Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2026/0065

 

“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмчийн газрын даргад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:           Г.Банзрагч   

Шүүгчид:                             М.Батсуурь

                                                 П.Соёл-Эрдэнэ

                                                 Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                 Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0006 дугаар шийдвэртэй, хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, Б.О-, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т-, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-, Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тогтоолоор Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон бөгөөд уг жагсаалтын 5.8-д Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах үйлчилгээнд 300,000 төгрөг байхаар тогтоосон. Мөн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн *** дугаар тушаалаар барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг баталсан бөгөөд уг журмын 5.19-т “Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж заажээ.

2.2.“Б***” ХХК дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “...Засгийн газар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх үйлчилгээний хөлс тогтоох эрхгүй. Учир нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд тусгайлан заагаагүй байхад Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолоор уг үйлчилгээний хөлсийг тогтоосон нь хууль зөрчсөн. Мөн Оюуны өмчийн газрын журамд үндэслэн “Г” ХК-ийн барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай шийдвэрлэсэн нь өөрийн барааны тэмдэг, оюуны өмчийн эрх, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлон маргажээ.

3.Хариуцагч Монгол Улсын Засгийн газраас “...Оюуны өмчийн тухай хуулиар оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийн Засгийн газарт олгосон. Яаралтай үйлчилгээ нь барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын шалгуурыг өөрчлөхгүй, зөвхөн мэдүүлэг шийдвэрлэх хугацаатай холбоотой процессын зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

3.1.Хариуцагч Оюуны өмчийн газраас “...тус үйлчилгээ өмнө нь байсан бөгөөд 2006 оны Шадар сайдын тушаалаар дээрх үйлчилгээний хөлс тогтоогдож байсан гэж тайлбарласан. 2016 оноос хойш нийт 40,412 мэдүүлгээс 301 мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэсэн. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт барааны тэмдгийн мэдүүлгийг шуурхай журмаар шалгах боломжийг хангах зохицуулалтай. Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын 5.8, Оюуны өмчийн газрын журмын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж,

4.Гуравдагч этгээд “Г” ХК-иас “...Оюуны өмчийн тухай хуулийн 24.2.3-т үйлчилгээний хөлс тогтоох эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд барааны тэмдгийн “шүүлт хийх” ажиллагаа хуульд заасан тул түүнийг энгийн болон шуурхай хэлбэрээр зохион байгуулахыг шинэ үйлчилгээ бий болгосон гэж үзэхгүй.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29.1.1-д мэдүүлэг гаргах, шүүлт хийх, бүртгэхтэй холбоотой журам батлах эрхийг Оюуны өмчийн байгууллагад олгосон тул журам батлах эрхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” тус тус маргасан байна.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр “Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.2.3, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29.1, 29.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.2.3-т тус тус зааснаар оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг, түүний дотор Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсийг тогтоох бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байна. Иймд Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолоор яаралтай журмаар үзүүлэх үйлчилгээний хугацаа, хөлсний хэмжээг тогтоосон нь хуульд заагаагүй шинэ төрлийн үйлчилгээ бий болгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин хуульд заасан үйлчилгээний хүрээнд түүнийг түргэн шуурхай, чирэгдэл багатай үзүүлэхэд чиглэсэн процессын шинжтэй зохицуулалт байна.

5.2.Учир нь Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 59 дүгээр тушаалаар батлагдан, барааны тэмдгийн гэрчилгээ олгох ажиллагааг яаралтай журмаар гүйцэтгүүлэх хөлс тогтоогдон мөрдөгдөж ирсэн байна. Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Парисын конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцын хүрээнд барааны тэмдгийн мэдүүлгийг шуурхай шийдвэрлэх үүрэг хүлээсэн бөгөөд барааны тэмдгийн мэдүүлгийг түргэвчилсэн буюу яаралтай журмаар шийдвэрлэдэг жишиг тогтсон байна.

5.3.Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоол батлагдсан болон Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн *** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам батлагдсан бөгөөд Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоол, хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн уг журмын 5.19-д “Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэх журмын заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн гэж үзэхгүй.

5.4.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.8-д зааснаар “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой тохиолдолд уг харилцааг тогтоосон шийдвэр гаргана. Харин маргаан бүхий тохиолдолд Засгийн газарт барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрх олгогдоогүй гэх нөхцөл тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрх зүйн хамгаалалт шаардсан үр дагавар үүсэхээргүй байна” гэж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.1.Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсэг, мөн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны *** дугаар тушаалаар баталсан журмын 5.19 дэх хэсгийг тус тус хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргасан. Эдгээр зохицуулалтаар барааны тэмдгийн мэдүүлгийг “яаралтай журмаар” шийдвэрлэх үйлчилгээ, түүний хөлсийг тогтоосон нь хуульд заагаагүй шинэ төрлийн үйлчилгээ, төлбөр бий болгосон гэж үзэж байна.

6.2.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд “Б***” ХХК нь өөрийн лого, нэр, бараа үйлчилгээний ялгах тэмдгийг олон жилийн турш ашиглаж, хэрэглэгчдэд танигдсан бизнесийн нэр хүнд, эдийн засгийн ашиг сонирхолтой. Гэтэл “Г” ХК нь нэхэмжлэгчийн ашиглаж ирсэн логотой ижил, төстэй тэмдгийг барааны тэмдэг болгон бүртгүүлэхээр яаралтай журмаар мэдүүлэг гаргаж, 300,000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн. Энэ нь нэхэмжлэгчийн бараа, үйлчилгээний ялгарах чадвар, бизнесийн нэр хүнд, шударга өрсөлдөх эрх, хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэхгүй байх эрх ашгийг хөндсөн.

6.3.Шүүх нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд хангалттай тайлбарласан. Үндсэн хуульд заасан аж ахуй эрхлэх, өмчлөх, оюуны бүтээл, үр шимийг хүртэх эрх, мөн компанийн үйл ажиллагаа, барааны тэмдгээр дамжуулан зах зээлд танигдах эрх ашиг нь маргаан бүхий зохицуулалтын улмаас зөрчигдсөн.

6.4.Мөн Засгийн газар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхгүй. Оюуны өмчийн тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд Засгийн газар ийм төрлийн үйлчилгээний хөлс шинээр тогтоох бүрэн эрх олгогдоогүй. Хуульд зөвхөн тодорхой төрлийн үйлчилгээний хураамж, хөлсийг зохицуулахаар заасан байхад “яаралтай журмаар шийдвэрлэх” гэх шинэ үйлчилгээ бий болгож, ердийн журмын 50,000 төгрөгийн хөлснөөс ялгаатайгаар 300,000 төгрөгийн хөлс тогтоосон нь захиргааны хэм хэмжээний акт хуульд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн.

6.5.Маргаан бүхий зохицуулалт нь зөвхөн төлбөрийн хэмжээ тогтоосон бус, барааны тэмдгийн мэдүүлгийг шийдвэрлэх процесс, хугацаа, давуу нөхцөлийг бий болгосон шинжтэй. Иймээс энэ нь хуульд заагаагүй эрх олгосон, зарим этгээдэд давуу байдал үүсгэх боломжтой захиргааны хэм хэмжээний акт юм. Анхан шатны шүүх уг зохицуулалтын агуулга, эрх зүйн үр дагаврыг зөв үнэлээгүй, харин давж заалдах шатны шүүх мөн адил үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.6.Нэхэмжлэгчийн “Засгийн газар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхгүй болохыг тогтоолгох” шаардлага нь захиргааны байгууллагад тодорхой эрх байхгүйг тогтоолгох, өөрөөр хэлбэл сөрөг тогтоох нэхэмжлэлийн шинжтэй. Энэ шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой тул шүүхээр хянан шийдвэрлэгдэх боломжтой. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагч нараас болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8.Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.Нэг. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан тогтоох буюу “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн хүрээнд “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” шаардлага гаргажээ.

10.Тухайн төрлийн нэхэмжлэлийг эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох урьдчилсан нөхцөл хангагдсан буюу хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүд, тухайлбал хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой.

11.Нэхэмжлэгч “Б***” ХХК Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын нэг үндэслэлээ “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй” гэж тодорхойлсон боловч энэ нь нэхэмжлэгчээс гаргасан хүчингүй болгох шаардлагын үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэгдэхээр байх тул уг шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн нэг шаардлага гэж үзэхгүй.

12.Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь буруу тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

13.Хоёр. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 5.8 дахь хэсгийг, Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан 2021 оны “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам батлах тухай” *** дугаар тушаалын хавсралтын 5.19 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “Засгийн газар зөвхөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” эрхтэй байхад уг хуульд тусгагдаагүй “барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх” үйлчилгээний хөлсийг тогтоосон нь эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн, хууль бус зохицуулалт бөгөөд уг зохицуулалтыг үндэслэн “Г” ХК-ийн барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэж, гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн барааны тэмдгээ хамгаалуулах, ижил буюу ялгагдах шинжгүй тэмдгээс сэргийлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Засгийн газарт барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх үйлчилгээний хөлс тогтоох эрх олгогдоогүй болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ач холбогдолтой...” гэж тодорхойлон маргасан.

14.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Тодруулбал, Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Оюуны өмчийн байгууллага үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж болох бөгөөд бусад үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө”, 24.2-т “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно: ...24.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ” гэж тус тус хуульчилжээ.

15.Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Оюуны өмчийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 29.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж батлах” гэх заалтаас харвал Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагаа буюу нийтэд үзүүлдэг үйлчилгээг барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой үйл ажиллагаа байна.

16.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж Оюуны өмчийн байгууллагаас мэдүүлэгт шүүлт хийх дээд хугацааг 15 сараар тогтоосон, харин доод хугацааг хуульчлаагүй байна.

17.Энэ агуулгаар авч үзвэл барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийж, дүгнэлт гаргах үйлчилгээ үзүүлэх хугацааг хуульд заасан хугацааны дотор ялгамжтай байдлаар Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн дотоод зохион байгуулалтын хүрээнд тогтоох боломжтой бөгөөд ийнхүү журамласан нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

18.Харин мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т “Энэ хуулийн 7.10-д заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдэгтийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно” гэж зааснаар Оюуны өмчийн байгууллага мэдүүлэгт шүүлт хийж, дүгнэлт гаргах ажиллагааг гурван сарын дотор гүйцэтгэх боломжгүй нь бөгөөд Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19-д “Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж энэ талаар тодорхой тусгажээ.

19.Хуулийн дээрх заалтуудаар Оюуны өмчийн газрын даргын 2021 оны *** дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журмын 5.19, Засгийн газрын 2021 оны “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 151 дүгээр тогтоолын хавсралтын “Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” үйлчилгээний хөлсний хэмжээг 300,000 төгрөгөөр тогтоосон 5.8 дахь заалтуудыг тус тусын бүрэн эрхийн хүрээнд баталсан, хуульд нийцсэн зохицуулалт болжээ.

20.Нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн тухайд “Г” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноотой барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцлээ гаргаж, дүгнэлт гаргах ажиллагаанд оролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

21.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий хэм хэмжээний актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн тухайн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.2.3, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь заалт, Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

                       ШҮҮГЧИД                                                            М.БАТСУУРЬ   

                                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Ц.ЦОГТ     

                                                                                                          Д.БАТБААТАР