Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 677

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ердийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Илжгэн овгийн Борын Б.Пид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911015580754  дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1955 оны 4 дүгээрр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн, эрэгтэй, 65 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин  мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-11а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Илжгэн овогт Борын Б.П  /РД: ОК55042019/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.П нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.П нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй  дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гахайн” гэх нэршилтэй байрны орчимд 16-42 УБЧ улсын дугаартай, “Тоёота витз” маркийн автомашин жолоодож яваад , 27-52 УНЛ улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн автомашин жолоодож явсан хохирогч Ч.Давааворжтой зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар хоорондоо зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн  шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б. Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тэр үл таних эрэгтэй хүнтэй надад зам тавьж өгөөгүйн улмаас маргалдсан бөгөөд тухайн эрэгтэй надад зам тавьж  өгөхгүй бол миний машин тэр замаар явах боломжгүй байсан учраас тэр хүнийг би зам тавиад өгөөч гэж хэлэхэд тэр эрэгтэй хүн намайг хэл амаар доромжлоод зам тавьж өгөхгүй байсан учраас бид хоёр машинаасаа бууж заамдалцаж авсан...бөгөөд тэр эрэгтэйн гарт нэг төмөр шиг зүйл харагдсан бөгөөд миний бодлоор гартаа машиныхаа түлхүүрийг атгасан байсан байх тэр түлхүүртэй гараараа намайг цохих гээд байхаар нь би тэр эрэгтэйг зайлаад хажуу тийшээ унагаасан юм...би дээрх гэмтлүүдийг Даваадоржийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

хохирогч Ч.Даваадоржийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 22-ны өглөө эрт 05-цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Гахайн байр буюу эцсийн буудлын орчим өөрийн 27-52 УНЛ дугаарын пробокс маркийн машинтайгаа халтууранд явахаар уруудаад төв зам руу гарах гэхэд төв зам дээр бүтэн эргэх гэж байсан 16-42 УБЧ дугаартай машин зогсоод ухарч бай гэхээр нь би ухраад өгтөл чи өөдтэй ухарч өгсөнгүй гэхээр нь би багтана ш дээ гэж хэлэхэд уурлан машинаасаа буугаад машины цонх онгорхой байхад шууд баруун хөмсөг орчим цохихоор нь би машинаасаа буугаад чи одоо больчих, адилхан  хөгшин хүн байж гэхэд бариад авахаар нь чи тавь, би хөл гар муутай хүн гэхэд тонгороод газар унагаасан. Би баруун талаараа газарт унахад миний хөл маш эвгүй болсон. Би урьд нь баруун түнхэндээ хагалгаа хийлгэж байсан юм. Тэгээд би яг баруун талаараа унасан бөгөөд хөл хугарчихлаа гэхэд хохь чинь гэж хэлээд явснаа  доошоо уруудаад явснаа удалгүй эргээд машинтайгаа хүрч ирэхээр нь чи намайг ядаж машинд оруулаад эмнэлэгт хүргээд өгчих гэхэд чи шүүх цагдаагаараа яваарай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би гэрээсээ хүн дуудаж, цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн. Би урьд нь тэр хүнийг сайн танихгүй , машиныг нь урьд нь харж байсан. Манай тэр хавиар таксинд яваад байгаа юм шиг харагддаг. Машинаа ухрааж өгсөнгүй гэж хэлээд л уурлаад машинаасаа бууж ирээд намайг цохиод авсан юм. Өөр бид хоёрын дунд бол урьдны ямар нэгэн маргаан байгаагүй. Гар өргөж такси барих гэж байсан хүн булаацалдсан зүйл болоогүй. Намайг эхлээд машин дотор сууж байхад баруун шанаа орчим нэг удаа цохисон. Дараа нь машинаас буусан хойно барьж аваад зууралдаж байгаад тонгоргоод унагаасан. Тэр үед бид хоёрын ойр орчим хүн харагдахгүй байх шиг байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 12х-13х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6346 дугаартай “...Ч.Даваадоржийн биед баруун чөмөгт ясны хүзүү хэсгийн сэлтэрсэн хугарал, зовхинд цус хуралт, тохой ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

               Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ч.Даваадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээрээ шүүгдэгч Б.Поос нийт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байх хэдий ч хавтас хэрэгт баримтаар авагдсан энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 503.726 төгрөг зарцуулсаныг Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин бусад нэхэмжилсэн үнийн дүнг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Пид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Илжгэн овогт Борын Б.Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пид 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 503.726 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ч.Даваадорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Пид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ