| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/04272/И |
| Дугаар | 210/МА2025/01946 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Илгээмжийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01946
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06317 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний алданги 42,502,633 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2024 оны 08 сарын 06-ны өдөр 24/23 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний дагуу ачааг хүлээлгэн өгч, тээвэр зуучлалын үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн. ******* ХХК нь гэрээний 4.1-т заасны дагуу тээврийн хөлс болон тээвэрлэлтийн явцад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа хүлээлгэн өгснөөс хойш 10 хоногийн дотор төлөх үүрэгтэй буюу 2024 оны 12 сарын 16-ны өдрөөс 2025 оны 03 сарын 02-ны өдрийн хооронд үүссэн 12 удаагийн ачаа тээврийн төлбөр 95,393,265 төгрөгийг төлөөгүй. Манай компаниас төлбөр төлөхийг тухай бүр шаардаж, төлбөрийн нэхэмжлэх, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хариуцагчийн цахим хаяг болон оффисын хаягаар хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Харин хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн төлбөрийг төлсөн болно.
Иймд гэрээний дагуу алданги 42,502,633 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Үндсэн төлбөртэй маргахгүй. Гэрээ байгуулсан төлбөр төлөх үүргээ хугацаа хожимдуулсан. Тухай бүрт нь хугацаа хожимдуулсан болон төлбөр төлөх боломжгүй байгаа талаар илэрхийлж байсан. Харилцаа холбоотой байсан, энэ талаарх албан бичгүүд авагдсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн төлбөрийг төлсөн. Дээрх нөхцөл байдал үүссэн тул алдангийн хэмжээг багасгахыг хүсэж байна. Алдангийн төлбөрийн талыг төлж болно гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Говь инфрастракчерс партнерс ХХК-аас алдангийн төлбөрт 42,502,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь Тээвэр зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу ачаа тээврийн төлбөр 95,393,265 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь инфрастракчерс партнерс ХХК-аас 370,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, төлбөр, алдангийг төлөх талаар маргаагүй. Гагцхүү Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан алдангийн хэмжээг багасгаж болох тодорхой нөхцөлүүд тогтоогдсон. Төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар санал хүсэлтээ хариуцагч нь и-мэйлээр ирүүлж байсан бөгөөд удирдлагын түвшинд тухайн асуудал яригдаж байсныг 2025 оны 08 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
4.2. Хариуцагчаас төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохоо нотлох зорилгоор *******ХХК-аас төлбөр нэхэмжилсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч дэмжсэн байдлаар тайлбарладаг. Гэвч энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь дээрх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад тодорхой болсон үйл баримттай нийцээгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, энэ утгаараа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй.
4.3. Түүнчлэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш 15 хоногийн дараа, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 6 хоногийн дараа бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэнгүй. Хариуцагч нь бусдаас авах өр төлбөрийг авсан даруйд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг төлж барагдуулсан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 42,503,633 төгрөгт холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал төлбөрийн чадваргүй болсон гэдгээ нотлоогүй учраас шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д үүрэг гүйцэтгэгч этгээдэд давуу эрх олгосон буюу эрх ашгийг нь хамгаалсан заалт. Анзын төлбөрийн хувь хэмжээ 0.5%-иас хэтрэхгүй, үүргийн гүйцэтгэлийн хэмжээ 50%-иас хэтэрч болохгүй учраас боломжит дүнгээр багасгаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 95,393,265 төгрөг, алданги 42,502,633 төгрөг, нийт 137,895,898 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлсөн үндэслэлээр алданги 42,502,633 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгч 95,393,265 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан... гэж үзэж, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно.
3. Талууд 2024 оны 04 сарын 08-ны өдөр 24/23 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тохирсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
Хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн шаарддаггүйд оршино.
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр ******* ХХК нь олон улсын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, тээвэрлэлтийн явцад гарах хил, гааль, боомт, сэлгэн ачилт, тээвэрлэгч, гадаад агентын болон бусад нэмэлт төлбөр тооцоог үйлчлүүлэгчийн өмнөөс төлөх, ачааг гаалийн талбайд ирмэгц гаалийн мэдүүлэг, шивэлтийг түргэн шуурхай хийж гаалийн талбайгаас үйлчлүүлэгчийн өмнөөс хүлээн авах, ачааг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх зэрэг үүргийг хүлээсэн байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5. Гэрээгээр тохирсон ачааг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн, үүний төлбөр 145,315,557 төгрөг болсноос хариуцагч 49,922,292 төгрөгийг төлж, үлдэх 95,393,265 төгрөгийг төлөөгүй, үүнтэй холбоотой 42,502,633 төгрөгийн алданги тооцогдсон, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 сарын 12-ны өдөр хариуцагч нь 95,393,265 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын тухайд зохигч маргаагүй.
Харин гэрээгээр тохирсон алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлан маргажээ.
6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зохицуулсан.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон нөхцөл байдал буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөх хүсэлтээ бичгээр илэрхийлж байсан, бусдаас (*******ХХК-аас) авах авлага орж ирээгүйтэй холбоотой гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэх төлбөр 95,393,265 төгрөгийг төлсөн, хариуцагч нь алдангийн 50%-ийг төлөх боломжтой гэсэн хүсэл зоригийг шүүхэд илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн шаардсан алданги болох 42,502,633 төгрөгийг 40%-иар багасгах боломжтой гэж үзлээ.
Иймд хариуцагч ******* ХХК-аас 25,501,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06317 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 25,501,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,001,053 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, уг заалтад ...106 дугаар зүйлийн 106.6... гэснийг хасаж, ...370,463... гэснийг ...285,458... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 370,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР