| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0671/Э |
| Дугаар | 684 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 684
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар М.Баярмаа,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Тунгалагтуулын Т.Эөд холбогдох 201525031372 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 ахын нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 356в тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бат овогт Тунгалагтуулын Т.Э /РД- ФБ00292674/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.Э нь ганцаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Шүүгдэгч Т.Э нь Ц.Баасансүрэнтэй бүлэглэж - 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 24-607 тоотод оршин суух хохирогч З.Дариймаагийн орон байранд нэвтэрч “Лжи” загварын гар утас, “Тошиба” загварын зөөврийн компьютер тус бүр ширхэг эд хөрөнгийг хулгайлж нийт 542.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч З.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой манай дүү гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан гээн. Тэгээд гэртээ ороод үзтэл манай гэрт байсан хар өнгийн зөөврийн компьютер, гар утас алга болсон байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 85-86х/,
насанд хүрээгүй гэрч З.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай гэр болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-607 тоотод орой 20 цагийн орчим би гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Ороод хартал манай гэрийн бүх юм байрандаа байсан. Тэгээд би зөөврийн компьютераа хайтал байхгүй байсан, мөн миний цэнэг нь дууссан байсан гар утас байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 87х/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжны 607 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 65-69х/, Эд зүйлийн "...Тошиба маркийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг 500.000 төгрөг..." үнэлгээ /1хх-ийн 77х/, Дамно ХХК-ны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЧД2-18-518 дугаартай "...Скайе вега маркийн ЛЖИ брендийн гар утас 42000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 104-105х/, шүүгдэгч Т.Эийн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-ийн 78х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 605Б тоотод оршин суух хохирогч Н.Баярхүүгийн орон байр болох гэрт нэвтэрч 32 инчийн “Тошиба” загварын “ЛСД” зурагт, эмэгтэй гар цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Н.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх гээд эхнэрийн хамт гарсан. Орой 17 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Тэгсэн манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороод хартал манай гэрт хулгай орсон байсан. Гэрт байсан зурагт алга болсон байсан ба эхнэрийн гар цүнх алга болсон байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 114х/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-605/6 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 102-105х/, Эд зүйлийн "...Тошиба маркийн ЛСД дэлгэцтэй 32 инчийн зурагт 300,000 төгрөг, эмэгтэй гар цүнх 20.000 төгрөг буюу нийт 320.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 112х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г643 тоотод оршин суух хохирогч Б.Болормаагийн орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Монел” загварын 40 инчийн зурагт ДВД тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 540.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед гэрээсээ гарсан Манай нөхөр Хүрэл-Энх гэртээ үлдсэн ба орой 17 цагийн орчим гэрээ цоожилж гараад 1 гаран болоод гэртээ хамт ирэхэд манай гэрийн хаалганы цүүг хөшөөд онгойлгосон байсан. Манай гэрт байсан Монел маркийн 40 инчийн зурагт болон ДВД тоглуулагч зэрэг алдсан байсан. Монел маркийн 40 инчийн зурагтыг 2014 оны цагаан сараа шинээр нь 799.000 төгрөгөөр худалдаж авч байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 138-139х/,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-643 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 126-130х/, Эд зүйлийн "...Монел маркийн 40 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 1 ширхэг 500.000 төгрөг, ДВД тоглуулагч 1 ширхэг 40.000 төгрөг буюу нийт 540.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 137х/ зэрэг нотлох баримтуудаар,
Б. шүүгдэгч Т.Э нь Ц.Баасансүрэн, Т.Эрдэнэсүх нартай бүлэглэн давтан үйлдээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-577 тоотод оршин суух хохирогч Б.Должинсүрэнгийн орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Фунай” загварын 32 инчийн зурагт, цахилгаан индукцин плитка зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Т.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 10 дугаар сард өөрийн эх Б.Оюунтуяа болон түүний эгч Б.Тунгалагтуулын хүүхэд нарын хамтаар түр хугацаагаар оршин сууж байсан Хайлаастын гудамжинд монгол гэрт амьдардаг байсан юм. Тэгээд 2015 оны 10 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед манай ээж хамгийн бага дүү болох Т.Оюунсувд /одоо 4 настай эмэгтэй/-г төрүүлээд удаагүй гэртээ ажилгүй байдаг байхад манайх гэдэг айл хоол унд их муутай байхад гаднаас эгч Тунгалагтуулын том хүүхэд болох Улаанаа ахын найз болох Баасансүрэн гэх залуу манай гэрээр орж гараад байдаг болсон тэгээд манай гэрт ирээд тухайн өдөр хоолгүй байхад Т.Э ахыг дагуулж гараад эргэж орж ирэхдээ хоолны хүнстэй ирсэн юм. Тэгээд тухайн үед хүүхэд байсан болохоор хаанаас авсан талаар асууж үзээгүй тэгээд хэд хоногийн дараа Баасансүрэн ах Т.Э ах бид хоёрыг дагуулж гэрээс гарч яваад Зурагтад байх гэр хорооллын гудамжинд байх айлын дундуур явж байхад одоо сайн санахгүй байна ямар айл байсан болохыг ямар ч байсан монгол гэртэй айлын хаалганы цоожийг нь Баасансүрэн ах эвдээд гэр дотор нь орж Баасансүрэн ах бид хоёр хойморт байх зурагтын тавиур дээр байх зурагтыг нь аваад Т.Э ах гэрээс плитка зэргийг аваад тэндээсээ гараад зурагтыг нь хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбарданд очиж Баасансүрэн ах тавиад мөнгөнөөс нь Т.Э ах бид хоёрт өгч плиткийг нь бид хоёр тухайн үед амьдарч байсан түрээсийн байрандаа хадгалж байгаад хураалгасан. Тэгээд тэрнээс хойш Баасансүрэн ах Т.Э ах бид хоёрыг дагуулаад мөн адил Зурагтын гэр хорооллын гудамжаар дагуулж яваад намайг нэг хашааны буланд үлдээгээд Т.Э ахыг дагуулаад явсан юм ирэхдээ бас нэг хар өнгийн нэрийг нь мэдэхгүй зурагт авч гарч ирсэн уг зурагтыг нь яасан эсэхийг одоо санахгүй байна тухайн үед ломбарданд тавьсан болов уу гэж бодож байна тэгээд эхлээд манай ээж Б.Оюунтуяа нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй тэгээд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээд намайг Баасансүрэн ах болон Т.Э ах хоёртой нийлж цуг явуулахаа больсон юм. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа цагдаа сэргийлэх болоод бид нар тус тусдаа амьдрах болж байж байгаад 2017 онд намайг болон манай дүү нарыг сургуульд сургах сурагчийн хэрэглэл, хувцсыг авч өгөх боломжгүй болоод сургаагүй чөлөө авахуулаад тэрнээс болж аав Төмөрсүх нь өөр дээрээ намайг болон миний доод талын 4 дүүг авч амьдрах болсон. Түүнээс хойш одоог хүртэл би аав болон өвөөгийн хамтаар амьдарч одоо Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 9б анги, анги удирдсан багш Лхагвацэцэгийн ангид суралцаж байгаа..." гэх мэдүүлэг /1хх-ийн 49х/
хохирогч Б.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутын үед нөхөр эхлээд гэрээс гараад би удалгүй араас гарч гэрээ цоожлоод ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал манай хашаанд байдаг дүү Чулуунбаатар миний утас руу залгаад танай гэрт хулгай орсон байна. Гэрийн хаалга чинь онгорхой цоожийг нь эвдсэн байна гэхээр нь би цагдаа дууд гэрийн юманд битгий хүрээрэй гэж хэлсэн. Ажлаасаа чөлөө аваад 15 цагийн орчим гэртээ очиход гэр онгорхой хорооны цагдаа ирсэн гэрийн үүднээс харахад манай гэрийн хойморт байсан Фунай маркийн 32 инчийн зурагт алга болсон байсан. Гэрт орж үзэхэд индукцин плитка бас байхгүй байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 33-34х/,
иргэний нэхэмжлэгч Г.Халиуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 22 дугаар байрны 19 тоотод ломбардны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Намайг анх ажлаа нээгээд байж байхад 16 цагийн үед гаднаас 20 орчим насны залуу орж ирээд зурагт авах уу гэхээр нь үзэж байгаад больё гэхэд буцаж гарч яваад нэг хүнтэй орж ирэхдээ 29 инчийн хар өнгийн гадаргуутай хятад улсад үйлдвэрлэсэн зурагт авч ирэхээр нь үзэж байгаад 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр тавьсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 180х/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-577 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 7-11х/, Эд зүйлийн "...Фунай маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 300,000 төгрөг, индукцийн плитка 30.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 19х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/489 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 5 дугаартай гар мөр санд МИ000510018967 дугаартай сэжигтэн Төмөрсүхийн Эрдэнэсүхийн зүүн гарын долоовор хурууны дардастай ерөнхий шинж тэмдэг болох дараах онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна..." гэх дүгнэлт /2хх-ийн 40-41х/, Н.Наранцэцэгээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фунай маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 24х/, “Хүслэн Булган” ХХК-ны бичиг баримтанд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Завдын Алтансүх /РД: УД81110203/ бичиг баримтаар Фунай маркийн 32 инчийн 1 ширхэг 100.000 төгрөгөөр барьцаанд..." үзлэг хийсэн тэмдэглэл болон хураан авсан барьцаат зээлийн 2505 дугаартай Хүслэн Булган ХХК-н гэх гэрээ /2хх-ийн 28х/ зэрэг нотлох баримтуудаар,
Г. Шүүгдэгч Т:Т.Э нь ганцаараа давтан үйлдлээр - 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 24-512 тоотод оршин суух хохирогч О.Анхбаярын орон байр болох Монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Конка” загварын 32 инчийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч О.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу амрахаар яваад 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирэхэд гэрийн цоож солигдсон байхаар нь гайхаад хажуу айлаас асуухад 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бид нарыг унтаж байхад танай гэрт хулгай орж зурагт аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод үзтэл гэрийн хойморт байсан Конка маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 168-169х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ суугаад ажлаа хийгээд байж байхад 2 эрэгтэй хүн орж ирээд 32 инчийн Конка маркийн эл си дс зурагт тавих гэхээр нь бичиг баримт байна уу гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд таксины жолоочийн бичиг баримтаар тавих гэхээр нь би заавал өөрийн бичиг баримтаар тавина гэж хэлсэн чинь байхгүй гэхээр нь би тухайн үед сэжигтэй санагдаад хорооны хэсгийн цагдаад мэдэгдсэн боловч манай дүүрэгт зурагт алдагдсан хэрэг бүртгүүлээгүй байна гэхээр нь за за гэж бодоод уг зурагтыг нь авч явсан залуугийн овог, нэр регистрийн дугаараар нь бүртгэж аваад 100.000 төгрөгийн барьцаанд авсан. Би өөрт учирсан 100.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 171-172х/,
гэрч Г.Баттүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Т.Э гэх хүүхдийг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон зурагтаа ломбарданд тавихдаа миний бичиг баримтыг ашигласан талаар одоо мэдэж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 173х/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 24-512 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 150-154х/, Бадарчийн Ууганбаатараас 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Конка” загварын 32 инчийн, KL32GT616 дугаартай зурагт хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 159-160х/, Барьцаалан зээлдүүлэх газрын 0002758 дугаартай Конка 32 ЛСД зурагт 1 ширхэгийг 100.000 төгрөгийн зээлийн барьцаанд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ганбатын Баттүвшин барьцаалуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 161х/, Эд зүйлийн "...Конка маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 350.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 164х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 26-578в тоотод оршин суух хохирогч Б.Ууганбаярын орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Леново” маркийн зөөврийн компьютер, гоёлын бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 хх-ийн 117х/,
гэрч С.Гэлэгжамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим манай гэрт ирээд ахаа та надад 1 зөөврийн компьютер ломбарданд тавиа өгөөч гэхээр нь би ахын дүү асуудал байхгүй биз дээ ах нь нялх хүүхэдтэй хүн шүү хэрэг, төвөгт ороогоод хаячхаарай гээд хэлтэл ерөөсөө тийм асуудал байхгүй ээ. Би зөөврийн компьютероо ломбарданд тавиад танд тал мөнгө өгье гэхээр нь хамт хүнсний 4 дэлгүүр автобусны буудлын ар талын нэрийг нь мэдэхгүй ломарданд 150.000 төгрөгөөр тавьж өгөөд, 70.000 төгрөг аваад Т.Этэй Сансарт хоолонд ороод салсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 120-121х/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-578В тоот хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 110-111х/,
Т.Эөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Леново маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, янцгааж байгаа морины зурагтай асаагуур, сумны дүрстэй асаагуур, хар өнгийн 4гб флаш диск, 2гб флаш диск, интернет холболтын утас, интернет модем, карт, цагаан өнгийн 925 гэсэн бичигтэй хос ээмэг, цагаан өнгийн улаан шигтгээтэй бөгж, цагаан өнгийн зүрх хэлбэртэй том шигтгээтэй бөгж, цагаан өнгийн дээрээ улаан шигтгээтэй хажуу хэсгээрээ цагаан шигтгээтэй бөгж, Самсунг 2гб багтаамжтай мемори карт, цагаан өнгийн 1 ширхэг өрөөсөн ээмэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 114х/,
Эд зүйлийн "...Леново маркийн зөөврийн компьютер 800.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 115х/, Дамно ХХК-ны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЧД-2-18-553 тоот үнэлгээний тайлан /3хх-ийн 129-130х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2/1013 дугаартай "...Шинжилгээнд хэргийн газраас бэхжүүлж ирүүлсэн 1, 3, 6 дугаарын 3 ширхэг гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд 2016-629-БЗД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөрнүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа МИ005210009822 бүртгэлийн дугаартай Тунгалагтуулын Т.Эийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна... гэх дүгнэлт /3хх-ийн 122х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 52-02 тоотод оршин суух хохирогч Х.Мөнхбатын орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Хайер” загварын 40 инчийн зурагтыг хулгайлж нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Х.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би өглөө 07 цаг 40 минутын үед гэрээ цоожилж гараад нохойгоо гүйдэг уяанд нь тавиад гарсан. Гараад Маньт орчхоод орой 21 цагт гэртээ ирсэн. Гэртээ буцаад ирэхэд манай хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга цоожтой байсан. Гэрлүүгээ ороод гэрлээ асаатал гэрийн зүүн хойд хэсэгт байсан 40 инчийн хар өнгийн ЛСД дэлгэцтэй зурагт алга болсон байсан. Тэгээд хаагуур орсон юм бол гэж гэрээ тойрч үзтэл гэрийн зүүн талын ханын 3 шийрийг хугалж орсон байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 25-26х/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 52 дугаар гудамжны 5 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 14-17х/, Эд зүйлийн "...Хайер маркийн 40 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 400.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 23х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жамсран уулын өвөр” гэх газрын 7-279 тоотод оршин суух хохирогч Д.Ариунаагийн орон байр болох Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн плитка, 32 инчийн “Грундиг” маркийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед гэрээсээ гарч, гадагшаа явж байгаад 18 цаг болж байхад гэрийн хаалганы зүүдэг цоож эвдсэн байдалтай гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ дотогш орж үзэхэд гэрийн хойморт байсан зурагт хажуу талын шүүгээн дээр байсан плитка зэрэг алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195х/,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-уулын өвөр 7-279 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 185-187х/, Эд зүйлийн "...Грандинг маркийн 32 инчийн зурагт, плитка нийт 320.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 192х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 43-50 тоотод оршин суух хохирогч Д.Баттулгын орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Шарф” загварын 32 инчийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний машин явдаггүй өдөр учраас гэртээ байж байгаад ажлаас захирал Нарантуул зах дээр очоод бараа ачуулаадах гэхээр нь гэрээ цоожлоод 11 цагийн үед гараад орой 23 цаг 50 минутанд гэртээ ирэхэд гэрийн цоож, дараа нь байхгүй байсан. Гэртээ ороход гэр орон замбараагүй, гэрийн хойморт байсан Шарф маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 99х/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 43-50 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 86-87х/, Т.Э 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Шарф” маркийн 32 инчийн зурагт Д.Баттулгад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 89х/, Эд зүйлийн "...Шарф маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 350.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 93х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жамсран уулын өвөр” гэх нэршилтэй газрын 8-3501 тоотод оршин суух хохирогч Э.Эрхэмболдын орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Айпон Эс-4” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 447.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Э.Эрхэмболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8 дугаар гудамжны 3501 тоотод байх гэрээсээ 13 цагийн орчим гарч яваад 16 цагийн орчим гэртээ эргээд ирэхэд гэрийн хаалганы цоожинд ямар нэгэн эдврэл гэмтэлгүй гэрийнхээ хаалганы цоожийг онгойлгоод дотор нь явж ороход гэрийн хойд талд байх хүрэн өнгийн мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн Самсунг лед зурагт болон гэрийн тавиур байсан хүрэн өнгийн цүнхэн дотор байсан ажиллагаа хэвийн хуучин Нокиа маркийн гар утас болон Самсунг Эс-4 загварын гар утас зэрэг алдсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 233-235х/,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-уулын өвөр 8-3501 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 217-220х/, Эд зүйлийн "...зурагт 300.000 төгрөг..." үнэлгээ /2хх-ийн 237х/, Дамно ХХК-ны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ЧД-2-19-358 дугаартай "...Нокиа маркийн гар утас, Самсунг Эс-4 маркийн гар утас нийт 147.600 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /2хх-ийн 239х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 43-59 тоотод оршин суух хохирогч З.Батбаатарын орон байр болох Монгол гэрт нэвтэрч “ЛЖ” загварын 32 инчийн зурагт, монетан нуухтай сүүлийн үеийн чулуун хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч З.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн хооронд гэрээсээ гараад Цайз захаас прүс мод аваад гэртээ иртэл хашаа, амбаар гэрийн хаалга бүгд онгорхой байхаар нь гэрээ нэг шагайж хараад цагдаад дуудлага өгсөн. 32 инчийн зурагт, монетан нуухтай сүүлийн үеийн чулуун толгойтой хөөрөг зэрэг алдсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 49х/, “...Би өөрийн гэрээс алдсан зурагтыг 2 хоногийн дараа цагдаагийн хэлтэс дээр очоод тухайн үед хэргийг шалгаж байсан Энхтулга гэж байцаагчаас өөрийн гэрийн 32 инчийн “ЛЖ” загварын ЛСд зурагтыг хүлээж авсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 50-51х/
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 43-59 тоот хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 37-40х/, Эд зүйлийн "...ЛЖИ маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 400.000 төгрөг, хөөрөг 5.000.000 төгрөг буюу нийт 5.400.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 45х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монелын” 33-65 тоотод оршин суух хохирогч Б.Эрдэнэхүүгийн орон байр болох Монгол гэрт нэвтэрч “Грандин” маркийн 32 инчийн зурагт, плитка зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэрээ цоожлоод гадагшаа гарч, гадуур ажилтай явж байгаад өдөр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирээд толгойгоо угаачихаад байж байхад эмнэлэг явах ажил гараад эргэж 16 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад гэрээ цоожлоод яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, байдалтай байсан. Тэгээд дотогш орж үзэхэд зурагтын тавиур дээр байсан хар өнгийн хүрээтэй 32 инчийн Самсунг маркийн ЛСД дэлгэцтэй зурагт алдагдсан байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд манай хашааны хойд талд байх эзэнгүй хашаан дотор манай гэрээс алдагдсан зурагт болон цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс байсныг намайг дуудаж үзүүлээд манай гэрээс алдагдсан зүйлс байсныг тэр дор нь надад хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг /3хх-ийн 76-77х/,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 33 дугаар гудамжны 65 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 68-70х/, Эд зүйлийн "...Самсунг маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт 390.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 74х/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 7-3293 тоотод оршин суух хохирогч Ч.Баасанцэрэнгийн орон байр болох Монгол гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт, хувцас зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 348.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Ч.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг болж байхад гэрээсээ гарч яваад Сансарын 48 дугаар сургууль дээр ороод 01 цаг 53 минутанд гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байдалтай цоож цүүг хөшиж орсон байсан. Гэртээ орж үзэхэд зурагт алдагдсан байсан. Манай хүүхдийн хувцасны шүүгээнд байсан эмэгтэй куртика, 2 ширхэг жинсэн өмд, бугуйн цаг, бага охины гутал зэрэг эд зүйл алдсан байсан. Алтан-Өлзий гэх манайхаас дээшээ гэр нь байдаг эмэгтэй манайхаас гурван эрэгтэй хүн хашааны гадаа зогсож байсан. Тэр гурван хүн буцаж ирж байхад нь хар өнгийн зурагт цүнхтэй юм бариад явж байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /3хх-ийн 161-163х/,
Баянзүрх дүүргийн Жамсран-Уулын өвөр 7 дугаар гудамжны 3293 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 153-155х/, Эд зүйлийн "...Пунай маркийн 32 инчийн зурагт, хүүхдийн хос гутал нийт 280.000 төгрөг..." үнэлгээ /3хх-ийн 159х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Алтанцоожийг бусадтай бүлэглэн 4 удаа, дангаар 9 удаа нийт 13 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Э нь нийт 13 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаар бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоос зарим эд зүйлийг нь биет байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үед буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Одоо бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд өөрт оногдох хувь болох хохирогч З.Дариймаад 271.000 төгрөг, хохирогч Н.Баярхүүд 160.000 төгрөг, хохирогч Б.Болормаад 270.000 төгрөг, хохирогч Б.Должинсүрэнд 10.000 төгрөг тус тус төлж барагдуулах үлдэгдэлтэй байна. Харин дангаар үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Мөнхбатад “Хайер” загварын зурагтны үнэ 400.000 төгрөг, хохирогч Д.Ариунаад 32 инчийн плитка, “Грундиг” загварын зурагт зэргийн үнэ 320.000 төгрөг, хохирогч Д.Баттулгад “Шарф” загварын зурагтны үнэ 320.000 төгрөг, хохирогч Э.Эрхэмболдод “Самсунг” загварын зурагт, “Айпон эс-4” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас зэргийн үнэ 447.600 төгрөг, хохирогч З.Батбаатарт 1 ширхэг хөөрөгний үнэ 5.000.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэхүүд “Грандин” загварын 32 инчийн зурагт, плитка зэргийн үнэ 320.000 төгрөг, хохирогч Ч.Баасанцэрэнд 32 инчийн ЛСД дэлэгцтэй зурагт, хувцас зэргийн үнэ 348.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаатарт 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Т.Эөөс нийт 7.967.000 төгрөгийг гаргуулж, дээрхи нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт оногдох хувиар олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Эрдэнтөгс нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтас хэрэгт авагдсан хохиролын эд зүйлийн үнэлгээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ зэрэгтэй маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Эөд ял шийтгэл оногдуулахдаа насанд хүрээгүй байхдаа хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэм хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн бадлыг нь харгалзан үзэж тохирох хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бат овогт Тунгалагтуулын Т.Эийг дангаар болон бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Т.Эөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Т.Эөд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Эийн цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эөөс нийт 7.967.000 /долоон сая есөн жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч З.Дариймаа /РД: ОЛ92031664/-д 271.000 төгрөг, хохирогч Н.Баярхүү /РД: СЩ81080915/-д 160.000 төгрөг, хохирогч Б.Болормаа /РД: НП95111909/-д 270.000 төгрөг, хохирогч Б.Должинсүрэн /РД: ЕС67022204/-д 10.000 төгрөг, хохирогч Х.Мөнхбат /РД: НИ61081912/-д 400.000 төгрөг, хохирогч Д.Ариунаа /РД: ЦВ69091660/-д 320.000 төгрөг, хохирогч Д.Баттулга /РД: ЖЮ80111911/-д 320.000 төгрөг, хохирогч Э.Эрхэмболд /РД: ЗЕ88072215/-д 447.600 төгрөг, хохирогч З.Батбаатар /РД: АК67112916/-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэхүү /РД: АО90010417/-д 320.000 төгрөг, хохирогч Ч.Баасанцэрэн /РД: ПЮ55101609/-д 348.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаатар /РД: ЦК89031711/-д 100.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Т.Эийн эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Эөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ