Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/0067

 

Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Сэргэлэн сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Г.Банзрагч

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                               П.Соёл-Эрдэнэ

                                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                  Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0245 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2026/0220 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар хуралдааны *** дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“Б” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Зүүн дэнж нэртэй газарт 50 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар хүргүүлэхэд тус хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар хуралдааны *** дугаар тогтоолоор “... сумын нутаг дэвсгэрт М*** 12000 га, О*** 19390.4 га, С*** 12000 га нийт 43390.4 га газар, Т***, сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх “Б***" төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонхи иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй” гэж үзэн “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг гаргажээ.

2.2.Дээрх сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын *** дугаар хуралдааны *** дугаар тогтоолыг үндэслэн Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг нэхэмжлэгч “Б” ХХК-д өгсөн байна.

3.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.22, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар хуралдааны *** дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2026/0220 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар дараах гомдлыг гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “Улсын дээд шүүхийн 2010.04.26-ны өдрийн 09 дугаартай тогтоолын: 9-д Ашигт малтмалын тухай хуулийн 19-4-т заасан хурлын санал нь тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. 10-т Энэ хуулийн 19-5 заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар Ашигт малтмал эрэх хайх ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэснийг үндэслэл болгоогүй байна гэжээ.

7.Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар хуралдааны *** дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар маргасанд анхан шатны шүүх дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаж байгаа зүйлийг тодруулаагүй, маргаан бүхий акт захиргааны актын шинжийг хангаж байгаа эсэх болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгалгүй, тогтоолын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй” гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар анхан шатны шүүх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг орхигдуулсан, тодруулж, дүгнэхийн тулд зайлшгүй нэмэлт нотлох баримт шаардлагатай, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны залруулах боломжгүй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах, бусад тохиолдолд өөрөө үйл баримт, хууль хэрэглээг бүхэлд нь хянаж, шаардлагатай бол залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын эрх ашиг болон процессын хэмнэлттэй байдалд нийцнэ.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах”-ыг шүүхэд хориглосон бөгөөд мөн хуульд зааснаар нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагаа болон түүний улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн маргааны хүрээ, шаардлага, түүний үндэслэл, цар хүрээ буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хөндөгдөж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах, сэргэж тогтоогдох нөхцөл байдлуудыг өөрөө тодорхойлдог.

13.Нэхэмжлэгч “Б” ХХК “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны *** дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа, үндэслэлээ “хуульд заасан үндэслэлээр л татгалзах ёстой” гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд шүүх тухайн маргаантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаар өгсөн хариу нь Засаг даргын шийдвэр мөн эсэх, Засаг дарга хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүйгээс гадна аймгийн Хурлын санал зэрэгтэй маргаагүй атлаа зөвхөн сумын хурлын тогтоолыг хүчингүй болгосноор эрх нь сэргэх эсэх, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зэрэгт дүгнэлт өгөхөд нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй.

14.Үүнээс гадна маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн зүйл, заалт болон тогтоолын үндэслэлээ тодорхой тусгасан ба шүүх уг акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд цугларсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх бололцоотой байна.

15.Шүүх Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар дугаар зүйлийн 12.3-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон газарт хамаарах эсэх, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын болон хайгуулын тусгай болон уурхайн талбайг тусгах” гэж заасны дагуу сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тухайн талбайг түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахаар төлөвлөсөн эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай бол хавтаст хэрэгт (хх 85-120, 136, 162 тал) авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан бүрэн эрхийн дагуу дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.  

16.Дээрх нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0245 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАНЗРАГЧ   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                  Ц.ЦОГТ    

                                                                                                  Д.БАТБААТАР