Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 5111

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/05111

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 5716373 регистртэй “Хүннү Молл” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 58-52 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5890284 регистртэй “Нумт групп” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,847,371 /гучин зургаан сая найман зуун дөчин долоон мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн /ШТҮД 2196/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “Нумт групп” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгч нь өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэн хамтарч ажиллахаар тохирсон болно. Энэхүү түрээсийн гэрээгээр түрээслэгч нь Хүннү моллын барилгын В1 давхрын 3 тоот, 51 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг “Турк хоол, Донэр борлуулах” зориулалтаар ашиглахаар тохиролцож түрээсийн байрыг түрээслэгчид бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 1 м.кв талбайн үнийг эхний нэг жилд 44,100 төгрөгөөр тооцон 2,249,100 төгрөг, менежментийн төлбөрийг 1 м.кв 25,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байдаг. Түрээслэгч нь 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сар хүртэл буюу нийт 5 сарын хугацаанд дээрх талбайг түрээслэн ашигласан түрээсийн төлбөрт нийт 18,131,548 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа. Түрээсийн гэрээний Ерөнхий нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-нд төлөх үүргийг хүлээж байгаа бөгөөд хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 2.4-т зааснаар хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг хүлээж талууд гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцвол 5 pсарын хугацаанд нийт 5,210,083 төгрөгийн алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүргийг хүлээнэ. Түүнчлэн түрээсийн гэрээний Ерөнхий нөхцлийн 2.2-т “түрээслэгч нь түрээсийн байранд ашиглах телефон утас, цахилгаан эрчим хүч, интернетийн төлбөр болон бусад өөрсдийн хэрэглээнд ашиглах хэрэглээ үйлчилгээний төлбөрийг хэрэглээний хэмжээ болон тоолуурын заалтаар хариуцан төлнө” гэж зааснаар нийт 5 сарын цахилгааны төлбөрт 763,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн агуулахын түрээсийн төлбөрт нийт 5 сарын 4,630,644 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд түрээслэгч түрээслүүлэгчийн эзэмшлийн 51 м.кв талбай бүхий байрны тааз болон салхивчны зардалд нийт 6,569,857 төгрөгийг засварын ажлын хөлсөнд төлөх үүрэгтэй байгаа юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж байсан бөгөөд "Нумт групп” ХХК-ийн захирал Г.Ганбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Иймд “Нумт групп” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 36,305,141 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 18,131,000 төгрөг, алдангийг хоёр янзаар тооцож байгаа. Түрээсийн гэрээнд тийнхүү хоёр янзаар тооцохоор заасан. Түрээслэгч түрээсийн төлбөрөө сар бүрийн 01-ний өдөр төлөх ёстой бөгөөд энэ өдрөө төлөөгүй бол алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар, түрээсийн үндсэн төлбөрөө 30 хоногоос хэтрүүлсэн бол алдангийг 0,5 хувиар тооцохоор байгаа. Талуудын хооронд мөн агуулахын түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу нийт 5 сарын түрээсийн төлбөр 4,630,644 төгрөг төлөөгүй, мөн засварын ажлын зардалд 6,569,857 төгрөг зарцуулсан үйл баримт байгаа. Түрээсийн гэрээ 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрх үүсч байгаа. Хариуцагч байгууллага 2015 онд нэхэмжлэгч байгууллагад албан бичиг ирүүлэхдээ эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа учир түрээсийн төлбөрийг төлж чадахгүй байгаа, мөн хугацаа сунгаж өгөхийг хүссэн байдаг. Энэ албан бичгээс харахад хариуцагч нь түрээсийн үндсэн төлбөрийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр дээр хариуцагч тал маргахгүй байгаа. Харин алдангийн хувьд хуульд нийцсэн байгаа тул хангах үндэслэлтэй. Засварын зардал шаардах болсон үндэслэл нь, түрээсийн гэрээн дээр түрээслүүлэгч нь тухайн талбайг хүлээлгэж өгөхдөө засвар үйлчилгээг хийгээд хүлээлгэж өгөх ёстой гэж заасан байгаа. Хар ухаанаар ярьвал манай компани хариуцагч компанитай гэрээ хийж талбай түрээслүүлэхээр болсон. Гэрээ хийсний дараа түрээслэгч компанийг уг байранд орохоос өмнө бид шаардлагатай засвар үйлчилгээг хийж өгөх ёстой. Хариуцагч компанийг оруулахын тулд түүнд зориулж засварын материал авч засвар үйлчилгээ хийсэн байгаа гэв.

Хариуцагч “Нумт Групп” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Манай компани “Хүннү Молл” ХХК-тай Турк хоолны бизнесийн үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн нь үнэн болно. Манай компани энэхүү зоогийн газрын үйл ажиллагааг эрхэлж байх хугацаанд “Хүннү Молл” ХХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүй, үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд мөсөн гулгуурын талбай сар гаруй хугацаанд засварын ажилтай зэрэг шалтгааны улмаас ашигтай ажиллаж чадаагүй буюу алдагдалтай ажилласан. Мөн манай компанийн гүйцэтгэхээр төлөвлөсөн байсан бусад ажлууд тодорхойгүй хугацаагаар хойшилж үйл ажиллагаа, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсон. Түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой нийт 5 сарын төлбөр болох 18,131,548 төгрөгийн түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Түрээсийн гэрээний дагуу тооцогдож буй алданги болох 6,210,083 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсч байна. Түрээсийн байрны ашиглалтын зардал болох нийт 763,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн агуулахын төлбөрийг 4 сараар төлөх хүсэлтэй байна. Учир нь агуулахыг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ашигласан болно. Түрээсийн талбайн тааз болон салхивчны засварын зардалд нэхэмжилж буй төлбөрийг чөлөөлж өгөхийг хүсч байна. Учир нь түрээслэгч нь түрээсийн талбайг үйл ажиллагаа эрхлэхэд бэлэн болгож өгөх ёстой бөгөөд “Хүннү Молл” ХХК нь цаашид ч түрээсийн байрны үйл ажиллагаанд эдгээр төхөөрөмжийг ашиглах боломжтой. Манай компанийн төлөвлөж байсан ажлууд тодорхойгүй хугацаагаар хойшилж санхүүгийн хүнд байдалд орсноор “Хүннү Молл” ХХК-ийг хохироож буйд хүлцэл өчиж байна. Мөн манай компаний дээрх төлбөрүүдийг барагдуулах тал дээр эвлэрэн шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс түрээсийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин улс орон, эдийн засгийн хүндрэлтэй байдалд байгаа учраас гэрээнд хэдийгээр алданги тооцохоор тусгасан боловч нэхэмжлэгчийг хэт хатуу хандалгүй алдангийн шаардлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна. Ус, цахилгааны төлбөр 763,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн агуулахын 3,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин засварын 6,569,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч компани зөвхөн манай компанид зориулж засварын ажил хийгдээгүй бөгөөд өөрсдийнхөө эд хөрөнгөд өөрсдөө засвар хийсэн байгаа. Манай компани уг байрнаас гарч явснаар уг засварын зүйлсийг аваад яваагүй бөгөөд засварын ажлын үр дүн нь нэхэмжлэгч компанид өөрт нь үлдэж байгаа учир манай компаниас засварын зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 22,599,063 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад дүнг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК нь хариуцагч “Нумт Групп” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18,131,548 төгрөг, алданги 6,752,313 төгрөг, цахилгааны төлбөр 763,000 төгрөг, агуулахын түрээсийн төлбөр 4,630,644 төгрөг, түрээсийн байранд хийсэн засварын зардал 6,569,857 төгрөг, нийт 36,847,371 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Нумт Групп” ХХК түрээсийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, цахилгааны төлбөр болон агуулахын түрээсийн төлбөрийн заримыг хүлээн зөвшөөрч, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний нөхцөл, хугацаа, ашиглалтын зардлын талаар маргаагүй боловч үлдэгдэл төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй, тус компанид учирсан эдийн засгийн хямралын улмаас гэрээний дагуу шаардсан алдангийн төлбөрөөс чөлөөлөхийг хүсэх бөгөөд, түрээслүүлэгч “Хүннү Молл” ХХК-ийн түрээсийн байранд анх засвар хийсэн зардлын гэх 6,569,857 төгрөгийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 501 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 46,000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн өмчлөлийнх мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 77/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

            2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр зохигчид Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч “Хүннү Молл” ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамжны 501 тоот хаягт байрлах “Хүннү Молл” барилгын В1 давхрын 51 м.кв талбай бүхий 3 тоот үйлчилгээний өрөөг түрээслэгч “Нумт Групп” ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэгч “Нумт Групп” ХХК-д гэрээ байгуулсан өдрөөс түрээслүүлж, түрээслэгч нь 1м.кв талбайн үнийг эхний нэг жилд 44,100 төгрөгөөр тооцон нэг сард 2,249,100 төгрөг дээр менежментийн төлбөрийг 1 м.кв 25,000 төгрөг байхаар тохирч, сар бүрийн 01-ний өдөр, ашиглалтын зардлын хамт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээслэгчийн тооцоо, Түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 9, 11-20/

            Мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд дээрх хаягт байрлах 36 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай 1 өрөөг сарын 900,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 33-36/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги болон ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Хариуцагч “Номт Групп” ХХК нь санхүүгийн хүнд байдалд орсны улмаас нэхэмжлэгчийн шаардсан алдангийн төлбөрөөс чөлөөлүүлэх буюу төлөхөөс татгалзсан боловч өөрийн татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд анз төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйн алдангид 6,752,313 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч “Нумт Групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн үндсэн төлбөрт 18,131,548 төгрөг болон цахилгаан ашиглалтын зардал 763,000 төгрөгийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрнө. Харин агуулахын түрээсийн төлбөрийг 5 сарын хугацаагаар төлөхөөс татгалзахдаа, агуулахыг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түрээслэсэн гэж тайлбарлах боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчээс түрээслэгчийн агуулах түрээслэж эхэлсэн эхний сарын төлбөрийг түрээслэсэн хоногоор бодож эхний сарын түрээсийн төлбөр 670,644.70 төгрөг байхаар тооцжээ.

Иймд агуулахын түрээсийн төлбөрт нэг сарын түрээсийн төлбөр дээр Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж тооцон, сард 990,000 төгрөгөөр сүүлийн 4 сарын түрээсийн төлбөр болон эхний сарын 670,644 төгрөг, нийт 4,630,644 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

            Харин маргааны зүйл болох 51 м.кв бүхий талбайн тааз болон салхивч, засварын ажлын хөлсөнд шаардсан 6,569,857 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Тодруулбал, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг нотлохоор нэхэмжлэгчээс баримтаар гаргасан “С” блок В1 давхарт байрлах “Нумт” ХХК-ийн заслын ажилд зарцуулсан гэх нэхэмжлэгч байгууллагын талбайн инженер Ө.Алтанхуягийн бичсэн жагсаалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд түрээсийн талбайд 6,569,857 төгрөгийн засвар хийж, уг зардал бодитой гарсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хх 42/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нумт Групп” ХХК-иас 30,277,514 /гучин сая хоёр зуун далан долоон мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,569,857 /зургаан сая таван зуун жаран есөн мянга найман зуун тавин долоон/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,186 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “Нумт Групп” ХХК-иас 309,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА