Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5080

 

2016 оны 09 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05079

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс, Баянгол дүүргийн ...дүгээр хороо, СОТ-2/1 байрны ... тоотод оршин суух хаягтай, 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, .регистртэй, Боржигон овогт Ч.Б-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.А, гуравдагч этгээд Ч.Б нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-2/1 байрны ...тоотод оршин суух Ч.Б нь байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтансүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч.Б нь тус дүүргийн  9 дүгээр хороо, СОТ-2/1 байрны ... тоотод оршин суудаг бөгөөд бусадтай нийлж байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулах зөрчлийг байнга гаргаж, энэ байдал нь ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, байнга гомдол гаргадаг. Түүнчлэн зөрчил гаргагч нь удаа дараа эрүүлжүүлэгдэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулснаар олон удаа захиргааны арга хэмжээ авагдаж 30 хүртэл хоногоор баривчлагдаж байсан. Иймд Ч.Б-ийг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт зэргийг харгалзан үзэж түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  

Би олон жил архи ууж байгаа, мөн олон удаа эрүүлжүүлэгдэж байсан нь үнэн.  2013 онд архины албадан эмчилгээнд явахаар очиход эрүүл мэндийн шалтгаанаар буцаж байсан. Буцаж ирээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо хүнд өвчин эмгэггүй. 2016 оны 7 дугаар сард архи уугаад захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Баривчилгаанаас гарч ирээд дахин эрүүлжүүлэгдсэн нь үнэн гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, ... регистртэй, Боржигон овогт Ч.Б-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Гуравдагч этгээд Ч.Б нь бусадтай нийлж нийгмийн хэв журам зөрчин архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, 2010 оноос 2016 оны хооронд удаа дараа, тогтмол эрүүлжүүлэгдсэн, захиргааны арга хэмжээ олон удаа авагдаж байсан болох нь түүний өөрийн тайлбар, Цагдаагийн бүртгэлийн системийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх ба архинд донтох өвчтэй болох нь Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон Баянгол дүүргийн  эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр архинд донтох өвчний 3 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн байх тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр Ч.Б-ийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн боловч түүнийг биеийн эрүүл мэндийн байдал тэнцэхгүй гэх шалтгаанаар эмчилгээнд хамрагдаагүй болох нь түүний тайлбар болон Цагдаагийн зөрчлийн бүртгэлийн хуулбар зэргээр тогтоогдсон тул анх удаа албадан эмчилгээнд хамрагдаж байна гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар ... регистртэй, Боржигон овогт Ч.Б-ийг албадан эмчлэх газарт явуулж эмчилгээ хийлгэсүгэй.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.                   

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА