Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 4978

 

2016 оны 08 сарын 29 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04978

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Их тойруу өөрийн байранд байрлах, ... регистртэй, “СЭБОЦЭ” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт жамсранжав гудамж ....байр ... тоотод байрлах ... регистртэй, “Дархан Батхүлэг” ХХК-д холбогдох

 

Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн төлөөлөгч А.С-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Дархан Батхүлэг” ХХК-ийн захирал Х.Б нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4,700,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Манай байгууллагын зүгээс “Дархан Батхүлэг” ХХК-ийн захирал Х.Батмөнхийг төлбөрөө төлөх талаар удаа дараа очиж уулзаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй, биднийг араасаа олон удаа явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өр төлбөрөө төлөх талаар санаачлага гаргахгүй байсан учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Манай байгууллагын зүгээс “Дархан Батхүлэг” ХХК-ийн захирал Х.Батмөнхтэй харилцан ойлголцож тодорхой хугацаа өгөн эвийн журмаар шийдвэрлэх гэсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Түүнээс гадна “Дархан Батхүлэг” ХХК-тай байгуулсан Зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээний 4-р зүйлийн 4.3-т зааснаар гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан учраас төлөх ёстой төлбөрийн алдангийг тооцож үзвэл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 4,700,000 төгрөгийн алданги 158 хоногийн 3,713,000 төгрөг болж байна. Гэвч хуульд зааснаар алданги нь нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учраас нийт алдангийн 50 хувиар тооцон 2,350,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд хариуцагч “Дархан Батхүлэг” ХХК-ийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох 4,700,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 7,070,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Дархан Батхүлэг” ХХК-ийн захирал Х.М нь “төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь хариуцагч “Дархан Батхүлэг” ХХК-д холбогдуулан зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч “Дархан Батхүлэг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,070,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.“СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дархан Батхүлэг” ХХК-д холбогдох Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч “Дархан Батхүлэг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,070,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,767,500  төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 64035 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 64035 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА