Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,                                              

Улсын яллагч Г.Цогтгэрэл, 

Өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч З.Даваадорж, өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээн овогт Дэлгэрсайханы Ууганбаярт холбогдох эрүүгийн 1909013260617 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Же плаза” компьютерийн сургалтанд суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25-1012 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 699 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УК02302057 / Гэгээн овогт Дэлгэрсайханы Ууганбаяр нь:

 

- Д.Ууганбаяр нь бусадтай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл худалдааны төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Levis” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Б.Оюунжаргалын өмчлөлийн “Ай фонь 7 плас” маркийн гар утсыг түүний анхаарлыг нь сарниулж байгаад кассны ардаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 901.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Оюунжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өнөөдөр 13 цаг 58 минутын орчимд би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила моллын 3 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Levis” дэлгүүрт кассын ажлаа хийж байсан юм. Тэгээд 14 цаг өнгөрч байхад би өөрийн гар утсаа хулгайд алдсанаа мэдээд бичлэг шүүгээд үзтэл тухайн үед 2-3 хүн бараа үзэж байхад би бараагаа янзлаад зогсож байхад гаднаас үл таних 165-175 см өндөртэй, 25-30 орчим насны 2 залуу гаднаас орж ирсэн. Бараа үзэж явж байгаад нэг нь малгай унагаах хооронд арай өндөр залуу нь куртка асуух хооронд малгай унагаасан залуу миний кассын лангуун доор байсан 2018 оны 04 дүгээр сард Америкаас 2.400.000 төгрөгөөр захиж авахуулсан байсан рөүс голд өнгийн гадуураа ягаан өнгийн силконон гэртэй, IMEI: 359469084199698 кодтой Ай фоно-7 плас загварын гар утсыг аваад харин хажууд нь байсан жижиг Самсунг маркийн гар утсыг үлдээгээд  гараад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. / хх 14-15 /

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Мөнхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрилла молл” гэдэг дэлгүүр рүү найз Д.Ууганбаярын хамт 3 давхарт байдаг хувцасны дэлгүүрт явж байгаад ширээний доор гар утас байхыг харсан. Тэгээд энэ гар утсыг хулгайлж авъя гэж тохироод би гар утсыг хулгайлахаар болоод Д.Ууганбаяр худалдагчийг саатуулахаар болсон. Д.Ууганбаяр худалдагчийг саатуулж байх хооронд би гар утсыг хулгайлаад хоёулаа гараад явсан гэжээ. / хх 17 /

 

            Насанд хүрээгүй гэрч Д.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрилла молл” гэдэг дэлгүүр рүү найз Ө.Мөнхжаргалын хамт орсон. 3 давхарт байдаг хувцасны дэлгүүрт явж байгаад ширээний доор гар утас байхыг харсан. Тэгээд энэ гар утсыг хулгайлж авъя гэж тохироод би худалдагчийг саатуулж, Ө.Мөнхжаргал хулгайлахаар тохиролцсон. Тэгээд би худалдагчийг саатуулаад Ө.Мөнхжаргал ширээний араар орж, гар утсыг аваад бид 2 гарч явсан гэжээ. / хх 19 /

 

Гэрч З.Даваадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ажил болох Хар хорин зах дээр утас засдаг ажлаа хийгээд байж байтал зүс таних 2 хүүхэд ирээд Ай фонь-7 плас авах уу гээд ирсэн ба би үзэж байгаад 200.000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. / хх 20-21 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх7-9 /

 

 Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 10-11 /

 

            Өсвөр насны яллагдагч Д.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн “гар утсыг зарах гэсэн юм” гэхэд тэр ах “Ямар учиртай утас бэ?” гэж асуухаар нь “Газраас олсон” гэж Ө.Мөнхжаргал хэлсэн. Тэгээд “Гар утсыг хэдээр авах вэ” гэж асуухад тэр ах “200.000 төгрөгөнд авъя” гэж хэлж байсан. “За тэгье” гэж хэлээд тохирч байтал “ IMEI нь мэдэхгүй юм чинь сэлбэгэнд л авна. 130.000 төгрөгөөр авъя “ гэж хэлэхээр нь “ За тэгье “ гэж хэлээд зарсан гэжээ. / хх 32, 71 /

 

 Өсвөр насны яллагдагч Ө.Мөнхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.Ууганбаяр бид 2 хамт явж байсан юм. Тэр үед бид 2-т мөнгөний хэрэг байсан юм. Бид 2 шивээс хийдэг салон түрээслэх санаатай байсан. Тэгээд ер нь хулгай хийж мөнгө олох гэж бодсон юм. Бид 2 Улаанбаатар их дэлгүүр ороод тэгээд Шангрила төв рүү орсон. Тэгээд 2 давхарт явж байх үед хувцасны лангууны нэг эгчийн гар утас лангуун дээр байсан. Тэгээд бид 2 хараад авахаар болсон юм. Д.Ууганбаяр хүнийг нь саатуулаад би гар утсыг нь авсан юм. Бид 2 тэр гар утсаа Хар хорин зах дээр Лхагваа гэх гар утасны ченжид зараад мөнгийг нь салон түрээслэх мөнгийг өгөөд тэгээд маргааш нь цагдаад баригдсан гэжээ. / хх 36-37 /

 

Шүүгдэгч Д.Ууганбаярыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 36-37 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 54 / зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ө.Мөнхжаргалтай  хамт явж байгаад Шангрила Молл худалдааны төв рүү ортол лангууны доор гар утас харагдахаар нь авъя гэж тохироод би худалдагчийг нь саатуулж байтал Ө.Мөнхжаргал аваад гарсан. Хархорин худалдааны төвийн гар утасны ченжид 130.000 төгрөгөөр зарсан. Хулгай хийх зорилготой орсон. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн гэв.

 

Хууль ёсны төлөөлөгч З.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Ууганбаяр нь миний төрсөн дүүгийн ганц хүү, эхтэйгээ хамт хоёулаа амьдардаг. Эх нь хүнд хагалгаанд ороод босож өндийхгүй болсон. Би энэ хоёрт бүх чадлаараа тусалдаг. Би ажилтай учир байнга харж чаддагүй. Гэтэл хулгай хийгээд яваад байдаг юм байна. Би энэ хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна. Би өмнө нь үүргээ сайн биелүүлж чадаагүй нь үнэн. Д.Ууганбаяр сургалтанд суралцаж байгаа нь үнэн. Миний үгэнд сайн ордог учир анхаарал халамжаа сайн тавьж, сургалтыг нь төгсгөөд ажилд оруулна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяр нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл худалдааны төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Levis” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Б.Оюунжаргалын өмчлөлийн “Ай фонь 7 плас” маркийн гар утсыг кассны араас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 901.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Би гар утсаа хулгайд алдсанаа мэдээд бичлэг шүүгээд үзтэл тухайн үед 2-3 хүн бараа үзэж, би бараагаа янзлаад зогсож байхад гаднаас үл таних 165-175 см өндөртэй, 25-30 орчим насны 2 залуу гаднаас орж ирээд бараа үзэж явж байгаад нэг нь малгай унагаах хооронд арай өндөр залуу нь куртка асуух хооронд малгай унагаасан залуу миний кассын лангуун доор байсан Ай фоно-7 плас загварын гар утсыг аваад гараад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Оюунжаргалын мэдүүлэг / хх 14-15 /, ... найз Д.Ууганбаярын хамт 3 давхарт байдаг хувцасны дэлгүүрт явж байгаад ширээний доор гар утас байсныг харсан. Д.Ууганбаяр худалдагчийг саатуулж байх хооронд би гар утсыг хулгайлаад тэгээд хоёулаа гараад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ө.Мөнхжаргалын мэдүүлэг / хх 17 /, ... “Шангрилла молл” гэдэг дэлгүүр рүү найз Ө.Мөнхжаргалын хамт орсон. 3 давхарт байдаг хувцасны тасгийн худалдагчийг би саатуулаад Ө.Мөнхжаргал ширээний араар орж, гар утсыг аваад бид 2 гарч явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  насанд хүрээгүй гэрч Д.Ууганбаярын мэдүүлэг / хх 19 /, ... Хар хорин зах дээр утас засдаг ажлаа хийгээд байж байтал зүс таних 2 хүүхэд ирээд Ай фонь-7 плас авах уу гээд ирэхээр нь би үзэж байгаад 200.000 төгрөгөөр худалдаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч З.Даваадоржийн мэдүүлэг / хх 20-21 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26 /, ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7-9 /, ...Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 10-11 /, ...Тухайн “гар утсыг зарах гэсэн юм” гэхэд тэр ах “Ямар учиртай утас бэ?” гэж асуухаар нь “Газраас олсон” гэж Ө.Мөнхжаргал хэлсэн. IMEI нь мэдэхгүй юм чинь сэлбэгэнд л авна 130.000 авъя гээд авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Д.Ууганбаярын мэдүүлэг / хх 32, 71 / зэрэг болно.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяр нь хулгайн гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 699 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байх тул Д.Ууганбаярыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, суралцдаг байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

           

            Өсвөр насны шүүгдэгч Д.Ууганбаяртай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Ө.Мөнхжаргалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                 

1. Шүүгдэгч Гэгээн овогт Дэлгэрсайханы Ууганбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Дэлгэрсайханы Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Д.Ууганбаярын эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Д.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ууганбаярт хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 

 

6. Д.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ууганбаяр нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд ял оногдуулахыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч  Д.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ