| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00849/И |
| Дугаар | 210/МА2025/02057 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02057
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/07435 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* НҮТББ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: илүү төлсөн 39,913,213 төгрөг буцаан гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: цахилгааны төлбөр 41,509,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Манай сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа Хан-Уул дүүргийн******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн объектыг түрээслэхээр хөрөнгө зуучийн компаниар зуучлуулан холбогдож, нэг сарын түрээсийн төлбөрийг 28,000,000 төгрөг байхаар, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх, түрээсийн объектод ороход 2 сарын барьцаа, 1 сарын түрээсийн төлбөр нийт 84,000,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон.
1.2.Манай байгууллага нь хариуцагчид энэ хугацаанд нийт 113,000,000 төгрөг шилжүүлсэн.
1.3.Түрээсийн харилцааг цуцлах хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Учир нь ******* ХХК-д удаа дараагийн шаардлага, хүсэлтүүд хүргүүлсэн боловч шийдэж өгөөгүй. Тухайлбал: Сургуулийн анги танхим буюу хичээл явагдаж байгаа өрөөнүүдийн 9 хаалганы бариул, цоожууд гацаатай, эвдрэлтэй байгааг, Биеийн тамирын заал ашиглалтад оруулах, сантехникийн эвдрэл гэмтэл засах, ус алдаж байгаа В1 давхрыг янзлах, сурагчид усанд орох душ суурилуулж өгөх, цахилгааны гэмтлүүдийг засах талаар мэдэгдэж засаж өгөхийг шаардсан.
Сургуулийн үйл ажиллагаа явуулж буй уг барилгад хариуцагч байгууллагын ажилчид болон бусад гадны хүмүүс чөлөөтэй орж гарч байгаа нь үйл ажиллагаанд саад учруулж байгааг мэдэгдсэн.
Мөн түрээсийн барилгад******* ХХК-ийн оффис байршин ажиллаж байгаа учир байрласан талбайн зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохыг шаардсан. Талууд амаар харилцан тохиролцсоны дагуу 1,500 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон боловч хэмжээндээ хүрээгүй буюу манай байгууллагын ашиглаж буй талбай нь ердөө 787 м.кв талбайг байгааг тус байгууллагын ерөнхий менежер гэх *******ын хамт хэмжсэн. Энэ талаар мэдэгдэж төлбөр тооцоонд өөрчлөлт оруулах шаардлагыг хүргүүлсэн.
Удаа дараа түрээсийн объекттой холбоотой шаардлагуудаа албан тоотоор болон утсаар, амаар удирдлагууд болон шат шатны ажилтнуудад нь мэдэгдсэн.
1.4.Нэхэмжлэгчийн түрээслүүлэгч байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр гэрээний нөхцөлийг аль аль талын эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, тэгш эрхийн хүрээнд байгуулахыг санал болгосон байдлаар албан бичиг өгсөн ч хариу ирүүлээгүй. Хэт нэг талыг барьсан гэрээнд манай байгууллагын саналыг оруулаагүй, түүнийг байгуулахыг тулгаж шаардаж байсан. Үүний дараа 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн төлбөрийг 40,000,000 төгрөгөөр тооцож дараа сарын гэрээг байгуулах эсвэл албадан сургалтын үйл ажиллагааг зогсоох утгатай албан бичиг ирүүлж, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бидэнд мэдэгдэлгүй түрээсийн объектын цахилгааныг тасалж, оруулахгүй битүүмжилсэн.
1.5.******* ХХК нь манай сургалтад 3 хүүхдийг суралцуулсан ба сургалтын төлбөрийг түрээсийн гэрээнээс бартерын журмаар хасахаар тохиролцсон байсан. Гурван хүүхдийн сургалтын төлбөр нийт 10,913,213 төгрөгийг 11 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон.
Нэхэмжлэгч нь ******* ХХК-д 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхдээ түрээсийн төлбөрт нийт 113,000,000 төгрөг төлснөөс 3 сарын хугацааны түрээсийн төлбөр 84,000,000 төгрөгийг бүрэн төлсөн.
Иймд бартер сургалтын төлбөр, гэрээний дагуу төлсөн төлбөрийг хасаж ******* ХХК-д 39,913,213 төгрөгийг илүү төлснийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд анх 2024 оны 6 сард агент *******гаар дамжуулж, ******* 2024-2025 оны хичээлийн шинэ жилд манай 1,600 м.кв орчим талбай бүхий сургуулийн зориулалттай барилгыг түрээслэхээр тохирсон. Хичээлийн шинэ жилийн нээлтээ манай объектод хийсэн бөгөөд объектыг ******* дугаар сард хүлээлгэж өгсөн. Үйл ажиллагаа 9 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэн. Талууд анх түрээсийн төлбөрийг нэг сард 28,000,000 төгрөгөөр 2 сараар тооцож 56,000,000 төгрөгийг барьцаа хэлбэрээр байршуулан, сар бүрийн түрээсийн төлбөрийг 25-ны өдрийн дотор урьдчилж төлнө гэж амаар тохирсон.
2.2.Нэхэмжлэгч компанийн зүгээс сургуулийн барилгад 9, 10, 11 дүгээр сард үйл ажиллагаагаа явуулж, 3 сар ашигласны хариуд 113,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч компаниас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр объектыг хүлээлгэж өгсөн.
2.3.Түрээсийн гэрээний төслөө үйлдээд гэрээ байгуулъя, гэрээнд өөрчлөлт оруулах зүйл байвал аваад ир, гэрээгээ байгуулъя гэдэг байдлаар удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгч компаниас гэрээгээ уншиж байгаа, хуулийн зөвлөхөөс асууна гэх байдлаар 9 сард хүлээж авснаас 12 сар хүртэл батлаагүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс обьектыг хүлээлгэж өгөх хүртэл түрээсийн гэрээг батлаагүй.
2.4.Нэхэмжлэгч компани зөвшөөрөлгүй дотуур байр ажиллуулсан үндэслэлээр торгууль төлөх агуулгатай албан бичиг ирсэн. Мөн сургуульд элсэлт бага, үйл ажиллагаа нь тогтворжоогүй байсан учраас түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Ийм учраас түрээсийн талбайг хүлээлгэж өгөөд гарсан. Хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж түрээсийн харилцаа дууссан зүйл байхгүй.
2.5.Нэхэмжлэгч сургуулийн барилгыг хүлээж авснаас хойш цахилгааны төлбөрөө төлөөгүй. Цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрт орсон гэж байгаа ч баримт байхгүй тул өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж байна. Гурван сарын хугацаанд ашиглаж байсан цахилгааны төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй. Уг төлбөрийг манай компани нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Үүнд барьцаа төлбөр 29,000,000 төгрөгийг суутгасан байдлаар үгүйсгэж байгаа.
2.6.Хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтны хэлж байгаагаар 3 хүүхэд зөвхөн 9 сард суралцсан. Тэрнээс хойш суралцаагүй хувийн хэргээ аваад явсан гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагадаа 3 хүүхдийн сургалтын төлбөр 10,913,213 төгрөгийг ямар дүнгээс яаж бодсон тооцоолол тодорхойгүй. Хуульд заасан шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.Талууд зуучлагчийн дэмжлэгтэйгээр хариуцагчийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах сургуулийн зориулалттай 1595 м.кв объектыг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн объектыг нэг сарын 40,000,000 төгрөгөөр түрээслүүлэх байсан ч нэхэмжлэгч сургуулийн зориулалтаар удаан хугацаагаар түрээслэх хүсэлтэй гэсэн тул 28,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн.
3.2.Нэхэмжлэгч тухайн түрээсийн талбайг ашиглаж байх хугацаандаа талбайг элэгдэл, хорогдолд оруулж муутгасны улмаас дахин түрээслүүлэх боломжгүй байна. Түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөхдөө ашигласан хугацаанд бий болсон элэгдэл, хорогдлыг тооцон буцаан өгөх үүрэгтэй ба түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад 32,466,950 төгрөг зайлшгүй шаардлагатай, энэ зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар анх шаардсан.
Энэ засан сайжруулалтын зардал 32,466,950 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
3.3.Нэхэмжлэгч түрээсийн талбайг түрээсэлж байх хугацааны тог цахилгааны төлбөрөө төлөөгүй, үүнийг хариуцагч байгууллага төлсөн тул 13,478,647 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан.
******* ТӨХК-ийн Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар 2024 оны 09-11 дүгээр сарын нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг болсон нь тогтоогдож байна. Манайх цахилгаан төлбөрийг өөрсдийн боломжоор түрээсийн төлбөр барьцаанд хийсэн төлбөрөөс бага багаар нь хуваагаад төлж байсан нь *******ны лавлагаа 14 хуудас баримтуудаар давхар нотлогдоно. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчээс барьцаа төлбөрт төлсөн 29,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрт суутгаж үлдэх зөрүү 41,509,620 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Түрээсийн төлбөрт багтсан, эхний 2 сарын төлбөрийг төлөх талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Энэ цахилгаан зардалд тог цахилгаан гэрлэлт гэрэлтүүлэг, халаалтын асуудал байгаа. Цахилгаан халаагуураа халааж байсан гэж би үйлчлүүлэгчээсээ сонссон. Тэгэхээр ийм хэмжээний зардал гарах нь тодорхой.
Иймд 2024 оны 9-11 сард хэрэглэсэн цахилгааны төлбөр 41,509,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг гарсан нэхэмжлэлийг манай сургуулийг хөөж гаргасан үед анх ирүүлсэн. Цахилгааны талаар Х.Хаш-Эрдэнэ захирал хэлэхдээ манайх өнөө маргаашгүй дулаан авна эсвэл уурын зуух барьж байгаа цахилгааны төлбөр бага гардаг тэр болтол танайхаас 9, 10 сарын цахилгааны төлбөр авахгүй, цахилгааны төлбөр түрээсэнд багтаж орсон гэж хэлсэн. Гэвч сүүлийн албан бичигт цахилгааны төлбөр гэж нэхэмжилсэн.
4.2.2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн цахилгааны тооцоо ******* сургуулийн нүхтийн замын арцатын задгай гэх газарт байдаг ******* хэрэглэгчийн дугаар нь нэхэмжлэгч байгууллагын ашиглаж байсан объект гэдгийг тодорхойлж өгөөгүй.
4.2.Түрээсийн объектод ганц манай байгууллага байгаагүй. Хариуцагч байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан нь харилцаж байсан албан бичигт байгаа.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* сургууль-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,913,213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-ийн 41,509,620 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* сургууль-д холбогдуулан гаргасан түрээсийн талбайг засан сайжруулахад шаардлагатай зардал 32,466,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,517 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,678 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
6.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ******* ТӨХК-аас нэхэмжлэгчийг түрээсийн талбайг түрээсэлж байх хугацааны буюу 2024 оны ******* дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөр хэдэн төгрөг гарсан тухайн төлбөрүүдийг хэнээс хэрхэн яаж төлсөн талаарх баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх 191/Ш32025/36119 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан.
6.2.******* дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан-аас 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг болох нь харагддаг. Гэтэл анхан шатны шүүх цахилгааны зардал хэдэн төгрөг болох нь тодорхойгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
6.3.Хариуцагч *******" ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн******* хороо, Арцатын аманд байрлах иргэн *******ын ашиглах эрх бүхий газарт сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан. Хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд сургуулийн барилга баригдсан газрын ашиглагч *******, хамтран хариуцагчаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нар гэрээ байгуулсан. Тус гэрээ 2023 онд буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаас өмнө байгуулсан гэрээ тул тухайн гэрээнд заасан цахилгаан хэрэглэгчийн хаяг 2025 онд гарсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаягтай ижил, үг үсэггүй таарахгүй нь тодорхой.
6.4.Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын хоорондоо харилцаж байсан албан бичгүүдээр түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг ХУД-ын******* хороо гэж харилцаж байснаас үзвэл Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө болон түрээсийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг үл хөдлөх эд хөрөнгө болно. ******* ХХК-ийн 2025 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-ийн 5-р хуудас дахь ...бие даасан инженерийн шугам сүлжээ байхгүй нь нэхэмжлэгчийг түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны цахилгааны төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн талуудын Обьект хүлээлцэх актад цахилгааны тоолуурын заалтыг өдрийн, шөнийн гэж зааглан бичсэн нийлбэр тодорхойгүй, тухайн тоолуурыг бичсэн буюу обьект хүлээлцсэн этгээдүүд нь мэргэжлийн хүмүүс биш тул тоолуурын заалтыг буруу зөрүүтэй бичсэн болохыг үгүйсгэхгүй.
6.5.Талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн хувьд ч түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөх ёстой цахилгааны төлбөрийг хариуцагч төлсөн тул нэхэмжлэгчийг тухайн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөрийг хариуцагчид төлөх үүрэгтэй.
6.6.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн барьцаа хэмээн үлдээсэн 29,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрөөс хасаж үлдэх 41,509,620 төгрөгийг шаардсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 41,509,620 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй болохыг тогтоохын тулд тухайн мэдээллийн эх сурвалжийг шалгах, бусад нотлох баримттай харьцуулан судлах, бүх нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр тогтоох шаардлагатай.
******* ТӨХК-аас гаргаж өгсөн тухайн баримтад хаяг тодорхойгүй буюу Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо гэж бичсэн байдаг. Тухайн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд хэдэн барилга байгууламж хариуцдаг эсэхийг мэдэхгүй. Хариуцагч байгууллага Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, морин тойруулга, наадамчдын талбай, ******* тоот гэсэн хаягтай. Энэ хоёр хаяг зөрж байгаа учраас нотлох баримтыг хангалттай гэж үнэлэх боломжгүйг тайлбарласан. Тухайн нотлох баримт нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хангалттай хэмжээнд үнэлэгдэхгүй.
7.2.Мэргэжлийн хүмүүс биш учраас тоолуурын заалтыг буруу буюу өдөр, шөнийн гэж бичсэн гэж тайлбарладаг. Байрны тоолуурыг хүүхэд хүртэл хараад хэлэх боломжтой. Иймээс тухайн тоолуурын заалтыг заавал мэргэжлийн хүн харах шаардлагатай эсэх нь эргэлзээтэй. Объект хүлээлцэх актад тусгасан тоолуурын заалт нь хариуцагчийн ирүүлсэн баримт дах заалттай зөрчилдсөн учраас шүүхээс нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байдал үүссэн. Хариуцагч талаас хангалттай үнэлэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй.
7.3.Хариуцагч талаас анх 2024 оны 09, 10 дугаар сарын цахилгааны төлбөрийг өөрсдөө хариуцна, 11 дүгээр сараас эхлээд танайх хариуц гэсэн. Бид 11 дүгээр сарын цахилгааны төлбөрийг төлөхөд асуудалгүй. Нотлох баримтаа эргэлзээгүй, үнэн зөв гаргавал цахилгааны төлбөр төлнө.
Гэтэл хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд эргэлзээтэй, иймд нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* НҮТББ нь ******* ХХК-д холбогдуулан илүү төлсөн 39,913,213 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн талбайг өмнөх байдалд нь засан сайжруулахад шаардлагатай зардал 32,466,950 төгрөг, цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг нийт 45,9456,597 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч засан сайжруулалтын зардалд 32,466,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, цахилгааны төлбөрт 41,509,602 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцжээ.
3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр хоёр шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засан сайжруулалтын зардал 32,466,950 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх тул шүүх хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт нийцнэ.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.Зохигчид 2024 оны ******* дугаар сард амаар тохиролцож, Түрээслүүлэгч болох ******* ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай ******* тоот хаягт байрших, сургуулийн зориулалттай 1,595 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэг жилийн хугацаагаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* НҮТББ нь 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааг явуулж, түрээсийн төлбөрт нэг сарын 28,000,000 төгрөг байхаар, урьдчилгаа 2 сарын төлбөрийг барьцаа нэг сарын төлбөрийн хамт төлөхөөр, төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилж төлөх нөхцлийг тус тус тохирсон, талууд гэрээг бичгээр байгуулаагүй;
4.2.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буцаан хүлээн авсан;
4.3.Нэхэмжлэгч энэ хугацаанд нийт 113,000,000 төгрөгийг төлсөн;
4.4.Хөрөнгийг эзэмшиж ашиглах хугацаандаа нэхэмжлэгч цахилгааны төлбөр төлөөгүй.
5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.1.Маргааны үйл баримтаар зохигчид үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр хүсэл зоригоо илэрхийлэхдээ түрээсийн зүйл, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл, хугацааны талаар буюу гэрээний гол нөхцлийн хувьд амаар хэлэлцэн тохирсон байна. Гэвч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
5.2.Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Харин талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй буюу хариуцагч хөрөнгийн ашиглах, эзэмших эрхээ шилжүүлэх болсон суурь хэлцэл байхгүй хэмээн анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулав.
6.Үл хөдлөх эд хөрөнгийн ашиглах, эзэмших эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн үүргийн хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул нэхэмжлэгч нь хөрөнгийг хариуцагчид буцаан шилжүүлэх үүргийг, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тус тус буцаан өгөх үүргийг хүлээнэ. Ийнхүү буцаахдаа нэхэмжлэгч хөрөнгийг бодитоор гурван сарын хугацаагаар эзэмшиж, ашигласан тул үүний улмаас бий болох эдийн засгийн давуу байдлыг үр шимд тооцож төлсөн 113,000,000 төгрөгөөс хэлэлцэн тохирсон нэг сарын 28,000,000 төгрөгөөр тооцон нийт 84,000,000 төгрөгийг хасч, үлдэх 29,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д заасантай нийцсэн байна.
7.Хариуцагч өөрийн хамаарал бүхий этгээдийн гурван хүүхдийг нэхэмжлэгчийн сургуульд сургасан, сургалтын төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохирсон байсан үндэслэлээр нэхэмжлэгч 10,913,213 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр шаарджээ.
Хариуцагчийн зүгээс гурван хүүхдийг сургасан үйл баримтад маргаагүй ч харин хамрагдсан хугацааны хувьд хүүхдүүд зөвхөн 2024 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн сургуульд суралцсан, 2024 оны 10, 11 сард суралцаагүй гэж тайлбарлаж, улмаар сургалтын төлбөрийг нэхэмжлэгч хэрхэн тооцсон нь тодорхойгүй, баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр маргасан байна.
Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн АТ/24/160 тоот нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэлд сургалтын төлбөр 8,000,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцон үлдэгдлийг төлөх талаар тусгагджээ. Үүнээс үзвэл талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ, хариуцагч хүүхдийн сургалтын төлбөр төлөх үүргээ тус тус харилцан солилцохоор тохирсон, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан болох нь дээрх албан бичгээр тогтоогдож байна. /1хх 38/
Гэвч анхан шатны шүүх баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу анхан шатны шүүхийн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
8.Анхан шатны шүүхээс хөрөнгийг ашигласан хугацааны хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс 41,509,620 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.1.Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлохдоо барилгын хажуу дахь хотхоны шугам сүлжээтэй хамт холбогдсон, өөрийн гэсэн бие даасан инженерийн шугам сүлжээгүй болохыг тодорхойлсон. Түүнчлэн талуудын хоорондох хөрөнгө хүлээлцсэн актад тусгагдсан тоолуурын заалт дах тэмдэглэгээ болон Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан дахь тоолуурын заалтын бичиглэлүүд хоорондоо тохироогүй, зөрүүтэй байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
8.2.Маргааны зүйл болсон 1,595 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг цахилгаанаар халаадаг үйл баримтад зохигчид маргаагүй. Мөн тухайн обьектын зарим хэсгийг хүлээлгэж өгөөгүйгээс ашиглаагүй, бодитоор ашиглаж байгаа хэмжээ 1,500 м.кв хэмжээнд хүрээгүй, зарим хэсэгт хариуцагч өөрсдөө үйл ажиллагаа явуулсан талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон энэ талаар дурдсан ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14, 15, 17-ны өдрийн албан бичгийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу дээрхийг нотлох нь хариуцагчид хамаарч байна.
Иймд 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг нь зөвхөн нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны зардал гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
9.Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/07435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,498 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
О.ОДГЭРЭЛ