| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/01029/И |
| Дугаар | 210/МА2025/02031 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02031
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03464 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,337,781,843.47 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2019 оны 04 сарын 22-ны өдөр 06 тоот Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь БНХАУ-ын ******* үйлдвэрт үйлдвэрлэгдсэн HAWK брэндийн усжуулалтын 5 ширхэг тоног төхөөрөмжийг нийт 1,581,175,238 төгрөгөөр нийлүүлж угсарч суурилуулах, нэхэмжлэгч нь үнийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний үнийг 2019 оны 05 сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч ******* ХХК нь 3 ширхэг төхөөрөмжийг огт нийлүүлээгүй, 2 ширхэг төхөөрөмжийг хүргэж өгөөд суурилуулаагүй буюу гэрээний үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж, үүргээ гүйцэтгэх хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд 2 ширхэг тоног төхөөрөмжийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь *******ХХК-ийн тариалангийн талбайд угсарч, суурилуулах ажлыг бусдаар гүйцэтгүүлэх зардалд 517,637,691 төгрөг, уг зардлын үнэлгээний хөлс болон үнийн санал авсны хөлсөнд 3,800,000 төгрөгийн зардал гаргасныг хохиролд тооцон нэхэмжилнэ.
Нэхэмжлэгч нь ******* ХХК-аас усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авахдаа тухайн үед Хаан банк ХК-аас 1,344,000,000 төгрөгийн зээл авч гэрээний үнийг төлсөн байдаг. Хариуцагч ******* ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Улмаар Хаан банк ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхөд хүрч хохирсон.
Иймд Хаан банк ХК-аас нэхэмжилж байгаа зээлийн хүүгийн төлбөр 154,537,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 380,539,028 төгрөгийг тус тус гаргуулна.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ч бүрэн гүйцэт угсраагүй байгаа 2 ширхэг тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын төлбөрт 2019 оны 12 сарын 31-ний өдөр 599,814,927 төгрөгийн төлбөрийн баримт үүсгэсэн байдаг. Гэрээний 7.1-т заасныг үндэслэн 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл нийт 943 өдрөөр бодоход үндсэн үүргийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хугацаа хэтрүүлсний алданги 299,907,464 төгрөг гаргуулна.
Мөн гэрээний дагуу хариуцагчийн огт нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй 3 ширхэг тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг, хэрэгсэл, угсралт суурилуулалтын ажлын үнэ буюу гэрээний цуцлагдсан хэсгийн үнэ 981,360,311 төгрөгийг нэхэмжилнэ.
Иймд нийт 2,337,781,843 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь *******ХХК-тай 2019 оны 04 сарын 22-ны өдөр Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ байгуулж, гэрээт ажлын дуусах хугацааг 2019 оны 05 сарын 25-ны өдөр байхаар тусгасан. Энэхүү гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаан гараагүй 5 жил өнгөрсөн. Талуудын байгуулсан гэрээт ажлын үнийн дүн 1,581,175,238 төгрөг байсан бөгөөд *******ХХК-аас ******* ХХК-д 2019 оны 05 сарын 17, 2019 оны 05 сарын 28-ны өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр нийт 1,456,162,580 төгрөг шилжүүлж, үнийн дүнгээс 125,012,658 төгрөг дутуу төлсөн. Гэсэн хэдий ч ******* ХХК хүлээж авсан үнийн дүндээ тохирсон ажлыг буюу 2 ширхэг HAWK брэндийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчирч *******ХХК-ийн эзэмшлийн талбайд суурилуулж өгсөн. Энэ нь ажил хүлээлцсэн акт болон Өвөрхангай аймгийн Хархорин сумд байх *******ХХК-ийн эзэмшлийн 500 га талбайд суурилагдсан 2 ширхэг төхөөрөмжийн зургуудаар нотлогдоно.
Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссанаас гадна нэхэмжлэгч нь манай дансанд шилжүүлсэн мэт Хаан банканд харуулж байгаад шилжүүлсэн мөнгөө буцааж авсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнд тооцуулах хуурамч бичгийн тухайд *******ХХК-ийн менежер *******ын хүргэн ****** манай компанид ажиллаж байсан ******* рүү залгаж ...бидэнд та нарын тусламж хэрэгтэй байна, Хаан банкны зээл нэхэгдээд хэцүү байна, бид хугацаа авахын тулд хуурамч бичиг байх хэрэгтэй байна, хийгээд өгөөч... гэхэд ******* ...ямар бичиг хийлгэх гэж байгаагаа бичээд ир, та нарт тусалж болно... гэсэн яриа болсон байдаг. ******* Viber-аар ******* ХХК-ийн бланкийг явуулж, тус бичгийг н.******* төлөвлөөд буцааж ******* рүү Viber-ааp явуулснаар 2024 оны 01 сарын 17, 18 гэсэн огноотойгоор хөөн хэлэлцэх хугацааг алдаагүйд тооцуулах хуурамч бичиг бий болсон байдаг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад ******ийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 1889 тоот дүгнэлтээр уг албан бичиг нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг биш гэдгийг тогтоосон, энэ нь хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 2 талын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Viber-аар харилцсан мессежинд хийсэн үзлэгт ...****** төлөвлөж *******ээс ******* ХХК-ийн бланкийг файл хэлбэрээр Viber-aap авч, *******ээр гарын үсэг зуруулж, тамга дарсан... гэдгийгээ хүлээн зөвшөөрсөн.
******* ХХК нь *******ХХК-ийн төлбөр хийсэн үнийн дүнгийн дагуу 2 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн. *******ХХК-д буцааж 890,222,453 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Бидний тооцооллоор 1,015,235,111 төгрөгийг манай компанид шилжүүлээд, дахин шинэ гэрээ хийх юм бол бид нэхэмжлэгчид 3 төхөөрөмжийг суурилуулж, өмнө нь суурилуулсан 2 төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулж өгөх боломжтой. Гэрээнд заагдсан үнийн дүнтэй ажлын зураг төсөв түүний ТЭЗҮ-ээр бол 5 төхөөрөмжийн дундах инженерийн холболтоор ажиллах юм. Манай инженерүүд геологийн судалгаанаас эхлээд газрын хэвлий налуу болон бусад бүх шаардлагатай хэмжилт судалгааг хийсний үндсэн дээр ТЭЗҮ гаргасан. Дахин зураг төсөв өөрчлөх боломжгүй, хэрэв өөрчлөхөөр бол дахин ТЭЗҮ хийх зардал гарна. Өөрөөр хэлбэл, машины 2 дугуйг нь угсарчхаад одоо үүнийг унаад явъя, явдаг болгоод өг гэх нь өөрөө техникийн шийдлийн хувьд зураг төсөв болон үнэ өртөггүйгээр шийдэл олж, ажиллагаанд оруулах огт боломжгүй юм. Зураг төслийг өөрчилж, техникийн өөр шийдлээр ажиллагаанд оруулж болох боловч 5 төхөөрөмжтэй том оврын системийн хувьд уг техникийн шийдэл, зураг төсөл боловсруулах нь өөрөө өндөр өртөгтэй бөгөөд нэхэмжлэгч тал мөнгөө төлөх юм бол болохгүй зүйл байхгүй.
Иргэний хэрэг үүссэнээс хойш бүтэн 9 cap орчим хугацаа өнгөрсөн байхад 890,222,800 төгрөгийг хүлээж аваагүй гэж мэдэгдэж байгаагүй. Өөрөөр хэлбэл мөнгөө буцааж аваагүй гэж огт маргаагүй. Хэргийн 35-р талд байгаа албан бичгийг нотлуулах шаардлагагүй, гарын үсгийг шинжилгээнд явуулахгүй гэж маргаж байсан болохоос 890,222,800 төгрөгийг хүлээж аваагүй гэж огт маргаж байгаагүй, 890,222,800 төгрөгийг хүлээж авсан гэдгийгээ хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч нь урьдчилгаа хөлсийг өөрийн механизмаа зарж бүрдүүлсэн гэх боловч нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн иргэний хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн анхан шатны гэх материалууд нь эх баримт болон нотариатаар батлуулсан баримт огт байхгүй. Хэргийн 218-222-р талд авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримт болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/03333 дугаар захирамжид манай компанийг огт дурдаагүй, гуравдагч этгээдээр татаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 2,337,781,843 төгрөг гаргуулах тухай *******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 11,846,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагууд бүгд гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь буруу. Нэхэмжлэгч нь усжуулалтын системийг бусдаар бүрэн хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 517,637,691 төгрөг болон зардлын үнийн санал авсан, үнэлгээ хийлгэсэн зардал 3,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.2, 227 дугаар зүйлийн 227.5-д заасан үндэслэлээр гэм хор буюу учирсан хохирол гэж, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу Хаан банк ХК-д төлөх зээлийн хүүгийн төлбөр 154,537,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 380,539,028 төгрөгийг Иргэний хуулийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасан үндэслэлээр, нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй 3 ширхэг тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг, хэрэгсэл, угсралт суурилуулалтын ажлын үнэ буюу гэрээний цуцлагдсан хэсгийн үнэ 981,360,311 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар гэрээний үүрэг биш учирсан хохирол нөхөн төлүүлэхээр тус тус шаардсан байдаг. Эдгээр шаардлагуудад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.
4.2. 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 06 тоот гэрээний 7.1-т заасныг үндэслэн 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл хугацааны алданги 299,907,464 төгрөгийн шаардалага нь гэрээний үүрэгтэй холбоотой боловч шүүхээс нотлох баримт буруу үнэлсэн тул нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй гэж үээж байна.
4.3. ******* ХХК нь 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 24/01 дугаартай *******ХХК-д хүргүүлсэн Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг гаргахдаа урьдчилан буюу шууд татгалзаагүй өөрийн бланк, тэмдгийг ашиглан гэрээний үүргийг хойшлуулж байгаагаа бичгээр илэрхийлсэн тул энэ хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. ******* ХХК нь 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 24/01 дугаартай албан бичигт итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нэрээ бичин, бланк, тамга тэмдгээрээ баталгаажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т нийцэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү албан бичгийг авах үедээ ******* ХХК-ийн захирал *******тэй утсаар ярихад тэрээр уг албан бичгийг өөрийн эхнэр ******* гэх хүнээс аваарай гэж хэлсний дагуу *******ХХК-ийн менежер ****** нь 2024 оны 01 сарын 18-ны огноотой албан бичгийг эхнэр *******ээс өөрийн биеэр очиж авсан байдаг. Энэхүү үйл баримт нь талуудын хооронд харилцсан Viber мессежээр нотлогддог. *******ХХК-ийн хувьд уг албан бичигт ******* ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурж үйлдэж өгсөн гэж ойлгож байсан ба уг албан бичигт эхнэр нь гарын үсэг зурсан эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх шаардлагагүй байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг хэрэгт хамааралтай талаас нь тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байсныг нэхэмжлэгч талын хүсэлтээр Хаан банк ХК-д өгөхөөр ******* ХХК-ийн бланкийг *******ХХК-ийн менежер өөрөө төлөвлөөд гаргаж, тамга дараад явуулсан байдаг. Гарын үсэг нь биш гэдгийг шинжилгээгээр тогтоосон. Эдгээрээс харахад хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эрх зүйн шаардлагыг биелүүлээгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн тухайд бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал, Хаан банк ХК-д төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан байдаг. Уг зээл нэхэмжлэгчийн өөрсдийнх нь үүрэг тул биднээс шаардах эрх зүйн үндэслэлгүй. Гэрээний дагуу хүлээн авсан төлбөрт тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд энэ тухай 2019 оны 06 сарын 05-ны өдрийн актыг нотлох баримтаар өгсөн. 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнэ төлбөрийг нэхэмжлэгч өөрөө буцаагаад авсан. Энэ нь хэргийн 57-92-р талд байгаа. Манай компанид эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээтэй холбоотой үүрэг үлдээгүй. Давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судалсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бусдаар ажил гүйцэтгүүлэхэд гарах зардал 517,637,691 төгрөг, үнийн санал авахад гарсан зардал 3,800,000 төгрөг, банканд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон 380,539,028 төгрөг, нийлүүлж угсарч суурилуулаагүй 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнэ 981,360,311 төгрөг, алданги 299,907,464 төгрөг, нийт 2,337,781,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хүлээж авсан мөнгөндөө тохирсон ажил буюу 2 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг буцаан төлсөн, банкны өмнө нэхэмжлэгчийн хүлээх үүрэг хариуцагчид хамааралгүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаар зохигчийг бүрэн мэтгэлцүүлээгүй байна.
4. Талууд 2019 оны 04 сарын 22-ны өдөр 06 дугаартай Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу *******ХХК нь 2019 оны 05 сарын 17-ны өдөр 700,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 28-ны өдөр 756,162,580 төгрөг, нийт 1,456,162,580 төгрөг шилжүүлсэн, ******* ХХК нь 5 ширхэг усжуулалтын систем нийлүүлж, суурилуулахаас 2 ширхэгийг нийлүүлж, угсарсан, энэ талаар талууд 2019 оны 06 сарын 05-ны өдөр усжуулалтын тоног төхөөрөмж хүлээлцсэн тухай баримт үйлдсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь 3 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийн үнэ гэж 981,360,311 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь 3 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийн үнэ болох 890,222,800 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж маргаж, үүнтэй холбоотой гэх 2019 оны 04 сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны банкны шилжүүлгийн мэдээлэл, зарлагын мэдүүлэг, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг, депозит дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Дээрх баримтуудад Ш.******, Г.Уранчимэг, *******, Г.*******, Ч.*******, О.*******, *******, *******, ******* ХХК, ******* ХХК гэх этгээдүүд нэр дурдагдсан байх ба касст, кассын зарлага, зээл буцаав, зээл, угтаал зардал, *******, *******гээс, ******* ХХК-аас тоног төхөөрөмжийн үнэ, B1905167H, B1905167D, ********ад зээл гэх гүйлгээний утгатай байна.
Энэ тохиолдолд 3 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийн үнэ чухам хэд болох, хариуцагч талын гаргаж өгсөн төлбөр төлсөн гэх баримтууд нь уг төлбөртэй хамааралтай эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
6. Талууд 2019 оны 04 сарын 22-ны өдөр 06 дугаартай Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ-гээр тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах хугацааг 2019 оны 05 сарын 25-ны өдөр гэж тохиролцсон байх ба уг үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан эсэх талаар зохигч маргасан байна.
Хэрэгт 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 24/01 дугаартай албан бичиг авагдсан, уг албан бичиг хүчин төгөлдөр эсэх, ******* ХХК-ийн захирал гарын үсэг зурсан эсэх талаар талууд тайлбар гарган мэтгэлцсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх албан бичгийн хэлбэрийн талаар талууд маргасан ч уг албан бичигт бичигдсэн агуулгын талаар талууд мэтгэлцээгүй байна.
Тодруулбал, уг албан бичигт 2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотод гарсан Ковид-19 цар тахал гарч, Монгол Улсад 2020 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоосны улмаас усжуулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил хийгдээгүй учир үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан тухай дурдагддаг.
Тухайн цаг хугацаанд ийм үйл баримт байсан эсэх, энэ нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь *******ХХК-ийн тариалангийн талбайд усжуулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулахад бодитой нөлөөлсөн эсэх талаар зохигч мэтгэлцэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
7. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 11,847,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР