| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0846/Э |
| Дугаар | 858 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Амуударь,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч О.Дөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шувуут овогт Заяатын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1909026970958 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НИ63071358 / Шувуут овогт Заяатын Мөнхбат нь:
- 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 276 тоот хашааны гадна Г.Мөнгөнсүхтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Мөнгөнсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16-17 цагийн хооронд З.Мөнхбат бид 2 манай гэрийн хажууханд байдаг колонкийн ойролцоо гудамжинд 0,5 литрийн архи хувааж уугаад нэг мэдэхэд бид 2 хоорондоо муудалцаж байсан. Би З.Мөнхбатын зүүн хөмсөг хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон юм. Тэгтэл З.Мөнхбат намайг буцаагаад зүүн нүд рүү маань гараараа нэг удаа цохьсон гэжээ. / хх 8-9 /
Гэрч Ц.Алтанчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ажлаа тараад шууд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд манай нөхөр Г.Мөнгөнсүхийн зүүн нүд нь жигтэйхэн том болтлоо хавдаад хөхөрчихсөн байсан гэжээ. / хх 30 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8781 дүгээр дүгнэлтэнд:
1. Г.Мөнгөнсүхийн биед зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /
Шинжээч Н.Энхцолмон мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Дээрх үйлчлэлээр нүдэнд цус харвалт гэмтэл тогтоогдох боломжтой гэжээ. / хх 15 /
Шүүгдэгч З.Мөнхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-25 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 41 / зэрэг болно.
Шүүгдэгч З.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна гэв.
Шүүгдэгч З.Мөнхбат нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 276 тоот хашааны гадна Г.Мөнгөнсүхтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...З.Мөнхбат миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Мөнгөнсүхийн мэдүүлэг / хх 8-9 , ... Г.Мөнгөнсүхийн зүүн нүд нь жигтэйхэн том болтлоо хавдаад хөхөрчихсөн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Алтанчимэгийн мэдүүлэг / хх 30 /, ... Г.Мөнгөнсүхийн биед зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8781 дүгээр дүгнэлт / хх 14 /, ...Дээрх үйлчлэлээр нүдэнд цус харвалт гэмтэл тогтоогдох боломжтой гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг / хх 15 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч З.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Мөнхбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мөнхбат нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Мөнгөнсүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 68 / гэсэн тул шүүгдэгч З.Мөнхбат нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч З.Мөнхбатыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шувуут овогт Заяатын Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Заяатын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, З.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Мөнхбат нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. З.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ