Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02030

 

 

 

****** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07052 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 1,082,795,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани 2024 оны 08 сарын 07-ны өдөр ****** ХХК-тай 24/30 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, Багануур дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа Багануур гарден ресиденс төсөлд талууд тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт гаргаж, барилгыг худалдан борлуулснаар гэрээний үр шимийг хүртэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ тухай бүрд нь биелүүлж, нийт 721,863,585 төгрөгийн бодит зардлыг гаргасан. Хариуцагч нь барилгын ажлыг явуулахад шаардлагатай баримт бичиг бүрэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас аль хэдийн 500,000,000 төгрөгийн зардал гарсны дараа баримт бичгийн бүрдэл дутуу болохыг мэдсэн. Баримт бичгийн бүрдлийг хангах талаар анхааруулга өгсөн боловч үр дүнд хүрээгүйгээс гадна хариуцагч тал цаашид нэмэлт хөрөнгө оруулалтыг гэрээний дагуу оруулж чадахгүй нөхцөл байдалд орсноо нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Хамтран ажиллах гэрээний 1.1, 1.4, 2.1.3, 3.3-т заасныг зөрчиж биелүүлээгүй тул 2024 оны 09 сарын 17-ны өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн. ****** ХХК-ийн захирал Б.Эрдэнэ 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/19 тоот албан бичгээр 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор 700,340,904 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй.

Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 721,863,585 төгрөг, гэрээнд заасан алданги 360,931,792 төгрөг, нийт 1,082,795,377 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани 2024 оны 08 сарын 07-ны өдөр ****** ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед А блокийн 3 давхрын цутгалт хийгдсэн байсан. Манай компани ****** ХХК-д хуурамч мэдээлэл өгч байгаагүй. Барилгын ажлын зураг төслөө зохих ёсоор баталгаажуулж, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан байсан. Хамтран ажиллах гэрээний 1.1-т Энэ гэрээгээр талууд 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн Багануур гарден төслийг барьж, байгуулж дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллах бөгөөд Б талын хувьцааны 51 хувийг А талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан бөгөөд хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах хугацааг тохиролцоогүй нь уг заалтыг ****** ХХК зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний 1.4-т Төслийн үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтийг эхэлснээс дуусах хүртэл гарах зардлыг А тал 50 хувь, Б тал 50 хувь буюу тэнцүү харьцаатай харилцан санхүүжүүлнэ гэж заасан. Манай компани 2024 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 2,298,844,487 төгрөгийн санхүүжилт зарцуулсан байсан. Үүнийгээ ****** ХХК-д танилцуулсан бөгөөд тус компани үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 2.1.3-т Төсөл хэрэгжүүлж байгаа хамтарсан компанийн орлого, зарлагын данс тусдаа байх бөгөөд санхүүжилтийг гаргахдаа талуудын төлөөлөл хамтарч гарын үсэг зурж баталгаажуулна. Үүнийг жич компанийн баримт бичигт тусгана, 3.3-т Талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хамтран ажиллахдаа тухайн төсөлд хамаарах асуудлаар аливаа гэрээ хэлцлийг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй хийхгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ****** ХХК нь төслийн санхүүжилтэд 721,863,585 төгрөгийн зардал гаргасан гэх боловч уг гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд болох нь тогтоогдоогүй, тухайн зардлуудыг гаргасан гэх баримтуудаа ирүүлээгүйгээс гадна гэрээний 2.1.3, 1.7, 3.3-т заасныг зөрчсөн. ****** ХХК өөр бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулж байгаагаа ****** ХХК-д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй. Гэсэн хэдий ч төсөлд ****** ХХК 700,340,904 төгрөгийг бараа материал хэлбэрээр санхүүжилт оруулсан гэдгийг зөвшөөрч 2024 оны 09 сарын 20-ны өдөр 24/19 тоот албан бичгийг хүргүүлсэн. Манай компани нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлд тусгасан зөрчлийг гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасныг ****** ХХК хүлээн зөвшөөрч үүнийг албан бичигтээ тусгасан болно. Гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэж тодорхойлон тус гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож нийт 360,931,792 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэвэл гэрээний үүрэг шаардахгүй тул алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө шаардаж байгаа бол түүнд алданги тооцох хуулийн болон гэрээний зохицуулалт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ****** ХХК-аас 700,340,904 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 382,454,473 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,729,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** ХХК-аас 3,659,655 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...****** ХХК-аас хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулж ****** ХХК-д дансаар болон бэлнээр төлсөн мөнгө байхгүй, харин ****** ХХК хамтран ажиллах төсөл дээр ойролцоогоор 500,000,000 гаруй буюу 568,608,430 төгрөгийн бараа материалыг хамтран ажиллах гэрээний 3.3-т талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хамтран ажиллахдаа тухайн төсөлд хамаарах асуудлаар аливаа гэрээ хэлцлийг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй хийхгүй байх үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчиж барилгад нийлүүлсэн, энэ нийлүүлсэн бараа материалын дүнг талууд албан ёсоор тооцоо нийлээгүй, эдгээрийн зарим бараа материалын хувьд харилцагч байгууллагаас ****** ХХК-д нийлүүлсэн бараа материалын үнэ байх боломжтой, үүнийг тооцоо нийлж байж тогтооно... гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэгч талын бараа материалаар нийлүүлсэн хураамжийн талаар маргаагүй тогтоогдсон үйл баримт гэж үзсэн нь хариуцагч талын маргаж буй, нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний 3.3-т заасан хүлээсэн үүргээ зөрчсөн учир уг хөрөнгөөс тогтоогдсон хэмжээний хөрөнгийг буцаан төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар, холбогдох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.

4.2.  Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний 3.3-т тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тухайн төсөлд хамаарах бараа материалын зардлыг нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гуравдагч этгээдэд өөрөөсөө шилжүүлсэн гэсэн, хоорондын тооцоо нийлээгүй баримтыг нэхэмжлэлд хавсарган өгч, шүүх энэ баримтыг маргаагүй үйл баримт гэж үзэж, нэхэмжлэгч талын оруулсан хураамж гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хоёр талын оруулсан хураамж тус бүрийн өмчлөлд хэвээр үлдэх, гэрээнээс гарсан тохиолдолд хураамжид шилжүүлсэн хөрөнгөө буцаан авах талаар зааж, тохиролцоогүй. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2-т заасан үндэслэлгүйгээр гэрээнээс гарч, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах шаардлага гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, ...хариуцагч тал 700,340,904 төгрөгийг зөвшөөрсөн албан бичиг нөгөө талдаа илгээж байсан... гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтад үндэслэн гаргасан нэхэмжлэгч талын оруулсан хураамж гэж үзэн нийлүүлсэн бараа материалын тоо хэмжээ, үнийг тооцсон тайлбарыг үнэлж, дүгнээгүй маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч талын оруулсан хураамжийн хэмжээг хэрэгт авагдсан, тогтоогдож байгаа баримтын хэмжээнд буюу 568,608,430 төгрөгөөр тогтоож, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компани нэхэмжлэгч компаниас 700,340,904 төгрөгийн бараа материал хүлээж авсан, санхүүжилт оруулсан гэдгээ хэргийн 69-р талд авагдсан хариу тайлбартаа дурдсан байдаг. Үүнтэй холбоотой манай и-мэйл хаяг руу 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/19 дугаар албан тоотоор өөрсдөө хүлээн авсан гэдгээ нотолж 700,340,904 төгрөг гэсэн жагсаалтын дагуу бараа материал хүлээн авсан баримтуудаа гаргаж өгсөн. Хариу хүргүүлэх тухай гэх албан бичигт дурдагдсан зүйл нь энэ үнийн дүнгээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, 2024 оны 11 сарын 20-ны өдөр төлөх боломжтой, компанийн нөхцөл байдал болон санхүүд хүндрэл учирч байгаад хүлцэл өчье гэсэн утга бүхий бодит үйлдлээр өөрсдийнхөө хариуг илгээсэн. Хэргийн 17-30-р талд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн банкны гүйлгээний хуулга, 177-180-р талд гүйлгээний хураангуй хуулга хавсаргагдсан. Анх нэхэмжлэгч талаас явуулсан албан тоот дээрх компанийн нэр болон түүний мөнгөн дүн, хариуцагч талаас и-мэйлээр ирүүлсэн гэх албан тоот дээрх компанийн нэр болон мөнгөн дүнгүүд таардаг.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ****** ХХК нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан оруулсан хөрөнгө оруулалт 721,863,585 төгрөг, алданги 360,931,792 төгрөг, нийт 1,082,795,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч давж заалдах шатны шүүхэд 568,608,430 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 514,186,947 төгрөгийг эс зөвшөөрсөн агуулгатай гомдол гаргажээ.

 

3.   Талууд 2024 оны 08 сарын 07-ны өдөр 24/30 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр ****** ХХК-ийн эзэмшлийн газар дээр Багануур гарден төсөл-ийг барьж дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллах, түүнээс олсон ашгийг адил тэнцүү хуваарилах, төслийн үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр гаргах нөхцөлийг тохиролцсон байна.

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч талын гаргасан ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 09 сарын 17-ны өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн... гэсэн тайлбар, хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч, албан бичигтээ тусгасан болно... гэсэн тайлбараас дүгнэхэд талуудын хэн аль нь 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 24/30 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г дуусгавар болгох хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-т зааснаар гэрээг цуцалж, дуусгавар болгосон байна.

 

6.   Нэхэмжлэгч тал ...хамтран ажиллах гэрээний дагуу нийт 721,863,585 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, уг хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулна... гэж тайлбарласан бол хариуцагч тал ...хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 568,608,430 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн, уг дүнг буцаан өгөх боломжтой... гэж тайлбарлан маргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ****** ХХК-ийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/19 дугаартай албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг үнэлж, хариуцагчаас 700,340,904 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 42 дугаар зүйлийн 42.4-т заасантай тус тус нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлээр шаардсан мөнгөн дүнг хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болох нь тогтоогдоогүй гэж маргасан боловч уг татгалзалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 568,608,430 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн гэх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

7.   Дээр дурдсан ****** ХХК-ийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/19 дугаартай албан бичигт ...Хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаатай холбогдуулан танай байгууллагаас тус төсөлд оруулсан 700,340,904 төгрөгийг 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор төлөх боломжтой байна. Талууд хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсны дараа харилцан тохиролцож төслийн борлуулалтыг зогсоосон тул компанийн хувьд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ... гэж бичсэнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал нэхэмжлэгч компани хамтран ажиллах гэрээний дагуу нийт 700,340,904 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг хариуцагч компани хүлээн зөвшөөрч, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2 сарын дотор төлж барагдуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж ойлгогдохоор байна.

 

8.   Иймд ...анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

9.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 382,454,743 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 816,620 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР