Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2318000000394 |
Дугаар | 2024/ХШТ/10 |
Огноо | 2024-02-07 |
Зүйл хэсэг | 10.1.2.8., |
Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ХШТ/10
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дүгээр магадлалтай, Н.Б-д холбогдох 2318000000394 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б, 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг ***** тоотод оршин суух хаягтай,
урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, РД: *****.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Б-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч Н.Б-ыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан (24х30 1 ширхэг хивсэнцэр, үс мэт зүйл 3 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, 0,5 литрийн Чанар нэртэй архины шил 1 ширхэг, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан судалтай нимгэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, гарын мөр 1 ширхэг зэргийг) эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний ээж аавыг нас барснаас хойш архи уух болж манай амьдрал эрс доройтож эхэлсэн. Би айлын 5 хүүхдийн том нь бөгөөд 4 дүү маань зол бусаар нас баран ээж бид хоёрт маш хэцүү байсан. Бид 2 орох оронгүй болж, айлаар амьдрах болсон ба 2016 оны өвөл би самарт явж ирээд гэр худалдан авч айлын газарт бууж одоог хүртэл амьдарч байна. Би өвөл нь самарт явж, хавар нь найз нөхдөдөө туслан хонь, ямаа авчихдаг, намар нь бригад явж трактор барин үтрэм дээр нь ажиллан цалин авч амьдардаг байсан. Ээж маань намайг эзгүйд тэр хавийнхаа хүмүүстэй нийлж гэр орондоо архи уун гэр орныхоо зарим юмыг эвдчихдэг байсан бөгөөд намайг байхад бага ууж, ажилд явсан хойгуур архи уун, өр тавьчихсан байдаг.
Би энэ айлын ганц хүүхэд, гал голомтыг үргэлжлүүлж явах байтал эхийнхээ амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Би хэргээ хүлээн эмнэлэг, цагдаагийн газарт мэдэгдэж дуудсан ба оргон зайлаагүй, нуун далдлаагүй. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогчийн зүгээс гомдол саналгүйг харгалзан үзэж бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж хугацаатай хорих ялаар сольж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Н.Б-ын хувьд хэдийгээр утасгүй байсан ч гэмт хэрэг гарсан талаар мэдэгдэхээр хүмүүсээс тусламж хүссэн. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байхад хоёр шатны шүүх авч хэлэлцээгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан зүйлд заалтыг зөрчсөн. Хохирогч нь 1993 оноос хойш архины хамааралтай болж архи, дарс хэрэглэдэг байсан. Өсвөр наснаас эхлэн архи, дарс хэрэглэдэг хүний хажууд байсан болохоор зан байдалд нь өөрчлөлт орсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хэдийгээр шууд гэмт хэрэг гарахад нь нөлөөлөөгүй боловч гэмт хэргийн үндэс суурь нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогчийг архины хамааралтай байсан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хугацаатай хорих ялаар сольж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож, шүүгдэгчийг биеэ хамгаалж чадахгүй өндөр настай төрсөн эх Х.У-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь олон тооны шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэнийг гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим ***** аймгийн ***** сумын ***** баг, ***** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Х.У-ыг биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Н.Б-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.
Хоёр шатны шүүхээс Н.Б-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэсэн хуульд заасан 3 хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Шүүгдэгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогчийн зүгээс гомдол саналгүйг харгалзан үзэж бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж хугацаатай хорих ялаар сольж өгөхийг дурдсан байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд хэмжээ, хорих ялын дээд болон доод хэмжээгээр эсхүл доод хэмжээнээс бага ял шийтгэсэн бол үүнийхээ үндэслэлийг шүүх заавал дурдах ёстой.
Бүх насаар хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан биологийн үхэл хүртэл хугацаагаар хорих ялаас бүрдэх эрүүгийн ялын нэг төрөл бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд ялыг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдсон талаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, уг ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулах тохиолдолд шүүх зайлшгүй харгалзан үзвэл зохино.
4. Анхан шатны шүүх Н.Б-д бүх насаар нь хорих ял оногдуулах болсон үндэслэлээ хэргийн үйл баримт, хүндрүүлэн үзэх онцгой нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан ноцтой хор уршигтай холбон дэлгэрэнгүй тайлбарлалгүй, шүүгдэгч амь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулж ял шийтгэгдэж байсан, гэр бүлийн хүчирхийлэл даамжирч явсаар улмаар хохирогчийн амь насыг хохироосон гэж өмнөх гэмт хэргийг дурдаж, шүүдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзсан хэмээн ерөнхий байдлаар дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөвтгөн дүгнэхдээ шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэсэн товч дүгнэлтийг хийсэн нь шүүгдэгч Н.Б-д бүх насаар хорих ял оногдуулсныг үндэслэлтэй эсэхийг хянахад ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид уг ялыг оногдуулж болохоор заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын хэд, хэдэн шинжийн дийлэнхийг зэрэг агуулсан, онц ноцтой хор уршиг нэн их хэмжээгээр учруулсан олон хохирогчтой гэмт хэрэгт бүх насаар хорих ял оногдуулах нь “Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм”-ийн 77 дугаар зүйлд заасан “... б. Үйлдсэн гэмт хэргийн онцгой хүнд шинж чанар болон түүнийг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн нөхцөл байдлаар үүнийг зөвтгөн үзэх тийм тохиолдолд бүх насаар нь хорих” тухай зарчимд нийцнэ.
5. Хэдийгээр шүүгдэгч Н.Б онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алж эрүүгийн эрх зүй дэх хоригийг зөрчихийн зэрэгцээ нийгэмд тогтсон эцэг, эхээ хүндлэн дээдлэх ёс зүй, зан заншлын хэм хэмжээг үл тоож, уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон боловч ёс суртахууны буруутгалыг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг онцгой хүндрүүлэх нөхцөл шалтгаан болгож ялын дээд хэмжээгээр шийтгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Шүүгдэгч Н.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэхээр хуульд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ буюу 20 /хорь/ жил хорих ял болгон өөрчилсөн заалтыг хоёр шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч Н.Б-д бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”, 3 дахь заалтын “бүх насаар нь” гэснийг “20 жил” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол болон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ