Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 4981

 

2016 оны 08 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04895

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон ... тоотод оршин суух, ... регистртэй, Бэсүд ургийн овогт Э.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон ....тоотод оршин суух, ... регистртэй, О Г овогтой Э холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, түүний өмгөөлөгч Ч.Э /ШТҮД:0265/, хариуцагч Г.Э, түүний өмгөөлөгч М.Б /ШТҮД:2123/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2008 онд Г.Э-той танилцаж гэр бүл болон 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Э.Х 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 6 настай, 1 дүгээр ангид сурч төгссөн. Охин Э.У нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, одоо 9 сартай. Бид 8 жил амьдрах хугацаанд эхэндээ гайгүй байсан ба Г.Э нь хааяа архи уудаг, хонуутаар гэртээ ирдэггүй байсан. Хүүхэдтэй болвол хариуцлагаа ухамсарлаад болино гэдэгт итгэдэг байсан, хүүгээ төрөхөөс өмнө мөн архи уухгүй гэж амлаж байсан. Гэвч хүүхэд төрсний дараа улам их архи ууж, тайван байлгахгүй байсан тул 2011 оны эхээр би хүүгээ аваад ээжийндээ тусдаа амьдарч байсан. Г.Э нь дахин архи уухгүй гэж удаа дараа гуйгаад байхаар нь итгээд хүүгээ эцэггүй өсгөхгүйн тулд 2 сарын дараа буцаж хамт амьдрах болсон. Гэвч засрахын оронд сард 2-4 удаа улам их ууж, ааш зан нь догшин ширүүн болж, хонуутаар алга болдог, намайг хэл амаар доромжилж, ажил дээр ирж мөнгө нэхэж авдаг, уусныхаа дараа 1-2 өдөр ажилдаа явдаггүй болсон. 2011 оны 6 дугаар сард Э.У миний бие Алтай хотхонд 2 өрөө байр захиалж 2012 онд Төрийн банкны зээлээр 46 сая төгрөгөөр худалдан авч, 2013 оны 3 дугаар сард байрандаа нүүж орсон. Одоо байртай болсон, тусдаа гарсан гайгүй болох байх гэсэн боловч ааш нь эвдэрч, онгироо сагсуу болж гэр бүлдээ тавих анхаарал нь муудаж, миний ээж дүү нарыг доромжилж зодуулна, ална гэж айлган сүрдүүлж, тэднээс архины мөнгө нэхэж ажил дээр нь очиж танхайрч байсан. Хүү маань ааваасаа айдаг болж, гар хүрч ширээн дээр байсан юм авч шидэж айлган хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. 2015 оны 8 дугаар сард охин төрсөн, нялх биетэй байхад архи ууж агсам согтуу тавьж 1-2 удаа зодож сэтгэл санаа тайван бус байдалтай болсон тул 2016 оны 5 дугаар сараас гэртээ ирэхгүй тусдаа амьдарч байна. Г.Э нь олон удаа эрүүлжүүлэгдэн, согтуугаар машин жолоодож явж байсан, харин би цагдаад нэг ч дуудлага өгч байгаагүй өөрөө гадуур явж байгаад баригдсан гэсэн. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож бидний гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу Г.Энх-Орчлонгоос гаргуулж авна. Бидний дундын өмч болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны ... тоот 2 өрөө орон сууцыг бидний нэрээр 46,529,000 төгрөгөөр авсан. 2014 оны 8 дугаар сард Ийст маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан, миний нэр дээр байдаг. Иймд 2 хүүхэд болон надад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ Г.Э сард 2 удаа уулзуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч архи уудаг байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийллийн улмаас хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр бол гэрлэгчдийг эвлэрүүлэхгүйгээр гэрлэлтийг цуцлах тухай заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр шаардана. Тоёота Ийст маркийн автомашиныг Г.Э өгөхийг нэхэмжлэгч зөвшөөрнө. Хариуцагч нь архи уухаараа гадуур хонодог, архи ууж танхайрч байсан нь цагдаагийн байгууллагаас авсан зөрчлийн тэмдэглэлээр тогтоогдоно гэв.

Хариуцагч  Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Э.У-ийн нэхэмжлэлд бичсэнчлэн хааяа, заримдаа сард 4 удаа ууж ирсэн ба архи уухаараа ахих гээд байдаг зуршилтай байдаг. Би энэ зуршлаа эм бэлдмэл хэрэглэлгүйгээр хаях оролдлого хийдэг байсан. Мөн 2015 онд нялх биетэй байхад 2 удаа зодсон гэсэн байна. Эхнэрээсээ чи намайг зодсон гэж бичсэн байна лээ гэхэд зодсоноос ялгаагүй ш дээ гэсэн тайлбар өгч байсан. Би эхнэрээ огт зодож байгаагүй бөгөөд надад тийм зан, бодол байдаггүй. Мөн ээж, дүү нарыг нь зодно, ална гэж айлган сүрдүүлж байгаагүй. 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцэг Д.Г-с 14,000,000 төгрөг зээлж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон ... тоот байрыг захиалан авсан. 100,000 айлын орон сууц хөтөлбөрийн 6 хувийн зээлэнд хамрагдахын тулд Гэрээ болон бусад баримтуудыг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлэн миний бие хамтран зээлдэгчээр ипотекийн зээлэнд хамрагдсан. Миний хааяа архи хэтрүүлэн ууж, цаашаа нэмж ууж шөнө орой ямар нэгэн асуудлаар цагдаа сэргийлэхийн асуудалд орж явж байсныг гэртээ агсам согтуу тавьж үр хүүхдээ айлгадаг мэтээр ойлгуулахыг оролдсон байна. Ойрын үед өөрийн үүсгэн байгуулсан компанид амралтгүй ажиллаад ямар нэгэн шалтгаанаар архи их ууж гэрийн тайван бус байдал алдагдуулж байгаад эхнэр хүүхдүүдээсээ уучлал хүсч байна. Мөн гэр бүлийнхээ төлөө ойрын 3-4 жилд өөрийн үндсэн ажлын хажуугаар 2 компанийн гэрээт нягтлан бодогчоор ажиллаж ирсэн ба ажлын ачааллаас бухимдаж хэлсэн хатуу үгсэндээ уучлал хүсч байна. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өөртөө шийдвэртэй алхам хийхээр архи уух зуршил эмчлүүлэхээр архи жигшүүлэн хүний бие хүлээн авах боломжгүй болгодог эм хэрэглэн эмчилгээ хийлгэж байгаа. Миний бие эхнэрээс салах бодолгүй байгаа бөгөөд энэ бүх асуудал архитай холбогдож байгаа учир үлдсэн насандаа архинаас татгалзаж, эмчилгээ хийлгэснээр архи хэрэглэх боломжгүй болох ба цаашид хүүхдүүдийнхээ ирээдүй, хүмүүжилд анхааран хамт амьдрах хүсэлтэй байгаагаа өөрийн эхнэрээс хүсч байна. Иймд манай гэр бүлийг салгахгүйгээр цаашид эвлэрэн хамтдаа амьдрах хугацаа олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гэрлэгчдийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хүчирхийллийн нөхцөл байдал үүсгээгүй, хариуцагч Г.Э нь гэр бүлийн гишүүддээ байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлдэггүй болохыг тэдний ойр дотны хүмүүс гэрчлэх бөгөөд нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагын зөрчлийн тэмдэглэл гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн зүйл харагдахгүй, зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх зөрчлүүд л байх тул гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж үзэн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6.3, 6.5 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй. Түүнчлэн гэрлэгчдийн бага охин Э.Ундрал нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 1 нас хүрээгүй байгаа учир гэрлэлтийг цуцлах боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Г.Э-с гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Гэрлэгчид болох Э.У, Г.Э нар нь 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болныг 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 3049 дүгээрт бүртгэж, гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн, 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Хүслэн, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Э.У нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0141273 г-.... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, №0342995 г-5194, №0000181228 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдоно. /хх 4, 5/ 

Гэрлэгчдийн дундаас мэндэлсэн охин Э.У нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 11 сартай болох нь түүний төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт: “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заажээ.

Иймд охин Э.У дээрх хуульд зааснаар нэг насанд хүрээгүй бөгөөд гэрлэлтийг цуцлах боломжгүй байх тул Э.Уранцэцэгийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Э.У нь дээрх хуульд заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал арилсны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                               

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.У-ийн Г.Э-оос гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА