Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/01945

 

 

 

 

*******, ******, ****** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04814 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******, ****** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие нөхөр *******тэй 2006 онд танилцан гэр бүл болж, 2012 оны 01 сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамт 16 жил амьдарсан. Бидний дундаас 2007 оны 03 сарын 28-ны өдөр охин ******, 2020 оны 10 сарын 27-ны өдөр хүү ****** нар төрсөн. Нөхөр ******* нь 2021 оны 04 сарын 03-ны өдөр гэртээ гэнэтийн өвчнөөр нас барсан. Тухайн үед хүү ****** төрөөд 5 сартай, охин ****** 14 настай үлдсэн. Би нөхрөө зуурдаар алдан, төрөөд удаагүй нялх биетэй байсан тул сэтгэл санааны гүн хямралд орж хэсэгтээ сэтгэл цочролд байсан. Өв нээгдсэнтэй холбоотой өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах талаар хадам аав *******, хадам ээж *******тай өвийн маргаан үүссэн. Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь өвлүүлэгчийн эхнэр, хүүхэд нарыг оролцуулалгүй 2022 оны 04 сарын 28-ны өдөр 0025 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээр *******т Голомт банкны ******* тоот төгрөгийн данс дахь 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт өвлүүлэхээр гэрчилгээ олгосон. Мөн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээр *******т Худалдаа хөгжлийн банкны ******* тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны *******тоот ам.долларын данс дахь 25,062.69 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот ам.долларын данс дахь 11,139.89 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн данс дахь 11,075.39 төгрөг, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн данс дахь 15,094.06 төгрөг, хүүгийн хамт тус тус өвлүүлэхээр гэрчилгээ олгосон байсан. Эхнэр *******, охин ******, хүү ****** нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид бөгөөд өвлүүлэгчийг нас барах хүртэл Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 16-р байр, 22 тоот хаягт байрлах орон сууцанд хамт амьдарч байсан. Бид өв хүлээн авахаас татгалзаагүй тул хууль ёсоор өв хүлээн авах эрхтэй. Нотариатч ******* олон жилийн өмнөөс *******д хууль зүйн зөвлөгөө өгдөг, бичиг баримтыг нь гэрчилдэг байсан. Сүүлд итгэмжлэл хийлгэхээр нотариатч ******* дээр очиход чи талийгаач *******гийн эхнэр байна, хадмууд чинь над дээр өвийн хүсэлт гаргасан, гэхдээ өвтэй холбоотой хүсэлт болон холбогдох баримтуудыг чамд үзүүлэх боломжгүй гэсэн. Нотариатч ******* нь өвлүүлэгчийн эд хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөх эрхтэй эхнэр, хоёр хүүхэд байгаа болон өвлөгчдийн хооронд өвийн маргаан байгааг мэдсээр байж биднийг оролцуулалгүй, мэдэгдэхгүйгээр өвлүүлэгчийн эцэг *******т өвлөх эрхийн гэрчилгээ олгож, түүнд мөнгөн хөрөнгийг дангаар өвлөн авах боломж олгосон. Нотариатч *******гийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчсөн.

Иймд нотариатч *******гийн 2022 оны 04 сарын 28-ны өдөр *******т олгосон 0025 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 0026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хару тайлбарын агуулга: Өвлүүлэгчийн эцэг ******* өөрийн хүү *******г 2021 оны 04 сарын 03-ны өдөр нас барсан гээд өв хүсэх, өв хамгаалуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ авах хуульд заасан хугацаа болсон даруй 2022 оны 04 сарын эхэнд өвлөгч ******* өвлөх эрхийн гэрчилгээ авахаар ирсэн. Нотариатч би Монголын нотариатчдын танхимаас өвийн лавлагаа авна өөр өвлөгч өв хүсч өргөдөл гаргасан эсэхийг шалгаж байж өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гээд өвийн лавлагаа авах хүсэлт бичсэн. Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 04 сарын 08-ны өдөр өвийн лавлагааны 1752 дугаартай хариу нотариатч ******* миний албаны имэйл хаягаар ирсэн. *******гийн эцэг ******* дахин өвлөх эрхийн гэрчилгээ авах гээд ирэхэд нь би өөр өвлөгч байх магадлалтай гэрлэлтийн гэрчилгээг нь авчир танд өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй бусад өвлөгчидтэй тохиролцсны дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох болно гээд хойшлуулсан. Гэвч ******* гуай улсын бүртгэлээс надад *******гийн гэрлэлтийн лавлагаа олгохгүй байна гэж байсан. *******гийн эцэг ******* би өвлүүлэгчийг нас барснаас хойш өв авах гэж нэг жил хүлээлээ. Би өвлүүлэгч хүүтэйгээ цуг амьдарч байсан, өвлөх эрхтэй болохоо нотолж хорооны тодорхойлолт, холбогдох бичиг баримтуудаа өгсөн, биднээс өөр өвлөгч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй, лавлагааны хариу чинь Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 04 сарын 08-ны өдөр ирчихээд байхад хууль ёсны өвлөгч эцэг надад яагаад өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа юм гээд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан. Би ирүүлсэн нотлох баримт материалуудыг дахин сайн нягталж шалгаад ******* нь эцэг *******ийн хамт амьдарч байсан болохыг тогтоон, Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээн дээр бичигдсэн хаяг, *******, ******* нарын иргэний үнэмлэх, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 1752 өвийн лавлагааны хариу, өв хүссэн, өвийн талаар гаргасан *******, ******* нарын гаргасан хүсэлтүүд болон холбогдох бусад бичиг баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т заасны дагуу эцэг *******т зөвхөн банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг нь өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. *******т банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш 2-3 сарын дараа ******* Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Силвер төв дэх миний ажлын байранд санамсаргүй ирж өвийн асуудлаар зөвлөгөө авахад нь *******тэй гэрлэлтээ батлуулсан эхнэр болохыг нь мэдсэн. *******т өвлүүлэгчийн эцэг, эх өвийн хүсэлт гаргасан болохыг хэлсэн. Би түүнд өвлүүлэгчийн эцэг эхтэй өв хөрөнгөөс хэрхэн яаж хуваан авах талаар тохиролцоод бичиг баримтуудаа авчираад өвлүүлэгчийн эцэг эхтэй хамт ирээд өвлөх эрхийн гэрчилгээгээ аваарай гэж зөвлөсөн.

Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1, 528.2, Нотариатын тухай хуулийн 21, 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн зүйл надад байхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч *******, ******, ****** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагч нь үйлчлүүлэгч *******ээс гэрлэлтийн лавлагааг олгохгүй байна гэснээс үзэхэд өвлүүлэгчийг эхнэр болон хүүхдүүдтэй байсныг мэдсээр байж түүний банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгсосон хууль бус үйлдэл байна. Хариуцагч нь 2011 оны Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 8.1, 8.2, 8.2.1, 8.2.2-т заасныг зөрчиж үйдэл хийсэн байна. Энэ нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-т зааснаар татгалзах үндэслэлд хамаарах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан тэгш эрхийг хангах, 3.1.4-т заасан шударга ёсыг сахих зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байна.

4.2.  Хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.7-т зааснаар өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, түүнчлэн өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр /нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолтыг гаргуулахаар хүсэлт гаргасан этгээдээс шаардаагүй нь нотариатын үйлдэл анхнаасаа үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон *******ээс гадна хүчин төгөлдөр гэрлэлтийн бүртгэлтэй эхнэр, төрсөн 2 хүүхэд байгаа тохиолдолд тухайн өвлөгдөж буй эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх нь нотариатын үйлдэл хийхэд болон цаашид гарах маргаанаас сэргийлэхэд ач холбогдолтой байсныг мөн анхаараагүй байна.

4.3.  Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.1-т үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан... эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.4.  Нөхөр ******* нь Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4-р байр 8 тоотод бүртгэлтэй боловч огт амьдарч байгаагүй. Тухайн хаягт түүний эцэг ******* бүртгэлтэй боловч мөн амьдарч байгаагүй. Харин нас барах хүртлээ Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 16-р байр, 22 тоотод амьдарч байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан нь бүртгэлтэй хаяг гэхээс илүү хамт амьдарч байсан өвлөгчид хамаарал бүхий байна гэж үзэхээр байна. Хариуцагч нь дээрх эргэлзээ бүхий байдлуудыг шалгаж үзээд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5, 21.2.8-д заасныг хэрэгжүүлэх боломжтой байсан. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2-т заасныг зөрчсөн байна.

4.5.  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өвлүүлэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх, ашгийг хөндсөн талаархи асуудалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өвлүүлэгчийн эд хөрөнгө нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан ба түүний үлдээсэн хөрөнгө нь түүний хүүхдүүдэд өвлөгдөх ёстой байтал ганцхан *******т өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хийсэн нотариатын үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд бусад хууль ёсны өв залгамжлагчдыг хохироож, эрхийг нь хязгаарласан байна.

4.6.  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар 2007 оны 03 сарын 28-ны өдөр төрсөн охин ******, 2020 ны 10 сарын 27-ны өдөр төрсөн ****** нар хууль ёсны өв залгамжлагч мөн болно. Хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.7-д зааснаар өвлүүлэгчийн хүүхдүүдийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулаагүй нь тэдний эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан. Нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчөөгүй. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар өөр өвлөгч байхгүй болох нь баримтаар тогтоогдож 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бол нотариатын үйлдэл хийх зааврын 8.2-т заасан зохицуулалт үйлчилнэ. Уг маргааны хувьд Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.2-т зааснаар өвлүүлэгч нас барснаас 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хүлээн авч өөр өвлүүлэгч байгаа эсэхийг шалгаж нотариатчдын танхим руу лавлагааг явуулсан. Эд хөрөнгийг өвлөхөөр хүсэлт гаргасан *******, ******* нараас өөр өвлөгч байгаагүй. 2007-2024 он хүртэлх гэрээслэлийн бүртгэл байхгүй талаарх лавлагаа ирсэн. Иймд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар өвлөгч ******* нь өөрийгөө өвлөгч болохыг нотолсон баримт, өвлүүлэгч *******гийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгө болох банкны хадгаламжийн дэвтэр, өвлөх эрхийг гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт зэрэг нотариатын үйлдэл хийх зааварт заасан бүх баримт бичгийг бүрдүүлсэн учраас 1 жил 4 хоногийн дараа тухайн хүсэлт гаргасан тул 2022 оны 04 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцнэ. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байх буюу татгалзах үндэслэл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

2.   Нэхэмжлэгч *******, ******, ****** нар хариуцагч *******д холбогдуулан 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  *******, ******* нар 2012 оны 01 сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн;

3.2.  Тэдний дундаас 2007 оны 03 сарын 28-ны өдөр охин ******, 2020 оны 10 сарын 27-ны өдөр хүү ****** нар төрсөн;

3.3.  Нөхөр ******* нь 2021 оны 04 сарын 03-ны өдөр нас барсан;

3.4.  Нөхөр ******* нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 16-р байрны 22 тоот хаягт эхнэр, 2 хүүхдийн хамт 2021 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл амьдарсан;

3.5.  Нотариатч ******* нь 2022 оны 04 сарын 28-ны өдөр 0025 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Голомт банк дахь ******* тоот данс дахь 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт, мөн 0026 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данс дахь 10,513 ам.долларыг хүүгийн хамт, ******* тоот данс дахь 10,513 ам.долларыг хүүгийн хамт, ******* тоот данс дахь 10,513 ам.долларыг хүүгийн хамт, *******тоот данс дахь 25,062.69 ам.долларыг хүүгийн хамт, ******* тоот данс дахь 11,139.89 ам.долларыг хүүгийн хамт, ******* тоот данс дахь 11,075.39 төгрөгийг хүүгийн хамт, ******* тоот данс дахь 15,094.06 төгрөгийг хүүгийн хамт тус тус нас барагч *******гийн эцэг *******т өвлүүлсэн.

 

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч ...*******, ******, ****** нар хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон..., ...нотариатч ******* нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

5.   *******, ******, ******, ******* нарын хэн аль нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн ... эхнэр, төрүүлсэн ... хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ... эцэг... гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч тул тэдгээр нь өвлүүлэгчийн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Гэтэл хариуцагч буюу нотариатч ******* нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох зохицуулалтыг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосны улмаас нас барагчийн эхнэр *******, төрүүлсэн хүүхдүүд ******, ****** нарын хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрсэн байна. Тодруулбал:

5.1.  Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2-т Дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд: гээд 8.2.1-д өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа гэж, 8.2.2-т төрүүлсэн ... хүүхэд болох тухай төрсний ... гэрчилгээ, эсхүл төрөлт ... бүртгэсэн архивын лавлагаа; гэж, 8.2.7-д өвлүүлэгчийн насанд хүрээгүй ... төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ, эсхүл төрсөн тухай лавлагаа... гэж тус тус журамлажээ.

Гэтэл хариуцагч буюу нотариатч ******* нь дээрх зааварт журамласны дагуу нас барагч ******* гэрлэсэн эсэх, насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүүхэдтэй эсэх тухай лавлагааг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр нас барагч *******гийн эцэг *******т хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгосон байна.

5.2.  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нотариатч дараах эрх эдэлнэ: гээд 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах; гэж зохицуулжээ.

Гэтэл хариуцагч буюу нотариатч ******* нь улсын бүртгэлийн байгууллагад хандан нас барагч ******* гэрлэсэн эсэх, насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүүхэдтэй эсэх тухай лавлагааг шаардах авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь хариуцагч буюу нотариатч *******гийн шүүхэд гаргасан ...*******гийн эцэг ******* нь дахин өвлөх эрхийн гэрчилгээ авах гээд ирэхэд нь би өөр өвлөгч байх магадлалтай гэрлэлтийн гэрчилгээг нь авчир, танд өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй, бусад өвлөгчидтэй тохиролцсоны дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох болно гэж хойшлуулж байсан. Гэвч ******* гуай улсын бүртгэлээс надад *******гийн гэрлэлтийн лавлагаа олгохгүй байна гэж байсан... гэсэн тайлбараар нотлогддог.

5.3.  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нотариатч дараахь үүргийг хүлээнэ: гээд 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах; гэж зохицуулжээ.

Гэтэл хариуцагч буюу нотариатч ******* нь нас барагч *******гийн эцэг *******ээс өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтдээ хавсаргаж өгсөн Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт, түүнд бичигдсэн мэдээлэл үнэн, зөв эсэхийг хянаж нягтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу нотариатч ******* нь нас барагч ******* гэрлэсэн эсэх, хүүхэдтэй эсэх тухай лавлагаа, холбогдох хорооны хүн амын тооллого, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргийг шаардан авч (магадлалын хянавал хэсгийн 5.1, 5.2-т дурдсанчлан), тэдгээрээс нас барагч Т.******* нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байсан хугацааг тодруулж, хянаж, нягтлаагүй байна.

Нас барагч *******гийн эцэг *******ээс өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтдээ хавсаргаж өгсөн Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт, түүнд бичигдсэн мэдээлэл нь нэхэмжлэгч нараас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт, түүнд бичигдсэн мэдээллээр үгүйсгэгддэг болохыг дурдах нь зүйтэй.

 

6.   Дээрхээс үзвэл хариуцагч буюу нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6-д заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах байтал өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хийсэн байх тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар уг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04814 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.1... гэснийг ...7.1.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******, ****** нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР