Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

“******* банк” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ШШ2016/00457 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “******* банк” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.*******, Д.******* нарт хариуцагдах

“Зээлийн төлбөр 11.694.839 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь Эрдэнэбаатар овогтой *******, Болд овогтой ******* нартай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 200500040 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сум Онцгой байдлын хэлтсийн зүүн талд байрлах 702 мкв талбайтай үйлчилгээний зориулалтаар ашиглах эзэмших эрхтэй газар, 5 ханатай гэр тавилгын хамт, хэвтээ хятад хөргөгч - 2ш, Телевизор, Дугуй засварын тоног төхөөрөмж иж бүрэн, 4 ханатай шалгүй гэр зэргийг барьцаалсан. Гэрээний дагуу хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч Э.*******, Б.******* нар нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 1239995.91 төгрөг, 1336835.76 төгрөгийн үндсэн хүү, 4596.33 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Иймд Э.*******, Б.******* нарын орлого, эд хөрөнгөнөөс үндсэн зээл 7760004.9 төгрөгийн үндсэн зээл, 2697313.22 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 674328.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 11131646.00 /Арван нэгэн сая нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч талаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа хойшлогдсон тул нэхэмжпэл гаргасан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг 563193 /таван зуун жаран гурван мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******, Б.******* нар нь анх 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр N92005000040 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй удаа дараа чирэгдэл учруулж байна. Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.14 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Зээлийн мөнгийг банк Э.*******ийн дансруу шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй. Та нар хугацаа хэтэрсэн болохоор алданги тооцож байна, зээлийн гэрээний 8.1 дээр заасан байдаг, тэр зүйл заалтыг зөрчөөд байна. Цогтцэций тооцооны төв татан буугдсан, Өмнөговь салбарт бүх зээл бичиг баримтууд шилжсэн учраас төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.*******, Б.******* нар нь ******* банкнаас 9000000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн эргэн төлөлт хийгдэх хугацаанд авто ослын улмаас Э.*******ийн ээж болон охин хүндээр гэмтэж удаан хугацааны эмчилгээ асаргаа шаардагдах болсон тул тухайн өрхийн амжиргааны түвшин эрс муудсан. Энэ талаар банкны зээлийн эдийн засагчид удаа дараа мэдэгдэж зээлийг эргэн төлөх боломжгүй болсон тул хүү, алданги тооцохоо зогсоож үндсэн зээлийн төлбөрөө нэхэмжилбэл яаралтай төлж барагдуулах тухай 2014 оны 10 дугаар сараас ярилцаж байсан. Гэвч банкны зүгээс харилцагчийн амьдралд тулгарсан давагдашгүй хүнд нөхцөл байдлыг үл харгалзан хүү алданги, нэхэмжилж байгаа нь зохисгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд нэг талын санаачилгаар гэрээ цуцлах үндэслэлүүдийг тусгасан байдаг. Банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл нь нэг талын санаачилгаар гэрээ цуцалж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх бүрэн үндэслэл болно. Хэрвээ нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан тохиолдолд нэхэмжпэгч нь гэрээгээр тохиролцсон гэрээний хүү, алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийг бол манайх хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн зээлийн хүүгийн тал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдээс төлбөр шаардаж байгаа бол түүнийгээ нотлох шаардлагатай байдаг.

******* банкны нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж үзэх боломжгүй байна. Жишээ нь үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү нь гэхэд үндсэн хүүгийнхээ 20 хувиас давчихсан тоо байх жишээтэй. Иймд манайх хүү төлөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хэн нэг этгээдээс ямар нэгэн зүйл шаардаж байгаа бол тэрийгээ нотлох ёстой. Банк 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, хугацаа хэтэрсэн зээл алданги нэхэж байгаа бол энэ гэрээ дуусгавар болж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Ийм учраас энэ оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон тохиолдолд 563.193 төгрөгийг нэхэмжпэх эрхгүй гэж үзэж байна Гэрээн дээр болохоор Цогтцэций тооцооны төвийн салбараас гэрээ байгуулж зээл авсан гэж байдаг. Одоо болохоороо та Өмнөговь аймгийн салбарыг төлөөлж орж байгааг ойлгохгүй байна. Энэ дээр эргэлзээд байна. Нэхэмжлэл гаргах, шаардах эрх нь танд байна уу. Иймд манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас 11089891 төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ******* банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 202067 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 192388 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ******* нь тус банктай зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй зээлийн мөнгийг Б.*******т шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Б.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна гэжээ. Гэтэл Банк болон Зээлдэгч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн Баталгаа зөвшөөрөл хэсгийн “7.3-т Зээлдэгчийн хамтран зээлдэгч Болд овогтой ******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ Гэрээний хавсралт -1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталж байна” хэмээн бичиж гэрээний 7,8 дугаар хуудсуудад гарын үсэг зурсан бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний хуудас нэг бүр дээр мөн гарын үсэг зурсан байна. Мөн гэрээний 3.9 дүгээр зүйлд

“Банк зээлдэгчийн 2005004967 тоот харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнийг зээлдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Үүн дээр хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар /тайлбар болон хурлын явцын тайлбараар/ хамтран зээлдэгч биш эсэх талаар маргадаггүй. Үүнийг шүүхийн зүгээс үнэлж үзэлгүйгээр Б.*******ыг зээлийн гэрээний үүргийн биелэлтээс хасч шийдвэрлэсэнг эс хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан заалтууд хэрэглэсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлагаас 604938 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нотлох баримтаар хавтас хэрэгт авагдсан зээлийн гэрээг үнэлж үзээгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний 2.3-т Нэмэгдүүлсэн хүүг юу гэж ойлгох талаар тохиролцож үүнийгээ гэрээний ерөнхий зүйл 3.14-д “Зээл төлөгдөж, гэрээний үүрэг бүрэн биелэгдтэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна хэмээн тусгаж гэрээний 4 дүгээр бүлгийн зээлдэгчийн үүрэг хэсэгт, гэрээний 5 дугаар бүлэг банкны эрх хэсэгт оруулан баталгаажуулсан байна. Иймээс нэхэмжлэгч нь зээл төлөгдөх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 453.2-т зааснаар төлөх үүрэгтэй байхад үүнийг хасч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурьдаагүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулсан дүнгээс шаардлагаа хангуулах эрхтэй байдаг. Үүнийгээ ч гэрээн дээр мөн адил харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан болно. Барьцааны гэрээний 5.1.6-д барьцаалуулагч нь гэрээнд заасан барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалуулахыг хүсч зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд энэ гэрээний 2.1-д заасан барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулах, захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч мөн гэрээний 6 дугаар хуудсанд гарын үсэг зурсан байна. ******* банкны зүгээс шүүхийн дансанд зохих журмын улсын тэмдэгтийн хураамжийг тушаасан боловч төрийн сан данстай холбоотой банкнаас үл шалтгаалах асуудлаас болж дахин ажил удах гэх мэт хүндрэлтэй асуудал үүсгэсэнг мөн энд дурьдах нь зүйтэй. Иймээс Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй болохыг дурьдаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

******* банк нь Э.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,760,004,9 төгрөг, үндсэн хүү 2,697,313,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674,328,30 төгрөг нийт 11,131,646 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 563,193 төгрөг гэж нэмэгдүүлсэн.

 Хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь зээлийн эргэн төлөлтийн хугацаанд авто ослын улмаас Э.*******ийн ээж болон охин хүндээр гэмтэж удаан хугацааны эмчилгээ асаргаа шаардагдсанаас зээлийг эргэн төлөх боломжгүй болж үндсэн төлбөрөө нэхэмжилж, хүү, алдангиа зогсоохыг 2014 оны 10 дугаар сараас ярьж байсан, банк нэхэмжлэл гаргаж байгаа нь нэг талын санаачилгаар гэрээ цуцалж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл, энэ тохиолдолд гэрээгээр тохиролцсон хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргажээ. /хэргийн 26, 41, 76 дугаар тал/

Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил нь хугацаатай үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс өөрөөр хэлбэл хэтэрсэн хугацаанаас уг зөрчил үүсэж хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч банк нь нэхэмжлэлдээ 2017 оны 6 дугаар сарын 06-нд хугацаа нь дуусах 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 200500040  тоот зээлийн гэрээг үндэслэж, гэрээний дагуух хэсэгчилсэн графикт хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч төлбөр тооцоогоо барагдуулаагүй гэж шаардлагынхаа агуулгыг тодорхойлсноос өөрөөр энэ хугацааны талаар тайлбар гаргаагүй байна. /хэргийн 01, 04-10, 43 дугаар тал/ Гэтэл шүүх гэрээ байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 06-наас эхлэн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа зэргээс зээлдэгч нь гэрээний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн зөрчил хэзээ үүссэн нь тодорхойгүй байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлага 563193 төгрөгний хэд нь үндсэн хүү, хэд нь нэмэгдүүлсэн хүү болж байгааг шүүх нягталж тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээгээ цуцлахгүй гэж тайлбарлажээ. /хэргийн 76 дугаар тал/ Гэрээ цуцлаагүй тохиолдолд гэрээний цаашдын үүргийн гүйцэтгэл хэвээр үлдэнэ. Гэтэл шүүх 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл төлөгдөх үндсэн зээлийг гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаагүй байхад хариуцагч Э.Ариунжаргалаас хугацаа дуусаагүй гэрээний хугацаан дахь үндсэн зээлийг гаргуулж шийдвэрлэжээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ. /хэргийн 78 дугаар тал/

            Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэрлэн, тэдгээр нь нотлох баримтын шаардлага хангасан тул шийдвэрийн үндэслэл болгосон гэж дүгнэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан байдал тэмдэглэгдээгүй тул шүүхээс шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан бичмэл болон эд мөрийн баримт шинжлэн судлах ажиллагааг гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасны дагуу шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтын үндсэн гаргаагүй гэж үзэх ба ингэснээр шүүх хуралдааныг шууд явуулах шүүн таслах ажиллагааны үндсэн зарчим зөрчигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар төлөөлүүлэгч төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухай мэдэгдлийг шүүхэд бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно. Шүүх ******* банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдын албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.*******д банкийг төлөөлж оролцох эрхийг шилжүүлсэн гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийг оролцуулахаас татгалзсан баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бүрэн эрх дуусгавар болоогүй байна. Иймээс шүүхээс Б.Батцэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэрэг хуульд заасан хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасан дээрх дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй, эдгээр зөрчил нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэл болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтлоо.

Харин шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл биш боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн дараах зөрчлийг магадлалдаа дурдаж өгөх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Шүүхийн шийдвэрлэж буй маргаан нь ******* банкны Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тооцооны төвөөс олгосон зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бөгөөд шүүхэд нэхэмжлэгч тал нь Цогтцэций сумын тооцооны төв татан буугдаж Өмнөговь салбарт бүх зээл, бичиг баримт шилжин ирсэн учраас Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь ******* банкны Өмнөговь салбар нэхэмжлэл гаргасан, хариуцагч тал нь Цогтцэций сумын тооцооны төвөөс гэрээ байгуулж зээл авсан, нэхэмжлэл гаргах, шаардах эрх танай байгууллагад байгаа эсэх агуулгаар мэтгэлцжээ. Хэрэгт хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн нотлох баримт байхгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 30 дугаар зүйл, 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг анхаараагүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуулийн этгээдийн  дансанд байршуулах нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан төлбөр тооцооны үйлчилгээ бөгөөд энэ үйлчилгээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар төлбөр тооцооны баримтаар хийгдэх ёстой.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан 44 төрлийн үйлчилгээнээс улсын тэмдэгтийн хураамж хураадаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж, нэхэмжлэлдээ хавсарган ирүүлэх үүрэгтэй тул хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан “төлбөрийн хүсэлт № 08, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, хүлээн авагчийн нэр ШШГА” гэх баримтыг дээрх үйлчилгээний нэг болох мөн хуулийн 5.1.1-т заасан шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлчилгээндээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан улсын тэмдэгтийн хураамж төлөгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэх боломжгүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар татгалзах үндэслэл болж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан хамтран хариуцагч Б.Өлзийбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй төдийгүй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд ирээгүй байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах үр дагавар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа учраас маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ШШ2016/00457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193056 төг 33 мөнгийг Өмнөговь аймгийн Татварын газрын ХААН банкны 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ