| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05466/И |
| Дугаар | 210/МА2025/02053 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/02053
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07496 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 86,975,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Хариуцагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн *******,*******,*******,*******,*******,******* орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн ******* ББСБ ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болоход хариуцагч зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй.
Иймд *******аас үндсэн зээл 46,322,000 төгрөг, зээлийн хүү 39,387,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,253,474 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 86,975,180 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* ББСБ ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэйгээр дүүгийнхээ бизнесийг дэмжих зорилгоор зээл авсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Харин дүүгийн бизнес түр зогсонги байдалд орж одооноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул сар бүр 5,000,000 төгрөг төлөх замаар зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас 86,975,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч ******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хөрөнгө барьцаалах гэрээний барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээтэй, 40 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,026 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 663,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн дүү түүний нэр дээр зээл авахуулж хэрэглэсэн тул түүнийг гэрч эсхүл хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргахад шүүх хангаагүй. Энэ нь хариуцагчийн дансны хуулга, холбогдох баримтаар зээлийг захиран зарцуулаагүй. Хариуцагчаас зээл авсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар маргаагүй, харин төлбөр төлөх хугацааг ББСБ-тай харилцан тохиролцох эсхүл график гарган бүрэн төлж барагдуулах илэрхийлсэн.
4.2. Шүүхээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 3.1, 3.5-д зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар ББСБ-тай тохироогүй бол түүний барьцааны зүйлийг шууд худалдан борлуулах... гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох гэж оролдсон ч тохиролцох эсхүл энэ талаар ярилцах боломж олгоогүй. Нэхэмжлэгч талаас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн.
Тус орон сууцанд хариуцагч нь эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг, түүний ганц байгаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйн тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох хүсэлтэй байсан ч шүүх хүсэлтийг хэлэлцээгүй. Хариуцагчийн зүгээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг шууд хангуулахгүйгээр******* ББСБ ХХК-тай төлбөл зохих 86,975,180 төгрөгийг сар бүр 5,000,000 төгрөгөөр төлөхөө илэрхийлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байх талаар хүссэн боловч шүүхээс зохигчдыг эвлэрүүлэх ажиллагаа явуулах, эв зүйгээр шийдэхгүйгээр, барьцааны зүйлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг төлнө гэх хариу тайлбарыг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй, хариуцагчийн зүгээс хугацаа авч байна. Мөн хариуцагч нь талуудад эвлэрэх боломж олгоогүй гэж тайлбарладаг ч шүүх хуралдаан 2-3 удаа хойшлогдсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэх санал гаргаж хугацаа шаардлагатай гэж хэлсэн боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс саналыг хүлээж аваагүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүх зээл авсантай холбогдуулан маргаангүй гэх дүгнэлтийг хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой байхад санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 46,322,000 төгрөг, зээлийн хүү 39,387,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,253,474 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 86,975,180 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. ******* ББСБ ХХК нь *******тай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 9/
4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд мөн өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. /хх-ийн 10/
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.-д заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн, зээл болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж зөв дүгнэжээ.
4.2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч *******ын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
4.3. Хэргийн 62 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын баримтаас үзвэл хариуцагч нь үндсэн зээлд 3,678,000 төгрөг, зээлийн хүүнд 3,752,700 төгрөг, нийт 7,430,700 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
4.4. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй. Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.
4.5. Анхан шатны шүүх хариуцагч *******аас үндсэн зээл 46,322,000 төгрөг, зээлийн хүү 39,387,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,253,474 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 86,975,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Дээрх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч нь зээлийг тодорхой хугацааны дотор хэсэгчлэн буюу сар бүр 5,000,000 төгрөг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн шүүх хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хойшилсон боловч талууд эвлэрээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох хүсэлтэй байхад шүүх хүсэлтийг хэлэлцээгүй... гэх гомдлыг хангахгүй.
5. Хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчтэй тохиролцох гэсэн боловч боломж гараагүй, гэтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадаагүй нөхцөлд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч барьцааны гэрээг байгуулсан байх тул түүний гомдол үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар *******ын дүү ыг татуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчид хариуцагчийг тодорхойлж татан оролцуулах эрхийг хуулиар олгогдсон байдаг тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592,826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ