| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0679/Э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 695
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар М.Баярмаа
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг /№1739/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанрай овогт Аюушийн А.Эт холбогдох эрүүгийн 1811007440190 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт Дундговь аймгийн Өлзийт сум, Дэрт багийн Зэгэстэй гэх газарт оршин суудаг, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 20 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Жанрай овогт Аюушийн А.Э /РД: ЗИ87123111/
Холбогдсон хэргийн талаар /холбогдсон хэргийн талаар/: яллагдагч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 32 дугаар гудамжны 642 тоотод оршин суух хохирогч Г.Очирпүрэвийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч 49 инчийн “Самсунг” загварын зурагт, “Ди Ди Иш” кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн /хх-ийн 62-64х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Г.Очирпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн өглөө гэрээсээ гараад оройн 20 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний вакум цонх онгорхой байсан. Гайхаад гэртээ орж ирээд салхинд онгойсон байх гэж бодоод цонхоо өөрөө хааж, зочны өрөөнд ороод ирэхэд зурагтын тавиур дээр байсан зурагт, суваг хүлээн авагч байхгүй болчихсон байсан ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...", "...Манай эхнэрийн талын хамаатан гэсэн би сайн танихгүй "...Хулгайд алдсан зурагт, суваг хүлээн авагчаа буцаагаад бүрэн бүтнээр хүлээн авсан учир гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/
гэрч Э.Тогтохжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд манай нөхөр Г.Очирпүрэв нь гэртээ очход үүдний таамбарын цонх онгорхой дотогш яваад ороход гэрийн том өрөөнд байсан зурагт болон кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан тэгээд би араас нь очсон тэгээд хулгай орсон талаар мэдсэн юм. Манай гэрээс тухайн үед 49 инчийн Самсунг эл си ди зурагт болон ди ди иш кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлс алдагдсан. Уг зурагтыг 2017 оны 12 дугаар сард сугалаагаар хожиж авч байсан ... Тэгээд цагдаад дуудлага өгөөд гэртээ хулгай орсон талаар бүртгүүлээд шалгуулаад 3 хоногийн дараа үеэл А.Эыг хулгай хийгээд ломбарданд барьцаанд тавих гэж явж байгаад цагдаад баригдсан талаар мэдээд зурагтыг тухайн үед хүлээж авсан ... А.Э нь манай ээж Ц.Шатарын ахынх нь хүүхэд гэдгээр нь мэддэг ах дүүсийн хүүхдүүд байгаа юм ... Эцэг Аюуш нь бүүр сүүлд нас барсан одоогоор бүтэн өнчин ах, эгч, дүү нарыхаараа орж гараад амьдардаг байсан юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-23х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26/, 49 инчийн “Самсунг” загварын эл си ди зурагт 1 ширхэг, “Ди Ди Иш” хүлээн авагч 1 ширхэг хураан авч Г.Очирпүрэвт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35х/, Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас "Самсунг” брэндийн 49 инчийн зурагт, “Ди Ди Иш” кабель хүлээн авагчийг нийт 1.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Эыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нуцаар эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Очирпүрэвт учирсан хохиролыг мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн зүгээс биет байдлаар буцаан өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичигийн баримтуудаар тогтоогдож байх тул А.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Эт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жанрай овогт Аюушийн А.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Эт 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Эын цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ