| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06799/И |
| Дугаар | 5079 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 5079
2016 оны 09 сарын 09 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Саранцэцэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух хаягтай, 1975 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ...регистртэй, Боржигон овогт Б.Э-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Цолмонбаатар, гуравдагч этгээд Б.Э нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух Б.Э нь байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Э нь тус 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух бүртгэлтэй бөгөөд бусадтай нийлж байнга архидан согтуурч, орон гэрээсээ дайжин гадуур амьдарч байгаад ар гэрийн зүгээс буюу төрсөн ах Б.Э-с түүнийг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн. Түүнчлэн Б.Э өөрөө албадан эмчилгээнд хамрагдахыг хүсч байгаа учир түүнийг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт зэргийг харгалзан үзэж түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Намайг ажилд авахгүй болохоор ганцаардаад архи уучихдаг. Би 2015 оны 12 дугаар сараас хойш гэртээ хариагүй. Гэртээ байхаар архи уумаар санагдаад байдаг. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаад албадан эмчилгээнд явсан нь зөв юм байна гэж шийдсэн. Сайн дурын эмчилгээнд хамрагдвал зугтчихаж магадгүй гэж бодоод байна. Өмнө нь би уушгиа тайруулж мэс засал хийлгэж байсан бөгөөд үүний дараа эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан. Сүрьеэ өвчин болон албадан эмчилгээ хийлгэхэд харшлах хүнд өвчин эмгэггүй учраас намайг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ...тоотод оршин суух хаягтай, 1975 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ... регистртэй, Боржигон овогт Б.Э-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд Б.Э нь бусадтай нийлж нийгмийн хэв журам зөрчин архидан согтуурч, ор сураггүй алга болдог болох нь түүний өөрийн тайлбар, түүний төрсөн ах Б.Эийн Цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл, тайлбар, Цагдаагийн бүртгэлийн системийн хуулбар, зэрэг баримтуудаар нотлогдож байх ба архинд донтох өвчтэй болох нь Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр архинд донтох өвчний 3 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн байх тул түүнийг архины албадан эмчилгээнд дахин хамруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар ... регистртэй, Боржигон овогт Б.Эыг албадан эмчлэх газарт явуулж, эмчилгээ хийлгэсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА