“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04342 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.*******, Ш.**********, “******” ХХК, “Н*******” ХХК, “У*******” ХХК, “Х*******” ХХК-уудад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлдэгч “******” ХХК, батлан даагч “Н*******” ХХК, “У*******” ХХК, Ш.*******, Ш.********** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,605,686,581 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ш.*******, хариуцагч Ш.**********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “******” ХХК болон “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “У*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ш.*******, “Н*******” ХХК болон “******” ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийн агуулга: ““******” ХХК-тай 2015 оны 12 сарын 30-ны өдөр ЗГ/С190007120/LNFL тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 25.2%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.*******, Д.******, Ш.**********, Ш.*******, Ш.*******, Ш.*******, Ч.******, А.*******, Г.******, Т.*******, Г.*******, Б.*******, Я.****** нартай 2015 оны 12 сарын 30-ны өдөр БГ/С190007120/LNFL тоот “Барьцааны гэрээ” байгуулж “******” ХХК-ийн 10,000 ширхэг хувьцааг барьцаалсан. “У*******” ХХК-тай 2015 оны 12 сарын 30-ны өдөр БГ/С190007120/LNFL-A тоот “Барьцааны гэрээ” байгуулж “У*******” ХХК-ийн өмчлөлийн 22 ширхэг автомашин, техник тоног төхөөрөмжийг барьцаалсан. “У*******” ХХК-тай 2015 оны 12 сарын 30-ны өдөр БД/С190007120/LNFL тоот “Батлан даалтын гэрээ” байгуулж батлан даагч нь 3,000,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүргийг хүлээсэн. “Х*******” ХХК-тай 2018 оны 10 сарын 11-ний өдөр ЗБC190007120/LNFL тоот ипотекийн гэрээ байгуулж 2,728 м.кв талбайтай үнээний ферм, 658 м.кв талбайтай ажлын байр, 376 га талбайтай үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Мөн 2018 оны 10 сарын 11-ний өдөр Ш.*******тэй БДГС190007120/LNFL-1 тоот, Ш.**********тэй БДГС190007120/LNFL-2 тоот, “Н*******” ХХК-тай БДГС190007120/LNFL-3 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулж, батлан даагч нь 3,000,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүргийг хүлээсэн. “******” ХХК-тай 2019 оны 08 сарын 29-ний өдөр БГ/C190007120/LNFL-В тоот барьцааны гэрээ байгуулж 10 ширхэг авто машин, тоног төхөөрөмжийг барьцаалсан.
“******” ХХК нь ЗГ8145100178 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 870 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 11-нд дууссан боловч “******” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2025 оны 03 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 910,930,411 төгрөг, зээлийн хүү 1,506,171,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,370,992 төгрөг, нийт 2,605,686,581 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч “******” ХХК, батлан даагч “Н*******” ХХК, “У*******” ХХК, Ш.*******, Ш.********** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,605,686,581 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
- Хариуцагч Ш.*******, Ш.**********, “******” ХХК, “У*******” ХХК, “Х*******” ХХК-ийн хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч нь “У*******” ХХК, “Х*******” ХХК, “******” ХХК-ийн зээлийн төлбөрийг “*******” ХХК-аас гаргуулахаар болж, үүнийхээ төлөө 750,000 ам.доллар авсан. 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд “******” ХХК нь нийт 3,7 тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Хэрэв 2016 оны 11 сарын 29-ний өдөр байгуулсан гурван талт гэрээний үүргээ “*******” ХК гүйцэтгэсэн бол зээл, зээлийн хүүний төлбөрийн үлдэгдэлгүй байх байсан. “У*******” ХХК нь “*******” ХХК-аас авах авлагаа авч чадахгүй байсан учраас уг гурван талт гэрээг байгуулсан. “*******” ХХК 1,8 сая ам.долларын хөнгөлөлт авсан, “*******” ХК нь 750,000 ам.доллар аваад нэмээд 1,8 тэрбум төгрөгийн хүү авсан, тэгэхээр зах зээл дээр хэт давуу байдлаар өөрсдөдөө ашигтай явсан, банк хохироогүй. Иймд “******” ХХК-ийн гэрээний үүрэг дуусгавар болсон. “*******” ХК нь уг зээлийн гэрээний үүргийг “******” ХХК-аас нэхэмжлэх эрхгүй. Бид хариуцагч биш, “*******” ХХК-аас нэхэмжлэх хэрэгтэй. 2017 оны 03 сарын 01-ний өдөр “*******” ХХК, “У*******” ХХК-ууд тооцоо нийлсэн, тодорхой хэмжээний төлөлт хийгдсэн, үүнээс хойш “*******” ХХК төлөлт хийсэн эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэгч нь хэнээс нь юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
- Хариуцагч “Н*******” ХХК нь хариу тайлбар гаргаагүй.
- Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 460 дугаар зүйлийн 460.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт “******” ХХК-аас 2,605,686,581 төгрөг гаргуулах, хариуцагч Ш.*******, Ш.**********, “У*******” ХХК, “Х*******” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ш.*******, Ш.**********, “Н*******” ХХК-д зээлийн гэрээний үүргийг хариуцуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,667,890 (70,200 + 9,831,025 + 1,465,188 + 2,301,477) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
- Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт болон хариуцагч нарын хүсэлтийг үнэлэлгүй зээлийг “*******” ХХК руу шилжүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талын эрх ашгийг барьж дүгнэсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
- 2016 оны 11 сарын 29-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ” хэрэгжээгүй тул үндсэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч төлбөрийг төлж байсан гэж, хариуцагч маргаан бүхий гэрээ хэрэгжсэн бөгөөд зээлийн төлбөрийн зарим хэсгийг өр шилжүүлэн авсан “*******” ХХК төлж байсан гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан бөгөөд хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн ч зээлийг шилжсэн гэж дүгнэсэн нь нэг талын эрх ашгийг барьж дүгнэсэн. Ийнхүү өр шилжсэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.8-д тус тус заасныг үндэслэсэн ч 124.3-т заасныг үндэслээгүй буюу үндсэн зээлийн гэрээний үүрэг дууссан тул барьцаа, батлан даалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, ашигласан байна.
- Анхан шатны шүүх 2015-2019 онд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэсэн хэрнээ үндэслэх хэсгийн 7, 8-д “...2016 оны 11 сарын 29-ний өдрийн “*******” ХК, “*******” ХХК, “У*******” ХХК-уудыг хооронд байгуулагдсан “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ”-ний ... үүргийг “*******” ХХК-д шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул зээлийн төлбөр төлөх үүргээс хариуцагч “******” ХХК чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна” хэмээн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Угтаа, 2016 оны 11 сарын 29-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ”-ний дагуу шаардах эрх шилжсэн, өр шилжсэн гэж дүгнэж байгаа бол “******” ХХК-тай 2015-2019 онд байгуулсан зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, цаашлаад “******” ХХК-ийн зээлийн үүргээ биелүүлж байсан зээлийн харилцаа хуульд нийцсэн гэж дүгнэгдэх боломжгүйд хүрэх юм. Гэтэл, бодит байдалд 2016 оны 11 сарын 19-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ” хэрэгжээгүй, энэхүү гэрээ нь эрх бүхий этгээдүүдийн хооронд байгуулагдаагүй талаарх тайлбарыг харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн.
- Нөгөө талаас, 2016 оны 11 сарын 19-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ”-г шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйл болох өр шилжих зохицуулалтыг үндэслэсэн бөгөөд уг зохицуулалт нь “Үүрэг гүйцэтгүүлэгч буюу шаардах эрх эзэмшигчтэй нь тохиролцсон байх, зөвшөөрөл авсан байх, үүрэг гүйцэтгэгчийн өрийг өөртөө шилжүүлэн авах талаар 123.8-д заасан хэлбэрээр хэлцэл хийсэн байх”-ыг шаарддаг болохыг харгалзаж үзээгүй. Гэтэл бодит байдалд “*******” ХХК нь “******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар тохиролцоогүй, зөвшөөрөл аваагүй, цаашлаад энэ талаар хэлцэл хийгээгүй, банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “******” ХХК-аас 2019 оныг хүртэл хүлээж авч байсан харилцааг тус тус харгалзаж үзээгүй.
- Энэ талаар, Улсын дээд шүүхийн 2009 оны 06 сарын 15-ны өдрийн №18 тогтоолын 8-д “124.1-д "Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно” гэснийг дараах байдлаар тайлбарласугай: 8.1. "Тохиролцсоноор" гэж бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хэлнэ. Уг тохиролцоо нь үүргийн талаарх хэлцэлтэй хэлбэрийн хувьд адил байна” хэмээн тайлбарласан байхад үүнийг хэт гуйвуулан үндэслэх хэсгийн 8-д “Хэргийн баримтаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан шаардлагыг хангасан хэлцлийг “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан эсэх нь тогтоогдоогүй хэдий ч үүрэг гүйцэтгүүлэгч өр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангасан гэрээг шинэ үүрэг гүйцэтгэгчтэй байгуулах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх хэмжээнд хамаарах тул өр шилжсэн гэж дүгнэхэд дээрх гэрээг байгуулаагүй нь саад болохгүй гэж дүгнэсэн болно” гэсэн байгаа нь үндэслэлгүй байна.
- Хариуцагчийн зүгээс “******” ХХК-ийн зээл төлөх үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” үндэслэлээр дуусгавар болсон буюу үүний хэрэгжилт нь 2016 оны 11 сарын 29-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ” хэмээн тайлбарладаг. Гэтэл бодит байдалд ЗГ/С190007120/LNFL дугаар зээлийн гэрээ байгуулсан талууд болох Банк болон “******” ХХК, барьцаалуулагч, батлан даагч нартай үүргийг солих тухай тохиролцоогүй, 2016 оны 11 сарын 29-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ”-ний талаар оролцоогүй байгааг анхаараагүй.
- 2016 оны 11 сарын 29-ний өдрийн “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах гэрээ” нь эрх бүхий этгээдүүдийн хооронд байгуулагдаагүй буюу гагцхүү Банк болон “*******” ХХК, “У*******” ХХК-уудын хооронд байгуулагдсан байна. Энэ нь ЗГ/С190007120/LNFL дугаар зээлийн гэрээ болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан “Барьцааны гэрээ”, “Батлан даалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгох үндэслэл болохгүй буюу уг харилцааг дуусгавар болгох эрх бүхий этгээдүүдийн тохиролцоогүй, зөвшөөрөлгүй байгааг илтгэж байна. Гэрээний зорилгыг 1.2-т “*******” ХХК, “У*******” ХХК-ууд “Энэхүү гэрээний зорилго нь “*******” ХХК-аас 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүртэлх “У*******” ХХК-д төлөх төлбөрийг барагдуулахад санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, харилцан тохиролцож хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлсний хариуд төлбөр төлөхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлох” гэж тодорхойлсон байгаагаас ЗГ/С190007120/LNFL дугаар зээлийн гэрээ болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан “Барьцааны гэрээ”, “Батлан даалтын гэрээ”-г дүгнэх агуулгаар байгуулагдаагүй нь тодорхой харагдаж байгааг харгалзаж үзнэ үү.
- Улсын орлогод хэвээр үлдээсэн улсын тэмдэгтийн хураамж нь 13,572,484 (9,831,025 + 70,200 + 1,369,782 + 2,301,477) байх байтал 13,667,890 (70,200 + 9,831,025 + 1,465,188 + 2,301,477) төгрөг хэмээн буруу тооцож тусгасан байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.
- Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: ““*******” ХК, “*******” ХХК, “У*******” ХХК-ийн хооронд 2016 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах ерөнхий гэрээ”-ний дагуу “******” ХХК-ийн зээлийн үүргийг “*******” ХХК төлж барагдуулахыг ******* зөвшөөрсөн. Иймээс анхны зээлдэгч “******” ХХК-ийн зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон, “*******” ХХК бүх үүргийг өөр дээрээ авсан, ******* зөвшөөрсөн. Үндсэн үүрэг гүйцэтгэгч болох “******” ХХК нь тухайн зээлийн гэрээний үүрэг, төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохоор хамтран дагалдаж байгаа барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээнүүдийн үүргийг хүлээж байгаа хүмүүсийн үүрэг дуусгавар болж байгаа. “*******” ХХК-аас “******” ХХК болон “У*******” ХХК-ууд 10,9 сая ам.долларын авлагатай. Энэ авлагыг “*******” ХХК-аас авч чадахгүй байсан учраас банктай гурван талт гэрээ байгуулснаар авлага барагдана гэж үзсэн. Гэрээ хийсэн эхний өдөр буюу 2016 оны 11 сарын 29-ний өдөр хөнгөлөлт үзүүлнэ гэсэн 1,875,000 ам.долларыг шууд “У*******” ХХК-аас хасаж тооцсон. Өр төлөгдөхгүй байхад 2017 оны 10 сарын 20-ны “*******” ХК 276,000 ам.долларын шимтгэл авсан байдаг. Бид “*******” ХХК-аас мөнгөө авч чадахгүй, мөнгөгүй явж байхад “*******” ХК өөрсдийн давуу байдалд үндэслээд 750,000 ам.доллартай тэнцэх хэмжээний үйлчилгээгээ бүрэн үзүүлээгүй мөртлөө гэрээ байгуулагдсаны дараа жил буюу 07 сарын 04, 10 сарын 20-ны өдөр 750,000 ам.долларыг өөрсдөө урьдчилаад авсан байдаг. Энэхүү эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасантай нийцэж байна. Хариуцагч “******” ХХК, “У*******” ХХК, “Х*******” ХХК-ууд хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд юм. Банк хохироогүй. Тухайн үеийн зээлийн хэмжээгээр хөлсөө авсан. “*******” ХХК хөнгөлөлт авсан. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл бодит байдалд нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
- Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Ш.*******, Ш.**********, “******” ХХК, “Н*******” ХХК, “У*******” ХХК, “Х*******” ХХК-уудад холбогдуулан зээлдэгч “******” ХХК, батлан даагч “Н*******” ХХК, “У*******” ХХК, Ш.*******, Ш.********** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,605,686,581 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “...гурван талт гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг “*******” ХХК хариуцна, гурван талт гэрээний дагуу “*******” ХХК нь 1,875,000 ам.долларын хөнгөлөлтийг, “*******” ХК 750,000 ам.долларын хөлсийг тус тус авсан, үндсэн зээлдэгчийн үүрэг дуусгавар болсноор батлан даагч, барьцаалуулагч нарын үүрэг мөн адил дуусгавар болсон...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
- Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан үйл баримтыг зөв тогтоосон боловч “...“*******” ХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу “******” ХХК-ийн хүлээсэн 1,219,735 ам.долларын зээл, уг зээлийн хүүгийн төлбөрийн үүргийг “*******” ХХК шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “*******” ХК болон “*******” ХХК, “У*******” ХХК-уудын хооронд 2016 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан “Санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, өр төлбөр барагдуулахад хамтран ажиллах ерөнхий гэрээ”-ний нэг тал болох “*******” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, түүнээс тайлбар аваагүй алдаа гаргажээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “*******” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй шийдвэр гаргахдаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасантай нийцээгүй байна.
- Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч нарын зүгээс 2024 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасантай нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
- Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 13,256,583 /13,186,383+70,200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР