| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06393/И |
| Дугаар | 5147 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 5147
2016 оны 09 сарын 20 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05147 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, ...дугаар байрны .. тоотод оршин суух, ...регистртэй, Наянтай овогт Б.Г-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... байрны .тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Д.О-т холбогдох
16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр надтай уулзаад хамтарч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх санал тавьсан бөгөөд 10,000,000 төгрөгийн хэрэгцээ байна, энэ асуудлыг шийдчихээд хамтарч бизнес эхлэё гэж гуйхад нь би зөвшөөрч ХААН банкны данснаас Д.О-ын ХААН банкны ... тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Дахин надаас 6,000,000 төгрөг зээлэхийг хүсэхэд би хүнээс 5 хувийн хүүтэй мөнгө өөрийн нэр дээр зээлж аваад Д.О-т 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөгийг дээрх дансанд нь шилжүүлсэн. Гэтэл Д.О нь өнөөдөр хүртэл надтай хамтарч ажиллаагүйгээр барахгүй утсаа ч авахгүй, надаас авсан 16,000,000 төгрөгөө ч өгөхгүй бүтэн жил гаруй намайг залилж хохироож байна. Иймд хариуцагч Д.О-ас нийт 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Д.О-т холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Д.О-т холбогдох 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 118,975 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 118,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА