Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0270

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, тус сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: ...Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн Засаг даргаар томилох тухай” Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг бүхэлдээ хангаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Адъяа миний бие нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан гэж дүгнэхээр байна. Баг, хорооны хурал хууль ёсны шийдвэрээ хүчингүй болгох үндэслэл байхгүй ба дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасны дагуу зөрчил баримтаар нотлогдохгүй байгааг харж болно.

Тус хурлын үндсэн тэмдэглэлийг Дархан сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Д.Оюунбилэг хөтөлсөн байдаг. Хурлын нарийн бичгийн дарга н.Шараа нь тус хурлаас гаргасан тогтоол, шийдвэр, иргэдийн асуулт хариулт гэх мэт товч тэмдэглэл хөтлөх байдлаар ажилласан нь нотлох баримтаар харагдана.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арванзургаадугаар зүйлийн 9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус зөрчсөн явдал нь хүний сонгох, сонгогдох эрх, шударга өрсөлдөх тэгш эрхийг зөрчсөн, хуулийг уландаа гишгэсэн бүдүүлэг үйлдэл болсоныг анхаарах учиртай бөгөөд дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх учиртай.

Ийнхүү шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй, хариуцлагатай шийдвэрлэж чадаагүй улмаас хүний сонгогдох эрх, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй үйлдлийг өөгшүүлж, хэт нэг талыг барьсан явдалд миний бие гомдолтой байна”,

Хариуцагч Малчин багийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн буюу 50 хувиас дээш санал авсан Т.Мөнхзаяаг батламжлуулахаар уламжилсан.

Сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1640 дүгээр албан бичгээр Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтад оролцсон иргэдийн талаарх мэдээлэл тоон мэдээллийг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд гаргаж ирүүлсэн тайлбар, 04 дүгээр тогтоолыг үндэслэн Т.Мөнхзаяаг Малчин багийн Засаг даргаар томилсон.

Тийм учраас энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор иргэдийн олонхийн буюу 50 хувиас дээш санал авсан Тожил овогтой М-г багийн Засаг даргад нэрийг дэвшүүлэн сумын Засаг даргад уламжилсанаар Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Т.М-г Малчин багийн Засаг даргаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.6-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна”, 26.6.1-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 26.6.2-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 26.6.3-д “ялгүй байх” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Г-ийг ялтай эсэхийг тодорхойлсон цагдаагийн тодорхойлолт байхгүй гэсэн үндэслэлээр Малчин багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзаж, гуравдагч этгээд Т.Мөнхзаяаг хуульд заасан шаардлагыг хангасан хэмээн үзэж уг багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж иргэдээс санал хурааж, томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргад нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ялгүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байх талаар тодорхой заасан энэ тохиолдолд нэр дэвшигч нь дээрх шаардлагуудыг хангасан талаарх баримтаа бүрдүүлэх үүрэгтэй, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар нэр дэвшигч болон иргэдийг мэдээллээр хангаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.  

Хэдийгээр анхан шатны шүүх “...хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны байгууллага шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар нэр дэвшигч болон Малчин багийн иргэдийг мэдээллээр тэгш хангах үүргээ биелүүлээгүй” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32/1/4178 дугаар “...Т.М-д холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичгээс үзэхэд гуравдагч этгээд Т.Мөнхзаяаг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасан “ялгүй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

Гэтэл Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь багийн Засаг даргад нэр дэвшигчийн хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзсан атлаа гуравдагч этгээдийг хангасан хэмээн үзэж Малчин багийн Засаг даргад нэр дэвшүүлж, улмаар Дархан сумын Засаг даргад уламжилсан нь хуульд нийцээгүй байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хуульд нийцээгүй гэж дүгнэж буй энэ тохиолдолд түүнийг үндэслэн гарсан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн Засаг даргаар томилох тухай” Б/21 дүгээр захирамжийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ...” гэснийг “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                           ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ