Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 652

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Донгог овогт Балжиннямын Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911019070838 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 20-3126 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Донгог овогт Балжиннямын Б.Б /РД: ПЭ81070551/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 13 дугаар гудамжинд Н.Баяраатай "ядуу, гуйлгачин" гэх зэргээр маргалдаж, улмаар газарт унагаан, гараараа нүүррүү нь 6-7 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн хацар, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... " гэх мэдүүлэг /хх-ийн 27-29х/

хохирогч Н.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Ууганаа, Б.Б, Мягмарсүрэн бид 4 маргааш өдөр нь янзлах болоод 0.75 граммын "Хараа", 0.5 граммын "Соёрхол" гэдэг архи хувааж уугаад Ууганаа гэдэг Даваасүрэнгийн найз нь тасраад Мягмарсүрэн гэдэг хүнии гэрт үлдээд Б.Б, Даваасүрэн бид 3 тэр хашаа байшингийн ойролцоогоос такси бариад гэр гэртээ харих гээд явсан юм... Тэгээд такси дотор Б.Б ..."Би чиний дэргэд хашаа байшин, унах унаатай хүн, чи одоо дуугүй байгаарай" гэж хэлээд толгойн тус газарт 2 удаа цохисон. Тэгээд такси зогсоход Б.Б бид 2 машинаас буугаад бид 2 хоорондоо маргалдсан. Маргалдаж байх үед Даваасүрэн таксигаа явуулах гээд үлдсэн юм... Б.Б миний нүүрэн тус газарт гараараа 3 удаа, толгойн тус газарт 2 удаа гараараа цохиод, толгойн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвссэн, миний цээжин тус газарт 3-4 удаа өшиглөсөн... Миний биед Б.Б дээрх бүх гэмтлүүдийг үүсгэсэн... би эмчилгээний зардлын мөнгө, ажилд яваагүй өдрийн мөнгө болох 600.000 төгрөг нэхэмжилж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/

гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б.Б, Баяраа бид гурав архи уучихсан байсан болохоор машин барихгүй гэж бодоод Чингэлтэйн авто базаас такси барьсан. Тэгээд таксинд суугаад Б.Б Баяраад хандаад "Би чамайг ална, би чамайг зодно" гэж хэлээд тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад, бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Дэнжийн мянгын Авто баазын цагаан худгийн гадаа таксийгаа зогсоогоод ...тэр хоёр машинаас буусан тэгээд хоорондоо муудалцаад худгийн араар орчихсон тэгэх хооронд нь би таксигаа явуулчихаад араас нь очсон чинь Б.Б Баярааг өшиглөж унагачихаад, өөрөө дээр нь гарчихсан нүүрэн тус газарт нь цохиод байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-19х/,

шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8518 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв..

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Донгог овогт Балжиннямын Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ