| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/04458/И |
| Дугаар | 210/МА2025/02135 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02135
****** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07590 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
гэм хорын хохиролд 35,608,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* хуурамч хаяг ашиглан миний гэр бүл, үр хүүхдийн минь зургийг цахим орчинд байршуулж, гүтгэж доромжилсон.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ/2022/00877 дугаар шийдвэрээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг буцаан сэргээхийг ******* даалгасан ч шийдвэрийг биелүүлээгүй, шүүх танхимаас гараад л шууд миний зургийг постлож эхэлсэн. Утсаар холбогдоход мөнгө өг гэж дарамталж эхэлсэн. Намайг дагаж явж миний бичлэгийг над руу явуулдаг, эсхүл сошиалд ийм дугаартай, ийм машин унаад явж байна гээд тавьдаг.
Би 2022 оноос хойш ажил хийгээгүй. Би аялал жуулчлалын компанийн захирлаар ажилладаг байсан. Аялал жуулчлалын компани цахимаар зар мэдээллээ явуулдаг. Миний зурагтай пост гараад ирэхээр ажлаа хийж чадахаа больсон.
2021 оноос өвдөөд, өвчний түүхээ эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хавсаргасан. Баянгол дүүргийн Прокурорын газраас *******г гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон. Прокуророос уучлаарай шалгасаар байтал энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Та иргэний шүүхэд хандаад, гэм хорын хохирлоо нэхэмжилж болно гэх хариу ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гуравдугаар зэргийн хохирол учирсан гэж гарсан.
Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэж 35,608,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шинжээч томилон дүгнэлт гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 18,208,080 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хариуцагчийг оролцуулахгүйгээр түүний эзгүйд шийдвэрлэх талаар огт асуулгүйгээр хурлыг хийсэн.
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хэрэг бүртгэлтийн 230503145 дугаартай хэргээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэж, хангахаас татгалзсан.
4.2. Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №352 дугаар тогтоолоор ******* нь мөрдөн шалгах эрхгүй атлаа хардалтын улмаас иргэн ******* дагаж, дуу дүрсний бичлэг хийж өөрт нь илгээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль бусаар мөрдөх мөшгөх" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Хариуцагч ******* бол 2021 оноос хойш хамт амьдарч байсан ******* гэгчтэй ор үндэслэлгүй хардаж миний нэр төр, алдар хүндэд халдаж цахим орчинд элдэв дураараа доромжилсон нийтлэл тавьсан нь шүүхийн шийдвэрээр нотлогддог. Гэтэл энэ үйлдэл улам даамжирч мөрдөн мөшгөж, зураг дарж, бичлэг хийж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, түүний улмаас би сэтгэцийн эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
******* эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч Иргэний хуульд зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг төлж барагдуулах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч бичгээр тайлбар өгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцсон, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй байсан тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. Харин гэм хорын хохирлын тухайд ******* гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос хууль хэрэглээний талаарх гомдлыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаарх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.1. Нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан гэм хор гаргуулах шаардлагыг иргэний журмаар гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн гэм бурууг заавал эрүүгийн журмаар тогтоогдсон байх ёстой гэж явцууруулж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж, 183/ШШ2022/00877 дугаар шийдвэрээр ****** нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр хүнд гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг ******* даалгаж шийдвэрлэжээ.
3.1. Үүний дараа ******* нь 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд ******* хууль бусаар мөрдөн мөшгөсөн эсэх асуудалд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.
Улмаар Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар тогтоолоор *******гийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мөрдөн мөшгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн гэж дүгнээд хэргийг хаажээ.
Уг тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжгүй гэж заасан боловч үндэслэх хэсэгтээ ******* нь гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж байгаа болохыг тодорхой заасан.
3.2. Дээрх хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам-ын дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.
Дүгнэлтээр ********т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэмтлийн дараах стресст хариу үзүүлэх урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэж дүгнэсэн.
3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
4. Нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд шүүхийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд талуудын маргаж буй гэм хор учруулсан гэх үйл баримтаа хариуцагчийн гэм буруу байгаа эсэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эрх зүйн дүгнэлт өгнө.
4.1. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр ******* нь 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгөсний улмаас ****** сэтгэцэд стресст хариу үзүүлэх урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн, энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч буй болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчийн сэтгэцэд хүндэвтэр буюу гуравдугаар зэргийн гэм хор учирчээ.
4.2. Хэдийгээр ******* холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хаасан боловч энэ нь дээрх гэм буруугийн талаарх дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгөхөд саад болохгүй.
4.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр барагдуулах болохыг заасан ба энэ зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Хариуцагчийн гаргасан хууль бусаар нэхэмжлэгчийг мөрдөн мөшгөсөн үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр барагдуулах үүрэгтэй.
4.4. Нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан гэм хороо нэхэмжлэхдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ыг үндэслэл болгож нэхэмжилснийг буруутгахгүй.
Учир нь хөөн хэлэлцэх хугацааны улмаас хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг шинжээч гаргасан зэрэг нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсон.
Иймээс дээрх Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийн хэмжээтэй адилтган нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох боломжтой байна.
Уг аргачлалын 4 дэх хэсэгт зааснаар гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр байгаа.
Үүний доод хэмжээ буюу одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэн дүн болох 10,296,000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буй тул тэмдэгтийн хураамжийг хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
5. Нэхэмжлэлээс цаашид эмчлүүлэх зардалд 17,400,000 төгрөг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул түүнийг заавал шүүх хуралдаанд биечлэн оролцох ёстой гэж дүгнэхгүй.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан хэрэг бүртгэлтийн хэргээс баримт гаргуулах хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 192/ШТ2025/00810 дугаар тогтоолоор хангахаас татгалзахдаа анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт өгсөн байх тул үүнийг буруутгах үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/07590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 10,296,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэлээс 25,312,080 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 179,686 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.БАДРАХ