Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02001

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00846 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТБАГУТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,645,642 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******нд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.2.Би 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. Ингээд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд асрах чөлөөнөөсөө ажилдаа эргэн орсон. Ажил олгогч зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. 2024 оны 6 дугаар сард гарсан зөрчилд 2025 оны 4 дүгээр сард шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй.

1.3.Автомашины торгуулийн төлбөр 339,000 төгрөгийн гүйлгээ нь гүйцэтгэх удирдлагын зөвшөөрлөөр хийгдсэн. Хугацааг нь тодруулахад 2019, 2020, 2021, 2022, 2023 оны нийлбэр байна. 12,295,000 төгрөгийн автомашины сэлбэг хэрэгслийг өмч хамгаалах комиссын шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар худалдан авсан байдаг.

Нягтлан бодогч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх субъект болохоос биш үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх субъект биш. Дээрх 3 зөрчил нь удирдлагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд ******* өөрөө дур мэдэж хийсэн гүйлгээ биш. Үндэсний аудитын шаардлага 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн байхад 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр ажлаас халсан нь аудитын албан шаардлага ирээгүй, зөрчил нь тогтоогдоогүй байхад урьдчилан таамаглан ажлаас халсан нь үндэслэлгүй.

1.4.Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан зохицуулалтын алийг нь үндэслэж байгаа нь тодорхойгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг үндэслэж байгаа бол мөн хуулийн 123.2.4-д зааснаар ажилтанд сонсох ажиллагаа хийх, тайлбар мэдүүлэг өгөх боломжоор хангах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч зөрчлийг тогтоох ёстой байсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл хэрэгт хавсаргасан боловч тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй тул ******* тэр үг, өгүүлбэр хэлснийг нотлохгүй, тайлбар мэдүүлэг авсан гэх үндэслэл нь нотлогдохгүй байна.

1.5.Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,645,642 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2024 оны автомашины торгуулийн төлбөр 339,200 төгрөг, тээврийн хэрэгслийн засварын зардал 12,000,000 төгрөг, тайлант зардал 5,000,000 төгрөгийн гүйлгээг мэдэгдээгүй үндэслэлээр дуусгавар болгосон. Энэ акт, дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан.

2.2.Аудитын газраас 2024 оны санхүүгийн тайланд илэрсэн зөрчилтэй холбоотойгоор сонсох ажиллагааг хийсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан *******ыг тайлбар өгөхийг хүссэн ч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2024 он надад хамаагүй, ээлжийн амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж ярьдаг. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотойгоор тухайн гүйлгээ торгуулийн мөнгийг хэн, яаж зарцуулсныг нэхэмжлэгч өөрөө хариуцаж хийсэн, яагаад хийсэн талаараа тайлбар гаргадаг. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн болон алдаагүй нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу явагдах ёстой. Гэтэл дутагдал гарсан нь аудитаар тогтоогдсон.

2.3.Нэхэмжлэлд зөрчлийн талаар тайлбар мэдүүлэг аваагүй гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргасан учраас ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар хариуцагч *******ны захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 13,890,712 төгрөгийг гаргуулж *******т олгож, *******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ТБАГУТҮГ-т даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 227,404 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан журмын дагуу хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргалгүй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан ба анхан шатны шүүх нотлох баримтыг талаас бүрээс нь эргэлзээгүй үнэлж, дүгнээгүй.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах зохицуулалттай. Гэтэл Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийн 2-р талд "хороонд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдол..." гэсэн байх тул 30 хоногийн дотор гомдлоо гаргасан эсэх нь эргэлзээтэй.

4.2.Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж болон стандартын зөрчин алдаа дутагдал гаргаж, тэр нь хожим Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтын явцад илэрч улмаар 339,200 төгрөгийг нөхөн төлүүлэх гэх зэргээр акт, шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн байдаг. Тэдгээр зөрчил, дутагдлын талаар нэхэмжлэгчээс дэлгэрэнгүй тайлбар авсан болох нь сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлээр нотлогддог. Тухайн тэмдэглэлд дурдсанаар Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нэхэмжлэгч илэрхийлж, түүнд гомдол гаргах болохоо илэрхийлсэн ч шүүх хуралдаан болох өдөр хөдөлмөрийн маргаанаас бусдаар өөр байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй.

Өөрөөр хэлбэл, тухайн Үндэсний аудитын газрын акт, шаардлага хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Гэтэл байгууллагыг алдагдалд оруулсан, мөн өмч хөрөнгө үрэгдүүлж ашиглан шамшигдуулсан болох нь бүрэн нотлогдсоор байхад шүүх энэ нь эргэлзээгүй гэж үзэхгүй, нотлогдохгүй байна хэмээн буруу дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээнүүдийн зарим заалтыг нотлох баримтаар үнэлсэн атлаа бусад ажил олгогчийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалтуудыг үндэслэл болголгүй орхигдуулсанд гомдолтой байна.

4.3.Дээрхээс гадна нэхэмжилж буй цалин хөлсний талаар бичгээр аливаа тодруулга өгөөгүй байхад мөн нэхэмжлэл гаргаснаас хойш талуудаас үл шалтгаалан хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд цалин хөлсийг олгохоор шүүх өөрийн санаачилгаар 13,890,713 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн цалин хөлсний дунджийг бодохдоо буруу бодсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1.Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримталдаг. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлийн хүнд хэлбэр буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах шийтгэл оногдуулдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээний аль зүйл, заалтыг зөрчсөн эсэх, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд тайлбар асуухад тайлбар хэлдэггүй. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримтуудыг өөрөө цуглуулах үүрэгтэй. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар тайлбар хэлж чаддаггүй.

5.2.Мөн сахилгын шийтгэл гэж үзэж байгаа тохиолдолд удирдах албан тушаалтан мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар нэг сарын дотор хариуцлага оногдуулах боломжтой. Гэтэл 2018, 2019 болон 2024 оны сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Үндэсний аудит газраас өгсөн акт, албан шаардлагын тухай нэхэмжлэгч буруутай эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай асуудал нь тухайн удирдах албан тушаалтан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой акт, албан шаардлага байгаа болохоос нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэх талаар дурдаагүй.

5.3.Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сүүлийн гурван сарын дунджаар тооцон олгосон.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,645,642 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ажилтан зөрчил гаргасан нь Үндэсний аудитын газрын акт, албан шаардлагаар тогтоогдсон үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.******* нь ******* ТБАГУТҮГ-т нягтлан бодогчоор 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан;

3.2.Тэрээр 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д зааснаар хүүхэд асрах чөлөө авч, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажилдаа эргэн орж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан;

3.3.Тус байгууллагын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ...тайлант 2024 онд автомашины торгуулийн төлбөр болох 339,200 төгрөгийг тээврийн хэрэгслийн татварын зардлаас шилжүүлсэн, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тээврийн хэрэгслийн засварын зардал болох 12,595,000 төгрөгийг зарцуулсан, тайлант 2024 онд зарлагын 5,032,500 төгрөгийн 1 гүйлгээг мэдэгдээгүйн улмаас аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоож, зөрчил арилгуулах, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага ирүүлсэн... гэж дурдаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан.

4.Зохигчид ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан дээрх Б/09 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд маргажээ. Маргааны үндэс болсон дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь хэсгийг баримталж ажил олгогчоос ажилтанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

5.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтын дагуу гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан талаар дүгнэлтийг хийж маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд залруулж, эрх зүйн дүгнэлтийг зөвтгөнө.

6.Хэрэгт авагдсан баримтаар тус байгууллагын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хяналт шалгалтыг хийж, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр ширхэг зөрчил арилгуулах тухай албан шаардлага, мөн өдрийн нэг төлбөр барагдуулах тухай актыг Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, холбогдох журмын дагуу тус газарт тавьжээ. Үүнээс:

6.1.төлбөр барагдуулах тухай актад: автомашины торгуулийн төлбөрт төлсөн 339,200 төгрөгийг тээврийн хэрэгслийн татварын зардлаас шилжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.3 дахь төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлангах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь дансны өглөг, авлага ба төлбөр тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, 20.2.7 дахь аж ахуйн нэгж байгууллагын татвар, төлбөр хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа үзүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн, нийцээгүй гэж дүгнэн буруутай албан тушаалтнаар дээрх мөнгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

6.2.Зөрчил арилгуулах тухай хоёр албан шаардлагын нэгт: тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж, засварын зардалд 12,595,000 төгрөгийг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.3, УСНББУОС-17 баримт бичгийн үндсэн хөрөнгө гэсэн тодорхойлолттой тус тус нийцээгүй гэж дүгнэж, зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлжээ.

7.Нэхэмжлэгч тус хуулийн этгээдийн нягтлан бодогчоор 2019 оноос хойш ажиллаж байгаа, хэрэгт авагдсан 2024 оны А/02 тоот тушаалаас үзвэл тус байгууллагад нэхэмжлэгчээс өөр нягтлан бодогч байхгүй байх тул тэрээр Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүргийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дах хэсэгт зааснаар тухайн байгууллагын санхүүгийн гүйлгээг хийх хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээд байна.

Нэхэмжлэгчийн ажлын үндсэн чиг үүрэг болоод хуульд заасан зөвшөөрөгдөх болон зөвшөөрөгдөхгүй үйлдэл, эс үйлдэхүй зэргийг харьцуулбал тэрээр үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүйгээр батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулахад оролцсон үйлдлийг, хуульд заасан нягтлан бодогчийн хувьд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан болох нь дээрх байдлаар эрх бүхий байгууллагаас тогтоогдсон байна. Иймд дээрх хоёр үндэслэлийн хувьд нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчил тогтоогдсон гэж үзнэ.

8.Харин нэхэмжлэгч 2024 онд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нэг удаагийн зарлагын гүйлгээг хуулийн хугацаандаа байршуулж мэдээлээгүй гэх зөрчлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч зөрчлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотолж чадаагүй, улмаар ажилтны гаргасан энэ зөрчил тогтоогдоогүй гэж үзнэ.

9.Хэрэгт авагдсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх боловч тэрээр тус хуралдаанд оролцохдоо байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдэд 2016-2020 онд гарсан тээврийн хэрэгслийн торгуулийг төлүүлэхэд жолооч эзэн холбогдогч нарыг тогтоох боломжгүй байсан тул төсвийн зардлаас автомашины торгуулийг төлсөн гэж, үндсэн хөрөнгөд бүртгэлгүй ч Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг 2024 онд төслөөс манайд нийлүүлснийг хүлээн авсан байсан, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийн дагуу нэмэлт тоноглол хийх худалдан авах ажиллагааг гүйцэтгэсэн гэж дээрх гүйлгээнүүдийг өөрөө хийж гүйцэтгэсэн болохоо хүлээн зөвшөөрч тайлбарлажээ.

Дээрх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах талаарх хуулийн зохицуулалтай нийцэх тул сонсох ажиллагаа гүйцэтгээгүй, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан, уг гүйлгээ өөрт хамааралгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар баримтаар үгүйсгэгдсэн байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д ....сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зохицуулсан, маргааны энэ тохиолдолд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үндэсний аудитын газрын акт, албан шаардлага гарсан тул ажил олгогч хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан ба мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл нь сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхыг шаардана.

Хэдийгээр нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон ч дээр дурдсан хоёр удаагийн зөрчил гарахад төсвийн шууд захирагч зөвшөөрөл олгож хамт оролцсон, тээврийн хэрэгсэлд нэмэлт тоноглол худалдан авах ажиллагааг хийхэд тус байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 07 тоот сэлбэг хэрэгсэл шаардлагатай тухай дүгнэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж үзэхээр байна.

12.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Б/09 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдлийг дээрх үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

13.Хэргийн баримтаар ажил олгогч 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, нэхэмжлэгч Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасныг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуг хүлээн авсан, шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1, 154.8-д тус тус нийцсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсэг мөн үндэслэлгүй байна.

14.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан нөхөх олговрыг тооцохдоо ажлын хоног, нэг өдөрт ногдох дундаж цалин хөлсний хэмжээг тус тус буруу тооцоолсныг залруулж, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

14.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-т сүүлийн гурван сарын цалин хөлсний дундаж-аас тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн 2024 оны 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсний дунджаас тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч тушаал гарахаас өмнөх гурван сард хүүхэд асрах чөлөөтэй байсны улмаас түүнд цалин хөлс олгогдоогүй тул чөлөөний хугацааг дуусгавар болгож ажилд буцаан томилсон 2025 оны Б/07 тоот тушаалд дурдагдсан цалин болох 1,559,000 төгрөгөөс дундаж хөлсийг тооцох нь зүйтэй.

14.2.Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 91 хоног /4 сард 2 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 20 хоног, 7 сард 19 хоног, 8 сард 21 хоног, 9 сард 7 хоног/ байна.

Иймд хариуцагчаас нөхөх олговорт 6,448,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д нийцнэ.

15.Шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон тул ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцнэ.

16.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00846 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ТБАГУТҮГ-т нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нөхөх олговорт 6,448,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,197,052 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг ******* ТБАГУТҮГ-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад 227,404 гэснийг 118,127 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

О.ОДГЭРЭЛ