| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2024/00594/И |
| Дугаар | 210/МА2025/01944 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01944
********ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05026 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, *******, ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ********а нь *******ХК-д 2014 оны 09 сарын 08-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс банкны Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтэст аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч нь 2023 оны 10 сарын 19-ний өдөр буюу ********ыг эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 88 дугаартай сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор ажлаас чөлөөлснийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр гардан авсан. Уг тогтоолоор ********ыг Мэдээллийн технологи аудитын төлөвлөлтийн хэлтсээс гүйцэтгэж байсан *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайланг буюу банкны нууц баримт бичгийг 2023 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авсан, тухайн тайлангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан гэх үндэслэл зааж, 2023 оны 10 сарын 20-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ажил олгогчийн санаачилгаар ногдуулсан. Тогтоолд тухайлан заасан сахилгын зөрчлийг гаргаагүй бөгөөд байгууллагын нууц гэх асуудлыг задруулаагүй. Ажил олгогчоос ажилтан надад тогтоосон баримтыг танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн хяналт, шалгалт хэрэгжүүлсэн баримт танилцуулаагүй, мэдэх эрхээр хангаагүй. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 80.5, 80.6, 80.9-д заасан зохицуулалт, *******ны дүрмийн 10.1, 10.4, 10.6, 10.8, ТУЗ-ийн ажиллах журмын 6.1, 6.2, 6.15, 6.17, 6.17.1-6.17.9, 6.18-д зааснаас үзвэл, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын газрын ажилтнуудыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ-ийн үйл ажиллагаа явуулах хэлбэр болох ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэх ёстой. Уг хурал нь ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэгдэж, шийдвэр нь ТУЗ-ийн хурлын тогтоол хэлбэртэй гарч, дарга гарын үсэг зурж, банкны тэмдэг дарж баталгаажуулахаар хуульчлагдаж, улмаар холбогдох дүрэм, журмаар нарийвчлан зохицуулагдсан. Банкны ТУЗ нь тухайн өдөр Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитораар ажиллаж байсан ********ыг ажлаас халах асуудлаар хуралдаагүй, тухайн асуудлыг авч хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй нь хэрэгт авагдсан банкны ТУЗ-ийн даргын 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 01а/1350 дугаартай албан бичгээр нотлогдсон. Банкны ТУЗ-ийн дарга Дотоод аудитын газрын ажилтнуудыг чөлөөлөх эрхгүй. Тодруулбал, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.6, *******ны дүрмийн 10.13, 10.13.25-д зааснаас үзэхэд Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитораар ажиллаж байсан ********ыг ажлаас халах эрх хэмжээ ТУЗ-ийн даргад олгогдоогүй. Харин Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, банкны дүрмийн 11.1-д зааснаар ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрх Банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон банкны дүрмээр ТУЗ-ийн даргад олгогдоогүй байна. Нэхэмжлэгчийг ТУЗ-ийн даргын шийдвэрээр бус Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, банкны дүрмийн 10.8-д заасан ТУЗ-ийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн. Уг тогтоолыг ТУЗ-ийн даргын шийдвэр гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон банкны дүрэм, ТУЗ-ийн ажиллах журамд ТУЗ-ийн даргын шийдвэр гэж байхгүй. *******ны дүрмээр нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлыг ТУЗ-ийн 9 гишүүний дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэхээр бол Дотоод аудитын дүрмээр ТУЗ-ийн дарга ганцаараа шийдвэрлэхээр зохицуулагдсан. Ажилтныг ажлаас халах асуудлыг 1 хүн шийдвэрлэснээс 9 хүний дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлэх нь ажилтанд илүү таатай нөхцөлийг олгох юм. Шүүх энэ тохиолдолд дээд эрэмбэтэй, ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалт болох *******ны дүрмийн 10.13.25-д заасныг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлах задруулах гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэхийг авч үзэхээс өмнө банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээлэл гэдэгт юуг хамааруулахыг тодруулах шаардлагатай. Эдгээр баримт материал, мэдээллийг Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар нууц гэж тогтоосон бол байгууллагын нууцад хамаарахаар байна. *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайланг УИХ холбогдох ямар хуулиар нууц гэж тогтоон баталгаажуулсан эсэхийг тодорхой болгох шаардлагатай. Харин байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой байгууллагын өөрөө нууцалж, хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа, шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан байна. Түүнчлэн, аудитын ажлын хэсэгт нэхэмжлэгч оролцоогүй тул түүнийг ажил үүргийн дагуу буюу аудитын хүрээнд олж авсан мэдээллийг бусдад задруулсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр, *******ны ажилтан ********ын тухай түүнээс өөрөөс нь тодруулсныг нууц мэдээллийг бусдад задруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хүн өөрт буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангаж болохыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөөгүй, задруулаагүй, ашиглаагүй болно. Гагцхүү өөрийн нөхрөөсөө аудитын шалгалтын тайлангийн төсөлд тусгагдсан асуудлыг асууж, тодруулснаа үнэн зөвөөрөө мэдүүлсэн нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглах явдал биш бөгөөд хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д заасан банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулах ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэгч ********ыг *******ны Дотоод аудитын газрын харьяа Ерөнхий аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ********ын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн гараар бичсэн тайлбарт ...харахад ТОП 20 ашиглан хийж болзошгүй хүний жагсаалт дээр ********ын нэр орсон байсан. Тэгэхээр нь наад тайлангаа шидчих харъя гэж хэлээд компьютер Skype-р авсан. Замын-Үүд ажлын хэсгийн зүгээс хэсэгт гээд *******гаас Excel жагсаалт ирсэн. Өөр тайлан байгаа гэж тухайн өдрийг хүртэл би мэдээгүй. Нөхрөөсөө асууж тодруулсан... гэж өөрөө тайлбарласан. Нэхэмжлэгч ********ад 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 15 цаг 15 минутад Дотоод аудитын газрын захирал *******ээс Мэдэгдэл өгөх тухай албан бичгийг гардуулж өгсөн бөгөөд уг мэдэгдэлд ...тайланг өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан нь таны тайлбар болон бусад холбогдох баримтаар тогтоогдож байна гэж мэдэгдсэн. Тус мэдэгдэлд дурдсаны дагуу 2 хоногийн хугацаанд буюу 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ********а нь ганц ч баримттай танилцах хүсэлт тавиагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу холбогдох баримттай танилцсаны үндсэн дээр тайлбараа гаргаж өгөх боломжоор хангасан боловч өөрөө танилцаагүй. ********ад сахилгын шийтгэл ногдуулсан Дотоод аудитын газрын дүрмийн заалт буюу 13.3-т нь Арвангурав.Хариуцлага гэсэн бүлэгт хамаарах бөгөөд уг зохицуулалт нь хариуцлагын арга хэмжээг авах зохицуулалтыг агуулсан буюу ТУЗ-ийн дарга сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон зохицуулалт болно. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 -т ТУЗ-ийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд ТУЗ-ийн хурлын дарга гарын үсэг зурна гэж заасан. ТУЗ-ийн хурлын тогтоолоор ажлаас халсан нь Дотоод аудитын газрын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ********а нь *******ХК-ийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн А/176 дугаартай *******ны нууцын зааврын 5.1-т заасныг зөрчиж банкны нууц баримт бичгийг 2023 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авч, нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан. Мөн тус зааврын 2-р хавсралтаар баталсан Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалтын Дотоод аудитын газрын 5 дахь хүснэгтэд Шалгалтын тайлан, холбогдох материал, 6 дахь хүснэгтэд Тайлангийн дүгнэлт, 7-д Шалгалтын тайлан холбогдох материал зэрэг нь Нууцын зэрэглэлийн хувьд Банк дотор хаалттай буюу нууц мэдээлэлд хамаарах баримт бичгүүд байхаар журамласан. Нэхэмжлэгч ********а нь банкны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайлангийн мэдээллээс өөрийн хамаарал бүхий этгээд болох ********т задруулсан нь түүний 2023 оны 10 сарын 12-ны өдрийн тайлбар, түүнд уг тайланг өгсөн ажилтан Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитор *******ын тайлбар, Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн захирлын 2023 оны 10 сарын 12-ны өдөр тайлбар зэргээр нотлогдсон. Уг үйлдэл нь ТУЗ-ийн дарга болон аудитор ********а нарын хооронд 2023 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.1, 8.4.25-т заасныг тус тус зөрчсөн. Хууль болон гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарсан.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ********ын хариуцагч *******ХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ********ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь *******ны ТУЗ-ийн хурлын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 88 тоот тогтоол. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3, 31.3.6, *******ны дүрмийн 10.1, 10.2, 10.13-т тус тус зааснаас үзэхэд ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын орон тоог батлах, захирал, аудитор, ажилтнуудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлэхээр зохицуулсан тул ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитор ********ыг ТУЗ-ийн хурлын 88 дугаар тогтоолоор ажлаас халсан байхад анхан шатны шүүх ТУЗ-ийн хурлын тогтоолыг ТУЗ-ийн даргын шийдвэр гэж тодорхойлсонд эргэлзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг давхар зөрчсөн. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун шүүхэд тайлбарласан. Тодруулбал, нэхэмжлэгч ********ыг хариуцагч *******ны ТУЗ-ийн тогтоолоор ажлаас халсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх ажлаас халсан шийдвэрийг өөрийн санаачилгаар ТУЗ-ийн даргын шийдвэр гэж тодорхойлсонд гомдолтой байна. Бодит байдалд ********ыг ТУЗ-ийн даргын шийдвэрээр чөлөөлөөгүй. Анхан шатны шүүх маргааны зүйл болох ТУЗ-ийн хурлын тогтоолыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн ТУЗ-ийн даргын шийдвэр гэж тодорхойлсныг ойлгохгүй байна.
4.2. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 80.5, 80.6, 80.9, *******ны дүрмийн 10.1, 10.4, 10.6, 10.8, Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 6.1, 6.2, 6.15, 6.17-д зааснаас үзэхэд ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын ажилтнуудыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ-ийн үйл ажиллагаа явуулах хэлбэр болох ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэх ёстой. Уг хурал нь ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болж, хуралд оролцсон саналын эрхтэй гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү ТУЗ-ийн хурлаас гарах шийдвэр нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол хэлбэртэй бөгөөд түүнд ТУЗ-ийн хурлын дарга гарын үсэг зурж, банкны тэмдэг дарж баталгаажуулахаар хуульчилж, улмаар холбогдох дүрэм, журмаар нарийвчлан зохицуулагдсан. Гэтэл *******ны ТУЗ тухайн өдөр Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитороор ажиллаж байсан ********ыг ажлаас халах асуудлаар хуралдаагүй, тухайн асуудлыг авч хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Энэ нь хэрэгт авагдсан *******ны ТУЗ-ийн даргын 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 01 а/1350 дугаартай албан бичгээр нотлогдсон. Ийнхүү *******ны ТУЗ нь 2023 оны 10 сарын 19-ний өдөр ажилтан ********ад сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар хуралдаагүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад ТУЗ-ийн дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ТУЗ-ийн нэрийн өмнөөс 2023 оны 10 сарын 19-ний өдөр Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 88 дугаар тогтоол гаргаж, ********ыг ажлаас халсан нь дээр дурдсан хууль, дүрэм, журмуудыг уландаа гишгэсэн явдал юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан энэ үндэслэлд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт огт хийгээгүй байж хариуцагч *******ны ТУЗ-ийн хурлын хууль бус тогтоолыг зөвтгөсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.3, 2.3.7-д тус тус зааснаас үзэхэд эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл дээд эрэмбэтэй болон ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх юм. *******ны дүрмийг *******ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 12 сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар баталж, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин *******ны Дотоод аудитын дүрмийг *******ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 44-р тогтоолын 1-р хавсралтаар баталснаас үзэхэд компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр батлагдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн *******ны дүрэм нь *******ны Дотоод аудитын дүрмээс илүү дээд эрэмбэ, дараалалтай. Энэ талаар *******ны дүрмийн 1.1-д зааж, аравдугаар зүйлээр төлөөлөн удирдах зөвлөл, түүний бүрэн эрх, чиг үүргийг, арван нэгдүгээр зүйлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, түүнд тавигдах шаардлага, эрх, үүргийг болон арван хоёрдугаар зүйлээр төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын талаар тус тус зохицуулсан байна. Харин *******ны Дотоод аудитын дүрмээр төлөөлөн удирдах зөвлөл, түүний гишүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, тавигдах шаардлага болон нарийн бичгийн асуудлыг зохицуулаагүй. Үүнээс үзэхэд тухайн асуудлыг *******ны дүрмээр илүү нарийвчлан зохицуулсан байна. *******ны дүрмээр ********ыг ажлаас халах асуудлыг ТУЗ-ийн 9 гишүүний дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэхээр бол Дотоод аудитын дүрмээр ТУЗ-ийн дарга дан ганцаараа шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Ажилтныг ажлаас халах асуудлыг 1 хүн шийдвэрлэснээс 9 хүний дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлүүлэх нь ажилтанд илүү таатай нөхцөлийг олгох юм. Иймд ажилтан ********ад илүү таатай нөхцөлийг олгосон, дээд эрэмбэтэй зохицуулалт болох *******ны дүрмийн 10.13.25-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
4.4. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаас үзэхэд *******задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болох юм. Тодруулбал, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно. Ийнхүү Байгууллагын нууцын тухай хуулийн 3.2-д зааснаар байгууллага өөрөө нууцад хамааруулж болох байгууллагын нууцын жагсаалтад ажилтан ********ыг буруутгаж, ажлаас халсан ...Мэдээллийн технологи аудитын төлөвлөлтийн хэлтсээс гүйцэтгэж байсан *******ны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайлан-гийн төсөл хуульд заасны дагуу хамаарахгүйг анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтын тайлан, түүний төслийг *******өөрөө дээр дурдсанчлан байгууллагын нууцад хамааруулах боломжгүй байхад анхан шатны шүүх ********ыг Хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д заасан ноцтой зөрчил-ийг гаргасан үндэслэлээр буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй.
4.5. Ерөнхий аудитын хэлтсийн аудитор ******* 2023 оны 10 сарын 17-ны өдөр Дотоод аудитын газарт тайлбар гаргасан. *******ны Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсээс *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагааг зайнаас хянаж, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх аудитын ажлыг ахлах аудитор А.Батбилэг, аудитор Х.Барсболд нар 2023 оны 07 сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ерөнхий аудитын хэлтсийн аудитор *******оос аудитор ********а руу дамжуулсан гэх 2023 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар тухайн аудитын үйл ажиллагаа дуусаагүй, шалгалтын тайлан эцэслэгдээгүй байсан. Аудитын үйл ажиллагаа дуусаагүй байсан тул шалгалтын эцэслэгдээгүй тайлангийн төслийг албан ёсоор баталгаажсан гэж үзэхгүй. Учир нь *******ны Дотоод аудитын дүрмийн 11.4, 11.4.2-т заасны дагуу ахлах аудитор А.Батбилэг, аудитор Х.Барсболд нарын хамтран гүйцэтгэсэн аудитын ажлын тайлангийн хувийг 2023 оны 11 сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал Ө.Гантөрд хүргүүлснээс үзэхэд тухайн аудитын ажлын тайлан 2023 оны 11 сарын 28-ны өдөр албан ёсоор баталгаажсан. Үүнээс үзэхэд ажилтан ********ыг буруутгах үеийн байдлаар буюу 2023 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэж буй аудитын ажил эцэслэгдээгүй байсан, зайны хяналтын тайлангийн төсөл нь Дотоод аудитын дүрмийн 11.4.2-т зааснаар албан ёсоор баталгаажаагүй. Иймд ажил олгогч *******албан ёсоор эцэслэгдэж, батлагдаагүй байсан зайны хяналтын тайлангийн төслийг бусдад задруулсан гэж ажилтан ********ыг буруутгаж, ажлаас халсан нь хууль бус болжээ. Учир нь *******ны нууцын зааврын 2-р хавсралтаар Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтаар Дотоод аудитын газраас хийсэн аудитын ажлын хүрээнд цугларсан нотлох баримт, Дотоод аудитын газраас ТУЗ-д гаргасан дүгнэлт, Дотоод аудитын шалгалтын тайланг банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл-д хамруулсан байна. *******ны нууцын зааврын 1.3.3.1, 1.3.3.2-т зааснаар Дотоод аудитын шалгалтын тайланг Дотоод аудитын газар болон хэлтсийн захирал хариуцаж, ажлын хэсэгт томилогдсон дотоод аудитор эзэмшигч байна. Гол нь мэдээлэл хадгалагдаж байгаа хэлбэр нь цаасаар байна гэж журамлажээ. Гэтэл ажилтан ********ыг буруутгах үеийн байдлаар буюу 2023 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэж буй аудитын ажил эцэслэгдээгүй, зайны хяналтын тайлангийн төсөл нь Дотоод аудитын дүрмийн 11.4.2-д зааснаар албан ёсоор баталгаажаагүй байжээ. Иймд *******ны нууцын зааврын Хавсралт-2-оор батлагдсан Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт-д шалгалтын тайлангийн төсөл-ийг банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл-д хамруулаагүй тул энэ үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй.
4.6. *******ны нууцын зааврын 9.1-д Банкны нууц задарсан, нууц, баримт материал үрэгдсэн тохиолдолд Гүйцэтгэх захирлын тушаалаар нууцтай харьцах эрх бүхий 3-аас доошгүй албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс томилж, нууц задарч үрэгдсэн үндсэн шалтгаан, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээг авч шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулна гэж заасан боловч Гүйцэтгэх захирлын тушаалаар нууцтай харьцах эрх бүхий 3-аас доошгүй албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс томилоогүй, нууц задарч, үрэгдсэн эсэх, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээ огт аваагүй. Гэтэл анхан шатны шүүх Дотоод аудитын газар нь Гүйцэтгэх удирдлагаас хараат бус байдлаар зохион байгуулагдаж, бие даасан байдлаар чиг үүргээ хэрэгжүүлэх тул Гүйцэтгэх захирлаас комисс томилж, түүнд тайлагнан шийдвэр гаргуулах боломжгүй талаарх хариуцагчийн талаарх татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ гэсэн үндэслэлээр дээр дурдсан *******ны нууцын зааврыг 9.1 дэх хэсгийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ны нууцын зааварт энэ тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, хариуцагчийн үндэслэлгүй тайлбараар хэргийг шийдвэрлэсэн гомдолтой байна.
4.7. Түүнчлэн *******ны Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсээс *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагааг зайнаас хянаж, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх аудитын ажлын хэсэгт ********а оролцоогүй байхад түүнийг ажил үүргийн дагуу буюу аудитын хүрээнд олж авсан мэдээллийг бусдад задруулсан гэж буруутгасныг зөвшөөрөхгүй. ********а нь нөхөр, *******ны ажилтан *******ын тухай түүнээс өөрөөс нь тодруулсныг нууц мэдээллийг бусдад задруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Учир нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3.3-д Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй, 3.3.1-т хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах гэж заажээ. Тодруулбал, хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангаж болохыг хуулиар зөвшөөрсөн. Энэ талаар Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1, *******ны дүрмийн 4.10.1-д тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг зөвшөөрсөн гэж тус тус зааснаас үзэхэд Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно. ********а нь банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөөгүй, задруулаагүй, ашиглаагүй. Өөрийн нөхрөөсөө аудитын шалгалтын тайлангийн төсөлд тусгагдсан асуудлыг асууж, тодруулснаа үнэн зөвөөр мэдүүлсэн нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглах явдал биш бөгөөд хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулах ноцтой зөрчилд хамаарахгүй.
Иймд нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус банкны ТУЗ нь байгуулагдсан үеэсээ ТУЗ-ийн даргын шийдвэрээр ажилтныг ажилд авч томилж, чөлөөлдөг. Үүнтэй холбоотой ТУЗ-ийн даргын 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 06-р тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд томилсон. Үүнийг *******ХК-ийн холбогдох эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Дотоод аудитын газар гэх нэгж нь *******ХК-ийн ТУЗ-ийн шууд харьяанд ажилладаг, гүйцэтгэх захирлаас хараат бусаар ажилладаг бөгөөд энэ нэгжид 20 гаруй хүн ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулал олгох асуудлыг байнгын ТУЗ-ийн хурлаар хэлэлцвэл ачаалалтай учраас *******ХК-ийн ТУЗ-ийн дүрмийн 17.4-т заасан. Энэ заалтын дагуу ТУЗ дүрмээ баталсан. 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 44-р тогтоолын 1-р хавсралтаар *******ХК-ийн дотоод аудитын дүрийг баталсан. Дээрх дүрмийн 13.3-т дотоод аудитын газрын хяналтын аудитор, хуулийн мэргэжилтэн, ахлах аудитор, аудиторт дотоод аудитын газрын захирлыг үндэслэн ТУЗ-ийн даргын шийдвэрээр холбогдох журамд заасны дагуу томилно гэж заасан. ТУЗ өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дотоод аудитын дүрмийг баталж, энэ дүрэмд удирдах албан тушаалтнаас бусад албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг ТУЗ-ийн дарга хариуцан шийдвэрлэхээр баталсан. Холбогдох дүрмийн дагуу ТУЗ нь хувьцаат компани болсноос хойш бүх удирдах албан тушаалтнаас бусад албан тушаалтныг ТУЗ-ийн даргын тогтоолоор ажилд авч, томилж, чөлөөлдөг. Ажилтанд таатай нөхцөлийг буюу хэм хэмжээг сонгож хэрэглээгүй гэж тайлбарладаг. ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэхээр ажилтанд таатай болдог, ТУЗ-ийн дарга шийдвэрлэхээр ажилтанд таагүй нөхцөл байдал бий болгодог гэх ойлголт байхгүй. Таатай нөхцөл гэх ойлголт нь ********ыг ажлаас чөлөөлөх үндэслэл нь эрх зүйн баримт бичгүүдэд өөр, өөрөөр заасан байвал ажилтанд таатай болно гэж ойлгоно. Анхан шатны шүүхэд болон бичгээр гаргасан хариу тайлбартаа даргын шийдвэрийн талаар дурдаагүй. Компанийн тухай хуульд ТУЗ-өөс тогтоол гарна гэж заасны дагуу тогтоол гаргасан талаар амаар болон бичгээр гаргасан тайлбартаа дурдсан. Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-өөс гаргасан шийдвэр, тогтоол байна гэж тайлбарласан. Энэ холбогдох хуулийн дагуу тогтоол гарсан. *******ХК-ийн гүйцэтгэх захирлын нууцын заавар гэх эрх зүйн баримт бичгийг 2023 оны 04 сарын 12-ны өдрийн А/176 дугаар тушаалаар баталсан. Үүний 5 дахь хүснэгтэд шалгалтын тайлан, холбогдох материал, тайлангийн дүгнэлт, 7 дахь хүснэгтэд шалгалтын тайлан, холбогдох материал зэрэг нь нууцын зэрэглэлийн хувьд банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл байна гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүнд төсөл гэдэг үг ороогүй гэж тайлбарладаг. Саяны дурдсан баримт бичигтэй холбоотой бүх баримт бичиг, холбогдох материал нууц байна гэж нууцын зааварт тодорхой заасан. Төсөл, албажиж гарсан баримт бичиг, түүнтэй холбоотой хавсралтаар авагдсан бүх баримт бичиг нууц байна гэдгийг нууцын зааварт хоёрдмол утгагүйгээр заасан. Маргааны зүйл болох эрх зүйн баримт бичиг буюу хяналт шалгалтын ажлын хүрээнд гарч байгаа баримт бичиг нь төслийн хувьд зайлшгүй нууц байх ёстой. Учир нь, ашиглан залилан буюу банкны дотоод ажилтнууд үйлчлүүлж байгаа иргэний и-мэйлээр өөрийнхөө утаснаас орж байгаа эсэхийг шалгадаг. Энэ нь ашиглан залилан буюу иргэний нууц код, нэрийг аваад банкны ажилтан өөрөө гар утсаараа нэвтэрсэн зүйлийг шалгасан. Энэ нь том эрсдэл, гол асуудал. Нэхэмжлэгч тухайн баримт бичгийг өөр шалгалтын явцад олж авсан нь шүүхийн үзлэгийн явцад болон дотоод аудитын газраас хийсэн ажилтнуудын шалгалтын явцад тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан ********а нь нөхөртөө ярьсан нь хамт байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн ********ын гаргасан тайлбарт би тухайн тайланг аваад үзэхэд манай нөхрийн нэр дотор нь байсан. Нөхрөөсөө чиний нэр яагаад энд дурдагдсан талаар тодруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дотоод аудитын газраас шалгалтын явцад нөхөр рүү нь өөрсдөө ярьж асуусан учраас нөхөр нь мэдсэн гэж тайлбарласан нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Хэрэгт авагдсан баримтаас харвал ажлын хэсгийг ахалж байсан хэлтсийн дарга Н.Энх-Амгалан гэх хүн рүү нөхөр нь яриад миний нэр шалгалтын тайланд дурдагдсан байна. Найз юм бол яагаад үүнийг хэлээгүй юм бэ гэж утсаар ярьсан гэдгээ бичгээр гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэгтээ дурддаг. Бид хэзээ тайлангийн төсөл гадагшаа задарсныг мэдсэн бэ гэвэл хэлтсийн захирал Н.Энх-Амгалан руу ********ын нөхөр ярьсан. ********ын нөхөр энэ талаар мэдсэн бэ гэдгийг тогтоохын тулд дотооддоо шалгалт явуулсан. Шалгалтын мөрөөр ********ын компьютерт шалгалтын баримт байсныг мэдсэн. Зөөврийн компьютерт үзлэг хийсэн баримт байгаа. Гүйцэтгэх захирлын нууцын заавар дотор хэрэв нууцыг зөрчсөн гэж үзвэл 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгаж дүгнэлт гаргана гэж заасан. Энэ журмын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байсан. Учир нь, Дотоод аудитын газар гүйцэтгэх захирлаас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хараат бус байна гэдгийг банкны болон дотоод аудитын дүрэмд тодорхой заасан. ********ын хэрэглэж байсан зөөврийн компьютерт тухайн баримт байгааг тогтоосон. Ингэж тогтоогдсоны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд, хуульд заасны дагуу ажиллагаа явагдсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ********а нь хариуцагч *******ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. ********а нь 2014 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн *******ХК-д ажиллаж байгаа талаар хариуцагч маргаагүй бөгөөд талууд 2023 оны 03 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г шинээр байгуулж, ********а нь Дотоод аудитын газрын харьяа Ерөнхий аудитын хэлтсийн аудитороор ажиллах, *******ХК нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, ДАГ-5-3 зэрэглэлээр цалин хөлс олгохоор тохирчээ. /1хх 6-12/
4. Үүний дараа *******ХК-ийн ТУЗ-ийн даргын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр ********ад хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1хх 5/
*******ХК-ийн ТУЗ-ийн дарга нь ТУЗ-ийн тогтоолын бланк шийдвэрээ гаргаж, албажуулдаг тухай хариуцагч тал тайлбарладаг.
5. Дээрх шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, *******ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 01-р хавсралтаар баталсан *******ХК-ийн Дотоод аудитын дүрэм-ийн 13.3, ********атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.1, 8.4.25, *******ны хөдөлмөрийн дотоод журам-ын 24.3.5-д тус тус заасныг удирдлага болгож, ...********а нь Мэдээллийн технологи аудитын төлөвлөгөөний хэлтсээс гүйцэтгэж байсан *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайланг буюу банкны нууц баримт бичгийг 2023 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авсан, тухайн тайлангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан нь өөрийнх нь болон ажилчдын тайлбар, бусад баримтаар тус тус тогтоогдсон... гэсэн үндэслэлийг заажээ. /1хх 5/
6. Ажилтан ********а нь дээрх тогтоолыг 2023 оны 10 сарын 23-ны өдөр гардан авч, 2023 оны 11 сарын 03-ны өдөр *******ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2023 оны 11 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргаж, улмаар гурван талт хорооны хуралдааны шийдвэрийг 2023 оны 11 сарын 30-ны өдөр гардан авснаар шүүхэд 2023 оны 12 сарын 13-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор анх гомдол гаргасан байна. /1хх 19-21, 22-24, 193-197/
7. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл нь бодит үнэнд нийцсэн, нотлогдсон байх учиртай бөгөөд уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх учиртай.
8. *******ХК-ийн ТУЗ-ийн даргын шийдвэрт дурдагдсан ...********а нь зайнаас хийсэн хяналтын тайлан буюу нууц баримт бичгийг өөрийн ажлын компьютерт авч, тухайн тайлангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан тогтоогдсон... гэх үндэслэл хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. *******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайлангийн хүснэгт 4 Харилцагчийн гялсбанканд нэвтэрч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансанд хийсэн гүйлгээ гэсэн хэсгийн 5 дахь мөр; /1хх 213/
8.2. Аудитор *******ын гаргасан ...2023 оны 09 сарын 29-ний өдөр Замын-Үүд салбарт ажиллах хугацаандаа аудитор ********ад уг тайланг дотоод чатаар дамжуулан өгсөн болно. Уг тайланд ********ын нөхөр болох хүний мэдээлэл байсан. ********а нь тулгаж харъя над руу явуулаач гэж хэлээд авсан... гэсэн тайлбар, уг тайлбараа дэмжиж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг; /1хх 215, 2хх 180-185/
8.3. Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай баримт, уг баримтад тусгагдсан ...********ын зөөврийн компьютерыг шалгахад Зайны хяналт-V-2 гэсэн тайлан C:\Users\uyanga.u\Documents\My Received Files хэсэгт хадгалагдсан байдалтай байгаа нь тогтоогдсон... гэсэн тэмдэглэл; /1хх 216/
8.4. Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн захирал Н.Энх-Амгалангийн гаргасан ...2023 оны 10 сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутад ******** (зээлийн мэргэжилтэн, аудитор ********ын нөхөр) залгаж ...зайны тайлангаар надтай холбоотой асуудал гарсан гэж бичсэн байна, миний гар утсаар интернэт банканд өөр хүн нэвтэрч орж болно биз дээ, яагаад асуудалтай гэж бичсэн юм бэ... гэж асуусан бөгөөд үүнд нь ...харилцагчийн мэдээллийн нууцлал талаасаа олон удаа нэвтэрч орсон асуудал гарсан болоод нэр нь орсон байна гэж хэлсэн... гэсэн тайлбар, уг тайлбараа дэмжиж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг; /1хх 217, 2хх 173-180/
8.5. Ажилтан ********ын гаргасан ...ашиглан хийж болзошгүй хүний жагсаалтын дээр ********ын нэр орсон байсан. Тэгэхээр нь наад тайлангаа шидчих харъя гэж хэлээд компьютерт Skype-аар авсан. ...Өөр тайлан байгаа гэж тухайн өдрийг хүртэл би мэдээгүй. Нөхрөөсөө асуух гэж тодруулсан... гэсэн тайлбар. /2хх 34/
9. Иймд нэхэмжлэгч буюу аудитор ********а нь албан тушаалын чиг үүргээ ашиглан банкны нууцад хамаарах зайнаас хийсэн хяналтын тайлангийн төслийг өөрийн компьютерт Skype-аар дамжуулан авч, харилцагчийн гялс банканд нэвтэрч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансанд гүйлгээ хийсэн ажилтан болох нөхөр ******** (шалгагдаж буй этгээд)-т энэ тухай мэдээллийг дамжуулсан, улмаар ажилтан ******** нь өөрт холбогдох асуудлын талаар хэлтсийн даргаас утсаар лавласан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу аудитор ********а нь Хөдөлмөрийн гэрээ-ний 8.4, 8.4.25-д тухайлан заасан Банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж, үрэгдүүлэх, нууцлалыг задруулах гэсэн ноцтой зөрчил гаргасан байх тул *******ХК-ийн ТУЗ-ийн даргын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 88 дугаар шийдвэрт дурдагдсан үндэслэл нотлогдсон, улмаар уг шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
*******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайлангийн хэрэглэгч нь *******ны нууцын заавар-т зааснаар аудитор байх бөгөөд зээлийн мэргэжилтэн ******** нь уг тайлантай танилцах эрхтэй этгээд биш байна.
Иймд ...тогтоолд тухайлан заасан зөрчлийг гаргаагүй... гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
10. Нэхэмжлэгч тал нь ...*******ны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайлан нь эцэслэн батлагдаагүй төсөл байсан, энэ нь нууцын зэрэглэлтэй баримтад хамаарахгүй... гэж маргадаг.
Гэтэл *******ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 12-ны өдрийн А/176 дугаар тушаалын хавсралтаар баталсан *******ны нууцын заавар-ын хавсралт 2 Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт гэх хэсгийн 5-д Дотоод аудитын газрын Аудитын ажлын хүрээнд цугларсан нотлох баримт, шалгалтын тайлан, холбогдох материал нь банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл-д хамаарахаар, 7-д Дотоод аудитын газрын Дотоод аудитын шалгалтын тайлан, холбогдох материал нь банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл-д хамаарахаар тус тус журамласан байна. /1хх 225-231/
Түүнчлэн, дээрх *******ны нууцын заавар-ын 5.1-д Нууц баримт бичиг, материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, зориулалтын бус байр, шүүгээнд хадгалах, банкнаас гадагш авч гарах, банк, түүний харилцагчийн нууцтай холбоотой мэдээллийг гуравдагч этгээдийн дэргэд солилцох болон утсаар ярих-ыг ажилтнуудад хориглоно гэж зохицуулжээ. /1хх 225-229/
Иймд банкны дотоод аудитын газраас явуулж буй аливаа хяналт шалгалтын хүрээнд цугларсан бүхий л нотлох баримт, шалгалтын тайлан, уг шалгалтын тайлангийн төсөл зэрэг нь банкны дотор хаалттай нууц мэдээлэлд хамаарч байх тул ...байгууллагын нууц гэх асуудлыг задруулаагүй, шалгалтын тайлангийн төсөл нь нууц мэдээлэлд хамаарахгүй... гэх нэхэмжлэгч талын тайлбар, гомдол үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгч тал нь ...*******ХК-ийн ТУЗ-ийн даргад Дотоод аудитын газрын аудиторыг томилох, чөлөөлөх эрх байхгүй, холбогдох хууль, дүрэм, журамд зааснаар банкны ТУЗ нь аудиторыг томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд ТУЗ-ийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэх учиртай... гэж маргадаг.
*******ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 12 сарын 10-ны өдрийн тогтоолын 02-р хавсралтаар баталсан *******ХК-ийн дүрэм-ийн 10.13-т ТУЗ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 10.13.21-д ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын үйл ажиллагаандаа баримтлах Дотоод аудитын дүрмийг батлах гэж, 10.13.25-д ТУЗ-ийн дэргэдэх Засаглалын алба, Дотоод аудитын газар болон Комплайнсийн хяналтын чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тоог батлах, захирал, аудитор, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, цалин, нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллыг тогтоох гэж тус тус зохицуулжээ. /2хх 7-19/
Үүний дагуу *******ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 44 дугаар тогтоолын 01-р хавсралтаар баталсан *******ХК-ийн Дотоод аудитын дүрэм-ийн 5.6-д ДАГ-ын захирал, хэлтсийн захирлыг ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны саналыг үндэслэн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр томилж, чөлөөлөх бөгөөд ДАГ-ын хяналтын аудитор, хуулийн мэргэжилтэн, ахлах аудитор, аудиторыг ДАГ-ын захирлын саналыг үндэслэн ТУЗ-ийн даргын шийдвэрээр томилж, чөлөөлнө гэж журамлажээ. /2хх 20-27/
Өөрөөр хэлбэл, *******ХК-ийн ТУЗ нь өмнө дурдсан дүрмийн 10.13.21-д заасны дагуу дотоод аудитын дүрмийг батлахдаа 10.13.25-д заасан бүрэн эрхийнхээ зарим хэсгийг өөртөө үлдээж (ДАГ-ын захирал, хэлтсийн захирлыг томилж, чөлөөлөх), харин зарим хэсгийг (ДАГ-ын хяналтын аудитор, хуулийн мэргэжилтэн, ахлах аудитор, аудиторыг томилж, чөлөөлөх) *******ХК-ийн ТУЗ-ийн даргад шилжүүлсэн байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
12. Нэхэмжлэгч тал нь ...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдээгүй, тайлбар аваагүй... гэж маргадаг.
Гэтэл хэрэгт авагдсан 2023 оны 10 сарын 16-ны өдрийн Мэдэгдэл өгөх тухай баримтаар ажилтан ямар зөрчилд холбогдсон болохыг тодорхой тусгаж, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах саналтай байгааг дурдаж, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн дотор тайлбараа өгөхийг мэдэгдсэн болох нь тогтоогдсон буюу уг баримтаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.
13. Нэхэмжлэгч тал нь ...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ажилтанд илүү таатай нөхцөл олгосон зохицуулалтыг хэрэглэх ёстой... гэж маргадаг.
Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах асуудалд ажилтанд илүү таатай нөхцөл олгосон зохицуулалт хамаарахгүй тул нэхэмжлэгч талын гаргасан холбогдох тайлбар, гомдлыг хангахгүй.
14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР