Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0029/З |
Дугаар | 221/МА2020/0276 |
Огноо | 2020-04-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0276
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын
хяналтын прокурорын дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, прокурор Н.А, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Р.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын давж заалдах гомдлоор, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-ийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтын ач холбогдлоо алдсан нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, хууль бус шийдвэр гаргасан гэж бичсэн прокурорын дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн байдалд нотлох баримтад тулгуурлан хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт ... тус сургуулийн дэд захирал И.Б хүлээн зөвшөөрсөн, мэдүүлэгтээ гарын үсэг зурсан... гэжээ.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны шатанд И.Б 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр холбогдогчоор “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191202/02 тоот албан бичиг хүргүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлт хүргүүлсэн. Цаг хугацааны хувьд зарим шаардлагыг хийж гүйцэтгэж амжаагүй...туршлага дутсанаас болж бүх гүйцэтгэлийг 100 хувь болгосны дараа хариу хүргүүлнэ гээд арга хэмжээгээ үе шаттайгаар авч хэрэгжүүлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зөрчил үйлдсэнийг хэрхэн нотолсон талаар хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өрийн 191202/02 дугаартай албан бичгээр даалгаврын биелэлтийг хүргүүлсэн зөрчлийн хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт “О” сургуулийн захирал хавар шалгалт явуулаад намар нь гүйцэтгэлийн биелэлтийг ирүүлэхээр шаардсан нь боломжгүй хугацаа байсан зуны амралт таарсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүх хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй, дээрх байдалд үнэлэлт, дүгнэлтийг хийгээгүй.
Хуульд нийцсэн гэж дүгнэсэн албан шаардлага “О” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, шаардлагын хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх боломжтой байсан зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг бүрэн хийж чадаагүйгээс гадна эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.5-д заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласны улмаас “О” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад шүүхийн шийдвэр гаргахдаа үүнийг анхаарч үзэн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.8-д заасныг зөрчсөн.
Эрх бүхий албан тушаалтан нотлох баримт гаргахдаа нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалжаа зааж чадаагүй нотлох баримтыг цуглуулсан байхад шүүх хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 106 дугаар зүйлийн 106.3.9-д заасныг зөрчсөн.
Шүүх захиргааны хэрэг болон зөрчлийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг буруу үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.8, 106.3.9-д зааныг зөрчсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6-д заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
ХЯНАВАЛ:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан эсэргүүцэлдээ “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж өөрчилснийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хяналтын прокурор Н.А нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н-ийн 0066625 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “О” БСБ-ийн төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг дахин шалгах, нэмэлт зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах, холбогдогчийн эрхийг хангах шаардлагатай тухай дүгнэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын удирдамжийн дагуу “О” БСБ-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж болон тэдгээрт нийцүүлсэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03-353/170 дугаар албан шаардлагыг хүргүүлэн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангаж, хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгэхийг мэдэгджээ.
Энэхүү албан шаардлагын биелэлтийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй хэмээн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан “О” БСБ-д 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаар шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахдаа холбогдогчоос авсан мэдүүлэг, зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” үйлдэж, шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй...” бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан бөгөөд “О” БСБ-ээс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03-353/170 дугаар албан шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, энэ тохиолдолд прокурорын тайлбарлаж байгаагаар хууль бус шаардлага тавьсан гэж үзэх боломжгүй бөгөөд албан шаардлагад заасан биелэлтийг хангаж, хариу хүргүүлэх хугацаа өнгөрсөнөөр улсын байцаагч шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн байна.
Хэдийгээр “О” БСБ-ээс албан шаардлагыг заасан хугацаанд биелүүлэх боломжгүй талаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар “О” БСБ-ээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан, уг хүсэлт гаргах үед албан шаардлагад заасан биелэлтийг хангаж, хариу хүргүүлэх хугацаа хэдийн 2 сар 7 хоногоор хэтэрсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа холбогдогч буюу хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд энэ зөрчлийн хэргийн холбогдогчийн хувьд мөн зүйлийн 2-т заасан эрхүүдийг хязгаарласан үйл баримт оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн зүйлийн 3.1-д “... эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “... эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүргийн дагуу холбогдогч этгээд нь эрх бүхий этгээдийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд улсын байцаагчаас удаа дараа мэдэгдэж байсан байна.
Тодруулбал, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан шаардлагын хариуг хүргүүлсэн” талаар мэдүүлсэн, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлтэй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсан, улсын байцаагчаас холбогдогч “О” БСБ-ийн захирал Б.Э, дэд захирал И.Б руу холбогдож эрх, үүрэгтэйгээ болон зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн, удаа дараа залгасан талаарх тэмдэглэл зэргээс үзэхэд зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй гэж хариуцагч улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүйн дээр холбогдогчоос уг зөрчлийн хэрэгтэй холбогдуулж, баримт материал гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах эрх нь нээлттэй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу гомдол гаргаагүй байна.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахыг хүссэн эсэргүүцэлдээ “... ”О” сургуулийн захирал Б.Э хавар шалгалт явуулаад намар нь гүйцэтгэлийн биелэлтийг ирүүлэхээр шаардсан нь боломжгүй хугацаа байсан, зуны амралт таарсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүх хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй, дүгнэлт хийгээгүй. ...анхан шатны шүүх албан шаардлагын хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлэх боломжтой байсанд хууль зүйн дүгнэлт бүрэн хийж чадаагүйгээс гадна эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.5 дахь заалтыг зөрчсөн. Шүүх захиргааны хэрэг болон зөрчлийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг буруу үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.8, 106.3.9 дэх заалтыг зөрчсөн...” хэмээн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын улмаас “О” БСБ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүйгээс гадна захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянадагийн хувьд мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгааг гомдолдоо тусгах гэж заасантай нийцээгүй.
Мөн зөрчилд холбогдогч “О” БСБ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6, 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч .... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн улсын байцаагчийн албан шаардлагыг хууль бус хэмээн гомдол гаргаагүй, албан шаардлагатай холбогдуулан ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрт мөн гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ.
Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос дээрх байдлаар “О” БСБ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна, хууль бус албан шаардлага тавьсан гэсэн эсэргүүцэл нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Прокурор хуульд заасан тохиолдолд дараахь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, 17.1.1 “зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг тодорхойлсон байгаагаас үзэхэд прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгт үл нийцэж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ