Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 203/МА2025/00051

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр Дугаар 203/МА2025/00051 Даланзадгад сум

 

 

 

Э.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2025/00343 дугаар шийдвэртэй, Э.*******ын нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 

Т.*******тэй 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2011 оны 02 дугаар сарын 06-нд анхны охин М.*******, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүү М.*******, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин М.******* нар төрсөн.

Миний бие удаа дараа сэтгэл санаа, бие махбодын дарамтыг үүрч өдийг хүрсэн. Өсвөр насны 11,15 настай хоёр хүүхэд бид нарын муудалцаж байгаа бүх зүйлийг хардаг. Хүүхдүүдээ бодож би өөрөө нялх биетэй ч байнга гар хүрч доромжилж итгэл алдсан олон үйлдлийг нь удаа дараа уучилж ирсэн. 2021 онд согтуу хардаж хамар хугалж үүдэн шүд хугарч байсан шүүхээр орж шийтгүүлээд мөн л эвлэрсэн. Энэ нөхцөл байдлаар амьдралаа цааш үргэлжлүүлэх боломжгүй. Цаашид энэ хүний сэтгэл хөрчихсөн 3 хүүхэд, намайг бодох нь байтугай тийм үйлдэл өчнөөн гаргасан ер нь цаашид амьдармааргүй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгомоор байна. Цаашдаа 3 хүүхдээ өөр дээрээ аваад явж чадна гэж бодож байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

******* миний бие 11 настайгаасаа өнчин өрөөсөн өссөн учир хойт эцэг, эхийн зовлон мэддэг болохоор миний хүүхдүүд болох М.*******, М.*******, М.******* өнчрүүлэхийг хүсэхгүй байна.

Миний хувьд сүүлийн жилийн хугацаанд нүүрс тээврийн үнийн уналтаас шалтгаалаад нүүрс тээвэрт яваагүй удсан. Бололцоогоороо хаягдал төмрийн хог Улаанбаатар хот руу аваачиж аваачдаг. Олсон мөнгө төгрөгөө эхнэрт өгдөг. Э.******* нь найз нөхөдтэйгөө архи, пиво уудаг. Сургалтын багш нэг зураг зурж ирээрэй гээд зураг зурах гээд сууж байсан юм хум хийсэнгүй бараг мөнгө төгрөг олсонгүй гээд уурлаад наана цаана гээд байхаар нь чи чинь яачхаад байгаа юм бэ гэсэн чинь чамтай харьцахгүй зайлаа гэсэн. Өмнө айлд машин янзалж байсан тэрийгээ дуусгаад мөнгө төгрөг өгчихье гэсэн юнивишний мөнгө нэхэгдээд байна мөнгө төгрөг өг гэсэн. Би чинь хүн юм болохоороо хэрэгцээ байгаа. Найзууд нь манай хүний толгойг нь эргүүлдэг. Би наадах чинь сэтгэл санаа нь хөрсөн байна. Сал ингэ тэг гэдэг гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.*******, Э.******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.*******, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү М.*******, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин М.******* нарыг эх Э.*******ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар 2011 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.*******, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү М.*******, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин М.******* нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Т.*******эс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэсэн болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118, 167 дугаар зүйлд заасан "үндэслэл бүхий, хууль ёсны" шийдвэр байх шаардлагыг хангаагүй бөгөөд дараах үндэслэлээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Гэр бүлийг хадгалах боломжтой талаар анхан шатны шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг хангалттай аваагүй/хэлбэрийн төдий авсан буюу анхан шатны шүүх гэрлэлтийн харилцааг "эргэж сэргээх боломжгүй" гэж дүгнэхдээ нотолгоогүй буюу хангалттай нотлох баримтгүй шийдвэрлэсэн. Гомдол гаргагчийн зүгээс эвлэрэх, хамтран амьдрах хүсэл, эсхүл боломжит санаачилгыг шүүх үл тоомсорлосон.

Би /бид/ шүүхийн хяналт дор эвлэрэх хугацаанд гэр бүлийн харилцааг сэргээх боломжтой болохыг илэрхийлж, эвлэрэх санал тавьсан боловч шүүх үүнийг харгалзан үзээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй.

Манай гэр бүлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14,3-т заасан "харилцааг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлтийг гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлж, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан.

Шийдвэрийн 3-р хуудсанд "хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй" гэх зэргээр үгүйсгэсэн боловч, бодит байдал дээр тухайн баримтууд хэрэгт авагдсан байсан эсвэл шүүх хангалттай нотлох боломжийг олгоогүй буюу "зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гомдол болон нэхэмжлэгчийн биедээ хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн, бие даан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Гомдол гаргагчийн хэрэгт авагдсан чухал нотлох баримтууд (Жишээ нь: хөрөнгийн гарал үүслийг нотлох баримт, банкны хуулга, эсхүл гэрчийн мэдүүлэг)-ыг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй буюу буруу үнэлж, шийдвэрээс гадуур орхигдуулсан.

2. Шийдвэрийн 4-р хуудсанд шүүх "Т.******* эцэг эх нь хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байх" болон "хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах" үндэслэлээр асрамжийг тогтоосон байна. Гэвч:

- Хүүхдийн бодит орчин, сэтгэл зүйн байдал, эцэг, эхийн нөхцөл боломж, хүүхдийн үзэл бодлыг (хэрэв 8 нас хүрсэн бол) шүүх хангалттай судлаагүй.

- Гомдол гаргагч тал (нөгөө эцэг/эх) хүүхдийг өсгөх санхүүгийн чадавх, цаг зав, нөхцөлөөр илүү байгааг шүүх харгалзан үзээгүй.

- Тухайлбал, шийдвэрт хүүхдийн асрамжийг хэнд тогтоох тухай бодит шалтгаан нь буруу үнэлэгдсэн эсвэл огт тусгагдаагүй.

Шүүх "Бие даан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нь гуравдагч этгээд (жишээлбэл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, эцэг/эх)-ийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг (жишээ нь: асрамжийн орчны судалгаа, дүгнэлт) үндэслэлгүйгээр үгүйсгэсэн гэсэн үг юм. Шүүх уг баримтуудыг яагаад хүлээн зөвшөөрөөгүйгээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлаагүй нь гомдол гаргах чухал үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 26-ний өдрийн 144/ШШ2025/00343 дугаартай шийдвэрийн гэрлэлт цуцлахтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, гэрлэлтийг цуцлахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.*******эс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.******* нарын гэрлэлтийг цуцалж, хариуцагч Т.*******эс охин М.*******, хүү М.*******, охин М.******* нарт сар бүр Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдүүдийн насны байдлыг харгалзан хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэснийг хариуцагч Т.******* эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.******* нь Миний бие Э.******* нь гэрлэлт цуцлах хэргийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.******* бид хоёр 7 сараас хойш эвлэрч хамт амьдарч байгаа учраас гэрлэлтийг цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, хариуцагч Т.******* Миний бие Т.******* эхнэр Э.*******тай эвлэрсэн учраас давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбаруудыг тус тус гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зохигчид эвлэрсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно. гэж заасныг үндэслэн хариуцагч Т.******* нь давж заалдах гомдлоосоо татгалзсан тул мөн хуулийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Маргад-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Т.Маргад-Эрдэнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2025/00343 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Э.*******ын нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Маргад-Эрдэнийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА