Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02032

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 100,426,200 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь *******ХХК-тай 2024 оны 09 сарын 20-ны өдөр 1/19 дугаартай Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн аманд байрлах Аялал жуулчлалын цогцолбор барилга-ын 7 хаусны барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээгээр суурийн ажлын м.кв-ыг 80,000 төгрөгөөр, каркас угсралтын ажлын м.кв-ыг 160,000 төгрөгөөр, паркет угсралтын ажлын м.кв-ыг 60,000 төгрөгөөр тус тус хийх, захиалагч *******ХХК нь ажлын гүйцэтгэлийг гаргасны дараа 3 хоногт багтаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. 7 хаусны барилгын каркас угсралтын ажлыг урьдчилсан тооцооллоор 668,408,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр төлөвлөж, үүний 10%-ийг гүйцэтгэлийн баталгаа, 5%-ийг чанарын баталгаанд авч үлдэж, үлдсэн 568,146,800 төгрөгийн санхүүжилтийг эхний, дундын, сүүлийн гүйцэтгэл гэж 3 хуваан олгоно гэсэн. Ажлын эхний гүйцэтгэл 215,840,000 төгрөг болсон ба үүнээс 214,511,600 төгрөгийг захиалагч төлсөн. Барилгын талбайг өндөр хүчдэлийн шугамаас чөлөөлөөгүй, мөн өвлийн улирал болсонтой холбоотойгоор дундын гүйцэтгэлийн актыг 2024 оны 11 сарын 27-ны өдөр талууд үйлдэн баталгаажуулсан. Дундын гүйцэтгэлийн дүн нь өмнөх гүйцэтгэлийн дутуу төлбөртэй нийлээд 116,950,800 төгрөг болсон. Гүйцэтгэлийн акт үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор гүйцэтгэлийн ажлын хөлс 116,950,800 төгрөгийг захиалагч төлөх ёстой ч хугацаандаа төлөөгүй. 2024 оны 12 сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 66,950,800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээнд заасан хугацааг 126 хоногоор хэтрүүлсэн. *******ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Гэрээний 5.8-д захиалагч тал гүйцэтгэгчид ажлын хөлсийг 3 хоногт багтаан шилжүүлэх үүрэгтэй, 4.13-т гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг олгоогүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр заасан. Гүйцэтгээгүй үүргийн дүн 66,950,800 төгрөгөөс алданги тооцоход нэг хоногийн алданги 334,754 төгрөг бөгөөд хэтрүүлсэн 126 хоногоор үржүүлэхэд 42,179,004 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 50%-аар тооцож 33,475,400 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 66,950,800 төгрөг, алданги 33,475,400 төгрөг, нийт 100,426,200 төгрөгийг *******ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 100,426,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660,081 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 660,081 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д 2025 оны 04 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, хэргийн материалтай танилцуулах ажиллагаа явуулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдээгүй нь түүний ...шүүх хуралдаанд оролцох... хэргийн оролцогчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

4.2.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ид шүүх хуралдааныг 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад явагдах талаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, шүүгчийн туслахаас итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн 99570909 дугаарын гар утсанд ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс *******ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2025 оны 09 сарын 19-ны өдрийн 10:00 цагт товлогдлоо... гэх мэссэжийг ирүүлсэн. Хариуцагч *******ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүгчийн туслахаас ирүүлсэн дээрх шүүх хуралдааны товын дагуу шүүх хуралдааны бэлтгэлээ хангаж, шүүх хуралдаанд оролцохоор ажиллаж байх шатанд 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.2-д заасан шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, 77 дугаар зүйлийн 77.1-д заасан шүүхийн мэдэгдэх хуудсанд тусгагдах хууль зүйн шаардлагуудыг хангалгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан зохицуулалтын үр дагаврыг шүүх мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т зааснаар хариуцагчид тайлбарлан мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтад хуулийн дээрх хэсгүүдийг танилцуулсан, тайлбарлаж мэдэгдсэн гэх нөхцөл байдал тусгагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

4.4.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагч Эн энд Би Алтай" ХХК-ийн шүүх хуралдаанд оролцох үндсэн эрхийг хангаагүй, шүүхийн өмнө эрх, тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг алдагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь Н.******* гэх хүнд итгэмжлэл олгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан. Шүүх хуралдаан товлогдоход ******* оролцсон бөгөөд ...Н.******* гэх хүн оролцохгүй, би өөрөө мэргэжлийн өмгөөлөгч хүн, гэхдээ би өмгөөлөгч авах хүсэлтэй, өмгөөлөгч өвчтэй... гэх байдлаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Шүүгчийн туслах 2025 оны 09 сарын 19 гэж алдаатай мессеж бичсэн боловч 2025 оны 09 сарын 05-ны өдөр ******* өөрөө ирээд хурлын товоо албан ёсоор мэдсэн байдаг. Шүүх хуралдаан 10 цагт эхлээгүй. ******* руу ярихад ******* хурлын товоо мэдэж байсан мөртлөө ...би эмнэлэгт хэвтэх гэж байна... гэж зориуд өмнө нь хэлж байсан шиг тайлбар хэлсэн байдаг. Өмгөөлөгч Х.*******тэй шүүхээс холбогдоход ...тийм хэрэг надад байхгүй, би оролцохгүй, хурлаас хойш компаниас холбоо бариагүй... гэх зурвас явуулсан байдаг. Өмгөөлөгчийг 2025 оны 06 сарын 27-нд оролцуулъя, өвчтэй байна гэх хүсэлт болон акт өгснөөс хойш 3 сар гаруй хугацаанд хэргийн материалтай танилцаагүй. Өмгөөлөгч оролцуулах байсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, тооцоо нийлсэн акт, гүйцэтгэлийн актыг баталгаажуулсан баримт, энэ актыг үйлдсэнээс хойш 50,000,000 төгрөг төлсөн тухай дансны хуулга, хариуцагч иргэний хэрэг үүсээд нэхэмжлэлийн хувь гардаж авснаас хойш 5 сарын хугацаанд татгалзаа нотлох баримт огт өгөөгүй зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 66,950,800 төгрөг, алданги 33,475,400 төгрөг, нийт 100,426,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.   Хариуцагч *******ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4.   Талууд 2024 оны 09 сарын 20-ны өдөр 1/19 дугаартай Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******** ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн аманд 6 байшингийн каркас угсралтын ажлыг зургийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, *******ХХК нь суурийн ажлын 1 м.кв-ыг 80,000 төгрөг, каркас угсралтын ажлын 1 м.кв-ыг 160,000 төгрөг, паркет угсралтын ажлын 1 м.кв-ыг 60,000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөх нөхцөлийг тохирсон байна.

 

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

6.   Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамнаас ******** ХХК-д 2024 оны 06 сарын 03-ны өдөр олгосон БУ12-671/24 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, каркас угсралтын ажлын гүйцэтгэл, Төрийн банк дахь MN******* тоот харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банк дахь MN****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үндэслэн ...эхний гүйцэтгэл 215,840,000 төгрөгөөс 214,511,600 төгрөгийг төлж, үлдэх 1,328,400 төгрөг дутуу, дундын гүйцэтгэл 115,622,400 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 65,622,400 төгрөг дутуу, нийт 66,950,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа... гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журамд нийцсэн, хариуцагч тал дээрх баримт, тооцоололтой маргаагүй.

 

7.   Иймд нэхэмжлэгч буюу ******** ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 66,950,800 төгрөгийг хариуцагч *******ХХК-аас шаардах эрхтэй.

 

8.   Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.13-д заасан алданги тооцоход 66,950,800 х 0.5% = 334,754 төгрөг х 126 хоног /2024.12.01-2025.04.08/ = 42,179,004 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 33,475,400 төгрөгийг хариуцагч *******ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгох нь зүйтэй.

 

9.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

9.1.  Хэргийн 66-р талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товтой 2025 оны 09 сарын 05-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, анхан шатны шүүх 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 09 сарын 05-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Х.*******д утсаар мэдэгдсэн болох нь дээрх баримтад тусгагджээ.

Иймд шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн эзэмшдэг ******* дугаар руу ...шүүх хурал 2025.09.19-ний өдрийн 10:00 цагт товлогдлоо... гэж бичсэнийг илэрхий техникийн алдаа гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан үүргийн хүрээнд шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах боломжтой байсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар дамжуулан мэдэгдэхийг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Х.*******д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэнийг буруутгахгүй.

Анхан шатны шүүх хариуцагч тал болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Х.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж буруутгахгүй. Уг асуудал нь хариуцагч талын ажлын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудалд хамаарч байна.

Иймд хариуцагч талын гаргасан ...шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9.2.  Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагч талын гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг хариуцагч талд тайлбарлаж өгөөгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Хариуцагч тал хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүйд анхан шатны шүүх буруугүй байна.

 

10.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 660,081 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР