Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/01947

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04214 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* нь Баянзүрх дүүргийн 24-р хороо, ******* гудамж, 12 тоотод байрлах нэгж талбарын ******* /хуучнаар *******/ дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 231 м.кв газрын өмчлөх эрхийг 2023 оны 12 сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Гэтэл хашааны хойд талд залгаа байрлалтай *******нэгж талбарын дугаартай газрын эзэмшигч ******* нь манай хашааны хойд хэсгээр хэтрүүлэн миний өмчлөх эрх бүхий 231 м.кв газраас 140 м.кв газарт байшин барьж, хашаа татсан байдаг. Хариуцагчийн хэтрүүлэн эзэмшиж буй 140 м.кв газарт 12 м.кв суурьтай тоосгон байшин, 42 м.кв суурьтай үүдний амбаар болон модон саравч, 86 м.кв хоосон хашаалж авсан хэсэг газар байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-аар хэмжилт хийлгэсэн ба үр дүнд нь нэхэмжлэгч ******* 231 м.кв газар өмчлөх ёстой байтал бодит байдалд 91 м.кв газрыг өмчилж байгаа нь тогтоогдсон.

Иймд хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв талбайтай газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр манай хашаанд хэмжилт хийснээр анх маргаан эхэлсэн. Миний бие *******оос хашааг худалдаж авсан бөгөөд түүнд энэ талаар хэлээд тэднийг уулзуулсан. Тухайн газрыг би анх худалдаж авахдаа кадастрын зураг хийлгээгүй ба газрын хэмжээ нь гэрчилгээ дээр байсан. Миний хувьд тухайн газар дээр 2018 оноос амьдарсан ба надад газар зарахаас өмнө тухайн газар дээр амьдарч байсан хүмүүсийг бүгдийг нь танина, бүгдтэй нь газартай холбоотой асуудлаар холбогдож тодруулсан. Тухайн газар сүүлийн 20 жилийн хугацаанд ийм байсан, тэр хэвээр байгаа талаар мэдсэн. Миний хувьд тухайн газар дээр амьдарч эхэлснээсээ хойш ямар нэгэн объект нэмж бариагүй, хасаагүй, хашааг ч хөдөлгөөгүй. Одоо буулгуулъя гэж байгаа 12 м.кв байшинд манай хүү эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Тийм учир тухайн байшинг буулгах боломжгүй. Энэ асуудлаар *******тай тохиролцох гэж олон удаа оролдсон, гарааш хэсгийг санал болгосон боловч ******* өөрөө бодож үзье гэсэн ч хариу хэлээгүй. Маргаан бүхий 2 газар нь анх 2001 онд *******ын өмчлөлд байж байгаад 2009 онд ******* болон ****** 2 тусдаа салгаж өмчилсөн байдаг. Тэгэхлээр хэн нэгний газрыг илүү хашаалж өмчилсөн, эрхийг нь зөрчсөн зүйл байхгүй ба 2020 онд худалдах худалдан авах гэрээний дагуу өмчилсөн. Харин нэхэмжлэгч тухайн газрыг 2023 онд худалдаж авахдаа газрын хэмжээг шалгах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тухайн үед кадастрын зургаа хийлгээд худалдаж авч байгаа этгээддээ энэ доголдлын асуудлаа тавиад шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тухайн газрыг олон жил, ашиглаж, өмчилж ирсэн шударга эзэмшигчээс газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******д холбогдох хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн 231 м.кв талбай газрыг өмчлөх ёстойгоос 371 м.кв газрыг өмчилж, нэхэмжлэгч ******* би 91 м.кв газрыг өмчилж байна. Хариуцагчийн хэтрүүлэн эзэмшиж буй нийт газрын талбайн хэмжээ 140 м.кв, тоосгон байшингийн суурийн хэмжээ 12 м.кв, үүдний амбаар болон модон саравчны суурийн хэмжээ 42 м.кв, илүү ашиглаж буй хоосон газар 86 м.кв байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа бүрэн ашиглаж чадахгүй, газрынхаа талаас илүү хувийг бусдын хууль бус үйлдлээс болж алдаад байна.

4.2.  Хариуцагч ******* нь илүү хашаалсан 140 м.кв талбайг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хашаагаа тохирсон хэмжээнд татах бодолтой байдгаа илэрхийлсэн. Нэхэмжлэгчийг анх газрын эрх шилжүүлэн авахдаа худалдагч этгээдэд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Хариуцагч 2020 онд газар шилжүүлэх гэрээгээр газрын өмчлөх эрхийг олж авсан бөгөөд энэ үед илүү хашаалсан талбай бүхий газар авч байгаа, мөн доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдэх боломжтой байсан буюу мэдэж байсан тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж тооцох боломжгүй. Анхан шатны шүүхийн хийсэн хөрш нь хөрш залгаа газрын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний газраас илүү хашаалж тодорхой хугацаанд эзэмшсэн нь шударгаар эзэмшил үүссэн гэх дүгнэлт нь нийгэмд хэн дуртай этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газрыг тодорхой хугацаанд ашигласан үйлдэл нь хууль ёсны гэдэг ойлголтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй.

4.3.  Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар илүү хашаалсан 140 м.кв газарт хамаарч буй хөрөнгүүд нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар газрын үндсэн бүрдэл хэсэг болно гэж үзсэн бөгөөд тухайн модон саравч, байшингийн үүдний амбаар, илүү хашаалсан хоосон газрын тухайд газрын бүрдэл хэсэгт хамаарахгүй ба эдгээр хөрөнгүүдийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий газарт давхцалтай эд хөрөнгүүд болон хоосон газрын аль хэсэгт нь хөршийн эрхийн зохицуулалт үйлчилж, аль хөрөнгөд нь эдийн баялагийн эрх зүйн зохицуулалт үйлчлэх талаар тодруулж дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.4.  Маргаан бүхий газарт давхардсан модон саравч, амбаар, байшингийн суурь зэрэг нь хөршийн эрхийн зохицуулалтад хамаарч байгаа бол тухайн эд хөрөнгүүд нь барилга байгууламж мөн эсэх, хөршид шууд нөлөөлөл үүсгэж байгаа эсэх, тухайн нөлөөлөл нь ямар хэлбэрээр үүсгэж, түүнийг хориглох боломжтой эсэх талаар шүүх дүгнэх ёстой. Шүүх энэ талаар дүгнэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарын газар нь хоёр талаасаа харилцан нөлөөлөх хөрш залгаа эд хөрөнгө гэж дүгнэж, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т зааснаар маргаан бүхий газарт баригдсан эд зүйлүүдийн талаар нэхэмжлэгч этгээд нь тэвчих учиртай хэмээн дүгнэсэн. Маргаан бүхий газар нь хил залгаа эд хөрөнгө мөн хэдий ч тухайн маргаан бүхий хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглах явцад гарсан нөлөөлөл болон барилга, байгууламж барих явцад гарсан асуудлын талаарх маргаан бус байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд үүссэн маргааны агуулгыг буруу тогтоон шийдвэр гаргасан.

4.5.  Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаас үзвэл эд хөрөнгийг зөвхөн хууль бус эзэмшлээс эрх бүхий этгээд шаардах эрхтэй болно. Гэвч хууль ёсны эзэмшигч байхын тулд хэд хэдэн шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хариуцагч ******* нь маргаан бүхий 140 м.кв газрын эзэмших эрхийг олж авахдаа тухайн газрыг хууль болон гэрээгээр олж авсан байх шаардлагатай боловч 2020 онд 231 м.кв газрын өмчлөх эрхийг олж авсан болохоос маргаан бүхий газрыг оролцуулсан 371 м.кв газрын өмчлөх, эзэмших эрхийг олж аваагүй.

4.6.  Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ******* нь 2020 онд 231 м.кв газрын өмчлөх эрхийг олж авахдаа тухайн газар нь бусдын өмчлөлийн газраас 140 м.кв газрыг илүү хашаалсан байдалтай байгаа болохыг мэдэх боломжтой байсан гэж үзэж энэ талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар тайлбарлан маргасан боловч анхан шатны шүүх энэ асуудалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Илүү хашаалсан эд хөрөнгө худалдан авч байгаа хариуцагчийн үйлдлийг ч доголдолтой эд хөрөнгө худалдан авсан гэж үзнэ. Мөн тухайн маргаан бүхий газрыг илүү хашаалсан, хэтрүүлэн ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч хашааг татах, газар чөлөөлөх талаар зарим нэг тохиролцоог хийх гэж оролдож байснаас үзэхэд тухайн маргаан бүхий газрын шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй байдал үүссэн.

4.7.  Газрын хил заагийн талаар маргаж байгаа тохиолдолд газрын анхны кадастрын зураг чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын анхны кадастрын зураг ямар байсныг мэдэлгүй хэргийг шийдвэрлэх боломжгүй. Гэрчийн мэдүүлгийг үндэслэн маргаан бүхий газар анхнаасаа ийм байдалтай байсан гэж дүгнэх нь учир дутагдалтай. Гэрч ******* нь хариуцагчид газар худалдахдаа ямар хэмжээтэй, ямар кадастртай газрыг, ямар гэрээгээр худалдсан талаар баримт байхгүй байхад хариуцагчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй. Мөн талууд газрын өмчлөх эрхийг олж авахдаа ямар бүртгэл хийлгэж, ямар кадастрын зураг хийлгэж байсан нь ач холбогдолтой байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх шаардлагыг хангаагүй байна. Дээрх байдлаас үүдэн цаашид аливаа нэгэн этгээд түрүүлж бусдын газар дээр байшин барилга болон бусад зүйл барьж байгуулсан гэдгээрээ тухайн газрынхаа хууль ёсны эзэмшигч болоод байвал зэргэлдээх газар өмчлөгч нарын эрх зөрчигдөх эрсдэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: 2002 онд ******* нь 231 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд уг газрыг хоёр хувааж зарсан. Тухайн газар нь 2007 онд ямар байсан тэр хэвээрээ байгаа гэдэг талаар ******* мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан геодези зураг зүйн газрын сансрын зургаас тодорхой харагддаг. 2007 онд хуваагдсан газар 2025 онд тэр хэвээрээ байгаа. ******* гэх хүн нэг ч зүйл нэмж бариагүй. 2020 онд маргаан бүхий газрыг худалдаж авахад амбаар, жорлон гэх зүйл бүгд байсан. *******оос өмнө эзэмшиж байсан хүмүүс ямар ч маргаан үүсгэж байгаагүй. Үүнээс харвал газрыг бүгд хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагддаг. Гэтэл ******* 2023 онд худалдаж аваад энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Газар өмчлөх эрх шилжүүлэхэд кадастрын зураг хийгдэхгүй, дахин хийлгэх шаардлагагүй. Хэрэгт авагдсан кадастрын зургийг 2009 онд хийсэн. Тухайн үеийн өмчлөгч ******* нь 2025 онд мэдсэн гэдгээ шүүх хуралдаанд тайлбарладаг. Кадастрын зургийг 2025 онд хувийн хэргээс харсан. ******* нь анхнаасаа хүний газарт байна гэдгээ мэдэх боломжгүй. Тухайн газар том м.кв-тай, байшин болон бусад бүх зүйл байхад худалдаж авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. *******ын хувьд тухайн газар нь хэмжээнээсээ жижигхэн байсан юм бол хэмжилт болон кадастрын зураг дахин гаргуулж, доголдолтой эд хөрөнгө гэдгийг тогтоолгоогүй. Худалдсан этгээд биш хажуу айлын хөрш нь ямар учраас үүрэг хүлээх ёстой вэ. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. *******аас өмнө тухайн газрыг 4 хүн өмчилж байсан. Тухайн 4 хүний өмчлөгчийн хэн нь ч хил зөрчсөн гэх асуудал болон нөлөөллийн талаар маргаан гаргаагүй бөгөөд *******ад тухайн газар шилжсэн учраас нөлөөлөл болон хил зөрчсөн үйлдлийг хүлцэн тэвчих үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шударга эзэмшигчээс тухайн эд хөрөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...миний бие 231 м.кв газрыг хууль ёсоор өмчилдөг, уг газраас 140 м.кв газрыг хариуцагч хууль бусаар эзэмшдэг... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...миний бие уг газрыг 2020 онд бусдаас худалдан авсан, нэг ч зүйл шинээр бариагүй, шударга эзэмшигч, хариуцагч нь уг газрыг 2023 онд бусдаас худалдан авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

4.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

5.   Хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, фото зургийн хуулбар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг хуульд заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.  Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүрэг, 24-р хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай (хуучнаар *******), 231 м.кв талбайтай газрыг 2023 оны 12 сарын 19-ний өдрөөс хууль ёсоор өмчилсөн; /хх 6/

5.2.  Хариуцагч ******* нь Баянзүрх дүүрэг, 24-р хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын *******дугаартай (хуучнаар *******), 232 м.кв талбайтай газрыг 2020 оны 08 сарын 11-ний өдрөөс хууль ёсоор өмчилсөн; /хх 47/

5.3.  Дээрх газрыг ******* 2009 оны 07 сарын 07-ны өдрөөс өмчилж байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2020 оны 08 сарын 11-ний өдөр хариуцагч *******гийн өмчлөлд шилжүүлсэн; /хх 79, 89/

5.4.  Нэхэмжлэгч *******ын өмчлөлийн 231 м.кв талбайтай газраас 140 м.кв талбайг хариуцагч ******* эзэмшиж байгаа; /хх 13-18, 34-44, 109-110/

5.5.  Дээрх 140 м.кв талбайтай газрын 54 м.кв газарт нь хариуцагч *******гийн эзэмшлийн байшин, саравч, амбаар, жорлон баригдсан, үлдэх 86 м.кв талбайтай газар нь хоосон байгаа. /хх 13-18, 34-44, 109-110/

 

6.   Дээрхээс үзвэл нэхэмжлэгч *******ын хууль ёсоор өмчилдөг 231 м.кв талбайтай газраас хариуцагч ******* нь 140 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд өмчлөгчийн уг эрх нь мөн хуулийн 135 дугаар зүйлд заасан хөршийн эрхийн зохицуулалтаар хязгаарлагдахгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн ...нэхэмжлэгч болон хариуцагч нар хөршийн нөлөөллийг тэвчих учиртай... гэсэн агуулгатай дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан хөршийн эрхийн зохицуулалтыг талуудын маргаанд хэрэглэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Маргаан бүхий 140 м.кв талбайтай газарт байшин, саравч, амбаар, жорлон, хашаа баригдах үед нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь газрын хил хязгаарыг хуульд заасан журмын дагуу тодорхойлсон байсан эсэх, улмаар барилга байгууламж баригдсанаар газрын хил зөрчигдөхийг газар өмчлөгч нар мэдэж байсан эсэх нь тус тус тогтоогдоогүй тул нэхэмжлэгч тал зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь хууль ёсоор 232 м.кв талбайтай газрыг өмчлөх ёстой байтал үүнээс 140 м.кв тайлбайг илүү буюу 372 м.кв газрыг өөрийн эзэмшилдээ байлгаж байна гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

7.   Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй: гээд 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй; гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т Газар өмчлөгч иргэн дараахь үүрэг хүлээнэ: гээд 21.2.3-т өмчилж авсан газраа кадастрын болон эд хөрөнгийн улсын бүртгэлд, ... бүртгүүлэх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл газар өмчлөгч ******* нь газар өмчлөгч *******ын эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд газар өмчлөгч *******ад газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх, мөн өмчилж авсан газраа кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн, хариуцагч талын шүүхэд гаргасан ...нэхэмжлэгчээс өмнө тухайн газрыг худалдан авсан, худалдан авснаас хойш нэг ч зүйл шинээр бариагүй... гэх тайлбар нь газар өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээ бүхий газраас илүү газрыг эзэмших эрхийг түүнд олгохгүй бөгөөд хуульд заасан өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04214 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 24-р хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай (хуучнаар *******), 231 м.кв талбайтай газрын 140 м.кв талбайтай газрыг (эргэлтийн цэгүүд: 1. Х-5309874.130, Ү-648993.838, 2. Х-5309873.138, У-648979.015, 3. Х-5309875.200, У-648978.889, 4. Х-5309882.828, У-648979.080, 5. Х-5309883.578, У-648993.473, 6. Х-5309874.130, У-648993.838) хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,800 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 140,600 төгрөгийг улсын төсвөөс, 70,200 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******ад тус тус буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 210,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР