Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,                                              

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч М.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Я.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурган овогт Мягмарын Төмөрчөдөрт холбогдох эрүүгийн 1909001730286 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Camry auto shop” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 18 дугаар байр, 107 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЗП 87052315 / Хурган овогт Мягмарын Төмөрчөдөр нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто машин угаалгын газарт хохирогч Н.Баярбатыг бусадтай маргалдлаа хэмээн нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Баярбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ очоод ажлаа хийж байхад хүргэн дүү Г.Ганбагана 17 цагийн үед ирж машинаа угаалгасан. Тэгээд угаалгын газраас гараад Г.Ганбаганы машинаар найз н.Элбэгбаярын гэрийн гадна очоод  Нийслэл нэртэй 0.5 л пиво хувааж уусан. Буцаж ажил дээрээ очоод машин угаах гэж зогсож байсан чинь манай ажлын газрын залуу “ Би наад машиныг чинь угаах гэж байсан юм “ гээд бид хоёр маргалдаад зогсож байтал манай ажлын газрын захирлын нөхөр болох М.Төмөрчөдөр ирээд намайг цохиж, зодсоны улмаас миний үүдэн дөрвөн шүд унасан. М.Төмөрчөдөр нь миний зүүн хацар руу 2 удаа толгойгоороо мөргөсөн мөн уруулын хэсэг рүү гараараа цохьсон.  6 дугаар сард хүнд зодуулсны улмаас миний үүдэн 4 шүд унаж байсан. Хиймэл 4 шүд хийлгээд шүрүүпээр тогтоолгож байсан. 1.400.000 төгрөгөөр хийлгэж байсан. Би унасан 4 хиймэл шүдээ хийлгэмээр байна гэжээ. / хх 16-17 /

 

Гэрч Г.Элбэгбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Найз залуу Н.Баярбат гаднаас архи уусан байдалтай ажил дээр согтуу орж ирээд Тунгаагийн найз залуутай машин угаахаар маргалдаад хэрүүл хийгээд байсан. Тэр хоёр хоорондоо зууралцаад барьцалдаад авсан. Хажуу талаас М.Төмөрчөдөр гэх залуу нь салгах гэж орж ирснээ үгийн зөрүүгүй Н.Баярбатын нүүрэн тус газарт нь хоёр удаа толгой хэсгээрээ мөргөөд авахаар нь тэр хоёрыг салгаад Н.Баярбатыг гэр рүүгээ авч явсан. Гэрт очсон чинь Н.Баярбатын уруул нь хавдсан, үүдэн 4 шүд нь уначихсан байсан. Өглөө нь Н.Баярбатын  зүүн талын нүд нь хөхөрсөн. Н.Баярбат нь Тунгаагийн найз залууд зодуулаагүй, зодолдсон асуудал гаргаагүй. Харин маргалдаад байсан. М.Төмөрчөдөр нь Н.Баярбатын нүүрэн тус газарт нь хоёр удаа толгойн дух хэсгээрээ мөргөсөн гэжээ. / хх 21-22 /

 

Гэрч Б.Номун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Угаагчаар ажилладаг Н.Баярбат орж ирээд н.Батсүхтэй машинаа булаацалдаад муудалцсан. Г.Нандин-Эрдэнэ бид 3 салгасан. Н.Баярбат буцаад орж ирээд Батсүхийг машин угааж байхад нь дахиад барьцалдаж аваад түлхээд газар унагаасан. Дахиад Г.Нандин-Эрдэнэ, Н.Баярбатын эхнэр бид гурав салгасан. Тэгэхэд Г.Нандин-Эрдэнэ эгчийн нөхөр М.Төмөрчөдөр машин угаалгын угаадаг буу янзалж байгаад Н.Баярбат дээр очоод тэндээс гаргах гэж байгаад барьцалдаад давхралдаад унасан. Тэгээд бид гурав дахиад очоод салгасан, Н.Баярбат согтуу байсан, орж ирэхдээ зодуулаагүй байсан гэжээ. / хх 55 /

 

Гэрч Б.Батсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Цуг ажилладаг Н.Баярбат нэг машин орж ирэхэд “Би машиныг угаана” гээд бид хоёр маргалдаад заамдалцаад намайг нэг цохиод мөргөсөн. Бид хоёрыг зохион байгуулагч, Б.Номунаа, Н.Баярбатын эхнэр Г.Нандиа нар салгаад цааш аваад явсан. Н.Баярбат буцаж эргэж орж ирээд намайг ална гэж дайраад байсан. Би цаашаа ухарсан. М.Төмөрчөдөр цаана байж байгаад хүрч ирээд Н.Баярбатыг боль гэж хэлээд цаашаа аваад явсан гэжээ. / хх 56  /

 

Гэрч Г.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ....Н.Баярбат нь нэг хэсэг ажил дээрээ байхгүй байсан. Орж ирэхдээ согтуу орж ирсэн. Б.Батсүхийг машин угааж байхад нүүр рүү нь цохиод авсан. Бид гурав салгах гэхэд дийлэхгүй байсан. Манай нөхөр цаанаас ирээд салгаад татсан. Н.Баярбат нь архи үнэртүүлээд орж ирэхдээ биед нь гэмтэл учраагүй байсан. Согтуу улаан царайтай хүн орж ирсэн гэжээ. / хх 59, 113-114 /

 

Гэрч Г.Ганбагана мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Машинаа угаалгасан. Н.Баярбат ах машинд чинь ганц юм ууя гээд машинд нэг шил архи уусан. Тэгээд би ажлынх нь урд буулгаад явсан. Маргааш нь Н.Баярбат ахтай таарахад өчигдөр ажил дээрээ буугаад үлдсэн. Тэгээд ажлынхаа даргын нөхөрт цохиулаад мөргүүлсэн гээд нүд нь хөхрөөд шүд нь байхгүй болсон байсан гэжээ. / хх 66 /

 

Гэрч Н.Дагийсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр үед би машин угаагчаар ажиллаж байсан. Миний харснаар тэр залуу буюу Н.Баярбат нь машин угааж байсан Б.Батсүх гэдэг залуутай маргалдан машин угаадаг усан бууг газарт унагаасан. Тэр үед М.Төмөрчөдөр түүний эхнэр Г.Нандин-Эрдэнэ, Б.Номунаа нар очиж салгасан. Маргааш өдөр нь Б.Номунаатай ярилцахад Н.Баярбат зодуулсныхаа дараа өөрийнхөө хиймэл шүдийг хайгаад байсан “ гэсэн утгатай зүйл ярьж байсан.  Би Н.Баярбатыг гаднаас согтуу орж ирэхэд нь харахад биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. М.Төмөрчөдөр, Г.Нандин-Эрдэнэ нар намайг цагдаа дээр очоод гэрчээр мэдүүлэг өгөөрэй гэхэд нь би “Ямар мэдүүлэг өгүүлэх гээд байгаа юм бэ “ гэхэд Г.Нандин-Эрдэнэ “ М.Төмөрчөдөр тэр Н.Баярбат гэх залуутай маргалдаж, зодолдоогүй гээд мэдүүлэг өгөөдөхөөч ээ “гэсэн гэжээ. / хх 80-81 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 969 дүгээр дүгнэлтэнд:

 1. Н.Баярбатын биед зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх 23 /

Шүүгдэгч М.Төмөрчөдөрийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 61 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машин угаагчийн мотор янзалж байтал Н.Баярбат согтуу орж ирээд Б.Батсүхтэй маргалдаад зодолдсон. Тэгээд хүмүүс салгасан. Тэгтэл дахин орж ирээд Б.Батсүхтэй зууралдаад салахгүй болохоор нь би очоод араас нь татаад салгахад бусад хүмүүс аваад гарсан. Ингээд би ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй. Гадаа 2 цагдаа ирээд авч явах гэснийг тэд нар гуйгаад болиулсан гэсэн. Маргааш нь ажил дээр ирээд цалингаа аваад явсан байсан. Гэтэл 1 сар гаргаад цагдаад өргөдөл гаргасан байсан. Н.Баярбат өөрөө намайг “400.000 төгрөг өгчих” гэхээр нь би түүнд “ Цагдаа сэргийлэх гэж явж байснаас мөнгө өгчихмөөр л байна. Гэхдээ би чамайг зодоогүй учир мөнгө өгөхгүй “ л гэж хэлсэн. Хэрвээ тэр үед би түүнийг зодоод шүд нь унасан байсан бол цагдаа намайг асуух байсан байх. Би Н.Баярбатыг зодож, гэмтээгээгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаа нар Баярбатыг гарсны дараа ирсэн. Би энэ явдал болсны дараа ажил явдал гараад хөдөө яваад ирсэн нь үнэн гэв.

 

Шүүгдэгч М.Төмөрчөдөр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто машин угаалгын газарт хохирогч Н.Баярбатыг бусадтай маргалдлаа хэмээн нүүрэн тус газар нь мөргөж, биед зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд: ... бид хоёр маргалдаад зогсож байтал манай ажлын газрын захирлын нөхөр болох М.Төмөрчөдөр ирээд намайг цохиж, зодсоны улмаас миний үүдэн дөрвөн шүд унасан. М.Төмөрчөдөр нь миний зүүн хацар руу 2 удаа толгойгоороо мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Батбаярын мэдүүлэг / хх 16-17 /, ... Тэр хоёр хоорондоо зууралцаад барьцалдаад авсан. Хажуу талаас М.Төмөрчөдөр гэх залуу нь салгах гэж орж ирснээ үгийн зөрүүгүй Н.Баярбатын нүүрэн тус газарт нь хоёр удаа толгой хэсгээрээ мөргөөд авахаар нь тэр хоёрыг салгаад Н.Баярбатыг гэр рүүгээ авч явсан. Өглөө нь Н.Баярбатын  зүүн талын нүд нь хөхөрсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Элбэгбаярын мэдүүлэг / хх 20-21 /, ... Н.Баярбат ах машинд чинь ганц юм ууя гээд машинд нэг шил архи уусан. Тэгээд би ажлынх нь урд буулгаад явсан. Маргааш нь Н.Баярбат ахтай таарахад өчигдөр ажил дээрээ буугаад үлдсэн. Тэгээд ажлынхаа даргын нөхөрт цохиулаад мөргүүлсэн гээд нүд нь хөхрөөд шүд нь байхгүй болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ганбаганын мэдүүлэг / хх 66 /, … Н.Баярбатын биед зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3830 дугаар дүгнэлт / хх 23 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Төмөрчөдөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Н.Баярбат нь 6 дугаар сард хүнд зодуулсны улмаас үүдэн 4 шүд унаж, хиймэл 4 шүд хийлгээд шүрүүпээр тогтоолгосон байсан бөгөөд шүүгдэгч М.Төмөрчөдөрт зодуулснаас дээрх шүднүүд унасан учир 1.400.000 төгрөгөөр  унасан 4 хиймэл шүдээ хийлгэмээр байна гэж / хх 16-17 / мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа / хх 35-38 / хэрэгт хавсаргажээ.

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3830 дугаартай дүгнэлтийн үзлэгт / хх 23 / Н.Баярбатын зүүн дээд 3 дугаар шүд хөдөлгөөн орсон гэж тэмдэглэсэн бөгөөд түүний бусад шүдний талаар дурьдаагүй, хохирогч Н.Баярбат нь дээрх дүгнэлттэй танилцсан / хх 24 / боловч гомдол гаргаагүй байна.

Мөн түүний гаргаж өгсөн “ ББЭХ “ ХХК-ний Со –Минкан шүдний эмнэлгийн 2016 оны 8 сарын 5-нд 4 шүд хийлгэсэн нь үнэн. 2019 оны 01 сарын 03-нд үзүүлсэн. Одоо 6 шүд хийлгэх шаардлагатай гэсэн магадлагаа нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, дээрх магадлагаанд 12, 23 дугаар шүд гэж тэмдэглэснээс бусад шүдийг тэмдэглээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид зодуулахаасаа өмнө хиймэл 4 шүд хийлгэсэн  нь нотлогдож байгаа боловч энэ нь 3830 дугаартай дүгнэлтэнд дурьдсан зүүн  дээд 3 дугаар шүд хөдөлгөөнд орсонтой холбоотой эсэх нь нотлогдохгүй байна.

Эдгээр байдлыг тодруулахаар хохирогч Н.Баярбатыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч хэрэгт авагдсан хаягтаа байхгүй, гэртээ ирэхгүй удаж байгаа, хаа байгааг нь мэдэхгүй гэж түүний төрсөн эх Наранцэцэг хэлсэн байна.

 Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн үүнтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

1. Хохирогч нэгэнт шүүгдэгчид зодуулахаас өмнө бусдад зодуулж, 4 шүд хийлгэсэн гэдгээ хүлээн мэдүүлсэн тул энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх асуудлыг шалгах шаардлагагүй. Хохирогч Н.Баярбат нь өмнө нь хийлгэсэн 4 шүдээ дахин хийлгэх нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гэвэл өөрөө үүнийгээ нотлох үүрэгтэй болно.

2. Тухайн асуудал болсны дараа эргүүлийн машинтай 2 цагдаа ирээд явсан гэх боловч шүүгдэгч, хохирогч, гэрч нар  хэн гэдэг цагдаа очсон болохыг хэн аль нь мэддэггүй, мөн дуудлага өгсөн эсэх, хэн өгсөн нь тодорхойгүй / хх 113-114 / байна. Тухайн хэрэг гарах үед буюу 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлд ажилласан албан хаагчдын томилгоонд / хх 96 / тухайн маршруутад а/х Г.Батболд, д/а Д.Мягмарсүрэн нар тухайн өдөр ажилласан бөгөөд тэдгээр нь дуудлагаар очоогүй болох нь дуудлагын дэвтрийн хуулбар / 96-98 /, гэрч Г.Батболдын “ Формула “ авто угаалгын газарт дуудлагаар очоогүй, Д.Мягмарсүрэнтэй хамт үүрэг гүйцэтгэсэн гэж / хх 91-95 / мэдүүлсэн зэргээр нотлогдсон байна. Иймд Д.Мягмарсүрэнг гэрчээр асуулгах шаардлагагүй бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байна.

3. Гэрч Дагийсүрэнгийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд түүнд хууль сануулан гэрчээр мэдүүлэг авахад ... Г.Нандин-Эрдэнэтэй одоо хүртэл холбоотой байдаг. Намайг М.Төмөрчөдөр, Г.Нандин-Эрдэнэ нар цагдаа дээр очиж гэрчээр мэдүүлэг өгөөрэй гэсэн “ гэж мэдүүлэг өгсөн / хх 80-81 / болно.

            Мөрдөн шалгалтын явцад гэрч  Б.Номун “ ... Г.Нандин-Эрдэнэ, Н.Баярбатын эхнэр бид гурав салгасан. Н.Баярбат дахиад зодолдъё гээд орилоод байсан. М.Төмөрчөдөр ах угаалгын буу янзалж байгаад Н.Баярбат дээр очоод тэндээс гаргах гэж байгаад барьцалдаад давхаралдаад унасан. Тэгээд бид гурав дахиж очоод салгасан. М.Төмөрчөдөр Н.Баярбатын нүүр рүү цохиогүй. Босож ирэхдээ нүүр нь зүгээр байсан. Маргааш нь ирэхэд нүүр нь зүгээр хавдаж, хөхрөөгүй байсан гэж мэдүүлсэн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Өөрөөр хэлбэл түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй дараах мэдүүлгүүдээр няцааж байна. Үүнд нь:

1. Шүүгдэгч М.Төмөрчөдөр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ...Н.Баярбаттай би барьцалдаж аваагүй. Хамт унаагүй. Салахгүй болохоор нь араас нь очиж татаж салгасан / хх 05, 58 / гэжээ. Мөн гэрч Г.Нандин-Эрдэнэ мэдүүлэхдээ “ ...М.Төмөрчөдөр, Н.Баярбатыг салгахдаа унаагүй гэж мэдүүлсэн болно.

2. Тухайн маргаан болох үед Г.Нандин-Эрдэнэ, Б.Номун, Г.Элбэгбаяр нар Б.Батсүх, Н.Баярбат нарыг удаа дараа салгаж байсан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нар мэдүүлсэн. Гэтэл гэрч Г.Нандин-Эрдэнэ нь “ Би М.Төмөрчөдөр Н.Баярбатыг цохиж, зодож байхыг хараагүй. Би тэр хоёрыг байнга ширтээд зогсоод байгаагүй. Би мэдэхгүй байна. Г.Элбэгбаяр, Б.Номун нар харсан эсэхийг би мэдэхгүй байна. Би л лав хараагүй. Б.Номун тухайн үед миний урамшуулалд авсан утсыг барьж байсан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй. Б.Номун одоо хаана байгааг мэдэхгүй. Монгол улсад байхгүй байх. Ээж нь хайгаад угаалгын газраар ирж байсан гэж мэдүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төмөрчөдөр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Хурган овогт Мягмарын Төмөрчөдөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Мягмарын Төмөрчөдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Төмөрчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь  эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Төмөрчөдөр нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. М.Төмөрчөдөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Төмөрчөдөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ