Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 691

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Батсүхийн Б.Бт холбогдох эрүүгийн 1711000560642 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, нэхмэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 34-421 тоотод оршин суух хаягтай, урьд:

-2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 cap 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Бэсүд овогт Батсүхийн Б.Б /РД: УХ98092551/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 19-343 тоотод орших Б.Долгорсүрэнгийн эзэмшлийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Мөнхжаргалын 2 ширхэг хивс, бэлэн хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 4.575.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би бол тухайн амьдарч байсан газарт байх байшингаас 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг руу явсан. Өвөрхангай аймгаас өөрийн хамаатны дүүдээ утсаар залгаж хэлээд очоод гэр хараад эргэж тойроод үзээдэх хулгай орчихсон юм шиг байна гэж хэлээд явуулсан. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр очиж үзэхэд нь хулгай орчихсон байна гэж надад хэлэхээр нь би эгч Долгорсүрэн рүү утсаар яриад та очоод үзээтэх хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэр өдрөө бол цагдаа нар очоогүй яагаад гэхээр Долгорсүрэн эгч ажилтай байж таараад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байх цагдаа нар дагуулж очсон. Хулгайч болохоор жижиг өрөөний модон цонхоор дамжиж орсон байсан. Тэр үедээ би хараагүй Долгорсүрэн эгч цагдаа нартай очоод үзэхэд жижиг өрөөний модон цонх хагарчихсан, шохой, замаск нь уначихсан байсан талаар надад хэлсэн. Манай гэрээс миний 2 ширхэг эрдэнэт хивс, чемодан, хайрцагтай хувцаснууд алдагдсан. Миний хувцаснууд бол бүгд шинэвтэр хувцаснууд байсан. Тэгэхдээ өмсөж байсан хувцаснууд ч байгаа шинэ огт өмсөөгүй хувцаснууд ч байсан. Тэгэхлээр миний хувцаснуудыг шинэвтэр хувцаснууд байсан гэж үзэж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 44-48х/,

гэрч Э.Будцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байсан байх. Намайг гэртээ байхад манай тухайн үед хамт амьдарч байсан эхнэр болох Мөнхжаргалын эгч нь Долгорсүрэн над руу утсаар ярьж манай хойд Хайлаастад байдаг хашаанд хүн орчихсон юм шиг байна очоод шалгаадхаач надад зав гарахгүй байна гэж хэлсэн. Тэр орой 23 цаг өнгөрч байхад ярьсан юм. Би явж очоод ЧД-ийн 15 дугаар хороо Жаргалантын 19-343 тоотод очиж гэрийг нь шалгасан. Тэднийх хашаандаа нохой байхгүй бөгөөд манай хүүхдийн ээж болох Мөнхжаргал тэнд амьдардаг байсан юм. 2016 оны 09 дүгээр сард тэр байшинд орж амьдраад 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тэр байшинд амьдарч байгаа хөдөө Өвөрхангай аймаг РУУ хүүхдээ агаарт байлгахаар авч явсан юм. Намайг тэр байшинд очиход байшингийн хамгийн баруун талын өрөөний цонх нь хагарчихсан байсан. Би цонхоор нь хараад түлхүүрээр нь онгойлгоод гэрт нь дотогш орж юмнуудыг нь шалгаж үзсэн. Тэгтэл гэрт нь байсан 2 ширхэг хивс, шкафанд байсан хувцаснууд нь байхгүй нилээд ундуй сундуй болчихсон тэнд хүмүүс архи уусан бололтой байсан. Тэгээд би хагархай цонхыг нь даавуугаар хаагаад хаалгыг нь түгжээд явсан юм.Тухай үед би цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй болохлоор хаалга үүдийг нь хааж түгжээд гарсан ба эхнэр Мөнхжаргал руугаа болсон асуудлын тапаар хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/,

гэрч А.Идэрхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2017 оны зун 17-р сургуулийн буудал дээр байрлах Дуулга бааранд танилцсан. Би энэ хүнийг танина. Манай эгчийн дэлгүүрийн хажууд байдаг нэг залуутай хамт явж байсан. Тэр залуу Б.Б гэх залууг манай найз гэж танилцуулсан. Би 2 охинтой хамт явж байсан. Бид нар бааранд хамт нэг ширээн дээр сууж байгаад баарнаас гараад тэр залуу манайд очиж ахиж архи ууя гэж хэлсэн. Тэгээд бид "хайлаастад нэг байшинд очиход тэр залуу түлхүүрээ алга болгосон гээд цонхоор ороод хоночихъё гэхээр нь бид нар бүгдээрээ цонхоор ороод тэр байшинд 2 шил архи уусан. Тэгээд тэнд хоноцгоосон. Маргааш өглөө нь миний мөнгө дууссан байсан. Тэр залуу солонгос улсаас манай эгчээс каргогоор ирсэн хувцаснууд байгаа, энийг авч яваад зах дээр аваачаад зарчихья гээд тэр байшинд байсан 2 чемодантай хувцас, хүүхдийн тэрэг зэрэг эд зүйлсийг бид нар такси бариад нарантуул зах дээр аваачаад 70.000-80.000 төгрөгөөр зарсан. Юм зарсан мөнгөөрөө бид нар дахин архи аваад туул гол дээр очиж архи уугаад нэг өдөржин тэнд байсан. Орой нь хайлаастад ирээд манай эгчийн дэлгүүрийн хажууд байдаг Б.Бын найз гэх залуугийнд орж хононо гэж ороод тэнд байж байгаад би тэнд хонолгүй гэртээ орж хоносон. Хэд хоногийн дараа Б.Б манай эгчийн дэлгүүр дээр ирээд нэг мөнгөн бөгж тавиад архи зээлье гэж хэлэхээр нь би дэлгүүрээсээ нэг шил архи авч өгсөн. Тэрнээс хойш уг залууг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/,

гэрч Г.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Б шоронд ял эдэлж байхдаа надруу утсаар яриад би Чингэлтэй дуүргийн 15 дугаар хороонд нэг айлаас баахан хувцас хулгай хийсэн юм. Та тэр айлын хүний хохирлыг барагдуулаад өгөөч гээд надруу байн байн утсаар яриад байхаар нь би хашаа байшингаа барьцаанд тавьж зээл аваад хохирогч гэх Мөнхжаргал гэх эмэгтэйтэй уулзан хохирлын мөнгө болох 4.575.500 төгрөгийг өгсөн. Би тэр эмэгтэйд бэлэн мөнгөөр өгсөн ба ямар нэг баримт үйлдээгүй. Тэр эмэгтэй одоо ямар нэг гомдол байхгүй гэж надад хэлсэн. Мөн тэр эмэгтэй нь өвөл боллоо, өмсөх хувцасгүй хэцүу байна гээд байн байн залгаад байхаар нь би хохирлын мөнгийг нь төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-29х/, Гарын мөрийн харьцуулсан шинжилгээний 06/393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-79х/, Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 80-82х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь  2017 оны 6 дугаар сарын 20 өдрөөс 30 өдрийн хооронд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах буюу 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээ нь 2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах буюу 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл хэмжээнээс багассан байна.

Иймд Б.Бын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй тул түүнийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор орон байранд нэвтэрч бусдын эд хөрнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирогч Б.Долгорсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллгааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурджээ. /хх-ийн 33-35х/ Хохирогч Б.Мөнхжаргалд энэ гэмт хэргийн улмаас нийт 4.575.500 төгрөгийн хохирол учирсаныг мөрдөн шалгах ажиллаагны үед шүүгдэгч Б.Бын ар гэрийн зүгээс бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 52х/ Иймд Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэжээ.

Иймээс Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугай хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрлөөс торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.  

Мөн Б.Бын урьд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сар 11 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялын нийт хэмжээг шүүх тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэсүд овогт Батсүхийн Б.Быг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Бт эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бын урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 cap 11 хоногийн хорих ял оногдуулж шийтгэгдсэнээс, эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 6 /зургаа/ сар 08 /найм/ хоногийн хорих ялд, энэ тогтоолоор түүнд оногдуулсан 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 08 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон нийт 80 /ная/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ