Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 670

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Намнан овогт Ганзоригийн Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909026850861 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 21-186  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Намнан овогт Ганзоригийн Г.Б /РД: УИ99112191/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 7 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-640 тоотод байрлах "Болорсондор" ХХК-ийн "Зуун Заан" караокены гадна Ц.Эхзаяатай маргалдаж, түүний толгойн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

яллагдагч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-46х/,

хохирогч Ц.Эхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд нүүррүү нь 1 удаа алгадсан чинь тэр залуу шууд намайг нүүр хэсэгрүү цохисон тэгээд би хэсэг манараад сэргэхэд уг караокед ажиллаж байсан залуу гарч ирээд намайг салгасан юм... дээрх гэмтлүүдийг Г.Б миний биед учруулсан...", "...Би эмчилгээний зардлын мөнгөө барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-24х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...VIP өрөөнөөс гарч ирсэн эмэгтэй Г.Б гэх залууг алгадсан чинь Г.Б буцаагаад тэр эмэгтэйг 1 удаа цохих шиг болохоор нь ...3-4 хүүхдийг гаргаад хоорондоо муудалцаад байсан хүмүүсийг гаргаад...  камерын бичлэг устчихсан байсан болохоор одоо 2019.07.12-ны өдрийнх байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8578 дугаартай "...Ц.Эхзаяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 38х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Намнан овогт Ганзоригийн Г.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ