| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06383/И |
| Дугаар | 5167 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 5167
2016 оны 09 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05167 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О-ийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Солгойт ургийн овогт Б.Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон ургийн овогт Б.Т-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,00,000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Т ь 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Солонгос улс руу явах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна, 500,000 төгрөг зээлээч, удаахгүй өгнө” гэхэд нь итгээд өөрийн Голомт банкны 2205040402 дугаарын данснаас Б.Т-н Голомт банкны .. дугаарын данс руу “Око-с зээлэв” гэсэн утгатайгаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Миний гэрийн нэрийг Око гэдэг юм. Хариуцагч нь манай нөхөртэй нэг газар ажиллаж байсан учир энэ мөнгийг зээлдүүлсэн. Гэтэл Б.Т Солонгос улс руу яваагүй бөгөөд өдийг хүртэл мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Бүр сүүлдээ утсаа ч авахаа больсон. Иймд Б.Т-аас түүнд зээлдүүлсэн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 7,13,14/
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Голомт банкин дахь ... дугаар данснаас хариуцагч Б.Т, түүний Голомт банкнин дахь ... дугаар дансанд 500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Голомт банкны цахим гүйлгээний баримт зэргээр тогтоогдох бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлцлийн хэлбэрээр хийгдсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч Б.Т-ас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. /хх 4/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НВ88071317 регистртэй, Боржигон овогт Б.Т-с 5,00,000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Солгойт овогт Б.Б олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА