Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 424

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Батхуягт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан Н.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Батхуягт холбогдох эрүүгийн 201625031690 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ван овогт Норжмаагийн Батхуяг, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-650 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: ЙР75032811/.    

Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягаас 1.862.000 /нэг сая найман зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Олохнууд овогт Лувсандагвын Батзаяа /РД:УХ92062811/-д олгож шийдвэрлэжээ.  

Ялтан Н.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хилсээр шийтгүүлж байна. Хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. 3 дугаартай гарын хээг хэнийх болохыг тогтоох ёстой. Би кузов засварын газар ажиллуулдаг” гэв.

 

Ялтан Н.Батхуягийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Батхуягт холбогдох хэрэг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд 3 дахь удаагаа хянан хэлэлцэгдэж байна. Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 3 дугаартай гарын хээний эзнийг олсноор Н.Батхуягийг хэрэг хийсэн эсэх, Н.Батхуягтай хамт хүн байсан эсэхийг тогтоох ач холбогдолтой. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд маргах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж 3 дугаартай гарын хээний эзнийг олох шаардлагатай гэж үзэж байна. Манай талаас машины засварын бүртгэл, камерын бичлэг гаргаж ирвэл гол нотлох баримт болох байсан хэдий ч цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдчихсан нөхцөл байдал байна. Иймд давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хэргийг анх шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нар оролцож мэдүүлэг, тайлбар өгсөн. Тухайн үед хохирогч уг автомашиныг 10-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл унаагүй. Энэ хооронд эх Нарангэрэлийн мэдэлд уг автомашиныг шилжүүлсэн байсан. Нарангэрэл нь машиныг унаж, ямар нэгэн засварын газар очоогүй гэдэг талаар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн очсон бөгөөд үүнд шинжээч Анхзаяа очиж хэргийн газрын үзлэгээр 7 ширхэг гарын мөр бэхжүүлж авсан. Ингээд тухайн өдрөө бэхжүүлж авсан гарын мөрүүдийг шинжилгээнд өгч 4 дугаартай гарын мөр нь санд хадгалагдсан Н.Батхуягийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус тус санд бүртгэгдсэн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон онцлог шинжүүдээрээ тохирч байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургаар 06-32 УБЦ дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд талын цоожны дээд хэсэг хагарсан, үүний яг доод талын хэсгээс Н.Батхуягийн зүүн гарын алганы хээ бэхжүүлэгдэж авагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Батхуяг нь тухайн машиныг би 2 хоногийн өмнө зураасыг нь арилгасан гэж, фото зураг гаргаж өгсөн. Үүнд ямар дугаартай, ямар машин гэдэг нь тодорхойгүй. Жолоочийн зүүн талын эсрэг талын бензин болон дугуйн дээд хэсэгт болсон зураасыг арилгасан. Энэ явцад гараараа дарсан гэсэн мэдүүлэг, хүсэлт өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт орсон шинжээчийн мэдүүлэгт “гарын мөр нь ямар нэгэн агуулах саванд хадгалагдаагүй, ил газар тоос шороотой нөхцөлд байгаа тохиолдолд ийм удаан хугацаагаар хадгалах боломж байхгүй” гэсэн. Гарын мөр бол шууд нотлох баримт юм. Учир нь гарын мөр бусад хүмүүсийн гарын мөртэй онцлог болон хувийн шинж тэмдгээр тохирохгүй гэж шинжлэх ухаанд үздэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Батзаяагийн “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай ах Л.Баясгалан миний эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай саарал өнгийн “Тоёота Приус-20” машиныг түр унаж явж байгаад 23 цагийн орчимд манай гэр буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны ах автомашины зогсоолд тавиад надад түлхүүрийг нь өгсөн юм. Тэгээд маргааш өглөө буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өлгөө 9 цагт гараад ирсэн чинь миний машины 2 хойд талын хаалганы том цонх хагарсан, урд хойд гэрэл дохио, 2 толь зэрэг бүгд алга болсон байсан юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм…” /хх-20-22/,

гэрч Н.Нарангэрэлийн “...миний хүү Батзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны улс руу яваад 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирсэн өөрийнхөө машинтай яваагүй миний машиныг унаж яваад надад машиныхаа түлхүүрийг үлдээсэн юм. Би Батзаяаг гадаад явсан хойгуур машиныг огт хөдөлгөөгүй унаж гараагүй байрандаа л байсан…” /хх-23/,

шинжээч Г.Анхзаяагийн “…бүрэлдэхүүний хамт хэргийн газрын үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас 7 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан. Тухайн өдөртөө уг гарын мөрүүдэд шинжилгээ хийхэд 4 дугаартай хагарсан цонхны доод хүрээнээс бэхжүүлсэн гарын мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Норжмаагийн Батхуягийн зүүн гарын алганы дардастай тохирч байсан юм …” /хх-32/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/440 тоот шинжээчийн дүгнэлтэд “…1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3, 4 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж байгаа 4 дугаартай гарын мөр нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус тус санд бүртгэгдсэн Норжмаа овогтой Батхуягийн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна. Харин 3 дугаартай гарын мөр нь санд байгаа хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна…” /хх-28-30/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-19/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-11-12/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Н.Батхуягт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан торгох ял оноосон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Н.Батхуяг “…Миний бие дээрх гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд хилс хэрэгт гүтгэгдэн ял шийтгүүлээд байна. Иймд 3 дугаартай гарын хээг хэн гэгчийнх болохыг тогтоож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү …” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн газрын үзлэгээр хохирогч Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай, саарал өнгийн “Тоёота Приус-20” машины зүүн хойд хаалганы хагарсан цонхны шилний хүрээний орчмоос илрүүлсэн 4 дугаартай гарын хээ нь ялтан Н.Батхуягийн зүүн гарын алганы хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирсон тул түүнийг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

               ШҮҮГЧИД                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ