д.Балтын "... Мэргэшсэн жолооны сургалт явуулах эрх бүхий жолооны сургуулиуд хүнээ бүртгээд сургалтаа ороод дууссан үед манай байгууллагад хандаж онлайнаар шалгалт аваад тэнцсэн тохиолдолд автотээврийн үндэсний төвөөс үнэмлэх олгодог. Мэргэшсэн жолооны үнэмлэхийг сургалтанд суугаагүй тохиолдолд авах боломжгүй сургалтанд суухгүйгээр авч байгаа бол хуурамч үнэмлэх байх...” гэх мэдүүлэг,

- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлтэд: “... 2. Адитгалын шинжилгээнд ирүүлсэн А.А ы гэх №0031487 гэсэн дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэх бичиг баримт нь хуурамч байна.

3. Адитгалын шинжилгээнд ирүүлсэн А.А ы гэх №0031487 гэсэн дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэх бичиг баримт нь хэт ягаан туяанд өдөөгдөөгүй хуулбарлан олшруулагч хэвлэгч хэрэгслийн хорны цэгчилсэн цацралтуудтай зэрэг шинж тэмдэгтэй байна" гэх дүгнэлт,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,

              - эд зүйлийн үнэлгээ,

              -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.А  нь Интернэйшнл рөүд” ХХК-ний 99-55 ХОҮ улсын дугаартай хүнд даацын автомашины жолоочоор 2018 оны 06, 07 дугаар саруудад нүүрс тээвэрлэхдээ №0031487 дугаартай хуурамч мэргэшсэн жолоочийн үнэмлэх ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.А ыг мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 1400000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны тугалтай үхэр битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №0031487 дугаартай С,Е ангилалын мэргэшсэн жолооны хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ж  овогт А ийн А ыг мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар  шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

               5. Шүүгдэгч А.А  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, А.А ы ПК89040516 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №0031487 дугаартай С,Е ангилалын мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            7. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 1400000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны тугалтай үхэр битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.