| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0666/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 676
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ханхөхий овогт Нямсамбуугийн Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018050859 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55-830 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ханхөхий овогт Нямсамбуугийн Н.Б /РД: ХЖ72091111/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Жаргалыг урдны таарамжгүй харилцааны улмаас зодож, зүүн хоншоор яс, эрүү ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед гэртээ ач, зээ нараа хараад байж байхад ... миний танил Н.Б гэх залуу ... манай гэр лүү шууд яваад ороод ирсэн, ирээд намайг дуудаад "гараад ир уулзая" гэхээр нь би дагаад гарсан, гадна үүдэнд саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан ба намайг Н.Б суучих гэхээр нь би машины жолоочийн хажуугийн суудал руу суусан. Манай гудамжыг өгсөөд дээшээ 6-н буудалруу явдаг замаар ороод явж байгаад уулын оройд очсон. Дээш эргээд явхаар нь би хаачих гэж байгаа юм бэ гэхэд Н.Б "Дээшлээд хоёуулаа уулзаадхая" гээд байсан ... машинаасаа буусан чинь намайг шууд барьж аваад боосон, чи болиоч яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н.Б "Чамайг алаад өгнөө муу новшийг" гээд миний зүүн нүдрүү 3-4 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэснээ больсон, тэр залуу өөрөө бие муутай тархиндаа хагалгаанд орж байсан болохоор цохиод дэмий гэж бодоод хөдлөөгүй ... тэгтэл дахиад нэмж толгой хэсэг рүү гараараа цохиод байсан ба тэр үедээ " чамайг алаад өгье" гээд л намайг цохиод байсан. Энэ үед миний хамраас цус гараад байсан ба машинд суугаад доош уруудаж Жаргалантын 53 дугаар гудамжинд байдаг цагаан худаг дээр Н.Б машинаа зогсоогоод ... дахиад толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Хамраас цус гараад байсан болохоор ... угаагаад тогтоосон. Тэгээд буцаж намайг машинд суулгаад гэрт буулгаад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,
шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн "... 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би гэрээсээ гараад явж байсан чинь Жаргал ахтай таараад мэндийн зөрүү мздээд өнгөрөх гэтэл Жаргал ах жоохон халамцуу "намайг 2000 төгрөг өгчих" гэхээр нь би надад юу ч байхгүй шүү дээ ахаа гэсэн чинь Жаргал ах "муу тал толгойт минь чиний аав ямар олиг байсан юм бэ, чамайг цохивол чи үхчихнэ шүү дээ" гэж хэлээд барьж явсан цүнхээрээ миний толгой тус газар цохичихоод яваад өгсөн. Тухайн үед би Жаргал ахыг хөгшин настай хүн дээрээс нь согтуу байгаа юм чинь гэж бодоод зүгээр юм хэлэлгүй явууулсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1-2 цагийн үед гэрт нь очоод эрүүл саруул болсон байлгүй хэлсэн үгийнх нь учрыг тайлуулъя гэж бодоод ортол Жаргал эрүүл байхаар нь та 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тэгэж хэлж болохгүй шүү дээ удахгүй үхэх гэж байгаа надад тийм үг хэлж сэтгэлд сэв хийж яах гэсэн юм бэ та" гэж хэлсэн чинь надад уурлаад намайг "Чи их хэгжүүн залуу" гээд байхаар нь юу ч гэсэн гаръя гэж бодоод Жаргал ахтай хамт машиндаа суугаад гэрийнх нь дээшээ байдаг уулан дээр очоод машинаасаа буугаад жоохон хоорондоо маргалдаад би Жаргал ахыг хэдэн удаа цохисон юм. Тэгээд Жаргал ахын лэмарнаас нь цус гараад байхаар нь машиндаа суугаад Жаргалантын 53 дугаар гудамжинд байдаг худаг дээр очоод усаар хамрынх нь цусыг тогтоолгоод гэрийнх нь ойролцоо буулгаад яваад өгсөн ... гэртээ ирээд эмээ уугаад хэвтэж байсан чинь Чаргал ахын охин нь хашааны хаалга цохиод "Та аавыг яагаад тийм болгочихсон юм бэ" гэхээр нь миний санаа зовоод гэрлүү цуг очсон чинь гэртээ хэвтэж байсан Жаргал ахтай яриад биеийн байдлыг нь асуугаад Жаргал ахын охиноос уучлалт гуйсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
шүүгдэгч Н.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... дээрх гэмтлүүдийг Жаргалын биед учруулсан маань үнэн, би гараараа 3-4 удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан ... Одоо Жаргал бид хоёрын хооронд ямар нэг маргаан байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 7895 дугаартай "...Д.Жаргалын зүүн хоншоор яс, эрүү ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ханхөхий овогт Нямсамбуугийн Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Бг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ