Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/01584

 

Т.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаар магадлалтай,

Т.Бгийн нэхэмжлэлтэй

НШГАхолбогдох

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Бгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 3924 дүгээр захирамжаар 157 860 800 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд уг төлбөрийг миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 396 байрны 10 тоот, 4 өрөө орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулсан үнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа үйлдэн гаргасан. Анхны дуудлага худалдаа зарлан явуулах тухай мэдэгдлийг надад ирүүлсэн боловч уг дуудлага худалдаагаар худалдан борлуулж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн саналыг төлбөр төлөгчөөс авалгүйгээр зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Бд төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, удаа дараа хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.Б болон хамтран өмчлөгч Т.Оюунбилэг, Б.Оюунсан, Б.Дөлгөөнсан нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны Б блокын 10 тоот 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоол зэрэг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3-т зааснаар битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Т.Б болон барьцааны орон сууцны хамтран өмчлөгч нар дурдсан хугацаанд үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй, төлбөр авагч талтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Барьцааны орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 295 725 000 төгрөгийн 70 хувиар тооцон 207 007 500 төгрөгөөр, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 18 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 13 020 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоон тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно. Албаны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж явуулахдаа төлбөр төлөгч Т.Б болон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарт хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийг мэдэгдэж, тайлбар тодорхойлолт байнга авч ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2014 оны 11 сард эхэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар хураан авсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны Б блок, 10 тоот 143 м.кв 4 өрөө орон сууц, мөн 14.31 мкв талбайтай 2 тоот авто зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс зохих төлбөрийг гаргуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Б нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хуульд заасан журмын дагуу тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулж байсан бол энэ удаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж тус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар НШГАхолбогдох, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Б миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01322 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 14-ний өдрийн 1826 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна. Үүнд: 1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж.... хариуцагч талын эрх ашгийг хэт хамгаалсан шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байна. 2. Нэхэмжлэгч Т.Б би анх “Бизнес инвест девелопмент’’ ББСБ-аас нийт 81 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэй зээлж авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, алдангинд 90 000 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш “Бизнес инвест девелопмент” ББСБ-д бэлнээр 18 000 000 төгрөг, бэлнээр 8 000 000 төгрөг нийт 116 000 000 /нэг зуун арван зургаан сая төгрөг/-ийг төлсөн. 3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал аваагүй, өнөөдөр манай БЗД-ийн 15-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байрны Б блокны 10 тоотын нийт 143м/кв талбайтай 4 өрөө орон сууц нь шинэ тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд хамгийн багадаа 357 500 000 төгрөг, 14,31 м/кв талбайтай 2 тоот авто зогсоол нь хамгийн доод тал 30 000 000 төгрөгийн үнэтэй. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь илт төлбөр авагч талд үйлчилж зах зээлийн үнээс хамаагүй багаар үнэлж миний болон манай гэр бүлийн гишүүд эхнэр Т.Оюунбилэг, Б.Оюунсан, Б.Дөлгөөнсан нарын /хамтран өмчлөгч нарын/ эрх ашгийг хохироож байна. ИХ-ийн 177-р зүйлийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилох эрх нь НШГА-нд байгаа хэдий ч үнэлгээний компани нь зах зээлийн ханшаар бодитой үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой хохироохгүй байх ёстой гэж үзэж байна. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул 2016 оны 04-р сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс би 2017.06.14-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой үнэлж дүгнэхгүйгээр миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үндэслэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01322 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 14-ний өдрийн 1826 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, миний орон сууцыг дахин үнэлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гаргасан гомдлыг Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч НШГАхолбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/219 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...үнийн санал аваагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, дуудлага худалдаанд оруулсан...” гэж тодорхойлжээ.

Т.Б нь 157 860 800 төгрөгийг Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3924 дүгээр захирамж гарсан боловч мөнгийг төлөөгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудсын үндсэн дээр албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Төлбөр төлөгч Т.Б нь үл хөдлөх хөрөнгийн бусад өмчлөгч Т.Оюунбилэг, Б.Оюунсан, Б.Дөлгөөнсан нарын хамт нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00943 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байрны Б блокны 10 тоот 4 өрөө орон сууц, 2 тоот автозогсоолыг анхны албадан дуудлага худалдаанд 315 000 000 төгрөгөөр оруулахаар үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгосон, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00795 дугаар шүүгчийн захирамжаар “шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/198 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн алба дуудлага худалдаанд оруулах дээр дурьдсан ...4 өрөө орон сууц, 2 тоот авто зогсоолын үнийн санал ирүүлэхийг өмчлөгч Т.Б, хамтран өмчлөгч Т.Оюунбилэг, Б.Оюунсан, Б.Дөлгөөнсан нарт 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/12945 тоот, мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/13512 тоот албан бичгээр мэдэгджээ.

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнийн санал өгөөгүй, төлбөр авагч нь хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчөөгүй, үнэлгээг буруу гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

                       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА