| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/05829/И |
| Дугаар | 210/МА2025/02044 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/02044
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/13264 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
11,920,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 11,920,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д худалдааны зөвлөхийн ажил албан тушаалд 800,000 төгрөгийн үндсэн цалинтай, KPI урамшуулалт цалин 700,000 төгрөг, ажилтанд олгох олон жил ажилласны болон ур чадварын нэмэгдэл, шагнал, урамшуулал зэргийг холбогдох журмын дагуу ажлын үр дүнгийн үзүүлэлтийг харгалзан олгохоор тохиролцсон. /хх-ийн 7/
3.2. Мөн тухайн өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ажилтан ******* нь байгууллагаас түүнд хадгалуулах буюу албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор хариуцуулан өгсөн эд хөрөнгийг хохирол учрахаас сэргийлэх үүднээс компаниас шаардлагатай хамгаалах хэрэгсэл шаардаж авах, аюул ослын нөхцөл үүсч болзошгүй тохиолдлыг байгууллагын захиргаанд цаг тухайд мэдэгдэх, байгууллага нь ажилтанд хэвийн ажиллах болон хариуцан авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх, ажилтанд хариуцуулан өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх харилцан үүрэг хүлээжээ.
Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус заасан хүчин төгөлдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 8/
3.3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/22 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар сарын 78.1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 9.6.9.1, 9.6.9.6, 9.7.13 дахь хэсэгт заасныг баримтлан худалдааны зөвлөх албан тушаалтай *******гийн ажлын цаг ашиглалт сул байнга хоцрох, бараа бүтээгдэхүүнийг эмх цэгцгүй хадгалах, энэ нь ажлын бүтээмж, борлуулалтын орлогод удаа дараа сөргөөр нөлөөлсөн, тооллогын үеэр удаа дараа их хэмжээгээр дутагдал үүссэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 6/
3.4. Хэргийн 11-12 дугаар талд авагдсан тооллогын хуудсанд ...2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хийсэн тооллогоор 121 нэр төрлийн 11,920,200 төгрөгийн бараа материал дутсан талаар тооцоо нийлж, нэхэмжлэгч байгууллагын нягтлан болон хариуцагч нар үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан.
3.5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөлдөө ...11,920,200 төгрөгийн бараа дутсан болохыг зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 2,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 10/
4. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* худалдагчаар ажиллах хугацаанд ажлын байран дахь эд хөрөнгийг тоолоход 121 нэр төрлийн бараа материал дутсан гэж, хариуцагч нь ...агуулахын цоож нь эвдэрсэн, тухайн газар камергүй байсан учраас цоожийг засуулах хүсэлтийг менежерт удаа дараа тавьсан, мөн тайлангийн хуралд энэ талаар хэлсэн ч засаж өгөөгүй. Сар бүр тооллого хийхэд дутсан бараа бага байсан ийм их хэмжээний бараа дутах боломжгүй, уг агуулахад өөр олон хүн орж гардаг байсан. Би хариуцан ажиллаж байсан тул 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна гэж тус тус тайлбарласан.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй гэж зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх бөгөөд харин мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй бол учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг шаардах эрхгүй.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид анх хичнээн нэр төрлийн хэдэн төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хийсэн тооллогын хуудсаар 121 нэр төрлийн 11,920,200 төгрөгийн бараа материал дутсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын үйлдсэн тооллогын хуудас гэх баримтад хариуцагч гарын үсэг зурсан, мөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн өргөдөл гаргасан нь уг төлбөрийг бүрэн төлөх, энэ хэмжээний бараа бүтээгдэхүүн дутсан гэх үндэслэл болохгүй боловч эдгээр баримт болон хариуцагчийн төлбөрийг зохих хэмжээгээр төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн төлбөрийн 50 хувийг хариуцуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тэрээр давж заалдах гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч нь ... надад эд хөрөнгө тоолж хүлээлгэн өгсөн... гэсэн боловч дараа тайлан гаргах үүрэг хүлээн эд хөрөнгө хүлээн авсан ажилтанд ажил олгогчийн зүгээс түүнд хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар бараа бүтээгдэхүүнийг хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлох ёстой.
4.3. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний 4.1.5-д ажилтныг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхэд шаардлагатай ажлын байр, хоол, техник хэрэгсэл, ажлын багаж хэрэгсэл, ажлын хувцас зэргээр хангаж, ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 2.1-д компани нь ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай мэдээлэл, баримтыг гаргаж өгөх, 2.3-т байгууллага нь ажилтанд хэвийн ажиллах болон хариуцан авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардагдах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан.
4.4. Хариуцагч нь агуулгын цоож эвдэрсэн, камергүй байсан, энэ талаар удаа дараа хэлсэн боловч засаж өгөөгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. Иймээс нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчид хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Давж заалдах шатны шүүх талуудын зарчимд нийцүүлэн хариуцагч нь шүүх хуралдаанд 11,920,200 төгрөгийн бараа материал дутсаныг хүлээн зөвшөөрөхгүй боловч 50 хувийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимтай нийцэж байгаа учир үүнийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/13264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ