| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2024/00203/И |
| Дугаар | 210/МА2025/02043 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/02043
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06728 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 178,012,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр *******,*******,*******,, дугаартай үйлчилгээ, оффисын зориулалттай 200 м.кв талбайг худалдаа, үйлчилгээний ажлын байрны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний 5.3.1-д талбайн түрээсийн төлбөр, менежментийн зардал болон барьцааг түрээслүүлэгч талд төлбөрийн нөхцөлд заасны дагуу төлөх үүрэгтэй гэж зааснаар ******* ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 30-ны өдрийн дотор ******* ХХК-ийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн.
Гэтэл хариуцагч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг шилжүүлэхгүй эсхүл дутуу төлөх зөрчлийг удаа дараа гаргасан учраас түрээсийн гэрээг цуцалсан. Манай компанийн зүгээс түрээслэгчид түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхийг сануулан хэд хэдэн удаагийн албан шаардлага хүргүүлж, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 88,514,516.13 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч төлж барагдуулаагүй. Түрээсийн үлдэгдэл төлбөрөөс барьцаа төлбөр болох 7,000,000 төгрөгийг хасаж тооцсон.
1.2. Түрээсийн гэрээний 2.4-т заасны дагуy түрээслэгч төлбөрөө цаг тухайд нь төлөх үүрэгтэй ба төлбөрөө хожимдуулсан тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэвч хариуцагч төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги бодогдож гэрээний хүчинтэй хугацаа буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 17,975,000 төгрөгийн алданги тооцсон.
1.3. 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ашиглаж буй цэвэр усны уян хоолой задарч манай компанийн В1 болон В2 давхрын хана, тааз, шал, эд хөрөнгөд ус алдсан. Улмаар ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар 23,244,049 төгрөгийн хохирол учирсан.
1.4. Мөн хариуцагч ашиглалтын төлбөр буюу цахилгааны төлбөрт 1,469,762 төгрөгийг төлөөгүй болно.
1.5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа нэхэмжлэгчийн тооцооллоор талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй түрээсийн төлбөр 109,164,856 төгрөг, алданги 44,034,239 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч ******* ХХК-аас түрээсийн төлбөр 109,164,856 төгрөг, алданги 44,034,239 төгрөг, цахилгааны төлбөр 1,469,762 төгрөг, хохирол 23,344,049 төгрөг, нийт 178,012,906 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр *******,*******,*******,, дугаартай үйлчилгээ, оффисын зориулалтай 200 м.кв талбайг худалдаа, үйлчилгээ ажлын байрны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцсон. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээнд заасан төлбөрийн хувьд хариуцагчийн зүгээс нэг бус удаа төлбөр тооцоог 1-2 хоногоор төлдөггүй байсан. Учир нь хариуцагч тус объектод худалдаа наймааны зориулалттай бизнес эрхлэгч бөгөөд зарим сар ашиггүй байх үе байсан ч түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлдөг байсан. Харин нэхэмжлэгч алданги тооцсон нь ойлгомжгүй, өөрсдийн хариуцлагагүй байдлаас болоод түрээсийн талбайгаа хүлээж аваагүй, цаг үеийн байдлаас буюу хөрөнгө мөнгөний асуудлаас болж түрээсийн гэрээг дуусгавар болгосонтой холбоотойгоор мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэгч шүүхэд ...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ашиглаж буй цэвэр усны уян хоолой задарч манай компанийн В1 болон В2 давхрын хана, тааз, шал, эд хөрөнгө рүү ус алдаж үнэлгээний тайлангаар 23,244,049 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэжээ. Хариуцагч цэвэр усны уян хоолойг зөв зохистой ашигласан, харин нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлын улмаас хоолой задарсан. Мөн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь түрээсийн гэрээний 5.3.10-т түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө худалдаа, үйлчилгээний талбайн хүлээлцэх акт үйлдэх, актаар хүлээн авах үед илэрсэн дутагдал, эвдрэл гэмтлийг засварлуулах, 5.3.19-т энэхүү гэрээний хугацаа дуусгавар болох эсвэл гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үед түрээсийн байр, түүнд суурилуулсан тоноглол, нэмэлт тоноглол, бусад нэмэлт зүйлсийн буулган хэвийн цаашид түрээслэх шаардлагад нийцсэн нөхцөлд буюу анх түрээслэгчид хүлээлгэн өгсөн байдлаар түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө гэж тус тус зохицуулсан. Тус гэрээний зүйлээр хариуцагч гэрээг цуцлах буюу түрээсийн гэрээ дуусгавар болгох хугацаанаас өмнө гарах талаар мэдэгдсэн боловч өөрсдөө удаа дараа хүлээж авахгүй хүлээлгэх өгөх акт үлдэхгүйгээр хариуцагчийн түрээсийн талбайгаас гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 288 дугаар зүйлийн 288.1.4, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 125,695,786 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,317,120 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 786,429 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжлэгчийн тооцоолсноор 78,864,856 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь бидний хувьд тухайн талбайг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл эзэмшиж ашиглаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 5 дугаар сард түрээсийн объектыг тоног төхөөрөмжийн хамт битүүмжилсэн, үүнээс хойш тухайн талбайг ашиглах боломж олгоогүй.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ашиглаж буй цэвэр усны уян хоолой задарч манай компанийн В1 болон В2 давхрын хана, тааз, шал, эд хөрөнгөд ус алдаж их хэмжээний хохирол учирсан. ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар 23,244,049 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс тухайн хохирлын үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн гэрээний 5.3.10-т түрээслүүлэгч нь түрээсийн талбайг хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө худалдаа, үйлчилгээний талбай хүлээлцэх акт үйлдэх, актаар хүлээн авах үед илэрсэн дутагдал, эвдрэл гэмтлийг засварлуулах, 5.3.19-т энэхүү гэрээний хугацаа дуусгавар болох эсвэл гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үед түрээсийн байр, түүнд сууршуулсан тоноглол, нэмэлт тоноглол, бусад нэмэлт зүйлсийг буулган хэвийн цаашид түрээслэх шаардлагад нийцсэн нөхцөлд буюу анх түрээслэгчид хүлээлгэн өгсөн байдлаар түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө гэж тус тус зохицуулсан. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах буюу түрээсийн гэрээ дуусах хугацаанаас өмнө гарах талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч удаа дараа хүлээж аваагүй, улмаар талбай хүлээлцэх акт үйлдэхгүйгээр түрээсийн талбайгаас шууд гаргасан. Иймд шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн.
4.3. Тус иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үед явагдсан буюу ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэж буй ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Уг хэргийн шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутанд эхэлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдаан үргэлжлэн явагдаж байсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс утсаар шүүгчийн туслахад мэдэгдэж хойшлуулах хүсэлтийг цахимаар явуулсан. Гэвч шүүх хүсэлтийг хэлэлцээгүй ба хариуцагч өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хуулиар олгосон эрхийг зөрчсөн, талуудын шударгаар мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.
Иймд гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Хариуцагчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан гомдол хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолд тусгагдаагүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаагүй гэх агуулгаар гомдол гаргасан боловч тэрээр мэргэжлийн үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандан мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.12-т зааснаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдаан товлосон цагт оролцох, ажиллагаанд оролцохдоо хуульд заасан журмыг дагаж мөрдөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-т зааснаар шүүх хуралдаан хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан явагдсан өдөр цахимаар болон биечлэн хүсэлт гаргаагүй.
5.2. Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн байрыг түгжиж лацадсан тул тухайн үеэс эхлэн түрээсийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ гэх агуулгаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 4, 6 дугаар сард түрээсийн гэрээг цуцлаагүй, харин гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгөхөд хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх саналыг гаргасан. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0/54 тоот албан бичигт хариуцагч компани нь түрээсийн байранд 5 жил үйл ажиллагаа явуулна гэх агуулгаар 2 саналыг гаргасан. Үүнд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцалж түрээсийн талбайг анхны байдлаар хүлээлгэн өгч түрээсийн талбайн тохижуулалтыг дараагийн түрээслэгчид эсхүл бусад байгууллагад худалдан өр төлбөрийг барагдуулах албан бичгийг ирүүлсэн.
Мөн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал н.Золбаяр нь нэхэмжлэгч компанитай биечлэн уулзаж гэрээг цуцлахгүй байх талаар ярилцсан. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж хариуцагчийн өмгөөлөгч худал тайлбар гаргасан. Түрээсийн байрыг лацдаж түгжигдсэн талаар хариуцагчийн өмгөөлөгч анх удаа өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримт байхгүй. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ цуцалсан өдрөөс хойш тоног төхөөрөмжийг саатуулан барьсан гэж үзэхгүй. Хариуцагчийн зүгээс түрээсийн байранд байгаа эд хогшлыг түр хадгалуулах санал гаргасан тул талууд харилцан тохиролцон баримт үйлдсэн. Уг баримтад нэхэмжлэгч болон хариуцагч компанийн удирдлагууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан.
5.3. Хариуцагч ус алдсан талаарх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг боловч хохирлын үнэлгээтэй холбогдуулан маргадаг. Түрээсийн гэрээнд хариуцагч түрээсийн талбайн урсгал засвар, тоног төхөөрөмжийн хэвийн ашиглалт болон найдвартай байдлыг хариуцахаар заасан. Ус алдсан хэсэг хариуцагч талын хоол бэлтгэлийн өдөр тутамдаа ашигладаг угаалтуур, холигч байсан. Уг холигч ус тусгаарлах шинж чанараа алдсан, уян хоолойг сайжруулсан бол ус алдахгүй байх буюу тухайн нөхцөл байдлыг үүсгэхгүй. Гэтэл хариуцагч хайхрамжгүй хандсанаар ус алдаж, улмаар доод давхруудад ус нэвчиж нэхэмжлэгч байгууллагад 23,344,029 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Ус алдаж хохирол учирсантай холбогдуулан анхан шатны шүүх холбогдох ажиллагааг явуулаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ус алдсан талаар 2 гэрчийг асуусан. Тухайн үед хариуцагч компанийн менежерээр ажиллаж байсан н.Энх-Эрдэнэ ус алдсан, хариуцагч түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдүүлэг, ус алдсан тэмдэглэл хэрэгт авагдсан.
5.4. Түрээсийн гэрээ 2020 онд байгуулагдсан өдрөөс хойш хариуцагч түрээсийн төлбөрийг удаа дараа хугацаа алдаж төлсөн. Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцогдсон алданги буюу 82,175,994 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн дүн 50 хувь гэх агуулгаар 36,833,333 төгрөгийн алдангийг тооцохгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алдангийг тооцсон, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн задаргаанд нэг бүрчлэн тусгагдсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар төлөгдөөгүй алдангийн дүнд 44,034,239 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн дүнг тодорхой хэмжээнд бууруулж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 88,514,516.13 төгрөг, алданги 17,975,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,469,762 төгрөг, хохирол 23,344,049 төгрөг, нийт 124,303,327.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн түрээсийн төлбөр 109,164,856 төгрөг, алданги 44,034,239 төгрөг, цахилгааны төлбөр 1,469,762 төгрөг, хохирол 23,344,049 төгрөг, нийт 178,012,906 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч нь *******,*******,*******, 28/3 хаягт байршилтай үйлчилгээ, оффисын зориулалттай 200 м.кв талбайг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь эхний жилд 7,000,000 төгрөг, 2 дахь жилээс буюу 13 дахь сараас 8,000,000 төгрөг, 3-5 дахь жил буюу 25 дахь сараас 9,000,000 төгрөгийг сар бүр түрээсийн төлбөрт, мөн менежментийн төлбөрийн хамт төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6-10/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хэргийн 184-190 дугаар талд авагдсан түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцооллын дэлгэрэнгүй баримтаас үзэхэд хариуцагч гэрээ байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 194,401,811 төгрөг, алданги 10,548,189 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, харин 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн.
4.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/104 тоот албан бичгээр хариуцагч ******* ХХК-д хандан түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөрийг алдангийн хамтаар нэхэмжлэх талаар, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/133 тоот албан бичгээр түрээсийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах талаар, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/138 тоот албан бичгээр ...гэрээ цуцлагдсан тул түрээсийг байрыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор анхны байдалд оруулж актын дагуу хүлээлгэн өгөх талаар, 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 01/189 тоот албан бичгээр танай комданийн албан бичгээр 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаа өгсөн боловч түрээсийн байрыг хүлээлгэн өгөлгүй амлалтаа зөрчсөн тул түрээсийн байрны тохижилтыг албадан буулгаж, анхны байдалд оруулах зардлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн талаар тус тус мэдэгдсэн. Харин хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д хандсан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 054 тоот албан бичгээр түрээсийн гэрээгээ цуцалж, түрээсийн талбайн тохижилтыг дараагийн байгууллагад эсвэл өөр байгууллагад худалдаж төлбөрөө барагдуулах, эсвэл үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж орлогоо нэмэгдүүлэн түрээсийн төлбөрөө графикийн дагуу төлж барагдуулах талаар, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 057 тоот албан бичгээр ...2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор түрээсийн талбайг хүлээлгэн өгөх талаар тус тус хүсэлт гаргасан байна. /хх-ийн 14-15, 24/
4.2. Талуудын байгуулсан гэрээний 5.3.1-д түрээслэгч талбайн түрээсийн төлбөр, менежментийн зардал болон барьцааг түрээслүүлэгч талд төлбөрийн нөхцөлд заасны дагуу төлөх үүрэгтэй, 6.3-т түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүйгээр 14 хоногоос илүү хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч тал гэрээг нэг талын санаачлагаар дангаар цуцлана гэж заасан.
4.3. Дээрх баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээгээр хүлээсэн сар бүр түрээсийн төлбөр төлөх гэрээний үүрэг зөрчсөнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзнэ.
4.4. Хариуцагч нь нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сараас түрээсийн байрыг ашиглах боломжийг олгоогүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Түүнчлэн 2023 оны 5 дугаар сараас түрээсийн байр лацдаж орох боломжгүй болсон гэх агуулга бүхий гэрч Н.Номингийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.5. Хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх гэрээнд заасан хугацааг удаа дараа хэтрүүлсэн буруутай тул гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлөгдөөгүй байгаа түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.
4.6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч түрээсийн гэрээг дангаар цуцлах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон гэж дүгнэн хариуцагчаас гэрээ байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт 78,864,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр тохиролцсон төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс алдангид 44,034,239 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь алданги тооцсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлын улмаас түрээсийн талбайгаа хүлээж аваагүй, түрээсийн гэрээг дуусгавар болсонтой холбоотойгоор их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зүйлийг хүлээж авахгүй байсан цаг хугацаанд ус алдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
5.2. Талууд гэрээний 2.4 дэх заалтаар түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг түрээслэгч нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцжээ. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
5.3. Анхан шатны шүүх цар тахлын нөлөө, түүхий эдийн үнийн хөөрөгдөл, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлж байсан, нэхэмжлэгч түрээсийн обьектыг битүүмжилсэн, хариуцагч алданги төлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардсан алданги 44,034,239 төгрөгийг 50 хувиар багасгаж 22,017,119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй талуудын зарчимд нийцүүлэн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 11,510,868 төгрөгөөс 10,041,106 төгрөгийг төлсөн тул үлдэх 1,469,762 төгрөг гаргуулна гэж тайлбарласан ба хариуцагчаас уг цахилгааны төлбөрийн талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.
6.1. Талуудын байгуулсан гэрээний 2.3-т түрээсийн төлбөрт цахилгаан, интернэт, суурин утасны төлбөрийг оруулж тооцоогүй бөгөөд түрээслэгч тал эдгээр зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6.2. Хэргийн 27 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаас үзвэл хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн цахилгааны төлбөр 6,469,762 төгрөгөөс 5,000,000 төгрөг төлж, 1,469,762 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба энэ талаар талаар маргахгүй байна.
6.3. Анхан шатны шүүх хариуцагчаас цахилгааны төлбөрт 1,469,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.4-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
7. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ашиглаж буй цэвэр усны уян хоолой задарч манай компанийн В1 болон В2 давхрын хана, тааз, шал зэрэг эд хөрөнгөд ус алдаж үнэлгээний тайлангаар 23,244,049 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч нь цэвэр усны уян хоолойг зөв зохистой ашигласан, харин нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлын улмаас хоолой задарсан. Гэрээгээр түрээсийн талбайг хүлээлгэн өгөхдөө акт үйлдэх, илэрсэн дутагдал, эвдрэл гэмтлийг засварлуулах, гэрээний хугацаа дуусгавар болсон эсвэл цуцалсан үед түрээсийн байр, түүнд суурилуулсан тоноглол, нэмэлт тоноглол бусад нэмэлт зүйлсийг буулган хэвийн цаашид түрээслэх шаардлагад нийцсэн, анх түрээслэгчид хүлээлгэн өгсөн байдлаар түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч түрээсийн гэрээг дуусгавар болгож хугацаанаас өмнө гарах талаар мэдэгдсэн боловч өөрсдөө түрээсийн талбайг удаа дараа хүлээж аваагүй, хүлээлгэн өгөх акт үйлдэхгүйгээр түрээсийн талбайгаас гаргасан. Мөн хохирлын үнэлгээний тайлан бодит, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарлан маргасан.
7.1. Хэрэгт авагдсан сантехникийн инженер ****** 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ус алдсан тухай дүгнэлтэд ...2023 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цаг 28 минуатад МПМ цогцолбор төвийн 1 давхраас ус алдаж байна гэсэн дуудлагын дагуу очиход ******* ХХК-ийн эзэмшлийн талбайгаас ус алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Ус алдаж буй хэсэгт ороход тус үйлчилгээний байгууллагын хоол бэлтгэлийн халуун цехийн бэлтгэл нерж угаалтуурын холигчийн ф15х10х80 см уян хоолой ашиглалтын явцад ус тусгаарлах шинж чанараа алдаж задарсны улмаас ус алдаж ******* ХХК-ийн В1 болон В2 давхрын хана, таазанд нэвчсэн... гэх баримт, шинжээч ****** ХХК-ийн дүгнэлтээр ******* ХХК-ийн эзэмшлийн талбайгаас ус алдсаны улмаас ******* ХХК-ийн эд хөрөнгөд 23,344,049 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсон байна.
7.2. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т Хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасан.
7.3. Мөн талуудын байгуулсан гэрээний 5.3.4-т түрээслэгч нь түрээсийн байрны бүхий л дотоод, бүтцийн бус хэсгүүд, үүнд шал, хананы хавтан, тааз болон бусад өнгөлгөөний эд зүйлс гэх мэт түрээслүүлэгчийн тохижуулсан нэмэлт эд зүйлс, тухайлбал хаалга, цонх, цахилгааны сүлжээ, агааржуулалтын болон сантехникийн шугамыг зохих ёсоор, хэвийн ажиллагаатай, цэвэр цаашид түрээслэх боломжит түвшинд байлгах, 5.3.9-т түрээслэгч нь нийтийн эзэмшлийн талбай болон эд хөрөнгийг цэвэр, ариг гамтай ашиглах үүрэгтэй бөгөөд түрээслэгч, түүний ажилтнууд, гэрээлэгч, түрээслэгчийн зочдын буруутай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмтэл авсан эсвэл түрээслүүлэгчийн аливаа эд хөрөнгөд хохирол учирсан бол түрээслэгч энэхүү алдагдал, хохирлыг бүрэн хариуцах бөгөөд түрээслүүлэгчийг хохиролгүй болгох үүрэгтэй гэжээ.
7.4. Хэрэгт авагдсан усны болон шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн түрээсэлж буй талбайн хоол бэлтгэлийн халуун цехийн бэлтгэл нерж угаалтуурын холигчийн ф15х10х80 см уян хоолой ашиглалтын явцад ус тусгаарлах шинж чанараа алдаж задарсны ус алдаж ******* ХХК-ийн В1 болон В2 давхрын хана, таазанд хохирол учирсан тул уг хохирлыг хариуцагч хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн өмнө хариуцах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түрээсийн талбайд угаалтаар анхнаасаа байгаагүй хариуцагч хоол үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан тул угаалтуур суурилуулж уян хоолой хийсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
7.5. Түүнчлэн, хариуцагч нь хохирлын үнэлгээний тайлан бодит, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хохиролд 23,344,049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн зөв байна.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8.1. Шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутад товлож, шүүгчийн туслахаас 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч ******* түүний дугаарын утсанд мэссэжээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хариуцагчийн өмгөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг эрүүгийн шүүх хурал давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.
8.2. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд үнэлгээтэй холбоотой засварын ажил хийсэн бол тухайн зардал гарсан талаар шүүх хуралдааны явцад мэтгэлцэх, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан гэж тайлбарласан үндэслэлгүй байна. Учир нь, тус хэрэгт шүүх 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Энэ хугацаанаас хойш хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар татгалзлаа нотолсон баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...288 дугаар зүйлийн 288.1.4 дэх заалт... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,470 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ