Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/2016/06282/И

 

2016 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05101

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 69 тоотод оршин суух, УГ73050508 регистртэй,  Боржигон овогт Жагдагийн Ариунжаргалын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Юүби Платинум” байрны 606 тоотод байрлах, 5446279 регистртэй, “Стандарт Проперти” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 3,290,854 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ж.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Би “Стандарт проперти” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/29 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар цахилгааны инженерийн албан тушаалд ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.5-д заасны дагуу ажилчдын цалинг хугацаанд нь тавьж олгохгүй удаашрах, ажилд шаардлагатай материалаар цаг хугацаанд нь хангагдахгүй байгаа асуудлаар компанийн удирдлагад хэлж ажлаа танилцуулсны төлөө  хууль бус үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, мэргэжлээрээ цааш ажиллах боломжгүйд хүрээд байна. “Стандарт Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СП/63 дугаартай тушаал гарч намайг ажлаас хууль бус үндэслэлээр чөлөөлөхдөө миний ажилласан үеийн буюу 2016 оны 6 дугаар сарын цалин 2,214,285 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин 357,142 төгрөг нийт 2,571,427 төгрөгийн цалинг огт олгоогүй. Дээрх цалин тогтоосон хугацаандаа олгогдоогүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар алданги 219,427 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “Стандарт Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СП/63 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 6,838,022 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 7, 8 дугаар саруудын ажилаагүй хугацааны цалингийн алдангид нийт 360,000 төгрөг шаардсанаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 6,478,022 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагчаас үүнийг зөвшөөрнө гэвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

 Би “Стандарт Проперти” ХХК-д цахилгааны инженерээр ажилж байсан Ж.Ариунжаргалын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд 6,838,022 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 360,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 6,478,022 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул татгалзах зүйлгүй гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ж.Ариунжаргал нь хариуцагч “Стандарт Проперти” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6,838,022 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

          2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Стандарт проперти” ХХК, Ж.Ариунжаргал нар хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Ариунжаргал нь хариуцагч байгууллгад цахилгааны инженерээр сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллахаар харилцан тохиролцож, гэрээг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна.

 

          Гэвч хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СП/63 дугаар тушаалаар Ж.Ариунжаргалыг цахилгааны инженерийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгаварр болгосон байна.

 

          Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд 6,838,022 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 360,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 6,478,022 төгрөг болон ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хариуцагч “Юүби платиниум” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Ж.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, “Стандарт проперти” ХХК-д холбогдох  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6,838,022 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 360,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 6,478,022 төгрөг болон ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА