Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 5097

 

  2016 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05097

                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О-ийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТТЭ, ...тоотод оршин суух, ...регисртэй, Боржигон овогт Ц.З

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.З оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ц.З шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн дүү Ц.З-н найз н.Я-р дамжуулан Д.Б-ай танилцсан. Д.Б үйлдвэр байгуулах гэж байгаа тул мөнгө хэрэгтэй, зээлсэн мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих зээлд хамрагдахаараа эргүүлэн өгнө гэсэн. Би 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Б, түүний нөхөр Н.А нартай уулзаж Н.А-ийн төрийн банкин дахь ... тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед дансаар мөнгө шилжүүлсэн тул гэрээ байгуулаагүй. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, Н.А-гийн дансруу дахин 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Д.Б-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.З нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...регисртэй, Олхонууд овогт Д.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Д.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Ц.З-н хүсэлтийг хангаж, Д.Б-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Олхонууд овогт Дорждавагийн Болормаа нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Шинэчлэл өргөө, .. дугаар байр ..-р орц ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ... регисртэй бөгөөд ... дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА