Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 685

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олгонууд овогт Баярмагнайгийн Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911015170761 тоот хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хамтран амьдрагч 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын 12-348 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олгонууд овогт Баярмагнайгийн Б.Х /РД- УХ98110847/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын 01, 08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Хаджанцангийн “Централ Капитал” ББСБ-ын “К.МОБИ.МН” аппликейншд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж түүний өмнөөс зээл авч, улмаар түүний Хаан банкны дугаар бүхий картыг “мөнгө хийчихээд өгье” гэж хуурч аван цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хуурч нийт 390.000 төгрөг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 25-нд байхаа манай нөхөр болох М.Батмөнхийн авга ах болох О.Ханджанцан ах манай гэрт байж байхдаа надаар өөрийн гар утсан дээр К.МОБИ гэх аплейкшнг надаар сулгуулсан юм. Тэгээд би тухайн үед О.Ханджанцан ахын К.МОБИ гэх аплейкшнд нэвтрэх нууц үгийг нь мэдээд авчихсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн гар утсан дээрээс О.Ханджанцан ахын нэр, нууц дугаарыг ашиглаж, К.МОБИ аплейкшинд нь нэвтэрч ороод 300.000 төгрөг зээлж аваад О.Ханджанцан ахаас “ХААН” банкны картыг нь дансанд чинь мөнгө хийж авчихаад эргүүлээд өгье гэж гуйж аваад “Нарантуул-2” захын “ХААН” банкны АТМ-ээс очиж 300.000 төгрөгөө гаргаж авсан юм. Дараагаар нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би мөн дээрх байдлаар дахиж 90.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23х/

хохирогч О.Хаджанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын дундуур өөрийн танил болох Б.Х гэх эмэгтэйтэй хамт Тэнгис кинотеатр дотор байх “К.Моби” гэх банк бус санхүүгийн байгууллагад бүртгүүлсэн... Б.Хаар “К.Моби” аппликейшинг ашиглаж хэрхэн мөнгө зээлэх талаар заалгасан. Гэхдээ мөнгө зээлж аваагүй. Миний К.МОБИ аппликейшинд нэвтрэх нэр, нууц үгийг Б.Х бид хоёр л мэднэ. Тэгтэл 5 дугаар сарын 15-ны өдөр “К.Моби” ББСБ-аас надруу залгаад зээлээ төл гэсэн. Тэгэхээр нь би зээл аваагүй гэсэн чинь та манай аппликейшиныг ашиглаад 2019 оны 5 дугаар сарын 01, 08-ны өдөр 390.000 төгрөгийн зээл авсан байна гэсэн. Б.Х 5 дугаар сарын 01-ний өдөр “Нарантуул-2” захын тэнд миний “ХААН” банкны картыг мөнгө хийгээд өгье... 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх гэрт ирээд миний “ХААН” банкны картыг мөнгө хийчихээд өгье гээд гуйж авсан. “К.Моби” ББСБ-ын аппликейшинд зөвхөн миний 5065128805 гэх данс бүртгэлтэй байдаг. Хэрэв уг аппликейшинаас мөнгө зээлвэл зөвхөн энэ данс руу л мөнгө орно. Би Б.Хд “ХААН” банкны картаа өгөхдөө кодоо хэлж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,

иргэний нэхэмжлэгч Ч.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12х/, хохирогч О.Ханджанцангаас бичгээр гаргасан гомдол /хх-ийн 4х/, хохирогч О.Ханджанцангийн 5065128805 дугаартай Депотиз дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-7х/, “Централ Капитал” ББСБ-ын 19/01229 дугаартай хариу хүргүүлэх албан тоот, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх-ийн 31-34х/,  “Централ Капитал” ББСБ-ын 19/01315 дугаартай итгэмжлэл олгох тухай албан тоот /хх-ийн 36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Хыг өөрийн авга ах О.Ханджанцангийн “Централ Капитал” ББСБ-ын К.Моби.мн гэх зээл олгодог аплейкшиний нэвтрэх үг, нууц үг зэргийг цахим хэрэгсэл ашиглан нийт 390.000 төгрөгийн зээлийг авч, уг мөнгөө мөн О.Ханджанцангийн “ХААН” банкны эзэмшдэг дансны дугаар, карт зэргээр худал хэлэн, гарган авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан хуурч залилсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч Б.Х нь тус хэрэг шүүхэд шилжиж ирсэн хойно хохирогч О.Ханджанцанд учруулсан хохиролыг, иргэний нэхэмжлэгч “Централ Капитал” ББСБ-гад нийт 454.100 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичигийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролоо төлсөн, гэм буруугаа хүлээж буй байдал, бага насны 2 хүүхэдтэй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Олгонууд овогт Баярмагнайгийн Б.Хыг хуурч, цахим хэргэсэл ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд Б.Хыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ