Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 68

 

Ц.Хандармаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00429 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Хандармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт хариуцагдах

“Ажилгүй байсан хугацааны цалин 4.516.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Хандармаа, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Хандармаа би төрийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд аймгийн МХГ-т 2006 оны 2 дугаар сараас эхлэн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан. Аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015.7.27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заагдсаны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө гаргасан боловч 2015.7.29-ний өдөр орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх гэж өргөдлийг цохсон ба амаар бүтэц өөрчлөгдсөн, газрын байцаагч гэж байхаа байсан, байгаль орчны байцаагчийн орон тоотой болсон, иймд хил дээр очиж ажиллах, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар... гэсэн шаардлага тавьсан бөгөөд 2015.09.01-ний өдрийн 307 албан тоотоор бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг зөрчсөн хариу өгсөн. Иймээс МХЕГ-т 2015.9.8-ны өдөр ...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд МХЕГ-аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" гэсэн хариуг ирүүлсэн. МХЕГ-аас ирсэн 3/3146 тоот хариуг үндэслэн аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015.10.29-ний өдөр үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө дахин өгсөн боловч 2015.11.25-ны өдөр аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла гэсэн саналыг дахин тавьсан бөгөөд хариугаа бичгээр авъя гэхэд хариуг албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй. 2015.12.9-ний өдөр МХЕГ-ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд ...үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд МХЕГ-аас 2015.12.24-ний өдрийн 3/3931 тоотоор Д.Мөнхтулга даргад үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн хариу ирсний дагуу дарга Д.Мөнхтулга нь 2015.12.24-ний өдрийн 467 тоотоор 2016.1.4-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна гэж мэдэгдсэн бөгөөд МХЕГ-ын даргын 2016.1.12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.Хандармаа миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор аймгийн МХГ-ын даргын 2016.1.25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар үндсэн ажилд томилох тушаал гарсан. Д.Мөнхтулга дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны 29 тоот Ажилд түр томилох тухай тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байсан миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, сэтгэл санааны дарамтанд оруулж, миний оронд түр томилогдсон Э.Ариунтулгыг ...хөдөөнөөс хүн татаж авчирчихаад энэ хүнээ яахын... гэсэн шалтгаанаар чөлөөлж, зохих шийдвэрийг гаргалгүй 2015.7.27-ны өдрөөс 2016.1.25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ажилд аваагүй. Иймд Ц.Хандармаа миний дээр дурдсан хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 28.2.2 заалтын дагуу аймгийн МХГ-ын даргын 2016.1.25-ны өдрийн 6/04 тоот тушаалын хоёрт заагдсаны дагуу буюу Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний T3-6-3 зэрэглэлд хамрагдах үндсэн цалин 613.669 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10% /11-15 жил/, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцож 5 cap, 15 хоногийн цалин болох 4.516.600 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг хугацаан дахь cap бүр төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу үнэн зөв төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Хандармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Мөнхтулга дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны Ажилд түр томилох тухай 29 тоот тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрхийг хязгаарлан, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосноос МХЕГ-ын удирдлагад 2, Төрийн албаны салбар зөвлөлд 1, ёс зүйн хороонд 1, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 1 удаа өргөдөл гомдол гаргасан. МХЕГ-ын даргын 2015 оны 213 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам-ын 1.7-д Аймаг, нийслэлийн МХГ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга нь энэхүү журамд заасан шаардлагыг хангасан иргэнд улсын байцаагчийн эрх олгуулахаар холбогдох баримт бичгийг ирүүлнэ., 1.8-д Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн тушаалаар улсын байцаагчийн эрх олгосон тохиолдолд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга тухайн иргэнийг улсын байцаагчийн албан тушаалд томилно гэж заасан байдаг. Энэхүү журамд заагдсанаар аймгийн МХГ-аас улсын байцаагчийг томилуулах санал ирүүлээгүй байхад МХЕГ нь шууд байцаагчийн эрх олгох шийдвэр гаргах боломжгүй нь МХЕГ-аас ирүүлсэн 2015.10.13-ны өдрийн /орон тоо цомхотгогдоогүй, ажилд нь эргүүлэн авах үүрэгтэй тухай/ 3/3146 тоот, 2015.12.24-ний өдрийн /ажлын байраар хангаж, хариу мэдэгдэх тухай/ 3/3931 тоот, мөн аймгийн МХГ-аас МХЕГ-т явуулсан 2016.01.04-ний өдрийн /Байцаагчийн эрх олгуулах тухай/ 02 тоот албан бичгүүдээр нотлогдох юм. Би өөрийгөө эрх чөлөөгөө хязгаарлуулах гэмт хэрэг үйлдээгүй, бусдын жигшлийг төрүүлэх ямар нэг үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд хүүхэд төрүүлэхийг хориглох, гэр бүл төлөвлөлтийн асуудлыг хэн нэгэнд мэдэгдэж, хэн нэгнээс зөвшөөрөл авах, ялгаварлан гадуурхагдах, эрх чөлөөгөө хязгаарлуулах эрх зүйн үндэслэл байхгүй, энэхүү харилцааг зохицуулах эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж ойлгож байгаа учир хүүхэд төрүүлэхийг хууль бус, нийтээр жигших үйлдэл гэж үзэхгүй байна.  Ц.Хандармаа би 2013 онд хүүхэд асрах чөлөөний талаар удирдлагад амаар мэдэгдсэн байсан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасан байдаг.

Ц.Хандармаа би аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр биш 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах хэсэгт заагдсаны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусган үндсэн ажилдаа орох өргөдөл гаргахад 2015.07.29-ний өдөр Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх" гэж өргөдлийг цохсон ба 2015.09.01-ний өдөр ажилд орох хүсэлтээ илэрхийлээд уулзахад ...Орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар. Ийм 2 боломж байна... Хуулиа бариад яв даа, өөрийхөө бодлоор явахгүй юу гэсэн. Намайг цомхотгогдсон гэлээ, албан ёсны шийдвэр нь хаана байгаа юм бэ" гэхэд өргөдлийн чинь 30 хоногоор сунгасан байгаа, чи шийдвэрээ өргөдлийн хугацаанд нь авчих гэсэн. Тухайн үед дотоод ажилтан Б.Норовсүрэнд өргөдөл шилжигдсэн байсан бөгөөд өргөдлөө авч үзэхэд өргөдлийг албан ёсоор 30 хоногоор сунгагдсан тэмдэглэгээ хийгдээгүй, өргөдөл гомдол хүлээж авах дэвтэр дээр ч тэмдэглэгээ хийгээгүй байсан. Үдээс хойш нь 2015.09.01-ний өдрийн 307 тоотоор бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../ дах хэсэгт заасныг зөрчсөн хариу өгсөн. Тухайн үед манай хүүхэд 2 нас 1 сартай, цэцэрлэгээр хүмүүждэг, хүүхэд асрах хүнтэй учир би үүрэгт ажлаа хийх бүрэн боломжгой байсан. Иймд 2015.09.08-ны өдөр МХЕГ-т ...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж, үндсэн ажилд эргэн ажиллуулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд МХЕГ-аас 2015.10.13-ны өдрийн 3/3146 тоотоор уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэсэн хариуг өгснөөр Д.Мөнхтулга даргын орон тоо цомхотгогдсон учир боломжгүй хариу өгөх, хил дээр ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар гэсэн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдсон.

МХЕГ-аас ирсэн 3/3146 тоот хариуг үндэслэн аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015.10.29-ний өдөр ажилд орох өргөдлөө дахин өгсөн боловч 2015.11.25-ны өдөр Захиргаа, удирдпагын хэлтсийн дарга Э.Ишбаяр Аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, Хил дээр Байгаль орчны байцаагчаар ажиллах санал тавь гэж дарга хэлсэн, тэгээд санал тавьж байна гэж утсаар ярьсан. Яагаад, ямар шалтгаанаар хил дээр ажиллуулна гэж байгаа юм бэ, хариуг нь бичгээр авъя гэхэд хариуг албан ёсоор гаргаж, шийдвэрлэж өгөөгүй. Үүнээс хойш дарга Э.Ишбаяраас утсаар өргөдөл шийдвэрлэгдсэн эсэхийг асуухад дарга Д.Ичинноров байцаагчийг жирэмсний амралтаа авахаар нь таныг оронд нь авна гэсэн гэж, мөн байгууллагаас фэйсбүүкээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилд авна гэсэн зар тавьсан байна, аймгийн төвд авна гэж байгаа юм уу гэж асуухад үгүй, хил дээр авах гэж байгаа юм гэсэн. Судалж үзэхэд манай аймгийн Хил, хорио цээрийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо батлагдаагүй, огт байдаггүй нь мөн нотлогдсон. Тухайн үед 2015.12.09-ний өдөр хүртэл бичиг хэрэг, Э.Ишбаяр нараас өргөдлийн хариу гарсан эсэхийг нийтдээ 6-7 удаа асуухад өргөдлийн хугацааг сунгасан тухай мэдэгдээгүй болно. Э.Ишбаяртай 2015.12.07-ны өдөр утсаар ярьж 2015.10.29-ний өдөр өгсөн өргөдлөө хувилж авах зөвшөөрөл авсны дагуу миний нөхөр Баярцэнгэл очиж уг өргөдөл, түүний цохолтыг нүдээр үзэхэд тухайн үед өргөдөлд хугацаа сунгасан тэмдэглэгээ хийгдээгүй байсан бөгөөд уг цохолтыг хуулбарлаж авъя гэхэд даргыг маргааш ирэхээр нь асууж байж өгөхгүй бол болохгүй гээд зөвхөн өргөдлий нь хуулбарлаж өгсөн. /Гэрчтэй/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4 /Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална/, 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.3 /Өргөдөл гомдолд дурьдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх/, 7.4 /өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулах/, 7.6 /өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх/, 15.1 /Өргөдөлд дурьдсан асуудпыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана/, 15.3 /Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ/, 16.1 /Өргөдөл, гомдпыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ./ гэсэн байдаг. Миний 2015.10.29-ний өдөр гаргасан өргөдлийг байгууллагын бичиг хэргийн ажилтан 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэж авсан байх бөгөөд дарга Д.Мөнхтулга нь миний хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд, шууд шийдвэрлэх боломжтой байхад орон тооны зохицуулалт хийж амжаагүй гэсэн шалтгаанаар бүтэн 6 сарын турш ажилд томилох шийдвэр гаргалгүй өргөдлийн хугацааг сунгасан гэх зэргээр шалтаглан хохироосон. Гэвч би дээрх хуулийн үндэслэл, аймгийн МХГ-ын даргын 2014.03.25-ны өдрийн 29 тоот тушаалаар орон тооны зохицуулалтгүйгээр үндсэн ажилдаа шууд томилогдон орох давуу эрхтэй гэж ойлгож байгаа. Миний хувьд Д.Мөнхтулга даргатай урьд өмнө ямар нэг байдлаар хамтарч ажиллаж, үг сольж ч байгаагүй. Ийм учраас хувийн ямар нэг зөрчил байхгүй гэж ойлгож байгаа. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Ишбаяр нь өргөдлийн хугацааг сунгасан тухай надад утсаар мэдэгдээгүй, аймгийн МХГ-ын даргын 2015.12.07-ны өдрийн Өргөдлийн хариу өгөх хугацаа сунгах тухай а/42 тоот тушаалыг шүүхэд нотлох баримтад ирэх хүртэл мэдээгүй болно.

Иймээс 2015.12.09-ний өдөр МХЕГ-ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд ...үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэх...-ийг тодруулж өгөх-ийг хүсч өргөдөл гаргасан. МХЕГ-аас 2015.12.24-ний өдрийн 3/3931 тоотоор Д.Мөнхтулга даргад үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн нэг хариу ирсэний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга нь 2015.12.24- ний өдрийн 467 тоотоор 2016.01.04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна гэж мэдэгдсэн. Гэвч тухайн өдөр миний ажилд орох асуудал шийдвэрлэгдээгүй, харин байцаагчийн эрхийг олгуулах саналыг МХЕГ руу явуулсан байх бөгөөд МХЕГ-ын даргын 2016.01.12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.Хандармаа миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор, аймгийн МХГ-ын дарга 2016.01.25-ны өдөр ажилд томилох тухай 6/04 тоот тушаал гаргасан боловч энэ хугацаанд би хүүхэд төрүүлэх болсон. Гэтэл дарга Д.Мөнхтулга нь жирэмсэн болохоо урьдчилж мэдэгдээгүй, зөрчил үүсгэсэн гэсэн шалтгаанаар аймгийн МХГ-ын даргын 2016.01.29-ний өдрийн 6/06 дугаар тушаалаар миний ажилд эргүүлэн томилох тухай 2016 оны 6/04 тоот тушаал, Э.Ариунтулгыг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 6/03 тоот тушаалыг хүчингүй болгосон байсан. Аймгийн МХГ-ын даргын 2016 оны Тушаал хүчингүй болгох тухай" 6/06 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 /Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана/ гэсэн нийтлэг заалтаас өөр эрх зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. ...жирэмсэн болохоо урьдчилж мэдэгдээгүй... гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-д Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харъяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй, 7.5-д энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй, Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.4- т гэр бүлийн нууц хамаарч байх бөгөөд хувь хүн уг нууцаа өөрөө хамгаална гэж мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан тул би жирэмсэн тухайгаа ажил олгогчид заавал мэдэгдэх үүрэггүй юм. ...2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний амралтаа авах байтал 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичүүлсэн... гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журам"-ын 2.5 /Даатгуулагчид эмнэлгийн хуудсыг ..., жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсаны дараа 30 хүртэл хоногийн дотор эмнэлгийн байгууллага бичиж олгоно./ дахь хэсэгт заагдсанаар холбогдох хууль, журмыг зөрчөөгүй болох нь нотлогдож байгаа юм. Иймд би өөрийгөө төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, зөрчил үүсгэсэн гэж үзэхгүй байгаа бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гаргасан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзсэн тул урьдчилсан шатны шийдвэрлэлтийг хангаж МХЕГ-т уг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Төриин захиргааны албан хаагчид төриин алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 2-т Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно. Төрийн алба хаасан хугацаа (жилээр) 11-15 жил, нэмэгдлийн хэмжээ 10%, З.в-д төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан бол төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно, 4-т Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна, 5-д Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно. гэсэн байдаг. Энэхүү журмын 4-т заагдсанаар төрийн байгууллага нь жил бүр ажиллагсдынхаа ажилласан жилийг шинэчлэн тогтоож, холбогдох нэмэгдпийг тооцож олгодог. Ц.Хандармаа би ажлаас халагдаагүй, 2013 оноос 2015.07.28-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөтэй байсан нь дээрх журмын 3, мөн 5-д заагдсаны дагуу төрийн байгууллагад ажилласан жил 13 жил гэж тооцогдох үндэслэл болж байгаа нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар батлагдаж байгаа юм. Гэтэл миний цалинг аймгийн МХГ-ын даргын 2013.03.28-ны өдрийн 19 тоот тушаалаар тооцуулахаар нотлох баримтад ирүүлсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ би хуулийн дагуу үндсэн ажилдаа орсон бол Аймгийн МХГ-ын даргын 2016.01,25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалын 2-т дурьдагдсанаар Засгийн газрын 2014 оны 332 дугаар топгоолоор Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ-г шинэчлэн тогтоосноор үндсэн цалин T3-6-3 шатлалд багтаж 613669 төг, дээрх журмын 2-т заагдсанаар удаан жилийн нэмэгдэл 10% буюу 61367 төг, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-д заагдсанаар зэрэг дэвийн нэмэгдэл 18% буюу 110460 төг, сарын цалин 785496 төгрөг, ажилгүй байсан хугацаа 5 cap 15 хоног, нийт 4516600 төгрөгний цалин авах байсан.

Хяналтын байгууллагын удирдах албан тушаалтны буруутай үйлдлээс миний хууль ёсны эрх ашиг хохирсон бөгөөд байгууллагын цалингийн сан хүрэлцэх эсэх нь тухайн байгууллагын дотоодын асуудал гэж ойлгож байгаа учир миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзахгүй болно. Ц.Хандармаа миний аймгийн МХГ-т 2015.07.27, 2015.10.29-ний өдөр гаргасан өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заагдсаны дагуу хариуг цаг тухайд нь өгч байсан эсэх нь тайлбар 2, 3-аас харагдана. Иймд аймгийн МХГ-аас гаргасан тайлбарыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Хандармаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би бүтэц орон тооны цомхотголд ороогүй нь ерөнхий газрын шийдвэр, хариунуудаас харагдах байх. Би барилга хот байгуулалтын байгцаагчаар ажиллаж байгаагүй, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байхад гэсэн асуудал яригдаж байна. Анх би 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө хуулинд заасны дагуу өөрийн хүсэлтээр дуусгаад ажилд орох хүсэлтээ гаргасан байсан. Тухайн үед намайг ажилд аваагүй мөртлөө автоматаар шимтгэлд 192,000 төгрөг төлөөд явсан байна. Би өөрөөсөө шалтгаалж ажилдаа орохгүй байсан биш, байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахгүй байсан учраас ажилдаа орж чадалгүй удаан хугацаанд цалингүй явж байна. Тухайн үед ажиллаж байсан бол цалингийн нэмэгдлийг аваад явах байсан. Энэ бол надаас шалтгаалсан зүйл биш гэж би үзэж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Хандармаагийн өөрийн нь хүсэлтээр үүсгэсэн маргаан болох МХЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газар, Төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, гомдол нь шийдвэрлэгдээгүй байхад аймгийн МХГ-ын даргаас шийдвэр гаргах боломжгүй байсан ба дээд шатны зөвлөл, хорооны шийдвэрийг гарсны дараа ажилд томилох арга хэмжээ авч ажилласан бөгөөд уг шийдвэр гарсны дараа Ц.Хандармаа нь жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан мөн 2016 онд байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй болсон зэргээс шалтгаалан тухайн хугацааны цалинг тооцож, нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна.

            Ц.Хандармаа нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ төрүүлж, хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүсэлтээ ирүүлэн авах байтал 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлийг ирүүлж, зөрчил гаргасан. Мөн энэхүү зөрчлийг арилгуулахаар хүүхэд асрах чөлөөг 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. Ц.Хандармаа нь хүүхэд асрах чөлөөг дуусган ажилд эргэн орох тухай хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирүүлж, хуулийн хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 307 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.Хандармаагийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, газрын дарга тухайн үед өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлж байсан учраас эхний цохолтыг 11 дүгээр сарын 10-ны дотор цохож, орон тооны зохицуулалт хийгдээгүй улмаас өргөдлийн шийдвэрлэлтийн хугацааг 11 дүгээр сарын 27-ны өдөр хоёр дахь цохолтыг хийж, газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн а/42 дугаар тушаалаар өргөдлийг 30 хоногооор нэмж сунгасан. Дээрх өргөдлийг сунгасан талаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Ишбаяр тухайн үед нь утсаар мэдэгдсэн болно. Өргөдлийн хариуг 12 дугаар сарын 24-ний өдөр 467 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.Хандармааг ажилд эгүүлэн авахаар МХЕГ-ын даргын 2006 оны 325 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу улсын байцаагчийн эрхийг нь олгуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгийг МХЕГ-т явуулсанаар улсын байцаагчийн эрх олгосон тухай тушаал МХЕГ-аас 2016 оны 01 дүгээр 21-нд манай газарт ирж, газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар ажилд томилсон. Гэвч тушаал гарсан дараа жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн учир газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/06 тоот тушаалаар ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгосон юм. 2016 онд байгууллагын цалингийн сан 11%-иар хасагдан батлагдаж, цалингийн сан хүрэлцэхгүй болсон мөн нэхэмжлэлд 5 cap 15 хоног гэсэн нь өөрийнх нь үүсгэсэн маргаан, өргөдөл шийдвэрлэх 30, сунгасан 30 хоног, дээд шатны байгууллагад хандсан хугацааг тус бүр тооцсон, мөн төрөхийн өмнөх амралтыг 2016 оны 1 дүгээр сарын 10-нд авах байтал, 1 дүгээр сарын 25-аас авсан гэх зэргээр хугацааны хувьд үндэслэлгүй, цалингийн сүлжээг T3-6-3 гэж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан хүчингүй болсон тушаалыг баримталсан. Урьд авч байсан цалин нь ТЗ-6-2 шатлалаар цалинжиж байсан.

            Ц.Хандармаагийн ирүүлсэн өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хууль-ийн 16 зүйлд заасан хугацаанд хариуг өгч байсан, Төсвийн тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу ажилтнуудын цалингаас Ц.Хандармаагийн ажиллаагүй байгаа хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Хандармаагийн ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтулга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хандармаа анх өөрөө чөлөө хүсэхдээ 3 жилийн хугацаагаар чөлөө хүссэн. Бид үүнийг нь хүсэлтийн дагуу 3 жилээр чөлөө олгосон. Яг энэ албан тушаалыг хашсан ганц байцаагчтай байдаг. Үүний дагуу бид улсын баййцаагчаа томилсон. Манайх 2 сар болж байж улсын байцаагчийн 1 эрх ирдэг. Манай байгууллагын бүтцэд өөрчлөлт орж албан тушаалын нэршил өөрчлөгдөөд 2 албан тушаал нэг болж Ц.Хандармаагийн албан тушаал өөрчлөгдөж байхгүй болсон гэх үндэслэлээр бид өргөдлийг хүлээн аваагүй юм. Ерөнхий газраас дараа нь чиглэл өгч ажилд нь ав гэсэн. Миний хувьд ажилд нь огт авахгүй гэсэн зүйл байхгүй. Ажлын байр санал болгоход уг албан тушаал дээр өөрөө очиж ажиллаагүй. Маргаан үүсгэж явсан хугацаа нь 5, 6 сарын хугацаа болж Ерөнхий газраас чиглэл ирэхдээ ямар нэгэн ажилд ав гэж чиглэл ирсэн. Энэ чиглэлийн дагуу тушаал гарч ажилд нь авсан. Ажилд орох шаардлага тавихад жирэмсэн гэдгээ бидэнд мэдэгдээгүй шууд эмнэлгийн лист авчирч өгсөн. Ингээд ажлын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн тул би тушаалаа хүчингүй болгосон. Ц.Хандармаа гэдэг хүнээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Үүнээс гадна манай байгууллагын төсөв багасч батлагдсантай холбоотойгоор одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй. Би ерөнхий газрын даргатайгаа гэрээ байгуулж, батлагдсан төсвийг өр, авлагагүй гаргах гэсэн нөхцөлтэй ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ оруулсан мөнгөн дүн байгаа. Гэтэл бид чөлөөтэй байх хугацаанд хуулиараа нийгмийн даатгалын шимтгэлийг байнга төлсөн. Мөн тухайн үед ажиллаагүй хугацааны нэмэгдлийг бид олгох боломжгүй байгаа. Энэ нэмэгдэл нэхэмжлэлийн шаардлагад орчихсон явж байгаа. Бид бодож үзээд 1,800,000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хүнийг ажилд авахгүй гэж хэлээгүй. Ажилд авна гэж байгаа гэжээ.

     Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин 4,516,600 /дөрвөн сая таван зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хандармаад олгож, нэхэмжлэгч Ц.Хандармаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 88,000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Ц.Хандармаагийн гаргасан “Ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай” нэхэмжпэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг зөрчин хариуцагчийн эрхийг хангаап/й, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтыг хүлээн авч, шинжпэн судлалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шүүхийн шийдвэрийг гаргасан. Хандармаагийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөгийг тооцохдоо ажил олгогчоос зайлшгүй суутгах Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгаагүй, хугацааг буруу тооцсон болон ажиллаагүй хугацааны цалингийн нэмэгдлийг тооцсон зэрэг бодит бус дүнг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг хангаагүй байна.

Иймд Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу   хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий  дүгнэлт хийж чадаагүйгээс гадна зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн хуулийн болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах эрх зүйн боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмын дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцсэн болно.

            Нэхэмжлэгч Ц.Хандармаа нь 2015.7.27-ноос 2016.1.25-ныг хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин хөлсөө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 1 сарын 25-ны өдрийн б/04 тоот  тушаалын үндэслэн тооцож 4.561.600 төгрөг, улсын  тэмдэгтийн хураамж 88.000 төгрөгийг тус тус гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй  тэнцэх олговор, хэрэв бага цалинтай  ажил хийж байсан бол зөрүүтэй  тэнцэх  олговрыг олгоно” гэсэн заалтыг баримтлан, хэргийн 70-71 дүгээр  талд авагдсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг буюу ажилтан Ц.Хандармаагийн 2008-2013 оны 6 сард ажилласан болон 2015 оныг дуусталх хугацаанд түүний хүүхэд асрах чөлөөний хугацаанд авч байсан тэтгэмж зэргийг тусгасан лавлагааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4.561.600 төгрөгийг  гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 1 сарын 25-ны өдрийн б/04 тоот  тушаалын 2 дахь заалтыг үндэслэн Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний T3-6-3 зэрэглэлд хамрагдах үндсэн цалин 613.669 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10% /11-15 жил/, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцож 5 cap 15 хоногийн цалин хөлсөө тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбаруудынхаа үндэслэл болгосон төдийгүй нэхэмжлэгч уг лавлагааг “ажиллаж байснаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн” гэж тайлбарладаг.          

Нэхэмжлэгч Ц.Хандармаагийн  нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн б/04 дүгээр тушаал нь /хх-13,47/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан журмыг зөрчсөн баримтууд талууд шүүхэд ирүүлсэн нь  нэхэмжлэлийн шаардлагыг болон маргааны үйл баримтыг нотлох  боломжгүй болсон төдийгүй бусад бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх тэдгээрийг “үнэлэх үндэслэлгүй” гэснээс өөрөөр уг бичмэл баримтуудыг нотлох баримтаас хасах эсэх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэлгүй орхисон.

Энэхүү зөрчлийн талаар 2016 оны 9 сарын 4-ний өдрийн 203/МА2016/00050 дугаар магадлалд тодорхой тусгагдсан боловч анхан шатны шүүх дээр дурдсан байдлаар дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн 4.516.600 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон /хх-70-71/ нотлох баримтад байгаа мэдээлэлийг хэрхэн яаж үнэлсэн,  тухайн бичмэл баримтанд дурдсан цаг хугацаа, нөхөн олговорын хэмжээг тооцон тогтоох  зэрэгт огт дүгнэлт хийлгүй хариуцагчаас уг төлбөрийг гаргуулахаар  шийдвэрлэсэн ойлгомжгүй, эргэлзээтэй  болжээ.

             Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ  шаардлагынхаа үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг  буюу Хөдөлмөрийн хуулийн  35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн  хариуцагч буюу ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс  Ц.Хандармаагийн  эрх ашиг зөрчигдсөн үйл баримтыг дурдсан хэдий ч маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцүүлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн гэж үзэх үндэсгүй байна.

            Иймд хариуцагч талын  давж заалдах гомдолд болон дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  143/ШШ2016/00429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00429 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Хандармаагийн  нэхэмжлэлтэй хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газарт  хариуцагдах хэргийг мөн шүүхэд нь буцаасугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ДОЛГОРМАА

                                          ШҮҮГЧИД                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                                            Н.НАСАНЖАРГАЛ