Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2016/00000/И |
Дугаар | 4944 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 4944
2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/04944 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон ... дугаар байрны ...тоотод оршин суух, . регистртэй,.. Даагат ургийн овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон ...тоотод байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй, “Тайгам Алтай” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 4,424,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие “Тайгам Алтай” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Олимп хотхонд... дугаар /хуучнаар .../ байрны ... давхарт 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээний 3.3.1-д зааснаар 2013 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд хүлээж авахаар тохиролцсон. Дээрх хугацаанаас 45 хоногийн хугацаа хойшилсон хоног тутамд төлсөн үнийн дүнгийн буюу 90,300,000 төгрөгийн 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно гэсэн гэрээний 3.4 дэх заалтын дагуу алданги тооцуулах хүсэлт гаргасан боловч уг компанийн зүгээс хүлээн аваагүй болно. Уг орон сууцыг миний бие 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи 45 хоногийг хасаад 98 хоногийн 0,05 хувийн алданги болох 4,424,700 төгрөг болж байгаа тул гэрээний дагуу уг компаниас алданги тооцуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан. Нэгэнт гэрээ байгуулсан учраас гэрээний үүргээ талууд биелүүлэх ёстой. Хэрэв захиалагч тал тухайн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй бол торгууль төлнө гэсэн заалт гэрээнд мөн байгаа. Би хариуцагч байгууллагад үлдэгдэл төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал хэрвээ үүссэн бол “Тайгам Алтай” ХХК намайг байранд оруулахгүй, байрны ордер барьцаалах ч юмуу ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх заалт байгаа. Хариуцагч тал Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын давагдашгүй хүчин зүйл гэсэн сертификат гаргуулсан байна. Миний ойлгосноор давагдашгүй хүчин зүйл гэдэг бол дайн дажин, үер ус, тахал өвчин зэрэг нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл гэж тооцно гэсэн зүйл заалт байдаг. Би өөрөө Олон улсын тээвэр зуучлалын байгууллагад ажилладаг. Манай байгууллага маш их хэмжээний барилгын тээврийн ажлыг хийдэг. 2012, 2013 онуудад манай байгууллага маш их тээвэртэй байсан. Одоо бол эдийн засгийн байдлаас үүдээд тухайн үед хийгдэж байсан тээвэр 60-70 хувиар багассан байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим холбогдох бусад баримт бичигт үндэслээд энэ сертификатыг олгосон гэж байгаа. Гэтэл тухайн үеийн Монгол банкны ханш, өнөөдрийн ханш, 2013 оны ханштай харьцуулаад үзэхэд ямар байна гэдгийг харьцуулсан зүйл байхгүй байна. Тэр үед долларын ханш 1200, 1300 байсныг би санаж байна. Энэ байдлаас үзэхэд эдийн засгийн хүнд нөхцөл байдал гэж үзэх үү. Миний хийж байгаа ажил үүрэгтэй холбоод үзэхэд 2015 оноос хойш барилгын салбар уналтанд орсон. Түүнээс биш 2012, 2013 онуудад барилгын салбар уналтанд ороогүй байсан. Хариуцагч тал эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан учир барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулж чадаагүй гэж тайлбарлаад байна. Тэгвэл миний хувьд байрандаа орж чадахгүйгээр ямар хэмжээгээр хохирсон гэдгийг тооцвол би захиалсан байраа хүлээсэн 2 жилийн хугацаанд байр түрээслэж амьдарсан. 4 сарын түрээсийн төлбөр 3,200,000 төгрөг гэх мэтчилэн хохирлоо тооцож болно. Би ч гэсэн адилхан хохирсон байгаа. Тиймээс гэрээний заалтын дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би байрныхаа түлхүүрийг хүлээж авсан. Түлхүүр авахдаа үлдэгдэл төлбөрөө бүгдийг төлсөн. Би 90,300,000 төгрөг төлсөн бөгөөд 98 хоногийг өдрийн 0,05 хувиар тооцоод 4,424,700 төгрөг болж байгаа. Түлхүүр авахдаа үлдэгдэл төлбөрөө бүгдийг төлж дуусгасан. Нэгэнт гэрээ хийгээд хүний мөнгийг аваад байрыг ашиглалтанд оруулна гэж гэрээнд зааж өгчихөөд биелүүлээгүй болохоор түүнийгээ дараа нь давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж халхавчлаад байгаа нь үндэслэлгүй юм. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир хугацаа хэтрүүлсэн алдангид 4,424,700 төгрөгийг “Тайгам Алтай” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т.А-ийн нэхэмжилж буй анз нь алданги биш торгуулийн асуудал юм. Энэхүү анзыг төлөх үүргээс манай компани чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй манай компани байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.3-т байр ашиглалтанд оруулах хугацаа 45 хоногоос дээш хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн торгууль тооцож захиалагчид төлнө гэж заасан. Нэхэмжлэгч тал ч өөрөө торгууль гэж хэлж байна. Энэ заалтыг харвал өдөр тутам тооцохоор алданги юм шиг, торгууль гээд бичсэнийг нь харахаар торгууль ч юм шиг хоёр утгатай заалт болчихоод байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Үгийн шууд утга нь торгууль гэж бичигдсэн байгаа учраас энэ бол алданги биш бөгөөд хоног тутмаар тооцогдохгүй. Үгийн шууд утгыг харвал торгуулийн заалт байна гэж үзэж байна. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргуулсан. Тухайн үед зах зээлийн судалгаанд үндэслэж сертификат олгосон. Нэхэмжлэгч тал 2012, 2013 онд эдийн засаг хямраагүй байсан, Монгол улсын бүх тээвэр хийдэг байсан, маш их хэмжээний барилгын тээвэр хийдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэр нь “Тайгам Алтай” ХХК-ийн тээвэр биш байсан байх. Мөн нэхэмжлэгч ярьж байгаа зүйлээ нотлоогүй, нотлох баримтгүй зүйл ярьж байгаа учраас албан ёсоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас бүрэн эрхийнхээ хэмжээнд зах зээлийн судалгаанд үндэслэж уг сертификатыг гаргаж өгсөн. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс энэ хэмжээг бууруулах боломжтой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь “Тайгам Алтай” ХХК-иас шалтгаалахгүй хүнд нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч байгууллагын хүчин мөхөстсөн үйл явдал болсон гэдгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхойлсон учир хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талууд 2012 онд гэрээ байгуулаад 2013 онд байраа хүлээж авах тохиролцоо байсан бөгөөд одоо 2016 он гэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 4,424,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 3.3-т заагдсан анз тооцох тухай заалтыг үгийн шууд утгаар тайлбарласнаар хоног тутуамд алданги тооцох үндэслэлгүй, мөн хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас бус давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргасан.
Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, захиалагч Т.А нь гүйцэтгэгч “Тайгам Алтай” ХХК-иас Баянзүрх дүүргийн ...гэрээнд зааснаар .../ дугаар хороонд баригдаж буй ... /гэрээнд зааснаар 102/ дугаар байрны 156 айлын орон сууцны барилгын 10 дугаар давхарт 67,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 104,625,000 төгрөгөөр тооцон захиалж, орон сууцны нийт үнийн 90 хувьтай тэнцэх буюу 90,300,000 төгрөгийн төлбөрийг 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид түлхүүр хүлээлгэн өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бөгөөд талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 5, 6/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар улиралд дуусахаар харилцан тохиролцсон ба энэ хугацаанаас хойш талуудад гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Тодруулбал, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх тул нэхэмжлэгч Т.А-г ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн, захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдсэн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх торгууль төлөх, гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаа буюу орон сууц ашиглалтанд орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0,05 хувийн торгуулийг тооцож захиалагчид төлөхөөр тусгасан байна.
Захиалагч Т.А нь орон сууцны нийт үнийн 90 хувьтай тэнцэх буюу 90,300,000 төгрөгийн төлбөрийг гэрээ байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх боловч гүйцэтгэгч “Тайгам Алтай” ХХК нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ 98 хоногоор хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Олимп” хотхонд байр захиалагчдад байр, түлхүүр хүлээлгэн өгсөн тухай акт, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх 7, 8/
Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, хугацаа, үнийн дүн болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч ажил гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагын талаар харилцан өөр өөрөөр тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол, захиалагч нь уг ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт гэрээний хугацааг талууд харилцан тохиролцохоор заасан байна.
Гэвч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 7 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, захиалагч нь 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн захиалсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 14,325,000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд аван, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204063156 дугаарт 63,9 м.кв талбайтайгаар бүртгүүлэн гэрчилгээ авчээ.
Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 3.3 дахь хэсэгт “байр ашиглалтанд орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно” гэж заасныг нэхэмжлэгч Т.А нь хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн алданги тооцно гэж ойлгосон бол хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хоног тутамд 0,05 хувийн” гэдгийг бичиглэлийн алдаа гаргасан бөгөөд “торгууль тооцно” гэж бичигдсэн учир үгийн шууд утгаас харахад хоног тутамд алданги тооцохгүйгээр, 1 удаа торгууль төлнө гэж тайлбарлан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг үндэслэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Хуулийн энэ заалтыг гэрээний талууд уг гэрээгээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, өөрсдөө гэрээний агуулгаа тодорхойлон, түүний заалтуудын талаар нэг ойлголттой байхыг шаардана.
Гэтэл гэрээний 3.3 дахь заалтыг талууд өөр өөрөөр ойлгон тайлбарлаж байна. Нэгэнт гэрээнд “хугацаа хэтрүүлвэл хоног тутамд төлсөн үнийн дүнгээс” анз тооцохоор тохирсон байгаа тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар бус, харин мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох нь зөв байна.
“Торгууль” гэдэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсвэл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг хэлдэг бол, “Алданги” гэдэг нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз байхаар тус тус хуульчилсан байна.
Хариуцагч “Тайгам Алтай” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд гэрээний 3.3 дахь хэсэгт “...хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно” гэж тусгахдаа “торгууль” гэж тусган бичиглэлийн алдаа гаргасан байх магадлалтай гэж үзэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд ажлын гүйцэтгэл болох орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх 2013 оны 3 дугаар улирлыг 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцон, энэ хугацаанаас хойш 45 хоногийг гэрээний 3.3-т зааснаар хасч, байрны түлхүүрийг хүлээн авсан 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 98 хоногт 0,05 хувийн алданги тооцон 4,424,700 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь “Тайгам-Алтай” ХХК-иас шалтгаалахгүй хүнд нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч байгууллагын хүчин мөхөстсөн үйл явдал болсон гэдгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхойлсон учир хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч, өөрийн татагалзлыг нотлохоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээг нотлох баримтаар гаргасан. /хх 41/
Энэхүү гэрчилгээнд “... Монгол банкны тухайн үеийн ханшийн лавлагаа болон холбогдох бичиг баримт, зах зээлийн судалгааг үзэхэд Монгол улсад үүсээд байгаа эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт, барилгын салбарын тогтворгүй байдал нь тус компанид дээрх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй, хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж “Тайгам Алтай” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэжээ.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж хуульчилсан байна.
Хариуцагч “Тайгам Алтай” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь тус компанид давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн талаар захиалагчид мэдэгдээгүй, тухайн цаг үед барилгын салбарт тогтворгүй байдалтай, ханшийн өсөлт, Монгол улсад үүсээд байгаа эдийн засгийн хямрал зэрэг нөлөөлсөн гэдэг нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/612 дугаар гэрчилгээгээр бүрэн тогтоогдохгүй байх тул хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх боломжгүй байна.
Хүнд нөхцөл байдал буюу “Hardship” гэдэг нь гэрээний гол нөхцлийг үндсээр нь өөрчилсөн, аль нэг тал үүргээ биелүүлэхэд зардал их гарах болсон, тухайн гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ буурсан, гэрээний үүргийг гүйцэтгэснээр аль нэг тал илтэд их хэмжээний хохирол амсах нь тодорхой байгаа зэрэг нөхцөл байдал гарсан байхыг ойлгох бөгөөд хүнд нөхцөл байдлын улмаас аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь гэрээний үүргээс бүрэн чөлөөлнө гэж ойлгож болохгүй тул дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Тайгам Алтай” ХХК /РД: ..../-иас 4,424,700 /дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,745 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА