Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 423

 

                                                                                             

 

                                                                    

 

 

 

 

 

 

             Б.Өсөхбаярт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Дамбадаржаа,

Ялтан Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Өсөхбаярын өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Өсөхбаярт холбогдох эрүүгийн 201626022928 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хошууд овогт Батсүхийн Өсөхбаяр, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ногоон хөдрөг” ХХК-ийн “+25” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 18 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ОЭ88051516/,   

 

          Б.Өсөхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” диско баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Эрдэнэбаатарыг шалтгаангүйгээр хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавсарч өшиглөж унагаан бие махбодид нь дээд уруулын дотор салст, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Өсөхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Өсөхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Өсөхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Өсөхбаярын өмгөөлөгч Б.Даваажанцан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Өсөхбаярт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед болсон үйл явдлаар хохирогч Л.Эрдэнэбаатар нь яг ямар байдалтай байсан, түүний үйлдэл хаанаас эхлээд хаана дууссан, Б.Өсөхбаярын үйлдэл хаанаас эхэлж, ямар төлөвлөгөөтэй, ямар шалтгаанаар болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боломжтой байхад шүүх эдгээр баримтыг огт харгалзан үзээгүй. Б.Өсөхбаярын “+25” гэх хороололд байдаг бааранд хохирогч Л.Эрдэнэбаатар үймээн самуун дэгдээж, баарны дотор байгаа зохион байгуулагчид түүнийг гаргасан байдаг. Энэ үед баарны ерөнхий зохион байгуулагч Б.Өсөхбаяр баарны гадаа байж байгаад хохирогчид шаардлага тавьсан. Гэрч Нямдовдонгийн мэдүүлгээр хохирогч эхлээд Б.Өсөхбаяртай хамт зогсож байсан баарны хамгаалагч Нямдовдонгийн биед халдаж цохисон болох нь харагддаг. Б.Өсөхбаяр нь хохирогчид эхлээд шаардлага тавьсан бөгөөд дараа нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Өсөхбаяр нь архи уусан, өөрийгөө хянах чадваргүй байгаа хохирогч болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох, зохион байгуулах, хамгаалах чиг үүргийнхээ дагуу үйлдэл хийсэн. Хохирогч бааран дотор танхайрчихаад, гарч ирээд өөрийгөө цагдаа мэтээр цагдаагийн үнэмлэх үзүүлж хүмүүс рүү дайрсан. Иймэрхүү төрийн албан хаагч, цагдаагийн ажилтны нэрийг барьсан хүмүүс тэр хавиар маш их явж, иргэд болон ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст саад болдог учир зохион байгуулагчийн хувьд тухайн үнэмлэхийг үнэн эсэхийг шалгах шаардлага тавьсан байдаг. Ингээд Б.Өсөхбаяр нь хохирогчийн үйлдлийг таслан зогсоож, Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Б.Өсөхбаяр энэ үйлдлээ ухамсарласан, төлөвлөсөн байдаг. Үүгээрээ Б.Өсөхбаярын үйлдэл догшин авирласан, танхайрсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэх шинжийг огт агуулахгүй. Эрдэнэбаатарын үйлдлийг таслан зогсоохдоо түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байдаг бөгөөд үүнтэй холбоотой хохирол, төлбөрийг төлсөн. Эрдэнэбаатар одоо гомдол саналгүй, энэ хоёр бие биенээ уучилж өнгөрсөн. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд Б.Өсөхбаярыг согтуу байсан, архи хэрэглэсэн байсан тухай яригддаг. Гэтэл үүнийг мөрдөн байцаалтын шатнаас тодруулаагүй. Учир нь хүмүүсийн ажлын цаг өглөөний 8 цагаас оройн 18 цаг хүртэл байдаг бол Б.Өсөхбаяр баарны зохион байгуулагч тул түүний ажлын цаг онцлог юм. Нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрлийн дагуу баар нь шөнийн 4 цаг хүртэл ажилладаг. Б.Өсөхбаяр нь баарны хувьд ажлын бус цагаар буюу өглөө 2 ширхэг пиво уусан байдаг. Хэрэг шөнийн 02 цагийн үед гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг гарах үед Б.Өсөхбаяр согтуу байсан мэт дүгнэн ял шийтгэл оногдуулж байгаа нь үйл явдал болон хэргийн зүйлчлэл нь хоорондоо шалтгаант холбоогүй байна. Иймд Б.Өсөхбаярт оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэв.

Ялтан Б.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч өөрийгөө цагдаагийн ажилтан гэж хэлсэн. “Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын ажилтан гэж нэр барин энэ байгууллагад ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлсэн” гэж тайлбарлаж байна. Гэхдээ ийм баримт хэрэгт байхгүй. Хохирогчийн санаа зорилго энэ байгууллага болон Б.Өсөхбаярын ажил үүрэгтэй холбогдоогүй. Харин өөрийгөө цагдаагийн ажилтан гэж маргаанд холбогдож байгаа найзуудыгаа авч явах гэсэн санаа зорилготой байсан. Үүнийг хохирогчийг буруутай үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Б.Өсөхбаяр тухайн баарны ажилчдыг удирдан чиглүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргийнхээ дагуу маргаанд хамгаалагч Нямдовдон оролцох үед Нямдовдонгийн үйлдлийг зогсоогоод харин өөрөө хууль ёсны шаардлага тавьж буй иргэн Эрдэнэбаатар луу халдаж, гэмтэл учруулсан. Энэ нь танхайн сэдэлттэй үйлдэл бөгөөд үйлдлээ үргэлжлүүлэн хохирогчид гэмтэл учруулж байгаа нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан догшин авирлаж танхайрсан гэх зүйлчлэлээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Өсөхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” диско баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Эрдэнэбаатарыг шалтгаангүйгээр хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавсарч өшиглөж унагаан бие махбодид нь дээд уруулын дотор салст, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эрдэнэбаатарын “...2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө найз Золжаргал, Энхбаатар, Эрдэнэбат, Баттулга нарын хамтаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах “+25” бааранд орж хүний 4 шил пиво авч уугаад сууж байгаад гарч байхад манай найз Энхбаатарыг хэсэг залуучууд тойрч зогсоод хэрүүл хийгээд байсан ба тухайн үед би салгах санаатай очиход хэрүүл хийгээд салахгүй байхаар нь “би цагдаа байна” гээд хэлтэл хажуунаас нэг залуу ирээд “чи цагдаа юм бол үнэмлэхээ үзүүлчих” гэсэн, тэгэхээр нь би чамд үзүүлэхгүй гэж хэлээд хэрүүл болж тэр залуутай барьцалдаж аваад зодолдож байсан. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирээд салгасан. Миний биед гэмтэл учруулсан хүнийг Өөскө гэж дуудаж байсан. Тухайн намайг зодсон залуу дээрх баарны зохион байгуулагч гэж байсан. Миний нүүр царайнд гэмтэл учирсан, эмчилгээний зардлын баримт байгаа. Манай найз нар зодуулаагүй учир эмнэлэгт үзүүлээгүй, харин Энхбаатар эмнэлэгт үзүүлсэн гэсэн, гэхдээ тухайн өдрөөс хойш уулзаагүй болохоор яасан талаар сайн мэдэхгүй байна…” /хх-11-13, 53-54/,

гэрч Б.Золжаргалын “...Энэ өдөр би найзууд болох Эрдэнэбаатар, Эрдэнэбат,  Энхбаатар, Баттулга нартай орой 20 цаг орчим Саппорогийн замын эсрэг талд уулзаад тэндээ нэг пабад орж юм ярьцгааж байгаад 22 цаг өнгөрөөд өөр газар очиж бүжиглье гээд тэндээс гараад Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Парис” баар луу орсон. Тэндээсээ шөнийн 00 цагийн орчим гараад “+25” баар луу явсан. Тэгээд тэндээ удалгүй 30 орчим минут бүжиглэж байгаад гэр гэр лүүгээ явах гээд гадагшаа гартал уг баарны хамгаалагч нар манай найз Энхбаатартай маргалдаад зогсож байсан. Би хувцасаа өмсөх гээд хамгийн сүүлд гарсан юм. Тэгэхээр нь би очоод яасан бэ гэж хэлээд найзыгаа аваад явах гэтэл хэрүүл маргаан болсон. Тэр үед цаанаас Эрдэнэбаатар ирээд “би найзуудыгаа аваад явчихъя” гэж хэлээд цагдаагийн баримтаа үзүүлтэл уг баарны зохион байгуулагч гэх махлаг залуу “чи цагдаа байхаараа яадаг юм” гэж хэрүүл үүсгэн Эрдэнэбаатарыг цохисон. Тэр махлаг залуу Эрдэнэбаатарыг “М2” баарны хашаа руу чирч авч яваад тэнд зодсон. Эрдэнэбаатар дээр очсон чинь газар суучихсан нүүр нь цус болчихсон байсан. Ер нь л тэр залуу Эрдэнэбаатарыг “цагдаа гэл үү” гэж хэлээд л цохиж зодоод байсан…” /хх-14-15, 55/,

гэрч Л.Эрдэнэбатын “...Манай найз Энхбаатар үл таних 6-7 орчим залуучуудтай маргалдсан. Тэгэхээр нь Эрдэнэбаатар, Золжаргал, Баттулга бид гурав салгах гэж очтол цаана нь байсан 2-3 залуу Энхбаатарыг газар унагаасан. Тэгэхээр нь Эрдэнэбаатар очоод “би найзуудыгаа аваад явлаа, би цагдаа байна” гэж хэлээд бичиг баримтаа үзүүлтэл уг баарны зохион байгуулагч гэх махлаг залуу “чи цагдаа байхаараа яадаг юм” гэж хэлээд нүүр лүү нь цохисон. Тэгээд л бид нар шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад учирсан гэмтэл байхгүй…” /хх-16-17/,

гэрч Т.Анызын “...Тухайн үед тэдгээр залуучууд Довдонг цохисон болохоор Өсөхбаяр ах салгах гэж байгаад нөгөө залуутай барьцалдаж аваад газарт унасан ба цугтаа байсан залуугийн нэг нь цагдаа үнэмлэх гаргаж ирээд үзүүлэхгүй байсан. Би тухайн үед зодоон болохоос сэргийлээд салгаж байсан. Би тухайн үед хүн зодож цохисон асуудал байхгүй…” /хх-18-19/,

Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр залуу босоод машин тойроод зугатаагаад цагдаагийн А үнэмлэх гаргаж ирээд чи юу юм гээд над руу томроод байхаар нь би “үнэмлэхийг чинь үзье” гээд жоохон зууралдаад автобусны буудал хүртэл явсан. Тэгээд би цагдаа дуудсан байсан. Би цохиж зодоогүй би зүгээр заамдсан, тэгээд буудал руу явж байхдаа нэг удаа хавирч унагаасан…” /хх-26-27, 61-62/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 15022 тоот дүгнэлтэд “...Эрдэнэбаатарын биед дээд уруулын дотор салст, хүзүү, зүүн хацарт цус хуралт, уруул, эрүү, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-22-23/ гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хх-37/, эмчилгээний зарлагын баримт /хх-70/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Ялтны өмгөөлөгч Б.Даваажанцан нь “…Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, …хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Б.Өсөхбаяр нь уг гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтагласан буюу “чи цагдаа байхаараа яадаг юм бэ” гэж хохирогч руу дайрч давшлан, бусдыг илтэд үл хүндэтгэн, олон нийтийн газар болох гудамж талбайд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үйлдсэн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хүний биед учирсан гэмтлийн шинж байдлаас үзэхэд түүнийг догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх Б.Өсөхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, шүүхээс түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

Иймд ялтан Б.Өсөхбаярын өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Өсөхбаярын өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

             Д.МЯГМАРЖАВ