| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 314/2025/00730/И |
| Дугаар | 204/МА2025/00025 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 204/МА2025/00025
2025 оны 11 сарын 12 204/МА2025/00025
Д.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Д.А. /цахимаар/,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00714 дүгээр шийдвэртэй Д.А-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргад холбогдох гэм хорын хохирол 3,690,132 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие талийгаач *** овогтой Б-тай 2012 онд гэр бүл болж хүү Б.А (РД: ***)-г төрүүлсэн боловч хамтын амьдрал 2019 онд дуусгавар болгосон. 2023 оны 11 дүгээр сард миний бие Япон улс руу ажлаар явах болсон. Тухайн үед хүүгээ төрсөн эцэг П.Б-ын асрамжид үлдээж, өөрөө албан ёсны ажиллаж амьдрах эрхээ авсны дараа хүүгээ татаж авахаар тохиролцсон. Гэвч аав нь хүү Б.А-ыг өөрийн аав, ээждээ Өвөрхангай аймагт үлдээсэн байсан. Энэ хугацаанд миний бие хүүтэйгээ байнгын холбоо харилцаатай байсан. 2025 оны 4 дүгээр сараас хүүтэйгээ холбогдож чадахгүй байсан тул ангийн багш Ч-тэй холбогдож амралт нь хэзээ эхлэхийг нь тодруулж, зуны амралтаар эхлэхээр Япон улсад амраахаар төлөвлөж байгаагаа хэлэхэд аав П.Б-ыг нь 2025 оны 2 дугаар сараас хүнд өвдөж, эмнэлэгт эмчлүүлж, өвөө Ж.П, эмээ Ц.Н нар нь Улаанбаатар хотод сахиж байгаа бөгөөд хүү Б.А-ыг хамаатны айлдаа үлдээгээд явсныг нь мэдсэн. Энэ хугацаанд хүүтэйгээ өдөр бүр байгаа айлынх нь хүнээр дамжуулан холбоотой байж, нэн яаралтай өөр дээрээ Япон улс руу татаж, өөр дээрээ авах хүсэлтэй байсан хэдий ч энэ хичээлийн жилийг нь дуусах хүртэл хүлээхээр шийдээд хүүтэйгээ ярилцсан байсан. Гэсэн хэдий ч төрсөн аав П.Б нь 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүүгээрээ дамжуулан Ц.Н-тай утсаар холбогдож хүүдээ санаа зовж байгаагаа илэрхийлж, Япон улсад авчрах тухай хэлээд тэдний саналыг сонсоход "болно оо, 7 сарын сүүлээр явуулъя" гэхэд нь миний хувьд өнөө маргаашгүй цаг алдалгүй өөр дээрээ авч хамт байхыг хүссэн ч буяны ажил хоног хураах зэрэгт хүндэтгэлтэй хандаж зөвшөөрсөн. Хүүгийн эмээ Ц.Н-тай ярьж тохиролцсоны дагуу би өөрийн зүгээс холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж, Өвөрхангай аймгаас эмээ Ц.Н-аар хүүгийн цээж зураг, сургуулийн тодорхойлолтыг шуудангаар авсан. Ингээд хүү Б.А-д Монгол Улсын ЭСЯ-аар Япон улс руу зорчих виз хүсэж, визний зөвшөөрлөө авсан. Хүүхдийнхээ онгоцны билетийг захиалж, баталгаажуулсан байсан. Энэ хугацаанд хүүтэйгээ байнгын холбоотой байж, хүү маань Япон үг сурч байгаагаа бичиж, ярьж байсан.
Миний бие хүү Б.А-ын Хас банкны *** дугаартай дансыг хамтран эзэмшдэг байсан ба данснаасаа гүйлгээ хийх гэсэн боловч дээрх данс харагдахгүй алга болсон тул Хас банканд хандахад Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/174 тоот асран хамгаалагч тогтоох захирамжийг үндэслэн Б.А-ын *** дугаартай дансны хамтран эзэмшигчийг сольсон гэсэн хариуг ирүүлсэн. Тухайн үед өөрийн гомдлоо Өвөрхангай аймгийн холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд би хүүтэйгээ бас л холбогдож чадахгүй болсон. Ямар ч холбоогүй болсон учраас миний бие Япон улс дахь ажлаасаа чөлөө авч 2025 оны 7 дугаар сарын 17-ны орой Монгол улсад ирсэн. Өвөрхангай аймагт 7 дугаар сарын 18 болон 23-ны өдрүүдэд 2 удаа очиж дээрх захирамжид гомдол гаргаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хүчингүй болгуулсан. Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн хамтарсан багийн гишүүд нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох шалгалт, судалгаа хийх үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй ажилласан. Үүний улмаас хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй захирамжийг Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга гаргасан нь надад эдийн болон сэтгэл санааны хохирол учруулсан.
Иймд Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/174 дүгээр асран хамгаалагч тогтоох тухай захирамжийн хууль бус, үндэслэлгүй үйлдлийн улмаас надад учирсан сэтгэл санааны болон эдийн засгийн нийт 3,690,132 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А. анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч .. хүүгээ аавд нь үлдээсэн. Ер нь энэ хоёрын төлөвлөгөө .. энэ хугацаанд хүүтэйгээ хамт амьдарч байгаарай гээд үлдээсэн. Аав нь .. Б аав ээждээ аваачаад өгсөн байсан.... манай эгч ангийнх нь хүүхдээр аав нь өнгөрсөн гэдгийг мэдсэн. .. бид нар материалаа Хас банкнаас хариу өгөхдөө та асран хамгаалагч биш байна. Асран хамгаалагч солигдсон учраас та энэ дансыг ашиглах боломжгүй байна гэсэн. .. Н бид нарыг уулзуулахгүй байсан. Хүүхэдтэй огт холбоогүй болсон. Танай захирамжийг цуцалсан тул захирамжаа аваарай гэсэн ... 11 дүгээр багийн Засаг дарга.. Гэр бүлийн асуудлаас болоод эхнэр нөхөр салсан асуудлыг ярихгүй. Ямар ч үндэслэлгүйгээр захирамж гаргаад өөр хүн гомдол гаргахаар өө за гээд цуцалчихдаг... гэвэл яг хууль ёсны дагуу материалаа бүрдүүлээд. Тэгээд дээрээс нь тогтоож болно. Тогтоохдоо хууль ёсны дагуу баримт бүрдүүлсэн үү, .. бүх нотлох баримтуудтай шат дарааллын дагуу тайлбар хийгээд... Энэ мөнгийг талийгаач Б-ын эхнэр хүүхэд нь авах ёстой. Нэгдүгээрт ямар нөхцөлд асран хамгаалагч тогтоох вэ гэдэг хуулиа судлаагүй, баримт бичиг бүрдүүлээгүй... ийм хариуцлагагүй ажиллана гэж байхгүй. Тэгээд яагаад мэдэгдээгүй юм. .. Тэгээд шат шатанд нь утсаар холбогдохдоо холбогдоод.. би Г.Ш-ийн хариу тайлбартаа танилцсан. Маш олон баримт өгсөн байсан. .. хүүхдийнхээ мөнгийг нь ингэж ажиллахгүй хүний яриагаар. 6 дугаар сарын 3-ны өдөр.. сүүлд.. гэхдээ төрийн байгууллагын ажил явдгаараа явах ёстой. Наад зах нь асран хамгаалагч тогтооход.. буруу ажилласан байна гээд захирамжаа цуцалчихсан. Тэгээд хүний.. чиний гаргасан тайлбар дээр хүчирхийлэл үйлддэг хүн эсэх дээр нөхцөл байдлыг судлаад шийддэг асуудал. Шинжээч ажиллаад шийдэх байх. 6 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн. Ээж нь хүүтэйгээ холбоотой байсан.. 6 дугаар сарын 18-нд илгээсэн байгаа.
Иймд Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/174 тоот "Асран хамгаалагч тогтоох тухай" захирамжийн хууль бус, үндэслэлгүй үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол 3,690,132 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарын агуулга: 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан асран хамгаалах өргөдөлдөө эмээ буюу П.Б-ын ээж *** Н нь: “...Б.А нь 2013 онд төрсөн нялх байхад нь ээж Д.А хаяад явсан миний гар дээр өсөж хүмүүжээд 12 жил болж байна. Одоо ЕБС-ын /5-р сургуульд/ 6д ангид сурдаг. Иймд миний ач хүү Б.А-ын асран хамгаалагчаар Ц.Н-г тогтоож өгнө үү” Мөн хүү Б.А гаргасан хүсэлтдээ: “...ээж Д.А нь багад нь хаяад явсан одоо эмээ Ц.Н миний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү” гэдэг утга бүхий өргөдлүүдийг сумын Засаг даргын тамгын газар гаргасан. Өргөдлийн дагуу *** сумын *** дүгээр багийн нийгмийн Б.Ц нь хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ зэргийг хийсэн энэхүү үнэлгээ дээр үндэслэн тус сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Ц *** сумын *** дүгээр багийн иргэн Ж.П-ийн гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн С.П-ын эмээ Ц.Н, хүү Б.А нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг эрх зүйн бичиг баримтууд гарсан. Дээрх өргөдөл хүсэлт, шат шатны хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтнүүдийн үнэлгээ дүгнэлтээр тус сумын Засаг даргын “Ц.Н-г, Б.А-ын асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамж гарсан. Б.А-ын талаар *** дүгээр багийн хамтарсан багийн хурал болсон энэхүү хүүгийн нөхцөл байдлыг тал талаас хэлэлцэж хүүгийн ээж өмнө нь “хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн” гэж шийдвэрлэсэн.
Иргэн Д.А-ийн нэхэмжилсэн хохирол гэх 3,690,132 төгрөг нь Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын шийдвэртэй шууд хамаарал байхгүй. Захирамж гарснаас болж үүсгээгүй, өөрийн нэхэмжлэлдээ ч дурдсан ... аав нас барсан хүүгээ татаж авахаар болсон гэж дурдсан байна. Хүүхэд ямар ийш тийш нь дайж явуулдаг эд бараа биш дээ ... төрсөн ээж нь мөн л юм бол Япон улсаас ирж авна биз дээ ... хүү нь Өвөрхангайд байгаа юм чинь Улаанбаатар хотоос аймаг ирж хүүгээ авах нь мэдээжийн хэрэг. Б.А-ын талаар шат шатны мэргэжилтнүүдийн дүгнэлт шийдвэр гарсан тул өөрөө Япон улмаас ирж тайлбар мэдүүлэг өгөх нь зүйн хэрэг тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Иргэн Ц.Н-аас 6 дугаар сарын 18-ны өдөр өргөдөл ирсэн байдаг. Миний ач хүү ... эмээ П.Б би. Ийм миний ач хүү Б.А-ыг өргөдөлдөө аваад үүний дагуу ... багийн нийгмийн ажилтан Ц гэж хүн үнэлгээ хийсэн байгаа. Өвөрхангай аймгийн *** сумын нийгмийн ажилтан Цо гэх хүн үнэлгээ үндэслээд дүгнэлтээ гаргасан байдаг. Хуулийн дагуу хүүхдийн эрхийн үүднээс аав нь нас барсан, ээж нь байхгүй учраас хүүхэд хамгааллын ... үнэлгээ, захирамж гарсан. Захирамжаа гаргасан байхад Д.А гэж хүн Япон улсаас холбогдож гомдол хүсэлтээ.. Ээж нь ирсэн учраас захирамжийг хүчингүй болгосон. Хоёрдугаарт нэхэмжлэл дээр дурдсан байсан. Хүүхдээ авах гэж байсан. ийм зүйлээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шат шатны байгууллага, хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан зэрэг үнэлгээ хийж байж энэ захирамж гарсан. Түүнээс дангаараа захирамж гаргасан зүйл байхгүй. Бүх материал хэрэгт авагдсан байгаа гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргаас гэм хорын хохиролд 3,690,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,681 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,681 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00714 дүгээр шийдвэрээр хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга Б.Ганбатаас 3,690,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж гэм хорын төлбөрийн хэмжээг багасгахаар хуульчилсан.
2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан асран хамгаалах өргөдөлдөө эмээ буюу П.Б-ын ээж *** Н нь: “...Б.А нь 2013 онд төрсөн нялх байхад нь ээж Д.А хаяад явсан миний гар дээр өсөж хүмүүжээд 12 жил болж байна. Одоо ЕБС-ын /5-р сургуульд/ 6д ангид сурдаг. Иймд миний ач хүү Б.А-ын асран хамгаалагчаар Ц.Н-г тогтоож өгнө үү” Мөн хүү Б.А гаргасан хүсэлтдээ: “...ээж Д.А нь багад нь хаяад явсан одоо эмээ Ц.Н миний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү” гэдэг утга бүхий өргөдлүүдийг сумын Засаг даргын тамгын газар гаргасан.
Өргөдлийн дагуу *** сумын *** дүгээр багийн нийгмийн Б.Ц нь хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ зэргийг хийсэн энэхүү үнэлгээ дээр үндэслэн тус сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Ц *** сумын *** дүгээр багийн иргэн Ж.П-ийн гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн С.П-ын эмээ Ц.Н, хүү Б.А нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг эрх зүйн бичиг баримтууд гарсан.
Дээрх өргөдөл хүсэлт, шат шатны хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтнүүдийн үнэлгээ дүгнэлтээр тус сумын Засаг даргын “Ц.Н-г, Б.А-ын асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамж гарсан. Б.А-ын талаар *** дүгээр багийн хамтарсан багийн хурал болсон энэхүү хүүгийн нөхцөл байдлыг тал талаас хэлэлцэж хүүгийн ээж өмнө нь “хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн” гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш гомдол гаргасан байсан. Гомдолд ээж нь хүүхдээ ирж авах ёстой учраас энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тухай тайлбар хийсэн. 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нотлох баримттай хариу тайлбараа хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан. Асран хамгаалагчийн хууль зүйн үндэслэлийг хангаагүй. Нэг талын мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдлыг судлаагүйгээр шийдвэр гаргасан. Зарим баримтын он сар, цаг хугацаа, гарын үсэг зэрэг нь зөрчилтэй байсан. Талийгаач н.Б нь 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод нас барсан. Д.А Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт мэйлээр бичгээр гомдол гаргасан бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд өөрийн биеэр Япон улсаас Монгол Улсад ирж Өвөрхангай аймгийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзсан боловч тухайн үед хариуцсан багийн дарга, ажилтнууд нь тодорхой мэдээлэл өгөөгүй. Ямар бичиг баримтыг үндэслэсэн бэ гэхээр үзүүлэх баримт байхгүй байсан. Бидний гаргасан гомдлын дагуу захирамжийг цуцалж өгсөн. Д.А ажлаасаа чөлөө авч зардал мөнгөө шийдээд ирсэн. 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргын захирамж гарсан байсан. Хамтарсан багийн гарын үсгийг шалгуулах хүсэлтэй байна. Ман Алтансоёмбо, Наранцэцэг нарын ярьсан тэмдэглэлтэй би танилцсан. Мөн хүүхдийн ангийг нь буруу бичсэн байсан. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст нэг ангид сурдаг гэдгийг нь дутуу бичсэн. Мөн ээж нь хаяад явсан аав нь нас барсан гэдэг үгийг маш их бичсэн байсан. Энэ баримт нь асран хамгаалагч тогтоох үндэслэл болохгүй. Нэг хүний ярьсан яриаг ингэж бичиж болохгүй. Мөн гэр бүлийн нөхцөл байдал, хөгжлийн эрсдэлийн үнэлгээ яаж гаргасан нь тодорхойгүй, үндэслэлгүй гарсан. Гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль нь үндсэндээ асран хамгаалагчийн талаар байгаа. Бидний 2 талын нөхцөл байдлыг судлаад маш сайн үйл явцыг тогтоох ёстой. Асран хамгааллын талаарх үйл явцыг зөрчсөн. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Д.А нь *** сумын Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 3,960,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
9. Анхан шатны шүүх... талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байна...гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г.Ш-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд энэ ажиллагаа нь хэргийн оролцогчид эрх, үүргээ эдлэх боломжит хугацаанд хийгдсэн байх учиртай.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан товлосон өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эрх, үүргийг нь танилцуулжээ. /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан зохих ажиллагаануудыг бүрэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчид тухайлбал хариуцагч талын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломж нь хязгаарлагдаж улмаар мэтгэлцэх эрх хангагдаагүй байна.
Тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь тухайн маргааныг богино хугацаанд, зардал багатайгаар шийдвэрлэх зорилготой байдаг.
Шүүх зохигч тэдгээрийн төлөөлөгчийн үндсэн эрхийг зөрчсөний улмаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж улмаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах зэргээр тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын зорилгыг алдагдуулж байна.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрх, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Талуудын хэргийн оролцогч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан өмгөөлөгчтэй оролцож мэтгэлцэх эрх зөрчигдсөн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/174 тоот асран хамгаалагч тогтоох тухай захирамж хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ