Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2025/00082

 

              “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
      иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 Үндсэн нэхэмжлэл: “19,966,549.01 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч Х.Баттайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   *******, ******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******тай ЗГ4305118227 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 13,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШЗ2025/05720 дугаартай захирамжаар оршин суугаа гэрийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/00123 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч *******г эрэн сурвалжлахаар болж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37/6/2512 дугаар Цагдаагийн газрын албан тоотоор оршин суугаа гэрийн хаяг тодорхой болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч нар нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний хугацаанд нь төлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөөгүй.

Гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10,011,346.04 төгрөг, үндсэн хүү 8,948,662.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,006,540.75 төгрөг, нийт 19,966,549.01 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой төлбөр, хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа бөгөөд гэрээний хугацаа дууссан, хариуцагчаас 19,966,549.01 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

******* миний бие *******тай 2013 оноос хойш хамтран амьдарч байсан.

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******гийн Дархан-Уул аймгийн *******наас авсан 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд дуудагдан очиж гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан гэдгээ сүүлд мэдсэн. Тухайн зээлийг ******* юунд зарцуулсныг тэр үед би мэдээгүй өнгөрсөн. Уг явдлаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* ахуйн гэнэтийн ослоор буюу угаартаж нас барсан.

Харин талийгаачийг 13,000,000 төгрөгийн зээл авсан байсан, уг зээл нь 10,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нас барсных нь дараагаар ар гэрийнхнээс нь би мэдсэн. Ингээд би талийгаачийн төрсөн дүү болох Ш.Алтантуяатай ярилцаад хэрэв зээлийн үлдэгдэл байгаа бол хуваагаад төлцгөөе гэсэн дээр санал нийлцгээж байсан ч Ш.Алтантуяа хэлэхдээ манай талийгаач зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалтай тийм болохоор даатгалаас эрсдэлийг хаадаг учиртай, би хөөцөлдөөд зохицуулна гэсэн утгатай зүйл ярьсан учир би тайвшраад салсан. Тэр цагаас хойш 6 жил шахуу хугацаанд хэн ч надтай холбоо бариагүй бөгөөд гэнэт энэ оны 04 дүгээр сарын дундуур Цагдаагаас холбогдож ******* миний нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдэгдсэн.

Миний бие уг нэхэмжлэлийг доорх хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд,

-Банк тухайн нөхцөлд мэргэжлийн бус, хөшүүн хойрго хандаж харилцагчтайгаа нягт харилцаа холбоотой ажиллаагүй өөрийн буруутай үйлдлийг бидний буруу болгон олон жилийн дараа оргон зайлсан гэмт хэрэгтэн олсон мэтээр асуудалд хандаж байгаа нь шударга бус байна. Энэ бүх хугацаанд ******* би үргэлж Дархан-Уул аймагтаа байсан бөгөөд хаашаа ч, хэнээс оргон зайлаагүй болно. Ер нь бол би алга болоогүй, банк өөрөө 6 жил алга болсон. Энэ хугацаанд би уг зээлийг даатгалаас төлөгдсөн гэж ойлгож явсан.

-Дээр дурдсан талийгаачийн ар гэрээс авсан мэдээллээр зээл ба зээлийн хүүг зогсоосон, зээлийн даатгалын сангаас төлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл аваад явсан.

-******* би талийгаачтай хамтран амьдарч байсан боловч өөрсдийн санхүүгээ тус тусдаа барьдаг, хэнд, юунд, хэдийг зарцуулснаа өөр хоорондоо тайлагнаад байдаггүй байсан. Гэсэн хэдий ч талийгаачийг хүндлэх үүднээс ажил явдлаас нь хойш Дархан-Уул аймгийн 8 дугаар багт орших Нарантолгойд авсан хашаагаа талийгаачийн охин Ундармаад шилжүүлэн өгсөн. Бид хамтран амьдраад дундын гэх өмч хөрөнгө хурааж амжаагүй байсан болно.

-Банк талийгаачийг нас барсан тэр дор нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. Талийгаачийг нас барах үед зээлийн үлдэгдэл 10,338,944.11 төгрөг байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс ямарваа нэгэн хүү, алданги зогсох ёстой байтал банк өөрсдийн алдаатай хайхрамжгүй үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд 10 орчим сая төгрөгийн нэхэмжлэл байхыг 20 сая болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх тодорхой шалтгаануудын улмаас уг нэхэмжлэлийг ******* би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. / х.х 33 /

2.1. Хариуцагч *******ы 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

Миний бие ******* талийгаачийн 2018.05.28-ны өдрийн цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ зээлийг юунд зарцуулсныг мэдэхгүй, талийгаач нь ирээдүйд авах цалингаа барьцаалж авсан зээлийг талийгаачийн нас барснаас хойш олон жилийн дараа надаар зээл төлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байдалд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж хуульд заасан тул талийгаач ******* нас барснаар зээл төлөгдөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х 59/

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 16,907,160.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, үлдэх 3,059,388.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,783 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 242,485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Миний хамтран амьдрагч байсан талийгаач ******* 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш надтай ******* ХК-аас нэг удаа ч холбогдоогүй миний бие Дархан-Уул аймагтаа оршин суух хаяг дээрээ амьдарч байсан.

Талийгаачийг тус банкнаас цалингийн зээл авахад хамтран зээлдэгч гэсэн зөвхөн гарын үсэг зурагдах хэсэгт гарын үсгээ зурсан гэдэгтээ одоо ч эргэлзэж байгаа бөгөөд уг зээлийг авахад тус банк надаас ямар нэгэн орлого нотолсон баримт шаардаагүй миний цалин орлогыг огт судалж надтай бодит харилцан хэлцэл хийгээгүй байдаг. Банкны зүгээс өөрсдөө зээл олгохдоо хамтран зээлдэгчийн орлогот ач холбогдол өгч эрсдэлийг судлаагүй, хамтран зээлдэгчид тавих шаардлагыг банк зээл олгохдоо биелүүлээгүй атлаа үндсэн зээлдэгч нас барж эрсдэл үүссэний хойно хамтран зээлдэгч хэсэгт зээлийн судалгаанд хамрагдаагүй иргэнийг зээлийн үлдэгдлийг хариуцуулж байгаа нь шударга бус гэж би үзэж гомдолтой байна. Үндсэн зээлдэгч нас барсан учраас түүний цалин орлого зогсож хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон нь тодорхой байхад шүүх ******* ******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж нэмэгдүүлсэн хүү цалин орлогоо барьцаалж зээл аваагүй надаас 2025 оны 04 дүгээр сарын байдлаар үндсэн зээл 10,011,346.04 төгрөг, үндсэн хүү 8,948,662.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,006,54.75 төгрөг гэж энэ хүртэл зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлж шаардсан банкны шаардлага буруу гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  / х.х 10-20 /

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгэээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. ******* ХК нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,966,549.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь 0000226954 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******гаас татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. / х.х 35/

 11. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээнд гарын үсэг зурсанаа санахгүй байна. ...би зээлээс авч хэрэглээгүй” гэж тайлбарлан маргажээ.

12. Анхан шатны шүүх  хариуцагч *******ыг хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд ******* ХК, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт хийж, зээлийн хүүгээс хуульд нийцээгүй зарим хэсгийг хасч, хариууцагч *******аас 16,907,160.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, үлдэх 3,059,388.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

13. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч “...уг зээлийг авахад тус банк надаас ямар нэгэн орлого нотолсон баримт шаардаагүй миний цалин орлогыг огт судалж надтай бодит харилцаа, хэлцэл хийгээгүй байдаг. Банкны зүгээс зээл олгохдоо хамтран зээлдэгчийн орлогот ач холбогдол өгч эрсдэлийг судлаагүй, хамтран зээлдэгчид тавих шаардлагыг биелүүлээгүй. ...үндсэн зээлдэгч нас барж эрсдэл үүссэн хойно хамтран зээлдэгч хэсэгт зээлийн судалгаанд хамрагдаагүй иргэнээс зээлийн үлдэгдлийг шаардаж байгаа нь шударга бус гэж би үзэж гомдолтой байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргээс судлан үзвэл:

14. ******* ХК нь зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 5 сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, гэрээнд 13,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй олгохоор зааж, гэрээнд зээлдэгчээр *******, ******* нар гарын үсэг зурсан, тухайн зээлийн дүн болох 13,000,000 төгрөгийг *******гийн цалинг барьцаалан, түүний дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 13-14/

 15. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдүүлэгч нь үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй  гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

16. Хариуцагч ******* нь“...гэрээнд гарын үсэг зурсанаа санахгүй байна. ...би зээлээс авч хэрэглээгүй” гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт цалингийн зээл хүсэгч иргэдийн болон хамтран хүсэгч иргэдийн  өргөдлийн маягт, *******гийн оршин суугаа хаягийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, *******гийн ажлын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагджээ. /хх-ийн 74-88/

   17. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл зэргийг банк бүрдүүлэх үүрэгтэй байна.

******* ХК нь *******ы зээл хамтран хүсэгч иргэдийн  өргөдлийн маягтаас бусад шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй, түүнээс  гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэх шаардлагаа нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан шаардлагын дагуу зээл олгоогүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний үүргийг хамтран гүйцэтгэнэ гэж үзэх боломжгүй байна.

18. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтааас үзвэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч *******гийн цалин, дансны орлогыг барьцаалсан байх бөгөөд хариуцагч ******* энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээнд тусгаагүй байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

19. ******* нь хамтран зээлдэгч *******тай зээлийн гэрээ байгуулахдаа дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул түүнээс гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

20. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  10 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01687 дугаар шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн 1 дэх заалтыг “...хариуцагч *******аас  19,966,549.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг ... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,783 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 242,485 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                          

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                             Г.МЯГМАРСҮРЭН