Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 050

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч Санырау овогт Байыны Айдыны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад ;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн Б.Айдынд холбогдох 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Айдынг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон хэсгийг хүчингүй болгох тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, гуравдагч этгээд Х.Тотыхус, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Айдын миний бие 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын А/354 дүгээр захирамжаар Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд түүнээс хойш захирлын үүрэгт ажлыг 3 жил тасралтгүй гүйцэтгэж байгаа. 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тус тус заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогч буюу аймгийн Засаг даргад гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Айдыныг ажлаас түр чөлөөлөх тухай Б/277 тоот захирамжаар захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж, ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б.Айдыныг эгүүлэн томилох тухай Б/387 тоот захирамжаар Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон болно. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжаар намайг урьд нь захиргааны чөлөө авсан үндэслэл чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 тоот захирамжийг хүчингүй болгож хөдөлмөрийн гэрээг нэг талын буюу ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжийн Б.Айдын надад холбогдох хэсэг нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсгийг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт ...Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно... гэж заасан байдаг бол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт ...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно... гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж тодорхой тайлбарласан байдаг. Б.Айдын миний бие төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дагуу Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдсон болно. Гэтэл аймгийн Засаг даргын намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөд хүргэж байгаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамж нь Улсын дээд шүүхийн тогтоол, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байна.

2. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ...төрийн жинхэнэ албан хаагч болох төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн болох орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохион... гэж заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/277 тоот захирамжаар миний хүсэлтийг үндэслэж захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу түр чөлөө авах эрхээр хангагдах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар захиргааны чөлөөтэй байгаа хугацаанд миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах учиртай гэж үзэж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно гэж заагаад 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага дуусгавар болгоно гэсэн хуулийн заалтыг аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамж гаргахдаа хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Учир нь намайг захиргааны чөлөө авсан шалтгаан арилж, аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 тоот захирамжаар томилсныг хэдийд, хэн, ямар байгууллага ямар учраас, юуг үндэслэж хүчингүй болгохыг шаардсан нь тодорхой бус байна. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн, илт хууль бус акт болохыг илтгэж байна.

4. Төрийн жинхэнэ албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох зүйл хэсгээр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай заасан юм. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт нь сонгуулийн өмнөх харилцааг зохицуулсан эрхийн акт бөгөөд сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараах буюу намайг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр захирлаар буцаан томилсон тухай аймгийн Засаг даргын Б/387 тоот захирамжид хамааралгүй болно.

5. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжаар намайг ажилд томилсон тухай аймгийн Засаг даргын Б/387 тоот захирамжийг хүчингүй болгохдоо миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн эрхийн акт гаргаж байхад Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-т заасныг зөрчиж энэ талаар надад мэдэгдээгүй, тухайн үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан эрх бус эрхийн акт болно.. Миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж гарсан өдрөөс эхлэн одоог хүртэл ажилгүй байгаа тул түүнээс хойш цалингаар давхар хохирч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжийн надад холбогдох 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Айдыныг томилсон Б/387 тоот захирамжийг хүчингүйд тооцсугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Айдын нь 2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэгт ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх байсан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн , 40.1.6 дахь хэсэгт сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэж заасан. Өмнөх ажил олгогч дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь бүр чөлөөлөх байсан боловч хууль зөрчиж, буруу шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул хууль бус захиргааны актыг бид хүчингүй болгосон. Сонгуульд нэр дэвшихдээ заавал ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой ба Б.Айдыныг эгүүлэн томилсон захирамжийг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага шаардсанаар гэсэн заалтыг үндэслэсэн. Б.Айдыныг Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж томилсон тул хууль бус актыг хүчингүй болгосон. Сонгуульд нэр дэвшигчид түр чөлөө олгох гэсэн заалт Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй. Б.Айдын ажилд эгүүлэн томилогдох бол Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалтад дахин орж томилогдох ёстой.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу сонгон шалгаруулалтад орж томилогдох ёстой гэж хариуцагч байгууллагын зүгээс үзэж байна. Б.Айдын сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Тэрээр 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн болох нь Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж, тэргүүлэгчээр томилогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн Б.Айдыныг ажлаас түр чөлөөлөх аймгийн Засаг даргын захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан ба түүнийг ажилд эгүүлэн тогтоохдоо мөн хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт чөлөө олгоно гэж заасан болохоос биш түр чөлөө олгох, бүр чөлөө олгох талаар тусгаагүй тул нэхэмжлэгчид түр чөлөө олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Айданыг ажилд эгүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэл болгосон нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж ойлгож байна.

Учир нь ажилтны ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заасан. Сонгуульд нэр дэвшсэн Б.Айдынд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт хамаарахгүй. Иймд Б.Айдын ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх ёстой, Засаг даргын нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон захирамж хүчингүй болгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга А.Гылымханы гаргасан Б/440 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Б.Айдын би тэр үед захиргааны чөлөөтэй байсан гэх тайлбарыг хэлсэн байсан. Захиргааны чөлөөтэй гэдгийг эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил албан тушаал нь хэвээрээ хадгалагдах ёстой гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заасан. Б.Айдын захиргааны чөлөөтэй бус, сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэгт заасан хуульд заасан бусад тохиолдлоор Б.Айдыныг ажилд нь томилсон гэх захирамж гаргасан. Энэ нь хуульд заасан бусад тохиолдол гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Б.Айдын нь сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргаад Сонгуулийн хороонд бүртгүүлсэн ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Иймд Б.Айдын заавал Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалтад дахин орж томилогдох ёстой. Мөн нэхэмжлэгч тайлбартаа Захиргааны Ерөнхий тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж сонсгох үйл ажиллагаа хийлгүй, намайг үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн байсан. Бид Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох хууль заалтыг зөрчсөн асуудал гаргаагүй. Бид хууль бус гарсан захиргааны актыг хүчингүй болгосноос биш, Б.Айдыныг ажлаас нь чөлөөлөөгүй. Б.Айдын тэрнээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүх хуулийн дагуу зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Би тус албанд томилогдохоос өмнө нэхэмжлэгч тус сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны Б/354 дүгээр захирамжаар Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. Б.Айдын нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан түүнийг аймгийн Засаг даргын 2016 оны Б/277 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн тухай үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар сарын тогтоолын хавсралтаар, тус аймгийн Улаанхус сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 12, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын тогтоолуудаар тус тус нотлогдсон байна.

Орон нутгийн хурлын сонгуулийн дараа аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар .Б.Айдыны түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд томилж байжээ. Харин аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 т заасныг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол хуульд зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан байх, ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх ёстой юм.

Ажилтан ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг тусгасан боловч Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульд заасан тохиолдолд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтын өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан. Төрийн жинхэнэ албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тусгайлан зохицуулсан ба Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.5, 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол түүнд төрийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хуульчилжээ. Энэ нь төрийн мэргэшсэн албан хаагч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтын ажил мэргэжлийн онцлог хэрэгжүүлж буй чиг үүргийг нь харгалзан улс төрийн ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэгдсэн байна. Түүнчлэн хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгэхгүй байх ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх талаар заасан байна. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч Б.Айдыныг ажил олгогч аймгийн Засаг даргын 2016 оны Б/227 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт нийцээгүй бөгөөд ажилтан Б.Айдын нь орно нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэнээр Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалаас хуульд зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажилтны хүсэлтээр ажил олгогчоос чөлөө олгох хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бөгөөд ажилтныг ажлаас түр чөлөөлөх талаар зохицуулаагүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байгаад хууль зааснаар өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэнд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан ерөнхий зохицуулалт хамааралгүй юм.

Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны баталгааг тогтоосон уг зохицуулалт нь тухайлбал, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралтай байна. түүнчлэн нэхэмжлэгч талын ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу сонгууль дуустал түр чөлөөлөгдсөн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх тухай заагаагүй, харин сонгууль явагдах хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа учир ажил, албан тушаал хэвээ хадгалагдана, ажил олгогч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасан үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авсан гэсэн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. хуульд зааснаар ажилтан өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж улмаар орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн байхад түүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн ажил олгогч аймгийн Засаг даргын 2016 оны Б/227 дугаар захирамж, уг захирамж гарсантай холбогдуулан Б.Айдыны түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамж нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг зөрчсөн илт хууль бус байх тул хариуцагч аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Би шүүх хуралдааны шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй. Б.Айдын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгуульд өрсөлдөж оролцсон. Дээрх асуудлаар нэхэмжлэгч ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэрээр сонгуульд өрсөлдсөнөө хүлээн зөвшөөрч байгаа. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн А/354 дугаар захирамжаар Б.Айдын Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшин оролцох болоход Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны чөлөө авсан байгаа. Захиргааны чөлөө авсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/277 дугаар захирамжаар батлагдан тогтоогдож байна. Захиргааны чөлөө авсан шалтгаан арилснаар аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаар захирамжаар Б.Айдыныг урьд эрхэлж байсан ажилд буцаан томилсон байдаг. Гэтэл уг захирамжийг аймгийн Засаг дарга хууль зөрчсөн гэж үзэж 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б/440 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь буцаан томилсон захирамжийг хүчингүй болгосон. Ингэснээр нэхэмжлэгч ажил албан тушаалаасаа халагдаж шүүхэд хандсан. Шүүхэд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б/440 дугаар захирамжийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн. Үүнийг шүүх хуралдаанд уншиж танилцуулсан.

Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүд хууль зүйн үндэслэлтэй гэдэг талаас нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б/440 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн нь тухайн үед Засаг дарга хуулийг буруу хэрэглэсэн талаар нэхэмжлэлд дурдсан. Учир нь манай улсад хуулийг тайлбарлах эрх бүхий 2 этгээд байдаг. Үндсэн хуульд зааснаар тус хуулийг Үндсэн хуулийн цэц, бусад салбар хуулиудыг тайлбарлах эрх нь Монгол Улсын Дээд шүүхэд байдаг. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь заалтад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсэгт заасан Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол Засаг дарга өөрөө буюу, сум дүүргийн Засаг даргын шийдвэрийн дээд шатны Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Ерөнхий сайд өөрчилж, хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэрт хамаарахгүй гэж хүчин төгөлдөр байгаа тайлбараар нотлогдсон. Нэхэмжлэгчийг эрхэлж байгаа ажил албан тушаалтай нь холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдөр аймгийн Засаг дарга Б/440 дугаар захирамж гаргасан нь хүний нөөцтэй холбоотой буюу өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн эрхийн акт учраас дээрх байдлаараа тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б/440 дугаар захирамждаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль зөрчсөн. Учир нь Сонгуулийн тухай хууль бүхэлдээ сонгуулийн эрх зүйн харилцааг зохицуулсан. Дээрх хуулийг Сонгуулийн үйл ажиллагааны хугацаанд дагаж мөрдөх учиртай. Сонгуулийн үйл ажиллагаа 2016 оны 06 сард дуусчхаад байхад Сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдөр аймгийн Засаг дарга Б/440 дугаар захирамжийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл тухайн үед сонгуультай холбоотой үйл ажиллагаа дууссан байсан. Сонгуулийн тухай хуулийг буцаан хэрэглэх хуулийн зохицуулалт Сонгуулийн тухай хуульд заагаагүй. Дээрх байдлаараа буруу гэж үзэж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан заалтыг ажил олгогчийн зүгээс буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан. Түүнээс биш хуулийн энэхүү заалтыг шууд утгаараа заавал ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд өрсөлдөнө гэх хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийг хүн бүр дураараа тайлбарлаж болохгүй. Энэ нь хуулийн нэг үг өгүүлбэр бүрийг логик, шууд утгаар нь тайлбарлах хэрэгтэй. Шууд утгаараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчхөөд сонгуулийн хугацаанд ажил албан тушаалаа эрхлэхгүй байвал зохино. Түүнээс биш тэрийг заавал ажлаасаа халагдаж чөлөөлөгдсөний дараа сонгуульд өрсөлдөнө гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд халдсан асуудал болно.

Үүнийг хууль тогтоогч санамсаргүй байдлаар оруулаагүй гэж бодож байгаа. Санамсаргүй байдлаар хүсэлтээ гаргаад ажил албан тушаалаа эрхлэхгүй байвал зохино гэсэн заалтыг оруулаагүй гэж бодож байна. 04 дүгээр сарын 01-ээс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд бүртгүүлсэн өдрөөс эхэлж ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байвал зохино гэвэл хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй байсан. Гэтэл хуульд чөлөөлөгдвөл зохино гэж заагаагүй ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан. Ийм үндэслэл байгаа нөхцөлд Б.Айдын ажил олгогчид хүсэлтээ гаргаад сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох болсон учраас захиргааны чөлөө хүсэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогч захиргааны чөлөө олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг хутган ойлгож болохгүй ба энэ зүйл заалт нь чөлөө олгох заалт. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чөлөө авсан бол ажлаасаа чөлөөлөгдөнө гэж ойлгоно гэж буруу тайлбарласан. Чөлөө гэдэг үг хэл зүйн утгаараа түр хугацаагаар амрах, түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хэлж байгаа. Бүр мөсөн чөлөөлөгдөхөөр байвал үүнийг чөлөө олгох гэж хэлэхгүй. Түүнийг ажлаас халагдах, ажлаасаа чөлөөлөгдөх гэж хэлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд чөлөө олгох талаар заасан. Чөлөө өөрөө хугацаатай байдаг. Тодорхой хугацаатай чөлөө олгож байгааг чөлөө олгох гэнэ. Хугацаагүй байвал ажлаас чөлөөлөгдөх болно. Чөлөө олгож байгаа нь тодорхой хугацаатай. Өөрөөр хэлбэл Б.Айдыны хувьд Сонгуулийн үйл ажиллагаа дуусах хүртэл чөлөө хүссэн гэж ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг шууд утгаар нь ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан. Энэ нь захиргааны чөлөө. Захиргааны чөлөө олгох эсэх асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлээр зохицуулахаас гадна тус хуулийн 35 дугаар зүйлд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах ойлголтыг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дэх хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хугацаанд захиргааны чөлөөтэй байгаа бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дэх хэсэгт зааснаар урьд нь Б.Айдыны ажиллаж байсан албан тушаал нь хэвээр хадгалагдах ёстой. Хуулийг хуульд зааснаар ойлгох ёстой. Түүнээс биш энэ тэр байдлаар тайлбарлах гэж оролдохын шаардлага байхгүй. Хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохоос өөр асуудал байхгүй. Тийм учраас ажил олгогчийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Б/387 дугаар захирамжаар Б.Айдыныг эгүүлэн ажилд нь буцаан томилсон гэж ойлгож байна. Ажил олгогч Б.Айдыныг ажилд эгүүлэн тогтоосон захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын Б/440 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан заалтыг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Айдыныг ажилд эгүүлэн томилсон захирамжийг хүчингүй болгохын ямар нэгэн этгээд шаардсан нь нотлогдоно тогтоогдохгүй байна.

Хэн шаардсаныг нотлох баримт байхгүй байна. Хэн ямар эрхийн актаар, ямар шаардлага тавьсан гэх асуудал нотлогдоно тогтоогдохгүй байна. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгуулийн байгууллага шаардсан гэж ярьж байна. Сонгуулийн байгууллага шаардсан талаарх нотлох баримт байхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдөр сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа Б.Айдыныг ажилд эгүүлэн тогтоосон захирамжийг хүчингүй болгох асуудлыг сонгуулийн хороо шаардах эрх байхгүй. Учир нь нэр дэвшигч Б.Айдынтай сонгуулийн хороо харилцах харилцаа дуусгавар болсон байсан. Сонгуулийн үр дүн гарснаар сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ дуусгавар болсон. 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдөр аймгийн Засаг даргын Б/440 дугаар захирамж гарах мөчид Сонгуулийн хороо Б.Айдыныг шаардсан гэж үзвэл энэ нь эндүүрэл болно. Шаардсан шаардлага байхгүй. Иймд хуулийг буруу хэрэглэсэн явдал мөн. Би Улсын Дээд шүүх салбар хуулийг тайлбарласан тайлбар гаргадаг гэж ярьсан. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол байдаг. Дээрх тогтоолын 15 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг заавал баримтална гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгох тухай хэд хэдэн заалтыг оруулсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримталсан байвал зохино. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б/440 дугаар захирамжаар энэ асуудлыг хөндөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн байна гэх үндэслэлээр тайлбараа хэлнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоол бол хүний хөдөлмөрлөх харилцаанд хамаарахгүй. 33 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйл үйлчлэхгүй гэж ярьж байна. Энэ нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал байгаа. Хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох нь хуулиар олгогдсон эрхийн асуудал байгаа. 33 дугаар тогтоол эрт үед гарсан. Уг тогтоолыг сүүлийн үед хэрэглэхээ байсан. Учир нь 2016 оноос Захиргааны ерөнхий хууль батлагдсан. Захиргааны Ерөнхий хуулиар хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай асуудлыг тодорхой дурдаж заасан. Тэр дундаа хууль бус актыг хэрхэн хүчингүй болгох тухай асуудлыг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасан. Засаг даргын хувьд өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хууль бус, хуульд заасан журмын дагуу гараагүй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон асуудал бол хуульд нийцэж байгаа. Тогтоол биш Улсын Их Хурлаас баталсан зайлшгүй нийтээр дагаж мөрдөхөөр заасан хууль байгаа. Нэгэнт хууль байсан болохоор буцаагаад хуучны дээрх тогтоолыг заавал хэрэглэнэ гэж зүтгэх ямар ч боломж байхгүй. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж яагаад хэлж байна вэ гэвэл хууль зөрчсөн хууль бус байна гэж хүчингүй болгосон актын хувьд дараах нөхцөл байдал гарч байгаа. Нэгдүгээрт бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааж өгсөн. Нийтийн ашиг сонирхолд хэрхэн яаж нөлөөлсөн бэ гэхээр хуулиар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуульд өрсөлдөх асуудал дээр ажлаасаа чөлөөлөгдсөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй иргэн байхыг шаарддаг. Ажиллаж байсан ажил албан тушаалаа хүлээлгэж өгсөн байхыг шаарддаг. Нийтээр дагаж мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.4 дэх хэсэгт тодорхой заасан. Үүнийг Х.Зулхаш өмгөөлөгч тайлбарлаж байна. Сонгуульд оролцож байх хугацаандаа гэж тайлбарлаж байгаа боловч ажил үүргээ хүлээлгэж өгсөн, ажил үүргээсээ чөлөөлөгдсөн байхыг хуулиар шаардаж байгаа. Нэхэмжлэгчийг дахин томилохдоо Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байгаа. Ажлаасаа чөлөөлөгдсөн этгээдийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтын дүнг нь үндэслэж томилох ёстой байдаг боловч, давуу эрхээр Б.Айдыныг шууд томилсон асуудал байгаа. Тухайн ажлын байрын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх иргэдийн буюу нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн асуудал байгаа. Мөн хуулийг зөрчсөн асуудал байгаа. Сонгуулийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.5 дахь хэсэгт заасан. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл болсон.

Монгол улс даяар сонгуульд хэн ч оролцохоор байсан бол төрийн захиргааны, төрийн удирдах албан тушаалтан хэн ч байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байх гэдэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан үйл байгаа. Б.Айдыны хувьд л дээрх асуудал гарч байна. Улс орон даяар дээрхтэй адил асуудал гараагүй. Хуульд заавал чөлөөлнө гэж заагаагүй. Харин тухайн үед ажил үүргээ гүйцэтгэхгүй байж болно гэж заасан учир түр чөлөө олгож, буцааж томилно гэх асуудал байж боломгүй асуудал. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан үндэслэл, түүнийг хуулиар гаргах болсон шалтгааны хувьд философийг судлах ёстой. Яагаад хуульд дээрх байдлаар зааж өгсөн бэ гэхээр саяны удирдах албан тушаалтнууд би чөлөөтэй байх хугацаанд сонгуульд оролцсон, нэгэнт дарга хүн чөлөөтэй байх хугацаандаа сонгуульд оролцож байгаа учраас иргэдэд нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс зааж өгсөн. Дарга хүн сонгуульд өрсөлдөж болохгүй, ажлаасаа чөлөөлөгдсөн, иргэн хүн байх ёстой гэсэн үүднээс дээрх заалтыг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Хуулийг заавал үг үсгээр нь биш утгаар нь ойлгох ёстой. Заавал чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 145.4 дэх хэсэгт заагаагүй гэж зүтгэж болохгүй. Энэ нь хуулийг баталсан шалтгаан нөхцөл нь. Иргэдэд нөлөөлдөг албан тушаалтан биш байх ёстой, иргэдийн чөлөөтэй байдалд нь халдах ёсгүй гэсэн үүднээс дээрх заалтыг хуульд оруулсан байдаг. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс маш сайн дүгнэлт хийж өгсөн. Уг асуудалд хуулийг төстэй хэрэглэсэн асуудал байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан заалтыг үгчлэн зааж өгөөгүй асуудал байна. Явцуу утгаараа Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн байдаг гэвч салбар хуулиудад тодорхой зааж өгсөн байх ёстой байдаг. Харин Төрийн албаны тухай хуулиар нарийвчилж зохицуулж өгсөн байна. Тухайн сонгуулийн жилийн 1 сараас өмнө өргөдлөө гаргасан байна, өргөдөл гаргасан ч гаргаагүй ч тухайн хүнийг ажлаас чөлөөлөхөд саад болохгүй гэж Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан заасан. Үүнийг иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс төстэй хэрэглээд хэргийг шийдсэн байдаг. Хэргийг шийдээд хяналтын шатны шүүхэд гомдлоор очиход хэргийн харьяалал зөрчигдсөн, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. Түүнээс биш хуулийг буруу тайлбарласан, өөрөөр хэлбэл Боловсролын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарласан гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдаагүй.

Хэргийн харьяалал зөрчигдсөн болохоос биш, хэргийн хувьд, нөхцөл байдлын хувьд, хууль тайлбарлахын хувьд шүүх хуулийг буруу тайлбарлаагүй юм байна гэдэг үүднээс хэргийг хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон асуудал байна. Энэ байдлаар орж ирсэн, өөрчлөгдсөн асуудал байхгүй. Хуульд заасан нөхцөл байдал, захирамж, тушаалын хувьд өөрчлөгдөөгүй, яг адилхан асуудалд адил хуулийг хэрэглэхдээ бас л шүүхэд зөрүүтэй дүгнэлт хийнэ гэсэн асуудал байхгүй байх гэж бодож байна. Б.Айдыны ажил олгогч аймгийн Засаг дарга 2016 оны Б/277 дугаар захирамжаар түр чөлөөлсөн гэдэг утгаар нь бүр чөлөөлсөн гэж ойлгож болно. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажиллах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болжээ, цаашид албан тушаалтан гэх нэрийг зүүх ямар ч боломжгүй байна, нэгэнт сонгуульд оролцсон гэдэг утгаар нь авч үзэх учиртай. Харин түр чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр түүний ажил албан тушаал хадгалагдаж байгаа гэдэг үүднээс захиргааны чөлөөтэй байгаа гэж үзэж түүнийг ажилд нь дахиж томилсон нь хуульд нийцээгүй. Энэ бол Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлөгдсөн хүнийг ажилд авахдаа хуульд заасан журмаар сонгон шалгаруулалтаар шалгаруулж аваагүй. Энэ нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Аймаг, нийслэлийн Боловсрол газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Сонгон шалгаруулалтын үндсэн дээр сургуулийн захирлыг томилдог гэсэн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний асуудалд санал нэг байна.

Дээрх шийдвэр хүчингүй болсон ч гэсэн дээрх байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Хүчингүй болсон ганцхан шалтгаан нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтантай хамааралтай, түүний гаргасан шийдвэрийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн асуудал бол дагнасан шүүхийн хэргийн харьяалал зөрчсөн асуудал байна гэж дүгнэсэн үндэслэл байгаа. Нэгэнт хууль бус актыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна. Хууль хэрэглээний хувьд 1-2 техникийн алдаа байдаг. 37.1.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагаас шаардсан гэж байгаа нь тогтоогдохгүй байна гэж шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжгүй. Эрх бүхий байгууллагаас шаардаагүй ч гэсэн энэ нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь Сонгуулийн тухай, Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулийг төстэй хэрэглэх бодлогын заалтад нийцэхгүй байна. Уг актыг хүчингүй болгохдоо Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, хариу тайлбар ажиллагаануудыг хийх шаардлагагүй байсан. Учир нь хууль бус актыг хүчингүй болгох нь зайлшгүй эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх сонсгох үүрэг хүлээхгүй. Захиргааны Ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн. Нийтийн эрх ашгийг зөрчиж, хөндөж хууль бусаар тухайн албан тушаалд томилогдож байгаа асуудал байна. Хууль бус захирамж байгаа учраас түүнийг хүчингүй болгоход ямар нэгэн саад болохгүй гэж үзэж байна. Дээрх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох учиртай. Хуульд нийцээгүй байна. Хууль бус шаардлага тавьсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Айдын нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/354 дугаартай захирамжаар тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захиралаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон үндэслэлээр аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/277 дугаар захирамжаар ажлаасаа түр чөлөөлөгдөж, 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаар захирамжаар ...түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэх үндэслэлээр тус сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогджээ.

Нэхэмжлэгч Б.Айдыныг ажилд нь эгүүлэн томилсон дээрх шийдвэрийг аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болгонд тооцсон байх ба маргаан бүхий энэхүү захиргааны актыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Айдын нь 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар тогтоолоор, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажсан нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаартай тогтоол, аймгийн Хурлын 2016 оны 01 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ... Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж заажээ. Нэхэмжлэгчийг анх маргаан бүхий албан тушаалаас түр чөлөөлөхдөө хуулийн энэхүү зохицуулалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох зохицуулалтыг тус тус баримталж, харин сонгуулийн дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасныг үндэслэл болгон түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон байжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг тус тус баримталсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс ...хуульд зааснаар түр чөлөө авах эрхтэй тул анх миний хүсэлтийг үндэслэж намайг албан тушаалаас түр чөлөөлсөн, захиргааны чөлөөтэй байх хугацаанд урьд эрхэлж байсан ажил, албан тушал хэвээр хадгалагдана, хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга өмнөх захирамжийг хүчингүй болгосон нь буруу, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуульд нэр нь дэвших бол тухайн албан тушаалаас бүр чөлөөлөгдөнө, Боловсролын тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулалтад орсны дараа уг албан тушаалд дахин томилогдох боломжтой, хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан ...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ...орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих заалтын агуулгыг мөн зүйлд заасан үндэслэл үүссэн тохиолдолд тухайн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, чөлөөлөгдсөн байхаар ойлгоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Айдын нь сонгуульд нэр дэвшиж, хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээр бол төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байгаагийн хувьд хуульд заасан хугацааны дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүсэн өдрөөс хойш ажлаасаа чөлөөлөгдөх замаар ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байх талаарх заалт юм.

Хуулийн уг заалт нь ажилтанд захиргааны чөлөө олгох асуудлыг зохицуулаагүй бөгөөд сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх асуудлыг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт байна.

Иймээс томилох эрх бүхий этгээд болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын анх нэхэмжлэгчийг сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлэх болсноор түүнийг сургуулийн захирлын албан тушаалаас түр чөлөөлж, сонгууль явагдаж дууссаны дараа ...чөлөөний хугацаа дууссан гэх үндэслэлээр тухайн албан тушаалд эгүүлэн томилсон 2016 оны Б/277, Б/387 дугаар захирамжууд нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэрүүд байна гэж үзлээ.

Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасан үндэслэл үүсээгүй байхад маргаан бүхий захиргааны актад уг зүйлийг баримталсан нь үндэслэлгүй боловч нэхэмжлэгч Б.Айдын нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хувьд орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшсэнээр ажил, албан үүргээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх ёстой гэсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасан үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ...ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох, 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан ...захиргааны чөлөөтэй байгаа... үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалтууд хамааралгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчээс хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлаар маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримталж шийдвэр гаргасан нь буруу гэж маргасан боловч, аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал болох сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон тухайн захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Айдын нь маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын журам-д заасны дагуу сонгон шалгаруулалт явагдсан тохиолдолд уг сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, журамд заасан үндэслэлээр дахин томилогдох боломжтой талаарх хариуцагч талын маргаан үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Айдыны тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн Б.Айдынд холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Айдынг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА